| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2018/0027/З |
| Дугаар | 2 |
| Огноо | 2019-01-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
"Баруун сайхан, Их-Уул, Хан-Уул, Гурван сайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах" ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан компанитай хуульд заагдсан хугацааны дотор гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал А.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийг төлөөлж тус компанийн захирал А.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Даланзадгад хотын Баруун сайхан, Их-Уул, Хан-Уул, Гурван сайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцон шалгарч бөгөөд уг тендерийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээж, шалгаруулалтын дүнг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2-2363 тоотоор манай компани руу шуудангаар илгээснийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээж авсан. Энэ өдөр нь тендер нээснээс хойших 47 дахь өдөр байсан. Энэ мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дараа хүрэлцэн ирж холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ үү гэсэн байсан. Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулахаар Өмнөговь аймагт ирж уулзахад та өнөө маргаашдаа явж бай, гэрээний төсөл бэлэн болоогүй, Засаг дарга одоохондоо байхгүй байгаа, гэрээ бэлэн болохоор танд хэлье гэсэн. Гэрээнд заасан 5 хоногийг хүлээж, бусад компани Сангийн яаманд гомдол гаргах хугацааг зааж өгсөн. Тэр хооронд Сангийн яаманд ямар нэгэн гомдол гаргасан компани байхгүй. Тэгээд хэд хоногийн дараа гэрээ байгуулах гээд ирээд хуулийн хэлтэст хянуулахад гэрээ байгуулах 45 хоногийн хугацаа хэтэрсэн байна, гэрээ байгуулах боломжгүй гэж хэлсэн.
Манай компаниас ямар нэгэн байдлаар үл хамаарах шалтгаанаар хугацааг хэтрүүлсэн учраас 11 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны анхан шатны шүүх нэхэмжлэл хүлээн авахаас нэг удаа татгалзсан, нотлох баримт бүрдүүлэлт хангуулах буцаасан захирамж байгаа. Ямар нэгэн байдлаар биднээс хамааралгүйгээр хугацаа хэтрүүлсэн. Манай компаниас үл хамаарах шалтгаанаар тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль бус үйлдэл юм. Иймд манай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар[1] болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/136 дугаар тушаалаар “Баруун сайхан, Их уул, Хан уул, Гурван сайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах ажил’’-ын үнэлгээний хороог байгуулж, Үнэлгээний хороо тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийг 2018 оны 08 сарын 09-ний өдөр нээж, мөн оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах санал болох зөвлөмжийг ирүүлсэн.
Захиалагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2-2363 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.5-д тендер шалгаруулалтыг явуулах,хүчинтэй байх хугацааг тодорхой заасан. 2018 оны 08 сарын 09-ний өдөр нээсэн тендерийн хүчинтэй байх хугацаа нь мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болох нөхцөл үүссэн тул “Т” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах боломжгүй болсон.
Үнэлгээний хороо нь гэрээ байгуулах эрх олгох хугацаагаа тооцож үзээгүй. Тамгын газраас ажлын 5 хоног өнгөрсний дараа ирж гэрээ байгуул гэж 19-ний өдөр мэдэгдэл гаргасан. 5 хоног нь 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан. Тендер нээснээс хойш хүчинтэй байх хугацаа 45 хоног, энэ хугацаа өнгөрсөн учраас гэрээ байгуулах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Т” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан "Баруун сайхан, Их-Уул, Хан-Уул, Гурван сайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах" ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан компанитай хуульд заагдсан хугацааны дотор гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан “Өмнөговь аймгийн Баруун сайхан, Их-Уул, Хан-Уул, Гурвансайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах" ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/136 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар “Т” ХХК-ийг мөн оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шалгаруулж 45,558,388.00 /дөчин таван сая таван зуун тавин найман мянга гурван зуун наян найм/ төгрөгөөр гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх санал, зөвлөмжийг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүргүүлж, үүнийг үндэслэн Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2-2363 тоот мэдэгдлийг хүргүүлсэн байх ба уг мэдэгдлийг нэхэмжлэгч “Т” ХХК 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан болох нь тус аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 373 тоот албан бичгээр ирүүлсэн “Өмнөговь аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Баруун сайхан, Их-Уул, Хан-Уул, Гурвансайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалд авагдсан баримтууд[2], Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 25, 08 дугаар сарын 09, 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэлүүд[3], зөвлөмж, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2-2363 тоот албан бичгээр, Монгол шуудангийн тэмдэглэгээ бүхий дугтуй /Тамгын газрын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2-2363 тоот албан бичгийг мөн сарын 20-ны өдөр Монгол шуудангаар явуулсан тэмдэглэлтэй, мөн 09 дүгээр сарын 24-ний өдрийн тэмдэг дарагдсан/, Засаг даргын Тамгын газрын “Баримт бичиг тараах дэвтэр”-ийн холбогдох хэсэг /1569 дугаарт 09 дүгээр сарын 20 гэж тэмдэглэн бүртгэгдсэн/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар[4] тогтоогдож байна.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу уг тендерт оролцсон компаниудаас тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гаргаагүй, тендерийн хүчинтэй байх хугацаа дууссаны дараа Өмнөговь аймгийн Засаг дарга 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Баруун сайхан, Их-Уул, Хан-Уул, Гурвансайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах" ажлыг “Т” ХХК /А.Ж /-тай “Гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх тухай” А/1084 дугаар захирамжийг гаргасан байх хэдий ч энэ захирамжтай болон тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар талууд маргаагүй байна[5].
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Үнэлгээний хороо хугацааг тулгаж зөвлөмж ирүүлснээс тендер хүчинтэй байх хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болох нөхцөл үүссэн тул ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах боломжгүй болсон, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэх тайлбарыг гаргасан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд ...бичгээр мэдэгдэнэ”, 29.4-т “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно”, 28.2-т ”Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ” гэж зохицуулжээ.
Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “тендер нээснээс хойш 45 хоногийн хугацаанд тендер шалгаруулалтыг багтаан зохион байгуулах бөгөөд энэ хугацаанд тендер хүчинтэй байх”-аар, 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах”-аар тус тус заасан ба Үнэлгээний хороо тендерийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээж, 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буюу тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас 6 хоногийн өмнө зөвлөмжийг захиалагчид, 3 хоногийн өмнө захиалагч нь “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “Т” ХХК-д тус тус хүргүүлсэн байх ба дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ” гэж заасныг Үнэлгээний хороо зөрчсөн, захиалагч нь мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахдаа 29 дүгээр зүйлийн 29.2-т гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэснийг тус тус зөрчиж мэдэгдлийг нэхэмжлэгч “Т” ХХК-д хүргүүлсэн нь хуульд нийцээгүй байна.
Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна”, 46 дугаар зүйлийн 46.2-т захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер энэ хуулийн 46.1-д заасан захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхээр тус тус зохицуулсны дагуу захиалагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга захиалагчийн эрх үүргийг хэрэгжүүлээгүй, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2-2363 тоот албан бичигтээ гэрээ байгуулах хугацаагаа заасан атлаа “...тендер хүчинтэй байх хугацаа өнгөрсөн...” гэх үндэслэлээр /нэхэмжлэгчээс үл хамаарах үндэслэлээр худалдан авах ажиллагааг хууль бус байх нөхцөлийг захиргааны байгууллага, албан тушаалтан бүрдүүлсэн/ гэрээ байгуулахгүй байгаа нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан худалдан авах ажиллагаанд хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд үүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын "Баруун сайхан, Их-Уул, Хан-Уул, Гурван сайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах" ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн,.. хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 112 дугаар зүйлийн 112.4, 112.4.2, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан, Их-Уул, Хан-Уул, Гурван сайхан хороолол болон бусад хороололд үерийн ус зайлуулах шугам сүлжээний зураг, төсөв боловсруулах" ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг мөн аймгийн Засаг даргын Тамгын газар /дарга/-т даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хэргийн 19 дүгээр талд
[2] Хэргийн 20-23, 26, Тендерийн материал /нотлох баримтаар ирүүлсэн, 1 хавтас, 117 хуудас/
[3] Тендерийн материалын 111-114 дахь талд
[4] Хэргийн 30-31, 38 дахь талд
[5] Хэргийн 33-34, 49 дэх талд