Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00013

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал суманд 1966 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг 4 тоотод оршин суух, Баядууд овгийн Далайгийн Батцэцэг /РД: МФ-/-ийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батцэцэг, нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Номгон Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч архивт холбогдох баримтууд байхгүй байсан тул лавлагаа гарч ирээгүй. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн боловч тушаал нь архив шатсан гээд гарч ирэхгүй байгаа. Би хөдөө явж борлуулалт хийдэг байсан. Тухайн үед борлуулалт хийдэг хүнийг агент гэдэг байсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Баядууд овгийн Далайгийн Батцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн төрийн архивын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 424 дугаар тодорхойлолт, Далайгийн Батцэцэгийн 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажлын хамт олны гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Түмэнжаргал, С.Баасанхүү, Х.Батнасан нарыг гэрчээр асуусан тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батцэцэг нь 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Номгон 3 дугаар багийн худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүхэд гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэхэд Д.Батцэцэг нь Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Номгон 3 дугаар багийн худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд агентаар ажиллаж байсан болох нь гэрч Б.Түмэнжаргалын: ...Миний бие 1985 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Номгон сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслахаар ажилд орсон. Д.Батцэцэг нь худалдагч агентаар 1985 оны 04 дүгээр сард ажилд орсон. 1985 оноос 1987 он хүртэл хамт ажилласан... гэх  мэдүүлэг,

-Гэрч С.Баасанхүүгийн: ...Би Номгон худалдаа бэлтгэлийн ангид 1981 оноос 1991 он хүртэл худалдагчаар ажиллаж байсан. Миний бие Номгоны төвд бөс барааны худалдагч байхад Д.Батцэцэг нь хөдөөний агентад 1985 оноос 2 жил гаруй худалдагч агентаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

-Гэрч Х.Батнасан: ...Миний бие 1984 оноос Номгон Сангийн аж ахуйн худалдаа бэлтгэлийн ангид тракторчиноор ажиллаж байхад 1984 он билүү 1985 онд ажилд орж 2 жил гаруй Д.Батцэцэг нь Номгон худалдаа бэлтгэлийн ангийн хөдөө агентад худалдагчаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг болон Д.Батцэцэгийн 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Номгон 3 дугаар багийн худалдаа бэлтгэлийн ангид агентаар ажиллаж байхдаа авхуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Батцэцэгийг Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Номгон 3 дугаар багийн худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд агентаар ажиллаж байсан болохыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан иргэн С.Баасанхүү, Х.Батнасан, Б.Түмэнжаргал нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн учир дээрх баримтыг шүүх үнэлж дүгнээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

          1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Баядууд овогт Далайн Батцэцэгийг Сэлэнгэ аймгийн  Сайхан сумын Номгон 3 дугаар багийн худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1987 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл худалдагч, агентаар ажиллаж байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Батцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН