Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 0062

 

          Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, туслах аж ахуйд оршин суух, 1988 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, Боржигон овогт Лхагвын Отгонжаргал /РД: МК-/-ын иргэн Б.Түвшинбаатарын эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

   Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.                                                ТОДОРХОЙЛОХ нь:

   Хүсэлт гаргагч Л.Отгонжаргал шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Түвшинбаатартай 2013 онд танилцаж хамтран амьдарч байгаад 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр охин Т.Намуунааг төрүүлсэн. Бид хоёр хоорондоо таарч тохирохоо болиод 2016 оны 11 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. Тэгээд охиндоо хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гээд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын шүүхэд хандсан боловч энэ хүнд харъяа бүртгэл байхгүй байна, Өвөрхангай аймар руу шилжсэн байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд Өвөрхангай аймгийн шүүхэд хандахад мөн харъяа бүртгэл байхгүй байна гээд татгалзсан. Б.Түвшинбаатарын хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байх тул миний бие хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээ гаргаж шийдүүлж чадахгүй байна. Иймд Б.Түвшинбаатарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

   Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

   Хүсэлт гаргагч Л.Отгонжаргал нь иргэн Б.Түвшинбаатарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх ба шүүх дээрх хүсэлтийг хангах  үндэслэлтэй  гэж дүгнэв.

   Учир нь иргэн Б.Түвшинбаатар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нь хүсэлт гаргагчийн тайлбар, охин Т.Намуунаагийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

   Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Түвшинбаатарын оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 871 дүгээр шүүгчийн захирамж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 146/шз2017/00175 дугаар шүүгчийн захирамжуудаар тус тус нотлогдож байх тул иргэн Б.Түвшинбаатарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэв.

   Хүсэлт гаргагч нь Л.Отгонжаргал нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг  төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Батсүхийн Түвшинбаатар /РД:ЙФ-/-г эрэн сурвалжилсугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Л.Отгонжаргал улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасагт даалгасугай.

           4. Иргэн Б.Түвшинбаатар нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, туслах аж ахуйд оршин сууж байсан, 83135536 дугаартай утастай байсан болохыг дурдсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР