Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00043

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Нарантолгойн 2 дугаар гудамж, 6 тоотод оршин суух Х.Чимэдхорлоо/РД:ИЗ-/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хариуцагч: Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум, 1 дүгээр баг, Ивэн гол хөдөө оршин суух Д.Нямдаваа/РД:МВ--д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Чимэдхорлоо, хариуцагч Д.Нямдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэрэнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Чимэдхорлоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Би Д.Нямдаваатай 2000 онд танилцаад 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Ч.Номинзаяаг төрүүлсэн. Д.Нямдаваа нь хүүхэд төрсөнөөс хойш нэг ч холбогдоогүй. Намайг жирэмсэн байх хугацаанд Д.Нямдаваа эргэж тойроод хамт байсан. Охин маань одоо Оюуны ундраа цогцолборт 6 дугаар ангид сурдаг, одоо 11 настай. Би охиноо өөрөө тэжээгээд яваад байдаг байсан. Одоо би ажил хийхгүй сүүлийн 2 жил гэртээ байгаа. Миний бие өвдөөд хүүхдийнхээ хэрэглээг дийлэхгүй байгаа тул Д.Нямдавааг охин Ч.Номинзаяагийн эцэгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан гэв.

Хариуцагч Д.Нямдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие охин Ч.Номинзаяаг өөрийн төрсөн хүүхэд гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлгүй байна. Нэхэмжилсэн мөнгөн тэтгэмжийг амьжиргааны доод түвшингээр төлөх хүсэлтэй байна. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй  гэв.

Хариуцагч Д.Нямдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Ч.Номинзаяагийн эцэг нь мөн, хүүхдийн тэтгэлэгийг төлнө. Өөр хэлэх зүйлгүй гэв. 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Чимэдхорлоогийн Номинзаяагийн №0231006 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 01 дүгээр 09-ний өдрийн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2017 оны 01 дүгээр 09-ний өдрийн Хөдөлмөр, халамжийн мэргэжилтний албан бичиг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгч Х.Чимэдхорлоогийн улсын тэмдэгтийн хурамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт ,Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт зэрэг бичгийн  нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн хэлэлцэв.

                                                     ҮНДЭСЛЭХ  нь :

            Нэхэмжлэгч  Х.Чимэдхорлоо нь Д.Нямдаваад холбогдуулж хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Х.Чимэдхорлоо, Д.Нямдаваа нар нь 2000 онд танилцсан бөгөөд улмаар 2005 оны 11 сарын 23-ний өдөр охин Ч.Номинзаяа төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 0231886Г-18  дугаар бүхий охин Чимэдхорлоо овогтой Номинзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 01 дүгээр 09-ний өдрийн өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хариуцагч Д.Нямдаваагийн: ...Би Ч.Номинзаяагийн эцэг нь мөн, хүүхдийн тэтгэлэгийг төлнө... гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ч.Номинзаяагийн эцэгээр Даваасамбуу овогтой Нямдаваа мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй“ гэж хуульчилсан байх тул хариуцагч Д.Нямдаваа нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэгтэй байна.

            Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдэд олгох тэтгэлэгийг насны байдлыг нь харгалзаж тогтоохоор заасан ба охин Ч.Номинзаяа нь 11 нас 3 сартай байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингээр /Сэлэнгэ аймаг 164.300 төгрөг/ эцэг Д.Нямдаваагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

            Мөн зохигчид хоорондоо гэрлэлтээ бүртгүүлээгүй учир Х.Чимэдхорлоо, Д.Нямдаваа нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил, эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байгааг тэмдэглэх нь зүйтэй.      

             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Д.Нямдаваагаас 70200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд  төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох бөгөөд хариуцагчаас /164.300x12=1.971.600 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46496 төгрөг/ тус тус хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.            

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5-д  заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан 2005 оны 11-р сарын 23-нд төрсөн охин Ч.Номинзаяагийн эцгээр Чонос овогт Даваасамбуугийн Нямдавааг тогтоосугай

            2. Гэр бүлийн тухай  хуулийн 40.1.2-д заасныг баримтлан 2005 оны 11-р сарын 23-нд төрсөн охин Ч.Номинзаяаг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Д.Нямдаваагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Чимэдхорлоод даалгасугай.

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Нэхэмжлэгч Х.Чимэдхорлоо нь  зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар хариуцагч Д.Нямдаваагаас 70200 төгрөг,  тогтмол хугацаанд төлөгдөх, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд  төлбөл зохих дүнгээр  буюу 46496 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН