Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 808

 

Д.Отгонхишигийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00361 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Отгонхишигийн хариуцагч "Улаанбаатар смарт карт" ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, USCC_2016083, USCC_2016084, USCC_2016091, USCC_2016096 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа,

хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Отгонхишигийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Отгонхишиг нь "Улаанбаатар смарт карт" ХХК-д 2015 онд Картын систем, карт хэвлэх, баталгаажуулалтын менежерээр ажилд орсон. Ингээд ажиллаж байхад нь 10 дугаар сараас эхлэн ажил тасалсан, ажлаас хоцорсон гэх тушаалууд гарч ирээд эцэстээ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр USCC-20160102 тоот тушаалаар ажлаас халсан. Ажлаас халах болсон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг баримталсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн баталгаажуулж, USCC_2016083, USCC_2016084. USCC_2016091, USCC_2016096 тоот сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.Отгонхишиг нь "Улаанбаатар смарт карт" ХХК-д ерөнхий захирлын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 25 тоот тушаалаар томилогдон мэдээллийн технологийн хэлтсийн карт хэвлэлт, баталгаажуулалт, картын систем хариуцсан менежерээр ажиллаж байсан. Энэ хугацаанд нь хөдөлмөрийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байдаг. Ингээд ажиллаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 6, 10, 25, 26-ны өдрүүдэд ажил эхлэх цагаас хоцорсон байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 14, 15, 18, 21-ний өдрүүдэд мөн ажил эхлэх цагаас хоцорч, хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчлийг гаргасан. Бид гаргасан зөрчилтэй нь холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр USCC-2016083084 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 201691096 тоот тушаалаар мөн сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Манай компани 2016 он эхэлснээс хойш автобусны карт уншигчийг засварлах ажлыг байгууллагын бусад ажилчидтай ээлж дараалан хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байсан боловч ажлыг биелүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр серверийн өрөөнд хэлтсийн даргын зөвшөөрөлгүй нэвтрэн орж, интернэт кабелийг тасалж, серверт тест хийсэн байдаг. Тухайн үед энэ нь эрсдэл дагуулаагүй боловч эрсдэл дагуулахуйц үйлдэл байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Компанийн зүгээс Д.Отгонхишигт удаа дараа сануулга өгч байсан боловч ямар нэгэн засрах, ажилдаа хариуцлагатай хандах үйлдлийг гаргаж байгаагүй. "Улаанбаатар смарт карт" ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд удирдлагын зөвлөл, хэлтсийн дарга нар гадаад хүмүүс байдаг учраас ажил эхлэх, дуусах цагийг маш сайн баримталж, илүү цагаар ажилласан ажилтанд илүү цагийн хөлсийг олгодог гэх мэт онцлогтой. Д.Отгонхишиг нь эдгээр зөрчлүүдийг удаа дараа гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан USCC-20160122 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болоод Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Отгонхишигийг урьд эрхэлж байсан ажил буюу "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн "Мэдээлэл технологийн хэлтсийн Картын хэвлэл, баталгаажуулалт, картын систем хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 3 089 486 төгрөгийг хариуцагч "Улаанбаатар смарт карт” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Отгонхишигт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонхишигийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч "Улаанбаатар смарт карт" ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Отгонхишиг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч "Улаанбаатар смарт карт" ХХК-иас 64 333 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

1. Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах ажил олгогчийн эрхийн тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 40,130, 131 дүгээр зүйлд тус тус зааснаар ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, мөн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2 дахь хэсэгт зааснаар ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй билээ. Өөрөөр хэлбэл тус компанийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн USCC_20160102 тоот "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаалыг гаргасан үйл явц Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн хөдөлмөрийн дотоод журам, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тус тус зааснаар ажил олгогчид олгогдсон Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхийн хүрээнд гарсан болно.

2. Д.Отгонхишигтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан үндэслэл, ажил эхлэх цагийн тухайд: Д.Отгонхишиг нь удаа дараа ажлын цагаас хоцорч ирэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлэх зэргээр үүрэгт ажилдаа хайнга хандаж ажлаас халагдахуйц хэмжээний сахилгын зөрчлийг олон гаргаж байсан ч ажил олгогчийн зүгээс тухай бүрд нь амаар сануулж байсан бөгөөд сүүлд бичгээр тушаал гаргаж сануулж ажилтны ажилдаа хандах хандлагыг өөрчлөхийг хичээж, ажилтныг ажлаас халахыг урьтал болгохыг зориогүй. Гэвч Д.Отгонхишигийн ажилдаа хандах хандлага өөрчлөгдөөгүй, өмнө нь гаргаж байсан зөрчил, дутагдлаа давтан гаргасан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дээр дурдсан захирлын тушаалаар хугацаанаас нь өмнө цуцалж шийдвэрлэсэн.

Сахилгын шийтгэлүүдийг Д.Отгонхишигт ногдуулсан боловч түүний ажилдаа хандах хандлага сайжраагүй тул захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн USCC_20160102 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргасан. Уг тушаалыг гаргахдаа ямарваа байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тушаал гаргасан болно. Ажил эхлэх цагаас хоцорсон гэх зөрчлүүд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний өөрийн гараар хоцорсон шалтгаанаа тухай бүрд нь бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан "Зөрчлийн хуудас", "Цагийн бүртгэлийн хуудас, хоцролтын талаарх тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогддог.

Түүнчлэн талуудын хооронд анх 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил эхлэх цагийг 09 цаг 00 минут гэж байсныг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан "Хөдөлмөрийн дотоод журам"-ын 5.1 дэх заалтаар "Долоо хоногийн 40 цаг буюу ажлын 5 өдөртэй байх ба ажил 08:30 цагт эхэлж, 17:30 цагт дуусна" гэж өөрчилсөн. Ажлын цагт орсон энэхүү өөрчлөлт нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны А/105 дугаар "Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай" захирамжаар "Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харъяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минутад байхаар" баталсантай холбоотой орсон өөрчлөлт юм. Мөн өглөөний 08 цаг 30 минутад ажил эхэлж байсан, Д.Отгонхишиг уг цагаас хоцорч байсан талаараа маргаагүй, хоцорч ирсэн шалтгаанаа тухай бүрд нь бичиж, гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Энэ нөхцөл байдал нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсоор байхад шүүх ажлын эхлэх цагийг 09 цаг 00 минут гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Отгонхишиг нь хариуцагч "Улаанбаатар смарт карт” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, USCC_2016083, USCC_2016084, USCC_2016091, USCC_2016096 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Д.Отгонхишиг нь удаа дараа ажлын цагаас хоцорсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Компанийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6-Б, 9 дүгээр зүйлийн 9.3, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.12, 7.2.3, 8.2.3 заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн захирлын 25 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Отгонхишиг нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр "Мэдээлэл технологийн хэлтсийн Картын хэвлэл, баталгаажуулалт, картын систем хариуцсан менежерийн албан тушаалд томилогдож, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар талууд хөдөлмөрийн гэрээг сунган ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн ерөнхий захирлын №USCC_2016102 дугаартай тушаалаар "ажлын цагаас хоцорсон, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сахилгын зөрчил давтан гаргасан, USCC_2016083, USCC_2016084, USCC_2016091, USCC_2016096, USCC_20160100 тоот сануулгуудыг өгч байсан боловч ажилдаа хандах хандлага сайжраагүй" гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн USCC_20160100 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Отгонхишигт сануулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 хоногийн дараа буюу мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөр давтан зөрчил гаргасан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Дээр дурдсан "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалд зааснаар нэхэмжлэгч Д.Отгонхишигийг удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зөрчил хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Ажилтан сахилгын зөрчил гаргасныг ажил олгогч нь тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах буюу ажлаас чөлөөлөх учиртай. Хэрэгт USCC_2016083, USCC_2016084, USCC_2016096, USCC_20160100 тоот “Сануулга өгөх тухай” тушаалууд авагдсан бөгөөд эдгээр тушаалууд тус бүр сахилгын “сануулах” шийтгэл ногдуулсан үр дагавартай бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад өмнөх 4 тушаалыг нийцүүлэн “давтан” зөрчил гаргасан гэж дүгнэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд нийцэхгүй.

 

Иймд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцласныг үндэслэлгүй гэж үзэж, Д.Отгонхишигийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016083, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016084, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн USCC_2016091, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн USCC_2016096 тоот сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах шаардлагын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн тогтоох хэсгээр шийдвэрлээгүй орхигдуулсныг залруулах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан “Зөрчлийн хуудас” гэх баримтуудаас үзэхэд ажилтан Д.Отгонхишиг нь дээрх тушаалуудад заагдсан ажлаас хоцорсон шалтгаанаа бичиж, хүлээн зөвшөөрч, зөрчлийн тэмдэглэлд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон байхад байгууллагын дотоод журмыг ажилтанд танилцуулаагүй гэх үндэслэлээр уг тушаалуудад заасан сахилгын зөрчлүүдийг нэхэмжлэгч гаргаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй.

 

Гэрч Б.Үүрийнтуяагийн мэдүүлэгт “... зөрчлийн хуудсыг би өөрөө хөтөлдөг бөгөөд хоцорсон шалтгааныг баримтжуулж авдаг” гэснийг, уг зөрчлүүдийн талаарх тэмдэглэлд нэхэмжлэгчийн зөвшөөрч бичсэн шалтгаан, гарын үсэг зурсантай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан, түүнд нь хариуцагч хуульд заасан эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцсон гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Отгонхишигт сахилгын шийтгэл ногдуулсан "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016083, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016084, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн USCC_2016091, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн USCC_2016096 тоот шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй байх тул эдгээр шийдвэрийг хүчингүйд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00361 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Отгонхишигийг урьд эрхэлж байсан ажил буюу "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн "Мэдээлэл технологийн хэлтсийн Картын хэвлэл, баталгаажуулалт, картын систем хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016083, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн USCC_2016084, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн USCC_2016091, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн USCC_2016096 тоот сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрүүдийг хүчингүйд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн төлсөн 64 382 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                 ШҮҮГЧ                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ      

                    

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ