Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0253

 

 

 

“Ж Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Нэхэмжлэгч: “Ж Б т” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Ж Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 124/2021/0913/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ж Б т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Ж Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж Б т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Ж Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч “Ж Б т” ХХК-д 2016 онд Богдхан уулын дархан цаазат газрын Ч аманд 0.24 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг. Тус ашиглах эрхийг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А79 дүгээр тушаалаар хүчингүй болгосон.

3.2.Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан байдаг.

3.3.Нэхэмжлэгч “Ж Б т” ХХК-ийн хувьд 2019 онд байгуулсан 2019/81 дүгээр гурвалсан гэрээгээр 1 жилд газрын төлбөрт 4.291.200 төгрөг төлөхөөр заасан бөгөөд тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь нийт 12.627.200 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байдаг.

3.4.Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгч “Ж Б т” ХХК-ийн хувьд 2016 онд авсан газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан өдрөөс хойш газрын төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Гэтэл хууль дүрэм журамд заасан хугацаанд гурвалсан гэрээг байгуулалгүй явсаар 2019 онд байгуулсан хэдий ч газрын төлбөрийг төлөх үүрэгтэй юм. Гэтэл хууль дүрэм журамд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж хариуцагч байгууллагын зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан.

3.5.Нэхэмжлэгч “Ж Б т” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дуусахаар байгаа бөгөөд газрын төлбөрт 5 жилийн хугацаанд 2019/81 дугаар бүхий гэрээнд заасан дүнгээр нийт 21.456.000 төгрөг төлөх ёстой.

3.6.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2016-2019.12.31-ний өдрийн байдлаар 3 жилийн хугацаанд 12.627.200 төгрөг төлсөн.

3.7.Гэрээний дүнгээр 3 жилд 4.291.200х3=12.873.600 төгрөг төлөх ёстой бөгөөд 246.400 төгрөг дутуу төлсөн. Мөн 2020 оны газрын төлбөр 4.291.200 болон 2021 оны эхний улирлын 1 сарын 25-нд төлөх ёстой 1.072.800 төгрөг нийт 5.364.000 төгрөг төлөөгүй байна.

3.8.Гэтэл анхан шатны шүүх газрын төлбөрийг бүрэн төлсөн мэтээр дүгнэлт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийг зөрсөн байхад нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн хувьд хариуцагч захиргааны байгууллага үндэслэл бүхий дүгнэж чадаагүй байсан хэдий ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчсөн байхад нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3.9.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт маргаан бүхий А/50 дугаар тушаал гэж 9 болон 10 дугаар талд алдаатай бичсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар хүчингүй болгосон байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх харахыг хүсэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч “Ж Б т” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Ж Б т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий А/79 дүгээр тушаалаар[1] Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч  үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч “Ж Б т” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Чандманы аманд байрлах 0.23 га газрыг ашиглах эрхийг хүчингүй болгожээ.

3.Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/155 дугаар тушаалаар[2] нэхэмжлэгч “Ж Б т” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Чандманы аманд байрлах 0.24 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгож, газар ашиглах эрхийн гэрчилгээг[3] 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр авчээ.

4.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, Газрын тухай хуулийн 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж,  Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заасан.

5.Нэхэмжлэгч компаниас маргаан бүхий газарт “Аялал жуулчлалын үйлчилгээний цогцолбор” барихаар төлөвлөн, ажлын зураг гарган, холбогдох байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан дүгнэлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, холбооны техникийн нөхцөл, цахилгаан техникийн нөхцөл, барилгын зураг төсөлд галын аюулгүйн хяналт болон эрүүл ахуйн хяналт хийсэн дүгнэлт, барилгын зураг төслийн магадлалын дүгнэлт гаргуулан, газар дээрээ хаашаа барьж, эрчим хүчний шугам татан, дэд станц барьж, барилгын суурийг тавьсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[4] тогтоогдож байна.

6.Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийн ийнхүү ашиглалтын газар дээрээ байгаль орчны болон барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагаас авсан, газар дээрээ эрчим хүчний шугам татаж, дэд станц байгуулж, барилгын суурийг тавьсан нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр газраа хоёр жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг зөрчсөн, хуульд нийцээгүй шийдвэр болжээ.

7.Нэхэмжлэгч “Ж Б т” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 2019/81 дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг[5] байгуулсан байх бөгөөд тус гэрээний 2.3-д Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолын дагуу газрын төлбөрийг 1 жилд 4.291.200 төгрөг байхаар, газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохиролцжээ.

8.Нэхэмжлэгч компани энэхүү гэрээ байгуулснаас хойших хугацаанд хавтаст хэрэгт авагдсан “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас[6] үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөрийн байцаагчаас гаргасан тооцооллын дагуу 2016, 2017, 2018, 2019 оны газрын төлбөрийг бүрэн төлсөн, мөн нэхэмжлэгч компанийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 038/2020 дугаар албан бичгийн[7] хавсралтаар 2020 оны газрын төлбөрийг төлсөн баримтыг[8] Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн гэдэг нь тогтоогдож байх  тул нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий А/79 дүгээр тушаал нь мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д заасныг зөрчсөн, хуульд нийцээгүй, мөн “газрын төлбөрийг бүрэн төлөөгүй” гэх  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

9.Дүгнэхэд, хариуцагчаас маргаан бүхий А/79 актыг гаргахдаа нэхэмжлэгч компаниас газраа ашиглахаар байгаль орчны болон барилгын ажил эхлүүлэхтэй холбоотой холбогдох баримт бичгийг бүрдүүлэх, зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг эрх бүхий байгууллагаас авсан, газар дээрээ эрчим хүчний шугам татаж, дэд станц байгуулж, барилгын суурийг тавьсан” нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр газраа хоёр жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж, мөн нэхэмжлэгч компаниас “газрын төлбөрөө бүрэн төлсөн” нөхцөл байдлыг судлан тогтоолгүйгээр газрын төлбөрөө бүрэн төлөөгүй гэж үзсэн нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах, нэхэмжлэгчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох хуульд заасан үүргээ хариуцагчаас биелүүлээгүй бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

10.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 168 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 165-166 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 33-148, 191-199 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 207 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 218 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 217 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 218 дахь талын ар нүүр