Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 763

 

 

Г.Пүрэвжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00301 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Макс хотелс” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Пүрэвжаргал би 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс Макс группийн салбар охин компани болох "Макс хүнс" ХХК-д хүлээн авалт хариуцсан менежерээр орохдоо "Макс хотелс" ХХК нь байгуулагдахаар шилжин орохоор тохиролцсон байсан тул 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Анх Холидэй Инн ОУ-ын зочид буудлын төслийн багт багтан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ хийсэн. Төслийн хугацаанд барилгын үйл явц болон тавилга тоног төхөөрөмжийн захиалахтай холбоотойгоор зочин угтах хэлтсийг хариуцсан менежерээр ажилласан. Төслийн хугацааны гэрээ дуусгавар болон "Макс Хотелс" ХХК-ийн үндсэн ажилтнаар гэрээгээ сунгаж 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр жинхэлэгдсэн. Тухайн тайлант өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээг хүний нөөцийн менежер хийхгүй явсаар мөн албан тушаал тодорхой бус байсаар 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг үйлчилгээний менежер албан тушаалтайгаар 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн гэрээг байгуулан ажиллахдаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй.

Ажиллаж байх хугацаанд ажлын үүргийн тодорхойлолтгүй ажиллаж байсан бөгөөд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд гүйцэтгэл өндөртэйгөөр хийж гүйцэтгэдэг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ОХУ-ын Москва хотноо Холидэй Инн сүлжээ зочид буудлын Опен Лобби ресторанд туршлага судлах сургалтад ерөнхий менежер Ян Вон Вүүк, хүний нөөцийн менежер Н.Баярмаа, рестораны зохион байгуулагч Б.Хангай нартай хамрагдах байсан боловч тухайн үеийн биеийн байдлаас шалтгаалан сургалтад хамрагдаж чадаагүй. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүн бүрт томилолтын мөнгийг төгрөгөөр бодогдон өгсөн ба Рестораны зохион байгуулагч Б.Хангай өөрийн томилолтын мөнгийг миний мөнгөтэй хамт солиулсан ба тухайн орой өөрт нь өгөх гэсэн боловч хаячихна хамт байж байг гээд надад үлдээсэн байсныг тухайн өдөр миний бие ерөнхий менежер Ян Вон Вүүкийн данс руу 31.000 рубль шилжүүлсэн болно.

...Г.Пүрэвжаргал ажлаас халсан тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ганцхан тийзний мөнгөний асуудал байснаас өөр асуудал байгаагүй. Г.Пүрэвжаргал нь 12 долоо хоногтой жирэмсэн бөгөөд жирэмсэн гэдгээ хэлснээс болж ажлаасаа халагдсан гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Макс хотелс" ХХК нь Г.Пүрэвжаргалыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах дараах нөхцөл бий болсон. Г.Пүрэвжаргал нь тус компанид үйлчилгээний менежер албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр компанитай байгуулсан "Ажилтныг гадаад сургалтанд суралцуулах гэрээ"-ний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдах Опен лобби сэдэвт туршлага судлах сургалтанд хамрагдах ёстой байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Москва руу нисэх нислэгт компанийн удирдлагад урьдчилан мэдэгдэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас 1 556 800 төгрөгийн нислэгийн тийз үхүүлж, компанид хохирол учруулсан. Мөн түүнчлэн компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр Москва руу нисэх нислэгт гэнэт ирээгүйн улмаас түүний оронд явуулах ажилтны томилгоог шийдвэрлэх боломжгүй болж компанийн үйл ажиллагаанд доголдол үүссэн.

Тус сургалт нь тухайн чиглэлийн ажилтныг заавал хамруулах ёстой төлөвлөгөөт сургалт байсан. Г.Пүрэвжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ сургалтад яваагүй шалтгаанаа эрүүл мэндийн байдалтай холбож тайлбарласан байна. Гэтэл тэрээр өөрийгөө жирэмсэн эсэх талаараа, эрүүл мэндийн байдал муу байгаа талаараа компанийн захиргаанд албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Энэ талаар эмчийн магадалгаа тодорхойлолт үзүүлж байгаагүй. Иймээс Г.Пүрэвжаргалын дээр дурдсан шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй бөгөөд сургалтад яваагүйгээ хамгаалсан шалтаг хэмээн үзэж байна. Дээрх шалтгаан нөхцлийн улмаас "Макс хотелс" ХХК-ийн зүгээс Г.Пүрэвжаргалын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалыг "Макс хотелс" ХХК-ийн үйлчилгээний менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 167 886 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч "Макс хотелс" ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч "Макс хотелс" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 49 636 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчиж шийдвэр гаргасан. "Макс хотелс" ХХК нь Г.Пүрэвжаргалтай 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох нөхцлүүдийг харилцан тохиролцож гэрээний 6.3 дахь хэсэгт тусгасан. Ажилтан уг нөхцлийг өөрөө хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Г.Пүрэвжаргал нь хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.8, 5.2.9-т заасныг зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нөхцөл байдлуудыг тодорхой тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслүүдээр тогтоогдож байхад шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй байна.

...Г.Пүрэвжаргал хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаснаас компанид хохирол учруулж, үйл ажиллагаанд нь саад учруулсаар байтал ажлаас халсан үндэслэл, шалтгааныг ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх "Макс хотелс" ХХК-ийг захиргааны санаачилгаар ажилтныг ажлаас халах хуулиар тогтоосон үндэслэл, журам зөрчиж, нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалыг эрхэлж байсан ажлаас нь буруу халсан гэж дүгнэхдээ хуулийн үндэслэл, журмыг бүрэн дүүрэн тодорхойлоогүй, юуг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Мөн түүнчлэн Г.Пүрэвжаргалын хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байдал, "Макс хотелс" ХХК-д хохирол учирсан байдлыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.Пүрэвжаргал нь хариуцагч “Макс хотелс” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалыг “Макс хотелс” ХХК-ийн Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 25/67 тоот тушаалаар Ажилтныг гадаад сургалтад суралцуулах гэрээний үүрэг болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ үл биелүүлж ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан сургалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хамрагдаагүй, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө Москва хот руу нисэх нислэгт урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас 1 556 800 төгрөгийн нислэгийн тийзийг хүчингүй болгуулж, компанид хохирол учруулсан, зочид буудлын төлбөр болох 6 000 рубль, сургалтын зардал 156 250 төгрөг, хамт явах байсан үйлчилгээний ахлах ажилтан н.Хангайгийн хэрэглээний зардал 1 219 750 төгрөг зэргийг авч үлдэж компани болон ажилтнуудад хохирол учруулсан зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ.

         /хэргийн 4 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага 25/67 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 16.1.2, 16.1.6-д тус тус заасныг баримталсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

 

“Макс хотелс” ХХК нь нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалтай 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажилтныг гадаад сургалтад суралцуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр компаниас тодорхой нөхцөл, болзолтойгоор ажилтныг олон улсын “Холидей Инн” сүлжээ зочид буудлын үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг судлах, брэндийг үндэсний хэмжээнд танилцуулах, нутагшуулах стратегийг судлах онол-дадлагын богино хугацааны сургалтад гадаад улсад суралцуулах, ажилтан уг сургалтаас олж авсан мэдлэг чадвараа ашиглан цаашид компанид үр бүтээлтэй ажиллах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан ажилтныг гадаад сургалтад суралцуулах уг гэрээнд зааснаар Г.Пүрэвжаргалыг 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал 3 өдрийн хугацаанд ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдах “Опен лобби” сэдэвт сургалтад хамрагдах байсан боловч Г.Пүрэвжаргал нь эрүүл мэндийн шалтгааны улмаас сургалтад хамрагдаагүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Нэхэмжлэгч Г.Пүрэвжаргал нь ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан сургалтад хамрагдаагүй үндэслэлээ жирэмсэн болсон тул сургалтад хамрагдаж чадаагүй гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед жирэмсэн байсан болох нь хэргийн 16-19 дүгээр талд авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Энэрэлт хүн” эмнэлгийн магадлагаа, хэт авиа оношлогооны зураг зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

 

Ажилтныг ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэж заасан байх шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар тогтоосон байна.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гадаад сургалтад суралцах гэрээг биелүүлээгүй нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил болох талаар тухайлан тохиролцоогүй тул Г.Пүрэвжаргалыг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалыг “Макс хотелс” ХХК-ийн үйлчилгээний менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 167 886 төгрөгийг хариуцагч “Макс хотелс” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалд олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийхийг хариуцагч “Макс хотелс” ХХК-д даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцжээ.

 

            Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Г.Пүрэвжаргалыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаснаас компанид хохирол учруулж, компанийн үйл ажиллагаанд нь саад учруулсан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаа зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Макс хотелс” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 637 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ