Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2021/0879/3 |
Дугаар | 221/МА2022/0266 |
Огноо | 2022-04-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0266
“С ф” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч “С ф” ХХК-ийн төлөөлөгч Э.Б,
Гомдол гаргагч: “С ф” ХХК,
Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А,
Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Т.Н, Д.М, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ц.Ө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Б,
Хэргийн индекс: 128/2021/0879/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “С ф” ХХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчид холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-ийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-н 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан тухай” №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “С ф” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч “С ф” ХХК-ийн төлөөлөгч Э.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “С ф” ХХК нь тус шүүхэд гаргасан гомдолдоо “... “С о” ХХК-ийн шатахууны 5000 төгрөгийн 100 ширхэг, нийт 500.000 төгрөгийн талон байсныг тухайн үед олон цагаар шатахуун түгээх станцад дугаарлаж буй хэрэглэгч, үйлчлүүлэгчид бүтээгдэхүүний маркетинг, зар сурталчилгааг хийх зорилгоор...” гэж бичсэн байх ба үүнээс үзэхэд “С ф” ХХК-ийг шийтгэлийн хуудаст заасан зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн байна.
3.2.”С ф” ХХК нь дээрх өөрийн хэрэгцээнд ашиглах зорилгоор авсан байсан нийт 500.000 төгрөгийн бензин талоныг удаан хугацаагаар дугаарласан нь зөвхөн 12 хүнд л 1 хүнд 40.000 төгрөгийн бензин талон өгөх байдлаар өгсөн.
3.3.Энэхүү үйлдэл нь компанийн хувьд ашиг олох ямар ч зорилгогүй байсан бөгөөд үүгээрээ мах ав гэж хэрэглэгчид тулгасан зүйл байхгүй тул анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгт үүнийг зөрчил дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.
3.4.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-н №0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны өргө хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэж “С ф” ХХК-ийг торгосныг анхан шатны шүүх хуульд нийцсэн гэж үзэж шийдвэрлэсэн.
3.5.Уг маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтын “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийн хууль бусаар хохироох” гэх 2 нөхцөлийн алиныг нь зөрчсөн болохыг тэмдэглээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад тодруулахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “хэрэглэгчийг хууль бусаар хохироох” гэх нөхцөлийн дагуу торгууль ногдуулсан гэсэн хариу өгсөн.
3.6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “С ф” ХХК гаргасан үйлдэл нь хүнсний чиглэлээр худалдаа эрхэлж буй ижил худалдаа эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарласан шинжтэй байна гэж дүгнэсэн бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан “хэрэглэгчийн хууль бусаар хохироох” гэх заалтад хамааралтай эсэхийг шүүхээс шалгалгүйгээр шийдвэрлэсэн байна.
3.7.Тэгвэл дээр хэрэглэгчийг хууль бусаар хохироосон гэх үндэслэлээр шийтгэх тохиолдолд хэрэглэгч нь хэн гэдэг нь тодорхой байх, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аль нэг хуулийг зөрчсөн үйлдэл байх, Уг хууль бус үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг тус тус шаарддаг. Эдгээрийг шалгавал,
3.8.Шүүхээс Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг үндэслэхдээ “С ф” ХХК-ийн үйл ажиллагаа нь ямар хуулийн, ямар заалтыг зөрчсөн болохыг тогтоосны үндсэн дээр уг заалтаар торгох үндэслэл үүсэх юм. Гэвч шүүх нь энэ байдлыг тогтоолгүйгээр шууд дүгнэлт өгсөн нь алдаатай байна. Мөн “С ф” ХХК нь гомдолд дурдсанчлан шатахуун түгээх станцад удаан хугацаагаар дугаарласан үйлчлүүлэгчийг урамшуулах зорилгоор тараасан нь хэрэглэгчийг хохироосон зүйлгүй, тус тохиолдолд бодитоор хохирсон хэрэглэгчгүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар “хэрэглэгчийг хууль бусаар хохироох” худалдааны арга хэрэгсэл гэж үзэх үндэслэлгүй.
3.9.Иймд шүүх нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр нь “Хууль ёсны байх” гэж заасныг зөрчжээ.
3.10.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Гомдол гаргагч нь удирдамжид зөвхөн “С ф” ХХК-ийн шатахуун түгээх станц нь мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгсөн үйлдлийг шалгах гэж заасан байхад “С ф” ХХК-д шийтгэл оногдуулсан нь буруу гэсэн агуулгаар маргаж байх боловч мах борлуулахын тулд шатахууны талон тараасан гэж үзэхээр нөхцөл байдал бий болгосон байх тул хүнсний чиглэлээр худалдаа эрхэлж буй “С ф” ХХК-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байна.
3.11.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ...”, 5.3 дугаар зүйл “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана.” Тус заалтын 4 дэх хэсэг “шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр”-ийг тусгана гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нь удирдамжид заасан “С О” ХХК-ийн нөхцөл байдлын талаар дүгнэлт өгч түүнд шалгалт хийх байтал, удирдамжид заагаагүй “С ф” ХХК-ийн талаар дүгнэлт өгч, торгууль ногдуулсныг анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд шалгаагүй дутуу үнэлсэн байна.
3.12.Тодруулбал, “С О” ХХК болон “С ф” ХХК нар нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй хоёр тусдаа компани тул Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “СО” ХХК-д хамааруулсан хэргийн материалд байгаа удирдамжийн дагуу хяналт шалгалтын явцад зөрчил илрээгүй бол уг хяналт шалгалтыг хааж, “С ф” ХХК-д удирдамж гарган шалгах, эрх боломжит хугацаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу байсан.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг гомдол гаргагч “С ф” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Гомдол гаргагч “С ф” ХХК-аас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Л.А-н 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0003009 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчид холбогдуулан гаргажээ.
2.Маргаан бүхий №0003009 дугаартай шийтгэлийн хуудсаар[1] “өөрийн худалдан борлуулж буй бүтээгдэхүүнээс худалдан авсан тохиолдолд 40.000 төгрөгийн шатахууны талон өгч борлуулсан” гэсэн зөрчлийг гаргасан гэж “С ф” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
3.Зөрчлийн тухай хуулийн 10.7-р зүйл /Өрсөлдөөний тухай хууль зөрчих/- ийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, Өрсөлдөөний тухай хуулийн 12-р зүйл /Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа/-ийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:... 12.1.10. хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх.”, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэж тус тус заажээ.
4.Энэхүү Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйл нь бүхэлдээ Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, уг хуулийг зөрчсөн этгээдэд шийтгэл оногдуулах харилцааг зохицуулсан, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой зааж, үүнд хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг аж ахуй эрхлэгчид хориглосон. Харин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрэглэгчийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах болон үйлчилгээ үзүүлэх явцад хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулжээ.
5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан ETV, С-1 телевизүүдийн мэдээ[2], эрх бүхий албан тушаалтны 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн холбогдогчоос авсан мэдүүлэг[3], үзлэгийн тэмдэглэлүүд[4] зэрэг баримтуудаас үзэхэд “С-О” ХХК-ийн “S 92” шатахуун түгээх станц бус тус шатахуун түгээх станцын талбайд байрлах “С ф” ХХК нь “М” махны төрөлжсөн мухлагийг сурталчлах, мах авсан тохиолдолд шатахууны талон тараасан болох нь тогтоогдож байна.
6.Хариуцагчаас “Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасныг “С ф” ХХК нь зөрчсөн, хэрэглэгчийн хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7-р зүйлийн 4.7-дэх заалтыг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан” гэсэн агуулга бүхий тайлбарыг[5] шүүхэд бичгээр ирүүлж, мөн шүүх хуралдааны явцад гаргажээ.
7.”С ф” ХХК-ийн “М” махны төрөлжсөн мухлагийг сурталчлах, мах авсан тохиолдолд шатахууны талон тараасан үйлдэл нь зах зээлд ховор, олдоц багатай бараа, бүтээгдэхүүн /бензин/-ийг худалдан авахын тулд зах зээлд элбэг бараа /мах, махан бүтээгдэхүүн/-г худалдан авах болзол, шаардлагыг тавьж, улмаар борлуулалт хийсэн нь хэрэглэгчийг нэг талаас хясан боогдуулсан, нөгөө талаас чөлөөт сонголт хийхэд саад учруулсан шинжтэй үйлдэл бөгөөд хэрэглэгчийн хууль ёсны ашиг сонирхолд харш, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн, тодруулбал өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг гомдол гаргагч компани хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гомдол гаргагчийн давж заалдах гомдлын дагуу хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
8.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01/39 дүгээр Хяналт шалгалтын удирдамжаар[6] “С-О” ХХК-ийн “S 92” шатахуун түгээх станц нь мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгч байгаа гэх үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болох бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн хангаж байгаа эсэхийг шалган тогтоох зорилготой, мөн хяналт шалгалтын хүрээнд мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгөх болсон шалтгааны талаар импортлогч аж ахуй эрхлэгчээс тайлбар авах, мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгөх болсон нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж тогтоох, холбогдох арга хэмжээг авах ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажлын чиглэлээ гаргасан.
9.Гэвч шалгалтын явцад “С-О” ХХК-ийн “S 92” шатахуун түгээх станц бус тус шатахуун түгээх станцын талбайд байрлах “С ф” ХХК нь “М” махны төрөлжсөн мухлаг нь шалгалтын зорилго, чиглэлд заасан “мах худалдан авсан тохиолдолд шатахууны талон өгч байгаа гэх үйлдэл”-ийг гаргасан болох нь тогтоогдсон байна.
10.Иймд гомдол гаргагч компанийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “С О” ХХК-д хамааруулсан хэргийн материалд байгаа удирдамжийн дагуу хяналт шалгалтын явцад зөрчил илрээгүй бол уг хяналт шалгалтыг хааж, “С ф” ХХК-д удирдамж гарган шалгах, эрх боломжит хугацаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу байсан.” гэсэн давж заалдах гомдлын дагуу “С ф” ХХК-д холбогдуулан удирдамж дахин гарган шалгалт хийх байсан, шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
11.Эдгээр үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С ф” ХХК-ийн төлөөлөгч Э.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч “С ф” ХХК-ийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ