Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн

хохирогч Н.Б

шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ж.Чд холбогдох эрүүгийн 2007000000163 дугаартай хэргийг 2020 оны 08 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ,,,,,,,,,, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт Ж.Ч, регистрийн дугаар/****************/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ж.Ч 2020 оны 07 сарын 13-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын орчимд голын эрэг дээр хохирогч Н.Бы нүүр, цээж хэсэгт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 07 сарын 13-нд Тэрэлжид амарч байхад хажууд буусан энэ хүмүүс хоорондоо муудалцаад хүүхэд маань айгаад байхаар нь манай эхнэр та нар болиоч хүүхэд айгаад байна гэсэн чинь энэ хүний эхнэр манай эхнэрийг хэл үгээр доромжлоод чамайг яаж төрөхийг чинь харнаа гэхээр нь би эхнэрээ өмөөрөөд энэ хүний эхнэрийг түлхчихсэн. Тэгтэл энэ хүн надруу тоосго бариад  дайрахаар нь би нэг удаа цохичихоод яваад өгсөн. Тэгтэл энэ хүмүүс араас хэрүүл маргаан хийгээд байхаар нь бид нар тэр газраас явсан. Тэгтэл Тэрэлжийн байцаагч араас ирсэн. Эмчилгээний зардалд 2,484,600 төгрөг төлсөн. Энэ хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 7 сарын 13-нд найзтайгаа нэг шил архи уусан. Тэгтэл эхнэрийн ах нь Тэрэлжид байна хүрээд ир гэсэн. Тэгээд гэрээсээ гараад явснаа санаж байна. Гэртээ 1 шил архи уусан байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр байсан. Тухайн үед гол дээр манай эхнэр нэг эмэгтэйтэй муудалцаад манай эхнэрийг Чулуунхүү түлхсэн. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд очтол намайг цохьсон гэсэн. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Эмчилгээний зардалд 1,800,000 гаран төгрөг гарсан. Цаашид 3-6 сарын дараа дахин хагалгаанд орох шаардлагатай 2,550,000 төгрөг, мөн 2 сарын цалин 3,000,000 төгрөг нийт 6,234,000 төгрөг  нэхэмжилж байна. Энэ мөнгөө гаргуулаад авчихвал санал гомдол байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Чгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... манай эхнэр лүү хэрүүл маргаан хийгээд байсан надад зодуулсан гэх хүний эхнэрийг би түлхчихсэн юм. Тэгтэл нөхөр гээд Н.Б нь тоосго бариад намайг цохих гээд байхаар нь би хамран тус газарт нь нэг удаа цохичихсон тэгээд цаашаагаа зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

 

Хохирогч Н.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... хүүхдүүдээ аваад тэндээс гарснаа санаад байгаа. Замдаа явж байснаа хальт санаж байна. Тэгээд тасарчихсан байна лээ. Хэнтэй маргалдсан, хэнд зодуулсанаа ч мэдэхгүй байгаа юм. Хальт л ухаан ороход эмнэлэг дээр байсан. Миний биед хамарны хоншоор яс хугарсан, зүүн нүдний доод хана хугарсан, зүүн нүд хөхөрсөн гэмтэл авсан байсан. Энэ хүнээс 6,236,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 93 дүгээр хуудас/

 

Гэрч Ф.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед манай нагац ах Н.Б нь машин бариад Тэрэлж рүү яваад өгөөч гээд дуудсан. ...Архинд явчихаад эргээд ирэхэд манай ах Н.Б хадмуудтайгаа маргалдсан гээд байж байсан. Би ирээд эрүүл байсан учраас явах гээд юмаа эмхэлж цэгцлээд байж байтал хажуу талд амарч байсан ах Н.Быг цохидог залуу хүрч ирээд "Чи манай эхнэрийг гичийгээр нь дууддаг хэн юм бэ гэж хэлээд Д.******* эгчийг түлхээд газар унагасан тэгэхээр нь би гүйж очоод тэр залууг холдуулаад бэр эгчийг татаж босгоод хартал Н.Б ахын нүүрэн хэсэгт гараа зангидаж байгаад баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Цохисоны дараа ах арагшаагаа саваад газар унахад нь хөлөөрөө цээжин тус газар нь нэг удаа өшиглөсөн. ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

 

Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр нөхөр Н.Б, хүүхдүүдийн хамтаар ******* дүүргийн 1 дүгээр хороо Тэрэлжийн гүүр даваад эгч дээрээ 13 цагийн үед очсон. Тэнд очоод хоол цайгаа идэж уугаад авчирсан архиа ууцгаасан. Бид нар уугаад сууж байхдаа хамт байсан бэр эгчийн дүүтэй нь маргалдсан. Маргалдаад зогсож байтал хажуу талд амарч байсан танихгүй залуу гэнэт хүрч ирээд "Чи хүн элдвээр хэлдэг хэн юм бэ" гэж хэлээд түлхээд газар унагасан. Тэр үед машинд манай нөхөр сууж байснаа "Чи эмэгтэй хүн дээрэлхлээ" гээд буугаад иртэл тэр залуу манай нөхрийг гараараа цохих шиг болсон тэгээд манай нөхрийн хамарнаас цус гарсан. Тэр залуутай хамт явсан нэг залуу нь боль гээд салгаад аваад явсан. Тэр үед нь би цагдаа дуудлаа гэхэд цагдаагаа дууд гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/

 

Гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг хартал нэг хөгшин ахтай найз Мөнх-Эрдэнэтэй хамт явсан Чука гэх залуу зууралдаад зогсож байхаар нь би гүйж очоод салгасан. Намайг очиход тэр зодуулсан гээд байгаа ахын хамарнаас нь цус гарчихсан хамар нь далычихсан харагдсан. Тэгээд би салгачихаад машин дээрээ ирсэн. Намайг харахад Чука гэх залуу тэр зодуулсан гэх хөгшин ахыг газар унагаад дээр нь гарчихсан зууралдаад байж байсан. Тэр ахтай хамт явсан бас нэг хүн Чукаг араас нь татаад салгаж байсан. Чука нь тухайн үед цээж нүцгэн бараан өнгийн биеийн тамирын өмдтэй явсан. Зодуулсан гэх ахтай өөр зууралдсан хүн байгаагүй.. ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Яг явахын өмнөхөн манай нөхөрт зодуулсан гээд байгаа ах цагаан машиндаа сууж байгаа харагдсан юм. Тэгснээ нэг хартал гараад ирчихсэн тоосго барьчихсан зогсож байсан. Манай нөхөр хэлэхдээ тоосго бариад ирэхээр нь би зөрүүлээд нэг цохичихсон гэж хэлж байсан. Тухайн үед тэр Н.Б гэж хүний эхнэр нь намайг элдвээр хэлээд  байсан тул өмөөрөөд манай нөхөр Чулуунхүү нь тэр эгчийг түлхчихсэн. Тэр үед нөхөр нь эхнэрээ өмөөрөөд гүйгээд ирэхээр нь өөдөөс нь цохичихсон гэж ярьж байсан. Тэр ахын хамраас нь цус гарсны дараа эхнэр нь гэх хүүхэн “ чи манай нөхрийн хамрыг цохичихлоо” гээд орилоод байсан. Тэр үед манай нөхөр зугтаагаад модны тэнд оччихсон юм шиг байна лээ. Намайг харахад тэнд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэнд утас гуйгаад танилцаад сууж байтал манай нөхөр ирээд танилцаад сууж байтал Ж.Ч, З. нар нь ирсэн. Тэр хоёр ирэхдээ 2 том савтай пиво авч ирсэн. Би айлын ширээн дээр суусан учраас тэд нарт нэг пивоо өгөөд өөрсдөө амарч байсан газраа ирээд хоол ундаа хийгээд сууцгаассан. Тэгтэл нөгөө хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад байсан. Анх танилцсан ах эгч хоёр бид нар дээр ирж суугаад “шал дэмий явъя гэж хэлээ биздээ” гээд хоорондоо яриад байж байсан. Араас нь хамт явсан хүүхнүүд нь ирээд нөгөө эгч рүү дайраад хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд байхаар нь би тэд нарт хандаж та нар ганц хүн рүү дайрахаа болиочээ гээд хэлчихсэн. Тэгтэл тэрнээс үүдээд хэрүүл болж эхлээд муу муухай үгээр бие биенээ хэлсэн. Тэр үед хамт явсан З. нь юмаа хурааж эхэлсэн. Ж.Ч гэнэт хажуугаар гүйж орж ирээд нэг ахыг цохиод л авсан. Тэгэхээр нь би ардаас нь татаад чи чинь яаж байна гэсэн. Тэгтэл тэнд байсан хүмүүс нэг ахыг цохичихлоо гэж хэлсэн. Зарим нь салгаад бужигналдаж эхэлсэн тэгээд ерөнхийдөө салцгаасан. Намайг тэнд зогсож байхад гэнэт л хажуугаар Ж.Ч гүйгээд хүмүүс дээр очоод нэг ахыг цохиод авсан. Тэр ах газар унасан. Тэр үед нь би очоод араас нь татаад чи чинь яаж байна гэхэд Ж.Ч нь харин даварчихсан манай эхнэрийг янхан энэ тэр гэж хэллээ гэж байсан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Шинжээч М.Аригуунтөгсийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаар: “...Н.Бы биед хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн хугарал, баруун нүдний дотор булан, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хоншоор ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...." гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Ч нь 2020 оны 07 сарын 13-ны өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын орчимд голын эрэг дээр эхнэрээ өмөөрч ирсэн хохирогч Н.Быг  нүүр, цээж хэсэгт нь гараараа цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 07 сарын 13-нд Тэрэлжид амарч байхдаа хажууд буусан энэ хүмүүстэй муудалцаж энэ хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 2,484,600 төгрөг төлсөн...” гэх, хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 7 сарын 13-нд найзтайгаа нэг шил архи уусан. Тэгээд гэрээсээ гараад явснаа санаж байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр байсан. ... Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд очтол намайг цохьсон гэсэн....” гэх, шүүгдэгч Ж.Чгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Н.Б нь тоосго бариад намайг цохих гээд байхаар нь би хамран тус газарт нь нэг удаа цохичихсон...” гэх,  гэрч Ф.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би гүйж очоод тэр залууг холдуулаад бэр эгчийг татаж босгоод хартал Н.Б ахын нүүрэн хэсэгт гараа зангидаж байгаад баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон. Цохисоны дараа ах арагшаагаа саваад газар унахад нь хөлөөрөө цээжин тус газар нь нэг удаа өшиглөсөн... ” гэх, гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хажуу талд амарч байсан танихгүй залуу гэнэт хүрч ирээд "Чи хүн элдвээр хэлдэг хэн юм бэ" гэж хэлээд түлхээд газар унагасан. Тэр үед машинд манай нөхөр сууж байснаа "Чи эмэгтэй хүн дээрэлхлээ" гээд буугаад иртэл тэр залуу манай нөхрийг гараараа цохих шиг болсон тэгээд манай нөхрийн хамарнаас цус гарсан...” гэх, гэрч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг хартал нэг хөгшин ахтай найз Мөнх-Эрдэнэтэй хамт явсан Чука гэх залуу зууралдаад зогсож байхаар нь би гүйж очоод салгасан. Намайг очиход тэр зодуулсан гээд байгаа ахын хамарнаас нь цус гарчихсан хамар нь далычихсан харагдсан... ” гэх, гэрч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед тэр Н.Б гэж хүний эхнэр нь намайг элдвээр хэлээд  байсан тул намайг өмөөрөөд манай нөхөр Чулуунхүү нь тэр эгчийг түлхчихсэн. Тэр үед нөхөр нь эхнэрээ өмөөрөөд гүйгээд ирэхээр нь өөдөөс нь цохичихсон гэж ярьж байсан...” гэх, гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл Ж.Ч гэнэт хажуугаар гүйж орж ирээд нэг ахыг цохиод л авсан...Тэр ах газар унаад өгсөн тэр үед нь би очоод араас нь татаад чи чинь яаж байна гэхэд Ж.Ч нь “даварчихсан манай эхнэрийг янхан энэ тэр гэж хэллээ” гэж байсан” гэх мэдүүлгүүд, Шинжээч М.Аригуунтөгсийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч Ж.Чд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Ж.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Чд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн санал гарсаныг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан тохирсон ялыг түүнд оногдуулж шийдвэрлэлээ.

            Хохирогч Н.Б нь  цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны орлого нийт 6.236.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас банкны зээл 500000 төгрөгийн, 2 сарын цалин  3,000,000 төгрөгийн шаардлагыг энэ хэрэгт хамааралгүй бөгөөд олох байсан орлогоо тодорхойлж нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч хамраа эмчлүүлэхэд шаардлагатай 2,736,000  төгрөгийн нэхэмжлэл  гаргасныг шүүх хянан үзээд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан урьдчилан шаардах зайлшгүй зардал биш байх тул нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоол гарахад хохирогчид 2,400,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ж.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чд 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Чд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоол гарахад хохирогчид 2,400,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Н.Б нь 2,736,000 төгрөгийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх дахин эрхтэйг дурьдсугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдуулан гаргасан хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД