Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

Д.С, Б.У нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Уранцэцэг,

шүүгдэгч, хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Л.Цэндоо,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1235 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Уранцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр Д.С, Б.У нарт холбогдох эрүүгийн 1708013390155 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржгон овогт Долгорсүрэнгийн С, 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ривер” клубт бассейны багш ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлүй, /РД: /,

 

2. Гүер овогт Баатархүүгийн У, 1972 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй, /РД: /,

 

Д.С нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Уын зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн 2017 оны 9 дүгээр сарын сарын 3-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Уын эд хөрөнгө болох зурагтыг авч шидэж, хувилагч, компьютерийн дэлгэц, ус цэвэршүүлэгч, бие засах өрөөний автомат суултуур, толь, жааз, хаалга, разетик, ширээ, тавиур зэргийг татаж унагаан хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

Б.У нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байрны 28 тоотод “...гэрт орж ирж эд зүйл эвдлээ” гэх шалтгааны улмаас Д.Сыг алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1, Б.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.С, Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв. Үүнд:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хэрэгт “Дамно” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн СХЗ-187 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Түвшинцэнгэл “Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг тогтооно уу гэсэн асуулт тавьсны дагуу асуултад хариулсан. Ямар хохирол учирсан гэж асуусан байсан бол өөр байсан байх гэж бодож байна” гэж тухайн хөрөнгийн үнэлгээний тайланг эргэлзээтэй байдлаар тайлбарлаж мэдүүлсэн тул нэмэлт шинжилгээ хийлгэх нь шаардлагатай гэж үзлээ.
  2. Мөн шүүх хуралдаанд оролцсон талууд уг гэмт хэргийн улмаас хэдэн нэр төрлийн ямар, ямар эд хөрөнгө хэрхэн гэмтэж, устсан талаар маргаж байгааг харгалзан эвдэрсэн, гэмтсэн гэх эд зүйлсийг нэг бүрчлэн шалгаж тогтоон, хохирлын асуудлыг тодорхой, эргэлзээгүй байдлаар тогтоох нь зүйтэй. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.С, Б.У нарт холбогдох эрүүгийн 1708013390155 дугаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Уранцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас “Хэргийг прокурорт буцаах тухай” шийдвэр гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэсэн заалтыг зөрчсөн. Мөн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэлгүй, урьдчилсан хэлэлцүүлэг мэт шүүх хуралдааныг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. /Энэ нь Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг зэргээр нотлогдоно./

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцэж, 1235 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хэрэгт “Дамно” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн СХЗ-187 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан боловч шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Түвшинцэнгэл “Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолд эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг тогтооно уу гэсэн асуулт тавьсны дагуу асуултад хариулсан. Ямар хохирол учирсан гэж асуусан бол өөр байсан байх гэж бодож байна” гэж тухай хөрөнгийн үнэлгээний тайланг эргэлзээтэй байдлаар тайлбарлаж мэдүүлсэн тул нэмэлт шинжилгээ хийлгэх нь шаардлагатай гэж үзлээ... гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор мөрдөгчийн шийдвэрээр шинжилгээ хийлгэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хөрөнгийн үнэлгээний тооцоогоор гаргасан бөгөөд /хх-ийн 43-45/ шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ц.Түвшинцэнгэл нь “...Үндсэн хөрөнгөд элэгдэл тооцох баримтлах хугацаа гэж байдаг. ...тухайн эд зүйлсийн ашиглалтанд оруулсан онуудын хугацаа дууссан байсан. Гэр ахуйн тавилга эд хогшлын ашиглалтын хугацаа 6-гаас 8 жил байдаг. Хугацаа дууссан тохиолдолд үнэлгээ буурна. ...бидний зүгээс эвдэрсэн эд зүйлийн үнэлгээг тогтоосон. ...өнөөдрийн байдлаар 10 жил ашиглаж, хэрэглэсэн эд хөрөнгийг буцаан нөхөн олговор олгохдоо шинийг өгөх нь зөв үү буруу юу гэдгийг би биш эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэж зохих ёсны асуултыг ирүүлдэг...” /хх-139-140 дүгээр хуудсанд байх шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж эд зүйл, хөрөнгийн үнэлгээ хэрхэн гаргасан талаараа тайлбарлан мэдүүлсэн, хохирогч Б.У гэрийнхээ эвдэрч, гэмтсэн эд хөрөнгийн шинж чанар, тоо хэмжээ, нэр, нэршил дээр маргадаггүй бөгөөд шинжээчийн дүгнэлт тодорхой, бүрэн хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн тул нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан бөгөөд шүүх үнэлгээний тайланг эргэлзээтэй байдлаар тайлбарлаж мэдүүлсэн тул нэмэлт шинжилгээ хийлгэх нь шаардлагатай гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн байна. Мөн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг тус прокурорын газар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан ба хуульд заасан ажлын 5 дахь өдөр нь 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр дуусгавар болох байтал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй.” гэх заалтыг зөрчиж, эсэргүүцэл бичих хугацаа дуусаагүй байхад 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1/16 дугаартай албан бичгээр хэргийг прокурорт ирүүлсэн байна.

Иймд Д.С, Б.У нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1235 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай гэрийн эвдэрсэн эд зүйл нь урд нь хэвийн ажиллаж байсан. Д.С ирж эвдэлж сүйтгэснээс хойш ажиллахгүй байгаа. Үнэлгээг гаргасан хүмүүс нь ирж эд зүйлийг үзээгүй атлаа үнэлсэн. Үүнийг гайхаж байна. Эвдэрч, гэмтсэн эд зүйлийн талаар хэлж байсан. Одоо манай тагтан дээр бүгд байгаа...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Уын өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний бие яллагдагч, хохирогч Б.Уын өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Тухайн хэргийн хувьд хохирлын асуудал яригдсан. Эвдэрсэн эд зүйлийн талаар дахин ашиглах боломжтой, боломжгүй гэдгээр ялгаагүй. Мөн “Дамно” ХХК шинжилгээний байгууллагаас бодит байдалд нийцэхээргүй дүгнэлт гарсан. Тухайлбал залгуур эвдэрсэн байхад бодит амьдрал дээр 2.000-3.000 төгрөгийн үнэтэй байхад уг үнэлгээний газар 72.000 төгрөг гэж үнэлсэн байдаг. Харин хэрэгцээг хангахгүй буюу устгасан эд зүйлийг ашиглалтын хугацаа дуусгасан гэж дүгнэсэн. Гэтэл уг эд зүйл нь хохирогч нарын хэрэгцээг хангаж байсан. Эдгээр байдлыг бодитой тогтоож өгөх хүсэлт гаргасан учраас анхан шатны шүүх хуралдаанд “Дамно” ХХК-ийн шинжээчийг оролцуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4, 5 дугаар зүйлд зааснаар завсарлага авахуулах гэхээр хэн үнэмших вэ гээд боломжгүй мэт санагдаад анх гаргасан дүүргийн комиссын үнэлгээ хэргийн бодит байдалтай нийцэж байна гэсэн санал гаргасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

                                                            ХЯНАВАЛ: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Д.Сыг 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байрны 28 тоотод оршин суух иргэн Б.Уын зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, мөн түүний эд хөрөнгө болох зурагтыг авч шидэж, хувилагч, компьютерийн дэлгэц, ус цэвэршүүлэгч, бие засах өрөөний автомат суултуур, толь, жааз, хаалга, разетик, ширээ, тавиур зэргийг татаж унагаан хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж буруутгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

 

Б.Уын: “...Зурагтны спикер эвдэрсэн, принтер ашиглаж болохгүй эвдэрсэн, үүдний том толь, зургын жааз, хичээлийн ширээ, гоо сайхны шүүгээ, халуун сав, ванны өрөөний усны хоолой, ванны өрөөний хаалга, зурагт тогтоогч, 3-н разетка, ус цэвэршүүлэгч /баллонтой/, ус цэвэршүүлэгч /крантны/, Юнивишиний кабель тасарсан, гадна талын хаалга өшиглөж онгойлгосон зэрэг манай гэрийн эд хогшилыг эвдсэн...” /хх-ийн 14-15/, “...зурагтыг хананаас нь татаж унагааснаас болж тогтоогч нь хугарч яригч нь царгиж сонсогдохоо больсон. Одоо ажиллаж байгаа юм. ...2008 онд 500.000 төгрөгөөр Солонгос улсаас худалдан авсан хэвлэгчийг унагааж эвдэлсэн, одоо ажиллахгүй байгаа. ...17 инчийн  70.000 төгрөгийн үнэтэй дэлгэцийг хагалсан. ...200.000 төгрөгийн үнэтэй ус цэвэршүүлэгчийг хагалж эвдсэн. ...60.000 төгрөгийн үнэтэй толийг хагалсан. 80х60 см хэмжээтэй 1 ширхэг 30.000 төгрөгийн үнэтэй, А2-ын хэмжээтэй 1 ширхэг 20.000 төгрөгийн үнэтэй модон жаазыг тус тус эвдсэн. ...сурагчийн номын тавиур, ширээ нь хүрээ хэсгээрээ хугарч эвдэрсэн ба 5 жилийн өмнө хамтад нь 600.000 төгрөгөөр худалдан авсан...”/хх-ийн 16/, “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан тэмдэглэлд шүүгдэгч, хохирогч Б.У “...үнэлгээний талаарх шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, ямар ч үндэслэлгүй хэт доогуур үнэлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн комиссын үнэлгээгээр тогтоосон 3.000.000 төгрөгийн нэхэмжилнэ...” /хх-ийн 47/, Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл “хэрийн материалтай танилцлаа, Ст гомдолтой байна, 3.000.000 төгрөг нэхэмжилж байна” /хх-ийн 92/, шүүгдэгч, хохирогч Б.У Сонинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан гомдолдоо “...Үнэлгээ хийхдээ эвдэрсэн зүйлийг үзэлгүй үнэлгээ хийж хэт доогуур үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд би хувийн сонирхолгүй шинжээчийн багийг дахин томилуулж зөв дүгнэлт гаргуулахыг хүсч байна...” /хх-ийн 98/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд “...хохирогч Б.Уын гэрийн эвдэрсэн эд зүйлсийн үнэлгээг тогтооно уу” гэж ойлгомжгүй байдлаар бичигдсэн байна. /хх-ийн 49/

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Гэтэл мөрдөгчийн тогтоолд дурдсан “эвдэрсэн” гэх ойлголтыг хууль зүйн хувьд дүгнэлт хийх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр “Дамно” ХХК хохирогч Б.Уын ямар эд хөрөнгийг шүүгдэгч Д.С устгасан, гэмтээснийг Хөрөнгийн үнэлгээний тайландаа тусгаагүй байна.

 

 Үүнээс гадна хохирогч Б.Уын Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан “...Үнэлгээ хийхдээ эвдэрсэн зүйлийг үзэлгүй үнэлгээ хийж хэт доогуур үнэлсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд би хувийн сонирхолгүй шинжээчийн багийг дахин томилуулж зөв дүгнэлт гаргуулахыг хүсч байна...” гэх утга агуулга бүхий гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн баримт хэрэгт алга. 

 

Эдгээрийг харьцуулан дүгнэж үзвэл прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Д.Сын буруутай үйлдлийн улмаас “зурагт, хувилагч, компьютерийн дэлгэц, ус цэвэршүүлэгч, бие засах өрөөний автомат суултуур, толь, жааз, хаалга, разетик, ширээ, тавиур” зэргийг татаж унагаан хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж бичсэн байх бөгөөд чухам дээрх эд зүйлсийн аль нь устсан, аль нь гэмтсэн болохыг прокурор ялгаж салгалгүйгээр ерөнхий байдлаар бичсэн, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нэг мөр шалгаж тогтоогоогүй атлаа түүнийг дээрх үйлдэлд буруутгаж ялласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэсэн хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Дээр дурдсан нотлох баримтууд харилцан зөрүүтэй, хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, нотолбол зохих байдал болох энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээг тогтоогүй, шинжээч хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэх нь илэрхий эргэлзээтэй байхад анхан шатны шүүхийн шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулалгүй, эсхүл уг асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамжидаа тусгалгүй анхан шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь буруу болжээ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд прокурор Б.Уранцэцэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2 дугаартай прокурорын эсэргүүцлийн “...хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь буруу болсон...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: