Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат

шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Х.Ад холбогдох эрүүгийн 2007002350153 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ************************ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн ********** дугаартай, Боржигон овогт Х.А

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Х.А нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн жолоодож явсан Портер маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотор Л.Жы толгойн тус газарт нь марк тодорхойгүй гар утсаар олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Машин дотор явж байгаад хохирогчтой боолцоод ухаан балартаад хажууд байгаа утсаараа цохьчихсон юм. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.Ан яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ... “Хараа” нэртэй 0,75 литрийн, 0,5 литрийн хоёр шил архи авч манай дүүгийн хашаанд очиж уусан. Нэг шил архи нь дуусаад дараагийнхаа архийг задлаад ууж байхад Эрдэнэ ах, Балжинням нар явсан. Л.Ж тэр хоёрын араас гараад явсан. Би араас нь машинаа асаагаад хашаагаар гарахад Л.Ж гудамжинд алхаж явсан. Л.Ж бид хоёр нэг шил архи авч Городокийн баруун талын уулын энгэрт гарч уусан. Тэр үед тасарчихсан яг юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Нэг ухаан ороход Л.Жы толгойноос цус гарч байсан. Чи намайг цохичихлоо гэж хэлэхээр нь эмнэлэг явах гэхэд хадам ахынд хүргээд өгчих гэсэн. Замд Л.Жы толгойноос цус бүүр их гарахаар нь шууд Налайхын эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Цагдаа нар ирээд намайг авч явж эрүүжүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

Хохирогч Л.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ...Архи дуусаад Эрдэнэ ах  Балжиннямтай явсан. Намайг гудамжаар алхаж явтал Х.А гэх залуу араас машинтайгаа ирсэн. Бид хоёр үлдсэн 0,75 литрийн хоёр шил архиа машин дотор хувааж уусан. Тэр үед бид хоёр нилээн согтчихсон юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Х.А миний толгойруу гар утсаараа цохиод байсан. Толгой хагараад нилээн их цус гарсан. Х.А сандраад согтуу машинаа бариад давхиад явчихсан. Би эмнэлэг дээр ирээд толгойдоо 5 оёдол тавиулаад сууж байхад цагдаа нар ирсэн ... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-20 дугаар хуудас/

 

Гэрч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Городокт Цагаанаа, Х.А нарын хамтаар 10 цагийн үед 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгсэн чинь Цагаанаа хөдөө явах ажилтай гээд аавтайгаа хамт яваад өгсөн. Х.А бид хоёр дэлгүүр орж дахиж архи авах гээд явж байтал замдаа Балжинням, Л.Ж нартай таараад хамт дэлгүүр ороод Л.Ж, Х.А хоёр 2 шил архи аваад гараад ирсэн. Тэгээд Х.Агийн хүргэнийд нь очиж уусан. Би нилээн согтсон учир түрүүлээд гэрлүүгээ явсан. Надтай хамт Балжинням гараад Х.А, Л.Ж нар үлдсэн. Тэгээд тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Гэрч Э.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Л.Жтай уулзаад машиныг нь янзлахаар сэлбэг захичихаад байж байсан. Тэр хоорондоо нэг шил 0,33 литрийн “Хараа” архи уусан. Дэлгүүр орж дахин архи авах гэж  явахдаа Эрдэнээ ахтай таарсан.  Эрдэнээ ахтай хамт Х.А гээд нэг залуу явж байсан. Бид дөрөв дэлгүүрээс 2 шил архи авсан. Х.А гэх залуугийн дүүгийнх нь гэрт ороод 0,5 литрийн архиа дөрвүүлээ хувааж уусан. Нэг шил архиа ууж дуусгаад явлаа гэхэд Эрдэнээ ах хамт явъя гээд бид хоёр тэндээс гараад явсан. Тэгэхэд гэрт Л.Ж, Х.А гэх залуу хоёр үлдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5734 дугаар:

 

“1. Л.Жы биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 Тээврийн  хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 5-8 дугаар хуудас /

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11 р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.А нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн жолоодож явсан Портер маркийн тээврийн хэрэгслийн бүхээг дотор Л.Жы толгойн тус газарт нь гар утсаар олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Х.Ан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Машин дотор явж байгаад хохирогчтой боолцоод ухаан балартаад хажууд байгаа утсаараа цохичихсон юм. Гэм буруугаа хүлээж байна” гэх, , Шүүгдэгч Х.Ан яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2020 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ... Тэр үед тасарчихсан яг юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Нэг ухаан ороход Л.Жы толгойноос цус гарч байсан. Чи намайг цохичихлоо гэж хэлэхээр нь эмнэлэг явах гэхэд хадам ахынд хүргээд өгчих гэсэн. Замд Л.Жы толгойноос цус бүүр их гарахаар нь шууд Налайхын эмнэлэг дээр ирж оёдол тавиулсан. Цагдаа нар ирээд намайг авч явж эрүүжүүлсэн...” гэх, хохирогч Л.Жы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 11-ний ...Тэр биед бид хоёр нилээн согтчихсон юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Х.А миний толгойруу гар утсаараа цохиод байсан. Толгой хагараад нилээн их цус гарсан. Х.А сандраад согтуу машинаа бариад давхиад явчихсан. Би эмнэлэг дээр ирээд толгойдоо 5 оёдол тавиулаад сууж байхад цагдаа нар ирсэн ... ” гэх, Гэрч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ .... Надтай хамт Балжинням гараад Х.А, Л.Ж нар үлдсэн. Тэгээр тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна ...” гэх, Гэрч Э.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Би 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ...Нэг шил архиа ууж дуусгаад явлаа гэхэд Эрдэнээ ах хамт явъя гээд бид хоёр тэндээс гараад явсан. Тэгэхэд гэрт Л.Ж, Х.А гэх залуу хоёр үлдсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5734 дугаар дүгнэлт, тээврийн  хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс шүүгдэгч Боржигон овогт Х.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Ад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх санал гаргасныг зөвшөөрсөн, шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй байдлыг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан тохирсон ялыг түүнд оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн марк нь тодорхойгүй, голоороо хугарсан цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгох, 0.75, 05 литрийн “Хараа” гэсэн бичигтэй архины шилийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн марк нь тодорхойгүй, голоороо хугарсан цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгох, 0.75, 05 литрийн “Хараа” гэсэн бичигтэй архины шилийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД