| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0146/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Мад холбогдох эрүүгийн 2007000000144 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******************* тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн ******** дугаартай, ******* овогт О.М.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.М нь 2020 оны 06 сарын 28-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт вискиний шилээр цохиж толгойд нь шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн. Миний хөл эвгүй болсон үед мөрөн дээр дараад байхаар нь би уурлаад цохьсон. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 сарын 27-ны өдөр ...ирээд саравчинд виски уугаад сууж байхад нэг бүдүүн залуу ирээд “чи яагаад намайг хаяглаад байна” гэхээр нь “хаяглан” гэж юу байдаг юм бэ гээд бид хоёр маргалдаад хоорондоо цохилцсон. Миний нүүр лүү О.М гэх залуу өшиглөсөн намайг бас боосон. Буйдан дээр сууж байхад гэнэт миний толгой руу цохисон. Харахад надтай муудалцсан залуу вискины шилний амсар барьчихсан зогсож байсан. Толгойноос цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би амралтын газрын үүдэнд байж байхад яг цагийг нь сайн мэдэхгүй шөнө, дээр зодоон болоод байна гэж Давка хэлэхээр нь яваад очтол зодолдсон гэх хоёр хүн маргаанаа дуусгачихсан, Б.Мгийн толгой нь хагарчихсан цус гарч байсан. Толгойг нь хагалсан гэх О.М гэх залууг яв гээд тэнд байсан хүмүүс хөөж явуулсан. Би тэр хоёрыг муудалцах үед хол байсан. Хүмүүсээс зодооныг харсан хүн байна уу гэж асуухад мэдэхгүй хараагүй, зарим нь тасарчихсан байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37-******* дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/492 дүгээр:”..Б.Мгийн биед толгойн хуйханд шарх, зүүн доод зовхинд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт,
Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2020 оны 06 сарын 28-ны өдөр ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мтэй тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газарт вискиний шилээр цохиж толгойд нь шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчтой эвлэрсэн... ” гэх, хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 06 сарын 27-ны өдөр ... Миний нүүр лүү О.М гэх залуу өшиглөсөн намайг бас боосон. Буйдан дээр сууж байхад гэнэт миний толгой руу цохисон. Харахад надтай муудалцсан залуу вискины шилний амсар барьчихсан зогсож байсан. Толгойноос цус гарч эхэлсэн.” гэх, гэрч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зодолдсон гэх хоёр хүн маргаанаа дуусгачихсан, Б.Мгийн толгой нь хагарчихсан цус гарч байсан. Толгойг нь хагалсан О.М гэх залууг яв гээд тэнд байсан хүмүүс хөөж явуулсан...” гэх мэдүүлгүүд, Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/492 дугаар дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, хувийн байдлыг тодруулсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Мад холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч О.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Мад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял санал гаргасныг шүүгдэгч нь зөвшөөрсөн байх тул шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзаж мөрдөн шалгах ажиллагаанд тохиролцсон торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн вискиний шилний хагарсан амсрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мад 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн вискины шилний хагархай амсрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД