Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/150

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл

шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Г.Наранбаатар

шүүгдэгч Г.Г, Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Пүрэвсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Г.Г, ******* овогт Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2007001960142 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ************* тоотод оршин суух, урьд Налайх, Багахангай дүүргийн шүүхийн 2011 оны 02 сарын 17-ны №19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан ******* овгийн Г.Г /РД: **********/,

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, Эс Эс Ай ХХК-д цахилгаанчны туслахаар ажилладаг, ам бүл 4, **************** тоотод оршин суух, урьд Налайх, Багахангай дүүргийн шүүхийн 2009 оны 12 сарын 23-ны №01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Налайх дүүргийн шүүхийн 2020 оны 03 сарын 04-ний №37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Налайх дүүргийн шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны №07 дугаартай шүүгчийн захирамжаар 247 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 31 хоног баривчлах ялаар сольсон, ******* овгийн Ч.Б /РД:**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 сарын 11-ний орой 22 цагийн орчим ******* тоотод иргэн Г.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, хурууг нь хазах, төмсгийг нь базах, төмөр сүхээр толгой руу цохих зэргээр биед зүүн сарвууны 3-р хурууны 1-р үенд шарх, зөөлөн эдийн няцрал, төмсгийн хуухнагт зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 04 сарын 11-ний орой 22 цагийн орчим ******* тоотод иргэн Г.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа нүүр рүү нь цохиж, биед нь дээд урууланд шарх, зүүн дээд зовхи, зүүн чихний дэлбээнд цус хуралт, толгойн баруун чамархайн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 04 сарын 10-ны орой ажлаасаа буугаад нэг найз маань хөдөөнөөс ирсэн гээд 3-лаа нэг шил 0.5 литрийн архи хувааж уучихаад 22 цагийн үед гэртээ харьсан. Ч.Быг би зайл гэж хэлээгүй. Энд шүүх хуралтай байсан учир тэрийг нь юу болсон гэж асуусан. Мөн хөдөөнөөс авчирсан хоол унд маань дуусч байна. Яах гэж байна гэж хэлэхэд Ч.Б танайд байгаагүй шүү гэж хэлсэн. Энэ үгэнд нь миний уур хүрээд маскийг нь аваад нэг удаа цохисон.  Тэгээд бид хоёр ноцолдоод миний зүүн нүдрүү хуруугаа хийсэн. Нүднээс гараа ав гэхэд авахгүй байсан. Тэгтэл нэг хуруу нь аманд орж ирэхээр нь хазсан. Тэгтэл намайг нэг юмаар цохисон яг юугаар цохисныг нь мэдээгүй. Одоо болтол миний чамархайд хөндүүр өвчинтэй байгаа. Мөнгөгүй учир томографт үзүүлж чадаагүй. Миний зүүн тал өвчтэй байгаа. Урууланд 3 оёдол тавиулсан. Хэрүүл өдөж эхэлж цохисон нь миний буруу. Бид хоёрын харилцаа ер нь их таарамжгүй байдаг...” гэв.

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2020 оны 04 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод өдрөөр цалинжуулна гэсэн ажилд хийчхээд орой 21 цагийн үед ирээд нүүрэндээ маск тавиад байж байсан. Тэгтэл гаднаас 22 цагийн үед Г.Г нь орж ирсэн. Тэгээд ээжтэй маргалдаж байснаа над руу хандаж "Ч.Баа нөгөө ажил төрөл чинь болсон бол зайлаарай гэж хэлсэн. Тэгтэл Г.Г нь босож ирээд нүүрэнд тавьсан байсан маскыг хуулж аваад хамар руу цохисон. Тэр үед намайг дараад дээрээс унаад, намайг цохиод байсан. Бид ноцолдож зууралдаж байгаад би дээр нь гарсан. Тэгтэл доороос толгойгоороо дух руу мөргөөд байсан. Миний гарын дунд хурууг хазсан. Тэр үед хуруу тавь гээд байхад тавихгүй зулгаагаад байсан учир би нэг удаа цохисон. Миний хумс бүр унжчихсан цус нь гоожиж байсан. Тэгээд би зугтах гээд үүдрүү гүйхэд араас зууралдаад тавихгүй байсан. Тэгснээ гэрийн хатавчинд байсан төмөр сүхээр намайг 2 удаа цохисон. Тухайн үед би юугаар цохисныг нь мэдээгүй. Ээж булааж авахаар нь харсан чинь сүх байсан. Тэгээд гэрийн үүдэнд байсан тал тоосго аваад намайг цохих гэхээр нь би тоосготой гарыг нь дараад цээжин дээр гараад хоёр гарыг нь бариад дээр нь суучихсан. Тэр үед толгойгоороо нүүр рүү мөргөсөн. Би зөрүүлээд нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд зууралдаж байхдаа гараа надаас мултлаад миний төмсгөөс бариад авсан. Би төмсөгөө тавиулах гээд өндийж байгаад тавиулсан. Ээж наадахаа уячих гээд уяа авчирж өгөөд байж байтал цагдаа нар ирсэн. Би нүүр рүү мөргөх үед уруул нь язарчихсан цус гарч байсан. Над руу нулимаад байсан. Мөн "Би чиний ялан дээр ял нэмүүлнэ" гээд орилоод байсан...” гэв

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04-р сарын 11-ний өдөр би ажлаасаа орой 22 цагийн орчимд ирээд гэртээ ирэхэд Ч.Б нь гэрт амарч байхаар нь ажил төрөл чинь юу болж байна. Чи одоо явах болоогүй юм уу гэхэд нь танайд байгаагүй шүү гэж хэлээд маргаан эхэлсэн. Ч.Б нь нүүрэндээ маск тавиад гэрийн баруун талд сандал дээр сууж байсан ба унтах гээд ороо засчихсан хэвтэх гэж байсан юм. Тэгэхээр нь би нүүрнийх нь маскийг аваад нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод цааш нь түлхээд орон дээр дараад автал ноцолдож байхдаа зүүн нүд рүү хуруугаараа хатгачихсан тэр үед нүд өвдөж байсан зүүн гараараа миний нүүр рүү цохисон. Үснээс зулгаагаад буцаагаад дарахаар нь би зүүн талын гарынх нь дунд хурууг шүдээрээ хазсан. Ноцолдож байгаад гэрийн үүд хэсэг рүү хоёулаа унасан. Тэр үед би доор нь орчихсон байсан. Миний нүүр рүү цохиод авсан юугаар цохисон мэдэхгүй байна. Хамар уруулаас цус гарсан. Тэгээд би гараа явуултал гарт төмөр сүх баригдсан сүхний ишээр нь толгой руу нь нэг удаа цохисон тэр үед эхнэр ******* сүхийг булаагаад авсан тэгээд босоод ахиад зууралдаад гэрийн гадаа гарсан. Гэрийн гадаа гараад миний дээр гараад намайг олон удаа гараараа цохиод байсан. Цагдаагийн дуудлага ирэн иртэл цохиод байсан. Тэгээд цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 хуудас/

 

Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” ... Би 2020 оны 04 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод өдрөөр цалинжуулна гэсэн ажилд хийчхээд орой 20 цагийн үед ирээд нүүрэндээ маск тавиад байж байсан. Тэгтэл гаднаас 22 цагийн үед ээжийн хамтран амьдрагч Г.Г нь орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд ээжтэй маргалдаж эхэлсэн. Би анх согтуу орж ирснийг нь мэдээгүй. Ээжтэй маргалдаж байснаа над руу хандаж "Ч.Баа нөгөө ажил төрөл чинь юу болж байгаа юм бэ ажил чинь дууссан бол одоо зайлна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би "яасан танайд байгаагүй шүү ээжийндээ байна" гээд чанга дуугарсан. Би тэр үед гэрийн баруун талд сандал дээр сууж байсан. Ороо засчихаад унтах гээд байж байсан. Тэгтэл Г.Г нь босож ирээд нүүрэнд тавьсан байсан маскыг хуулж аваад хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэр үед намайг дараад дээрээс унаад бид ноцолдож зууралдаж байгаад би дээр нь гарсан. Тэгтэл доороос толгойгоороо дух руу мөргөөд байсан учир би үснээс зулгаагаад доош нь дарсан. Гараа нүүрэн дээр нь тавьчихсан байж байтал миний зүүн гарын дунд хурууг хазсан. Тэр үед хуруу тавь гээд байхад тавихгүй зулгаагаад байсан учир би баруун гарынхаа дунд хурууг нүдэнд нь хийчихсэн. Тэгээд зууралдаж байхдаа боссон. Би нүднээс нь гараа авсан. Харин миний хурууг хазсан чигтээ хойшоогоо ухарсан тэгээд хуруу тавихгүй хойшоогоо гэдийгээд байсан учраас нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед ухарсаар яваад хаалганд тулсан. Тэгтэл гэрийн дотор хатавчинд байсан төмөр сүхийг Г.Г нь аваад миний толгой руу хоёр удаа цохисон. Цохих үед ээж ******* нь боль гээд сүхийг нь булааж авсан. Тэгээд ноцолдож байхдаа хаалга онгорхой байсан учир давхралдаад гадагшаа унасан.  Тэгэхэд хазагдсан хуруу маань тавигдсан. Тэгээд босож ирээд гэрийн үүдэнд байсан тал тоосго аваад намайг цохих гэхээр нь би тоосготой гарыг нь дараад цээжин дээр гараад хоёр гарыг нь бариад дээр нь суучихсан. Тэр үед толгойгоороо нүүр рүү мөргөсөн. Би зөрүүлээд нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд зууралдаж байхдаа гараа надаас мултлаад миний төмсгөөс бариад авсан юм. Тэр үед төмсөг тавь гээд өндийж байгаад тавиулсан ээж гарыг нь уячих гээд уяа авчирч өгөөд гарыг нь уях гэхэд уяулахгүй байсан. Би нүүр рүү мөргөх үед уруул нь язарчихсан цус гарч байсан. Над руу нулимаад байсан. Мөн "Би чиний ялан дээр ял нэмүүлнэ" гээд орилоод байсан. Дахиад мөргөх гээд байсан учир би хойшоогоо гэдийгээд мөргүүлээгүй гарыг нь дарсан чигтээ байсан. Тэгж байхад цагдаа ирсэн юм. Г.Г нь ирэхдээ согтуу ирсэн юм байна лээ. Үүнийг сүүлд нь мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 хуудас/,

 

            Гэрч Д.*******гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 10-ны орой гэртээ хүү Ч.Б, хоёр охины хамт байхад нөхөр Г.Г 22 цагийн үед ирсэн юм. Гэртээ ирээд хөл гараа угаагаад сууж байхдаа манай хүү Ч.Быг чи манайхаас яв идэх хоол ч дууслаа гэхээр нь би хүүгээ өмөөрч наад хүн чинь гэр орноо зарчхаад ядарч явна. Чи ч бас ингэж явсан үе бий шүү, адилхан эр хүн байж ингэх хэрэг байгаа юм уу гэхэд Ч.Быг нүүрэндээ маск тавьчихсан баруун талд сууж байхад нь очоод чи яв гээд учир зүггүй зодоод эхэлсэн. Нүүрэнд нь хэд хэд цохиж газар унагаад дээрээс нь балбаад би болиулах гээд дийлдэггүй.  Зууралдаад салахгүй зодоод Ч.Б арай гэж босож ирэхэд нь зуураад салахгүй байхаар нь хоёуланг нь гэрээс түлхээд гаргачихсан. Тэгтэл Г.Г гарахдаа үүдэнд байсан төмөр сүхийг гартаа шүүрч барьж гараад толгой руу нь 2 удаа цохихоор нь би булаацалдаж байгаад сүхийг нь салгаж авсан. Тэр үед Ч.Бын хурууг нь хазчихаад тавьдаггүй, тавь гэж орилоод байхад тавихгүй байсан. Ч.Б Г.Гийн нүүрэнд нь цохиж байгаа харагдсан. Тэгээд гарыг нь тавиад шууд салтаанаас нь базаж орилуулаад, Ч.Б тавь гэж бахираад нэмэргүй болохоор нь бас нүүрэнд нь цохисон. Тэгээд дээр нь гарч хөдөлгөөнгүй дарж хэвтсэн. Тэр үед би цагдаа руу залгаж дуудлага өгөөд цагдаа иртэл хүлчих гээд үдээс авчирч өгсөн. Нөгөөхөөр нь хүлж болсон ч гүй Ч.Б гаднаа дараад хөдөлгөөнгүй болгоод байхад цагдаа нар орж ирсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/236 дугаар: “...Ч.Бын биед зүүн сарвууны 3-р хурууны 1-р үенд шарх, зөөлөн эдийн няцрал, төмсгийн хуухнагт зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн сарвууны 3-р хурууны 1-р үенд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, төмсгийн хуухнагт зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй" гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

            Шүүхийн Шинжилгээний Газрын Багахангай, Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Төгсбуянгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгэзний шэ/№237 дугаартай "...Г.Гийн биед дээд урууланд шарх, зүүн дээд зовхи, зүүн чихний дэлбээнд цус хуралт, толгойн баруун чамархайн хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт / хх-ийн 37-38 дугаар хуудас /  

           

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  Г.Г Ч.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 сарын 11-ний орой 22 цагийн орчим ******* тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас харилцан маргалдан, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 сарын 10-ны орой нэг найз маань хөдөөнөөс ирсэн гээд 3-лаа нэг шил 0.5 литрийн архи хувааж уусан. ...миний уур хүрээд маскийг нь аваад нэг удаа цохисон.  Тэгээд бид хоёр ноцолдоод миний зүүн нүдрүү хуруугаа хийсэн. ...Тэгтэл нэг хуруу нь аманд орж ирэхээр нь хазсан. ...Хэрүүл өдөж эхэлж цохисон нь миний буруу. Бид хоёрын харилцаа ер нь их таарамжгүй байдаг...” гэх, шүүгдэгч Ч.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 04 сарын 10-ны өдөр ... Тэгтэл Г.Г нь босож ирээд нүүрэнд тавьсан байсан маскыг хуулж аваад хамар руу цохисон. Тэр үед намайг дараад дээрээс цохиод байсан. Бид хоёр ноцолдож зууралдаж байгаад би дээр нь гарсан. Тэгтэл доороос толгойгоороо дух руу мөргөөд байсан. Миний гарын дунд хурууг хазсан. Миний хумс бүр унжчихсан цус нь гоожиж байсан. ...Тэгснээ гэрийн хатавчинд байсан төмөр сүхээр намайг 2 удаа цохисон. Тухайн үед би юугаар цохисныг нь мэдээгүй. Ээж булааж авахаар нь харсан чинь сүх байсан. Тэгээд гэрийн үүдэнд байсан тал тоосго аваад намайг цохих гэхээр нь би тоосготой гарыг нь дараад цээжин дээр гараад хоёр гарыг нь бариад дээр нь суучихсан. Тэр үед толгойгоороо нүүр рүү мөргөсөн. Би зөрүүлээд нүүр рүү нь мөргөсөн. Тэгээд зууралдаж байхдаа гараа надаас мултлаад миний төмсгөөс бариад авсан. Тэр үед төмсөг тавь гээд өндийж байгаад тавиулсан...” гэх, гэрч Д.*******гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 сарын 10-ны орой ...Ч.Быг нүүрэндээ маск тавьчихсан баруун талд сууж байхад нь очоод чи яв гээд учир зүггүй зодоод эхэлсэн. Нүүрэнд нь хэд хэд цохиж газар унагаад дээрээс нь балбаад би болиулах гээд дийлдэггүй, зууралдаад салахгүй зодоод Ч.Б арай гэж босож ирэхэд нь зуураад салахгүй байхаар нь хоёуланг нь гэрээс түлхээд гаргачихсан. Тэгтэл Г.Г гарахдаа үүдэнд байсан төмөр сүхийг гартаа шүүрч барьж гараад толгой руу нь 2 удаа цохихоор нь би булаацалдаж байгаад сүхийг нь салгаж авсан. Тэр үед Ч.Бын хурууг нь хазчихаад тавьдаггүй, тавь гэж орилоод байхад тавихгүй байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/236 дугаар дүгнэлт зэргээр тус тус тогтоож байна. 

 

             Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Г, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хязгаарлаагүй байна гэж үзлээ.

 

            Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч нар нь архидан согтуурсан үедээ удаа дараа бие биентэйгээ таарамжгүй харьцсны улмаас харилцан зодолдсон гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Г.Г, ******* овогт Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                           

            Шүүгдэгч Г.Г, Ч.Б нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Г.Гэд, Ч.Б нарт тус бүр 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, өмгөөлөгч Г.Наранбаатар нь шүүгдэгч Г.Гийг 500 нэгжээр, өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нь шүүгдэгч Ч.Быг 450 нэгжээр торгох санал тус тус гаргасныг  шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар  хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Бд тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс торгох ялыг,  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй шүүгдэгч Г.Гэд нийтэд тустай ажил хийлгэх оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Г.Г, ******* овогт Ч.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гэд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Ч.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт эдлэх ялыг найман цагаар биелүүлэхийг даалгаж, хуульд зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Г.Г, Ч.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

           7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД