| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1577/Э |
| Дугаар | 1602 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Чимидцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1602
2020 09 03 2020/ШЦТ/1602
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч С.Чимэдцэеэ /томилолтоор/,
шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Ш.Оюумаа ҮД:05-96 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Э т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2174 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Э/.
Холбогдсон хэргийн талаар:
Г.Э нь 2020 оны 08 дугаар арын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль ёсны шаардлага тавьсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Эрхэмбаярын нүүрний уруул хэсэг рүү өшиглөж, биед нь халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй. Хохиролд 100.000 төгрөгийг төлсөн. Уучлалт гуйсан гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эрхэмбаярын: ...2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороон дахь цагдаагийн тасагт үүрэг гүйцэтгэж байх үед Улиастай 10-аас 17 цаг 45 минут орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төв дотор согтуу хүн цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч албаны 20-39 УНҮ улсын дугаартай “KIA RIO” маркийн автомашинтай Халдварт өвчин судлалны үндэсний төвд очиход тус эмнэлгийн хойд талд байрлах постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн гэх согтуу эрэгтэй хүн байсан ба уг эрэгтэй хүний хоёр гарыг ар нуруунд нь гавалсан хаашаа түшүүлээд газарт суулгасан байхаар нь Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл, тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Т.Назарбайгын хамтаар тус согтуу эрэгтэй хүнийг албаны машинд суулгах үед хүч хэрэглэн эсэргүүцэж автомашинд хөлөөрөө жийж тулаад машинд суухгүй байхад нь хөлийг нь гараараа барьж машин руу суулгах гээд тонгойх үед баруун хөлөөрөө миний дээд уруул болон хамрын хэсэгт нэг удаа өшиглөхөд нь би дахин өшиглөхөөс сэргийлж хоёр хөлийг нь барьж аваад машин дотор суулгасан. Энэ үед цагдаагийн дэд ахлагч Т.Назарбай тус согтуу хүний цээжин хэсгээс нь тэвэрсэн байсан.Ингээд би согтуу эрэгтэй хүн болох Г.Э ыг хэлтсийн эрүүлжүүлэх байранд авч ирж сонтуурлын зэрэг шалгагч багажаар шалгахад 1,29 хувийн согтолттой байсан тул эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Миний хамраас цус гарсаны улмаас албаны дүрэмт хувцас бохирлогдсон. Харин Г.Э нь албаны авто машины дотор суусныхаа дараа авто машины зүүн хаалганы дотдр хэсэг рүү өшиглөөд байсан ба үүний улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганбаярын өгсөн: ...Өнөөдөр буюу 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 17 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо ХӨСҮТ-д үүрэг гүйцэтгэж байх үед шалган 2-оос “наашаа яаралтай төвд хүрээд ирээч” гэж төвд богино долгионы станцаар мэдэгдэхэд нь би шалган 2-руу явж очиход нэг согтуу эрэгтэй, согтуу эмэгтэй 2 хүн байсан ба согтуу эрэгтэй нь дэд ахлагч Назарбайн хувцаснаас нь зуураад явж байсан...Г.Э гэх согтуу хүн нь Баянзүрх дүүргээс ирсэн цагдаа Эрхэмбаярыг машинд суух үед нь нүүр лүү нь нэг удаа өшиглөж уруулнаас нь цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Назарбайн: ...Г.Э гэгчийг гавалсны дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс албаны алаг тэрэгтэй Эрхэмбаяр цагдаа ирсэн ба автомашинд Г.Э гэгчийг машин руу суулгах гэхэд суухгүй шаардлага эсэргүүцэж хүч хэрэглээд байсан ба би цээжин хэсгээс нь Г.Э ыг тэврээд Эрхэмбаяр хоёр хөлийг нь машин руу оруулах гэхэд хөлөөрөө уруул хэсэг рүү нь өшиглөөд маш их цус гаргасан байсан. Мөн бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8932 дугаартай шинжээчийн:
1. Д.Эрхэмбаярын биед дээд уруулын зөөлөн гэмтэл, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...Шинжээч эмч Б.Цэнгүүн гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Г.Э ын өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 14 цаг 30 минутын үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн 4 давхарт байрлах албаны дарга А.Амбасэлмаагийн албан өрөөнд дотор нь тус эмнэлгийн зөвлөх ажилтан Г.Сүрэнханд болон А.Амбасэлмаа бид гурав нэг шил “Johny Walker” нэртэй 750 граммын хэмжээтэй виски хувааж уугаад дуусахаар нь өөр нэг шилтэй виски байхаар нь дуустал нь уугаад Г.Сүрэнханд бид хоёр эхэлж эмнэлгийн хаалгаар гарч яваад эмнэлгийн хойд талын хашааны хаалгаар гарах гэж байхад тэнд постонд байсан цагдаа нь шаардлага тавиад бичиг баримтаа шалгуул гэхэд нь би согтуугийн улмаас бичиг баримтаа шалгуулахгүй гэж цагдаагийн өөдөөс хэрэлдээд улмаар би ХӨСҮТ-ийн хашаанаас гарна гэхэд нь намайг гаргахгүй гээд маргаан болоод намайг гавлах гэхэд нь би гавлуулахгүй гээд эсэргүүцсэн. Тэгээд удалгүй өөр цагдаа ирээд миний хоёр гарыг нурууны ард гавлаад намайг машин руу оруулах гэхэд би бухимдсандаа болоод тэнд байсан нэг цагдаа руу нь хөлөөрөө санаандгүй байдлаар өшиглөсөн. Тэгээд цагдаагийн автомашинд суугаад цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд ирээд эрүүлжүүлэгдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 дүгээр тал/,
- Шүүгдэгч Г.Э ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35, 39, 40 дүгээр тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Э ын 2020 оны 08 дугаар арын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль ёсны шаардлага тавьсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Эрхэмбаярын нүүрний уруул хэсэг рүү өшиглөж, биед нь халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Д.Эрхэмбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлж, хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Г.Э т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.Э нь 2020 оны 08 дугаар арын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль ёсны шаардлага тавьсан Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Эрхэмбаярын нүүрний уруул хэсэг рүү өшиглөж, биед нь халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эрхэмбаяр, гэрч Г.Ганбаяр, Т.Назарбай, яллагдагчаар өгсөн Г.Э нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 8932 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Эрхэмбаяр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй боловч Г.Э 100.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлж, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 67, 83 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Э ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Г.Э т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Э т зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Г.Э ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ