| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1591/Э |
| Дугаар | 1631 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Болор-эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1631
2020 09 08 2020/ШЦТ/1631
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч Н.Энхбаатар ҮД:06-55 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц.А д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01998 2076 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.А
Холбогдсон хэргийн талаар:
Ц.А нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны хооронд “Магнай трейд” ХХК-ийн ШТС-14, 84 салбаруудын эрхлэгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан шатахууны борлуулалтын 25.230.109 төгрөгийг завшиж, “Магнай трейд” ХХК-д их хэмжээний буюу 25.230.109 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Ц.А ын “Магнай трейд” ХХК-д ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 10 дугаар тал/,
- “Магнай трейд” ХХК-ийн дотоод аудиторын шалгалт хийсэн илтгэх хуудас /хх-ийн 12-46 дугаар тал/,
- “Магнай трейд” ХХК-ийн Ц.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 47-49 дүгээр тал/,
- “Магнай трейд” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай төлбөр тогтоосон акт болон холбогдох материалууд /хх-ийн 55-75 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Дуламхандын өгсөн: ...Ц.А нь өөрөө дангаараа 25.230.109 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Манай байгууллагын дотоод аудитын газраас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийсэн гэнэтийн шалгалтаар Шатахуун түгээх 14 дүгээр станцад нийт 25.983.109 төгрөгийн зөрүү гарснаас тус станцын эрхлэгчээр ажиллаж байсан Ц.А 25.230.109 төгрөгийн, түгээгч Б.Пүрэвсүрэн 46.500 төгрөгийн, Э.Одонбаатар нь 91.250 төгрөгийн, Л.Баттүшиг 99.250 төгрөгийн, З.Одгэрэл 170.300 төгрөг, С.Болортунгалаг 62.500 төгрөг, Б.Батмагнай 346.500 төгрөгийн хохирол тус тус учруулснаас түгээгч нар учруулсан мөнгөн дүнгээ бүгд цалингаасаа суутгуулсан. Харин Ц.А нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгууллагын кассанд бэлнээр 2.900.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4.330.109 төгрөгийг бэлнээр мөн кассанд тушааж, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж “Lexus-250” маркийн автомашиныг 18.000.000 төгрөгөөр үнэлж Ц.А ын учруулсан мөнгөн дүнг тэглэсэн. Ц.А нь манай байгууллагад учруулсан нийт хохирлоо бүрэн барагдуулсан. Гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр тал/,
- “МТ Баянгол” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 45/19 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал /хх-ийн 89 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Гансүхийн өгсөн: ...Ц.А ын хариуцаж байсан 14 дүгээр станцад 25.983.409 төгрөгийн хохирол мөнгөний зөрүү манай байгууллагын Дотоод аудитын газраас хийсэн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтээр гарсан. Дээрх дүнг задалбал шатахууны борлуулалтын мөнгөний дутагдал 25.872.209 төгрөг, тос тосолгооны материалын борлуулалт 111.200 төгрөгийн борлуулалтын дутагдал илэрсэн. Ц.А байгууллагад учруулсан 25.230.109 төгрөгийн хохирлоо 2020 оны 05 дугаар сарын 26-ны байдлаар төлж барагдуулсан тухай сонссон...Мөн 84 дүгээр станцын түгээгч нараас мөнгөн талон аваад 14 станцын түгээгч нарт бэлэн мөнгөний оронд мөнгөн талон өгч байсан нь тус тус шалгалтаар илэрч Ц. Алтагзул хүлээн зөвшөөрч бүх хохирлоо бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Баттүшигийн өгсөн: ...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр намайг 14 дүгээр шатахуун түгээх станц дээр гараатай байхад 07 цагийн үед гэнэт дотоод аудитээс шалгалт орж ирсэн. Энэ өдөр аудитын шалгалт хийж байгаа ажилчдаас танай 14 дүгээр шатахуун түгээх станц дээр чинь 20 гаран сая төгрөг дутлаа, танд энэ талаар мэдэх зүйл байна уу гэж асуусан. Би мэдэхгүй тухай хэлэхэд за тэгвэл 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр та “Магнай трейд” ХХК-ийн төв оффис дээр ирээрэй гэхээр нь би очиж өөрийн мэдэж байгаа зүйлийнхээ талаар тайлбар бичиж өгсөн...14 дүгээр шатахуун түгээх станцад орж ирсэн орлогын мөнгийг тухайн өдрийн түгээгч нар өөр өөрсдөө явуулын банк ирэхэд тушаадаг. Эрхлэгчид бэлэн мөнгө тушаалгадаггүй 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай эрхлэгч Ц.А нь миний орлогын мөнгөнөөс 480.000 төгрөгийг, хамт гарч байсан Одонбатаас 500.000 төгрөгийг мөнгө хэрэг боллоо гэж хэлээд авсан. Бусдаар эрхлэгчид бэлэн мөнгө өгч байсан удаагүй, орлогын мөнгийг бид нар өөр өөрсдөө тус тусдаа тушаадаг эрхлэгч Ц.А д дээрх бэлэн мөнгийг өгсөн асуудлаас болоод би ажлаасаа халагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Ц.А ын: ...Би буруугаа сайн ухаарсан. Анх удаа ийм алдаа гаргаж хэрэгт холбогдчихлоо. Прокурорын шүүхийн байгууллагаас зөөлөн хандаж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар тал/,
- Шүүгдэгч Ц.А ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 120, 135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.А нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны хооронд “Магнай трейд” ХХК-ийн ШТС-14, 84 салбаруудын эрхлэгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан шатахууны борлуулалтын 25.230.109 төгрөгийг завшиж, “Магнай трейд” ХХК-д их хэмжээний буюу 25.230.109 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Дуламханд, гэрч Л.Баттүшиг, Б.Гансүх нарын мэдүүлэг, 07/20 дугаартай шалгалт хийсэн илтгэх хуудас, 03 дугаартай төлбөр тогтоосон акт болон холбогдох материалууд, хөдөлмөрийн гэрээ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Дуламхандын зүгээс хохирол бүрэн төлөгдсөн тул гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 99-100 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.А ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Ц.А нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан үзэв.
Ц.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.А д оногдуулсан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А д оногдуулсан 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ