Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
Хэргийн индекс | 150/2017/00047/И |
Дугаар | 00050 |
Огноо | 2017-02-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00050
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум “Гавшгай-Ус” ХХК-ны нэхэмжлэлтэй.
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 13-02 тоотод оршин суух Боржигон овогт Лхагваагийн Амарсанаа /РД:ТК-5/-д холбогдох,
цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.427.308 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Гавшгай-Ус” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л. Амарсанаагийн цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.427.308 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Амарсанаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Амарсанаа “Гавшгай-Ус” ХХКомпанид цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.427.308 төгрөгийн өртэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Өр төлбөрөө 3 сард 700.000 төгрөг, үлдэгдэл 727.308 төгрөгийг 7-сард бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Амарсанаагийн хариу тайлбартай танилцлаа. Өр төлбөрийг 2017 оны 3 сард 700.000, 2017 оны 7 сард үлдэгдэл 727.308 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тайлбар гаргасан байна. Манай багууллагын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гавшгай-Ус” ХХК нь иргэн Л.Амарсанаагаас цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.427.308 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч Л.Амарсанаа “...дээрхи нэхэмжилсэн 1.427.308 төгрөгийг 2017 оны 03 дугаар сард 700.000 төгрөг, 2017 оны 07 сард үлдэгдэл 727.308 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн хариу тайлбар гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч “Гавшгай-Ус” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Балдорж Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар Гавшгай –Ус ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяасүрэнд хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж оролцох эрхийг олгосон байх тул Гавшгай–Ус ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адъяасүрэн хариуцагчийн зөвшөөрлийг дэмжиж тайлбар гаргаж байгаа нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 18,893.5 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн 50 хувь болох 18,893.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Гавшгай-Ус” ХХК-ны нэхэмжилсэн цэвэр ус, бохир ус, халуун ус, халаалтын хөлс 1.427.308 төгрөгийг 2017 оны 03 дугаар сард 700.000 төгрөг, 2017 оны 07 сард үлдэгдэл 727.308 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар “Гавшгай-Ус” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.787 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Амарсанаагаас улсын тэмдэгтийн хураамжинд 18,893.5 төгрөг, орон нутгийн орлогоос 18,893.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид анхааруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН