| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1587/Э |
| Дугаар | 1624 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1624
2020 09 07 2020/ШЦТ/1624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Б.Оюунцэцэг /томилолтоор/,
шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор ҮД:02-48 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2134 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Б
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Намуун” зочид буудлын 305 тоот өрөөнд байхдаа иргэн С.Т ийн “Самсунг Галакси Жи-7” маркийн гар утас, түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний “ХААН” банкны картнаас 1.400.000 төгрөг авч, нийт 1.618.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим би найзтайгаа буудалд байж байхад хажуу өрөөний хүн байна би та нарыг дайлъя хамт сууъя гээд байн байн орж ирээд байсан ба ах нь чамд мөнгө төгрөг өгье гэхээр нь би хамт байсан. Тэгээд виза картныхаа кодыг өөрөө хэлэхээр нь би 1.400.000 төгрөгийг нь авсан. Хохирогчид хохирлыг төлөхийн тулд дүүгээрээ цалингийн зээл авахуулж 1.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн, өөрийнхөө утсыг болон хуримын бөгжөө 500.000 төгрөгөнд тооцуулж хохирлыг барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Т ийн өгсөн: ...Тийм ээ, би тухайн үед уулзсан С гэдэг эмэгтэйтэй 89190454 дугаартай утсаар холбогдож уулзахад би тухайн таны хэтэвчтэй бичиг баримт мөн “ХААН” банкны карт болон “Самсунг Галакси Жи-7” маркийн гар утсыг авсан талаараа хэлсэн. Тэгээд гар утас хэтэвч хоёрыг гээчихсэн, харин картнаас 1.450.000 төгрөг авсан. Таны хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд надад “Самсунг Галакси А-30” маркийн гар утас, монетон бөгж хоёрыг өгөөд тухайн утас бөгж хоёрыг би 500.000 төгрөгөөр үнэлээд надад үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай төлж барагдуулна гэж тохирсон. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байх надад 500.000 төгрөг шилжүүлсэн, харин үлдэгдэл 500.000 төгрөгийг 8 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр болсон юм...
...Би хохирлоо бүрэн барагдуулсан учир санал хүсэлт, гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-10 дугаар тал/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15 дугаар тал/,
- “ХААН” банкны 5920247458 дугаартай дансны хуулга /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б ын өгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 13 цагаас 14 цагийн үед найз Батука намайг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номуун” нэртэй дэн буудлын 6 дугаартай өрөөнд хүрээд ир гэж дуудсан. Батука бид хоёр тэр буудалд хамт хоносон. Тэгээд маргааш нь өглөө байж байтал, хаалга нүдээд байсан. Хаалга нээтэл хохирогч Төмөрчөдөр нь танай хажуугийн өрөөний хүн байна, хамт суух уу, та нарыг дайлмаар байна гэж хэлээд орж ирсэн. Тэгээд архи, пиво авч өгсөн. Төмөрчөдөр нь намайг дуудаад “чамд мөнгө хэрэгтэй байна уу, хамт өөр буудал явах уу” гээд 305 өрөөнд нь хамт орсон. Бид хоёр хамт буудалд байхад өөрөө л картныхаа кодыг хэлээд мөнгө өгнө гээд байсан. Би Төмөрчөдөртэй хамт байж байгаад гараад явсан ба тэр чигтээ эргэж очилгүй явсан. Түүний картнаас нь 1.400.000 төгрөг аваад, мөнгөөр нь ломбарданд байсан гар утас, бөгжөө авсан. Харин алдсан гээд байгаа гар утсыг нь би мэдэхгүй байна. Би хохирлоо нөхөн төлсөн. Төмөрчөдөрийн хохирлыг нь төлөөд дууссан. Бэлэн 970.000 төгрөг, өөрийн “Самсунг А-39” маркийн гар утас болон хуримын бөгжөө өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/,
- Шүүгдэгч Ц.Б ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хүүхдүүдийнх нь төрсний гэрчилгээ болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 25, 29, 30-31, 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.Б нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Намуун” зочид буудлын 305 тоот өрөөнд байхдаа иргэн С.Т ийн “Самсунг Галакси Жи-7” маркийн гар утас, түрийвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний “ХААН” банкны картнаас 1.400.000 төгрөг авч, нийт 1.618.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Т , яллагдагчаар өгсөн Ц.Б нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч С.Т т учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч Ц.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийн хөнгөн гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлгээ үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлсэн, хохирогч С.Т т учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч С.Т гомдол саналгүй талаарх хүсэлтээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Ц.Б 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Ц.Б нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ц.Б ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ