Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 760

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 01-86/,

шүүгдэгч П.Ц, түүний өмгөөлөгч Э. /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 16-20/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Б, О овогт П Ц нарт холбогдох эрүүгийн 1822000500149 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрд Сүлж” ХХК-“д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо .. дүгээр байрны .. /РД:ХХ0000000/ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Н Б.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Гуулин хороо суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Багануур дүүрэг 4 дүгээр хороо Жаргалантын .. тоотод оршин суух, /РД:хх0000000/, урьд ял шийтгэлгүй, О овогт П Ц.

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Н. нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 2 дугаар сарын сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар заалт буюу “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгсэлээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, мөн дүрмийн 15.2-д заасан “харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед замын замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчин “фусо” маркийн 0000 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0000 хх улсын дугаартай чиргүүлийг замын зорчих хэсгээс чөлөөлж тавиагүйгээс П.Ц жолоочтой Истана маркийн 0000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг автомашинд зорчин явсан зорчигч А.Ч эрүүл мэндэд хөнгөн, Ц. эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б амь нас хохирсон, Истана маркийн 0000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.863.000 төгрөгийн хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн,

Яллагдагч П. нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 2 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед Истана маркийн 000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс Н.Б жолоочтой Фусо маркийн 0000 УНУ улсын дугаартай 0000 ТЧ улсын дугаартай зогсож байсан чиргүүлийг мөргөж, зорчигч А.Ч, П.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Ц.М эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б амь нас хохирсон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б, П.Ц нарыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэл:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц мэдүүлсэн “...2018 оны 2 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө осол гарсан. 2018 оны 2 дугаар сарын 09-ний орой 6 цагт Нарантуул захаас хүн аваад Өмнөговь руу гарсан. Замд онцгой байдал зарлаад машин явуулахгүй байж байгаад шөнийн 23 цагийн үед явуулсан. 23 цагт цаашаа яваад 01 цагийн цагийн үед замын гуанзанд хоол идээд 01 цаг 30 минутын үед цаашаа хөдлөөд 04 цагийн үед осол болсон. Осол болох үед замд огцом эргэлтийн тэмдэг, ослын гурвалжин тэмдэг харагдаагүй. Араас приүс 20 маркийн машины гэрэл туссан, урдаас хурц гэрэлтэй машин гэрэл шилжүүлэлгүй орж ирсэн. Тэр жип машинтай зөртөл ногоон өнгийн чиргүүлийн булан орж ирсэн. Би самбаачлах үйлдэл хийгээд зүүн гар тал руугаа дарсан боловч амжаагүй ийм осол болсон. Энэ ослын улмаас хүн бэртэж, хүний амь нас хохирсонд гэмшиж байна. Оршуулгын зардалд 1.500.000 төгрөг, цайллагын мөнгөтэй нийлээд 2.000.000 гаруй төгрөг болсон. Мөнхбаярын хагалгааны зардалд 850.000 төгрөг эхэлж өгөөд, хувцас, ор хөнжлийн даавуу, солих хувцас аваад 1.000.000 гаруй төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлсэн “...Н.Б: 2018 оны 2 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө осол болсон. Би Өмнөговь аймагт ачаа хүргэхээр явж байсан. Тухайн үед цаг агаарын байдал хүнд байсан. Дундговь аймаг орох гээд явж байтал машин эвдэрсэн. Машинаас замаас зайлуулаад. Дундговь аймаг руу сэлбэгт явсан боловч сэлбэг олдоогүй. Сууж байсан таксины жолоочтойгоо яриад Улаанбаатар хотоос сэлбэг захисан. Орой машиндаа ирээд ослын гурвалжин замын хөдөлгөөний дүрмийн дагуу байрлуулсан. Ослын гурвалжингаа байрлуулаад гар утасны гэрлийг асаагаад эргээд хартал машины цацруулагч, улсын дугаар бүгд маш сайн харагдаж байсан. Машины сэлбэг захисан байсан учраас машиндаа ороод хүлээж байсан. Машины сэлбэг нь 3 цагт ирсэн. Орой хүйтэн байсан болохоор өглөө гэгээ орохоор машинаа засаад явъя гэж бодоод байж байтал шөнийн 04 цагт осол болсон.  Би 1.850.000 төгрөг оршуулгын зардалд өгсөн, хохирогч М-т 1.500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Хавтас хэргээс:

2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн “…Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр байв. Анх осол болсон 2 цэгээс засмал замын баруун ирмэг хүртэл 1.40, зүүн ирмэг хүртэл 7.70м байв, “2” цэгээс хойшоо 13.40 метр урт машины шарвалтын мөр, уг шарвалтын тэнхлэг хоорондын зай 1.70 метр, 000 ТЧ дугаартай чиргүүлийн зүүн хойд талын арын дугуйн тэнхлэгээс замын зүүн ирмэг хүртэл 6.80 м, зүүн урд талын дугуйн тэнхлэгнээс зүүн ирмэг хүртэл 7.80 метр байлаа. “2” цэгээс засмал замын баруун ирмэг хүртэл 1.40, зүүн ирмэг хүртэл 5.70 м байв” гэх хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 9-16 тал/,

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...А цэгийг анх осол болсон гэх цэгийг чиргүүлийн зүүн гар талын хойд өнцөг порховноос авч хэмжилтийг хийв. Үл хөдлөх Б цэгээр чиргүүл байсан гэх газраас ертөнцийн зүгээр хойшоо замын доор байрлах хоолойг авч хэмжилтийг хийв. ...тухайн замын өргөн 7.10 м, чиргүүлийн зүүн гар талын хойд өнцөг А цэгээс зүүн гар тийш замын ирмэг хүртэл 5.8 м, А цэгээс баруун гар тийш замын ирмэг хүртэл 1,3 м, замын ирмэгээс баруун гар тийш шороон хөвөө хүртэл 1 метр...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 17-21 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг чиргүүлийн урт 4.75 метр, өргөн 2.38 метр байлаа, зүүн урд талын дугуйн стүцер дугуйны хамт салсан, чиргүүлийн зүүн хойд талын шаврын хаалт урагш мурийсан, тэвшний зүүн хойд булан хэсэгт будаг халцарсан, хонхойсон, зүүн хойд талын гэрлийн хамгаалалт төмөр мурийсан байлаа. Чиргүүлийн арын дугуйны тэнхлэг хоорондын зай 1.80 метр, чиргүүлийн арын ногоон өнгийн цацруулагч зүүн гар талын ирмэгээс 72 см, цацруулагчнаас доош 45.5 см, цацруулагчийн урт 90 см байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 24-26 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...чиргүүл нь ногоон өнгийн зүүн урд талын дугуйнаас бусад дугуй байх ба бүгд хийтэй. Уг чиргүүлийн урт 4.75 метр, өргөн 2.38 метр байлаа. Зүүн урд талын дугуйн стүцер дугуйны хамт салсан. Чиргүүлийн хойд талын шаврын хаалт урагш муруйсан, тэвшний зүүн хойд булан хэсэгт будаг халцарсан, хонхойсон, зүүн хойд талын гэрлийн хамгаалалт төмөр муруйсан байлаа. Чиргүүлийн арын дугуйны тэнхлэг хоорондын зай 1.80 метр, чиргүүлийн арын ногоон өнгийн цацруулагч зүүн гар талын арын ирмэгээс 72 см, цацруулагчаас доош 45.5 см, цацруулагчийн урт 90 см байлаа....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 24-26 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...тээврийн хэрэгсэл нь саарал өнгийн дөрвөн дугуй бүрэн бүтэн хийцтэй, баруун урд талын толь байхгүй, баруун урд талын хаалга бариул байхгүй, цөмөрсөн, хаалганы багана хойш дотогш мурийсан /цөмөрсөн/, заалны хаалга байхгүй, машины хойд хэсэг урагдаж хэмхэрсэн, хойд гупер эвдэрсэн, арын хаалга эвдэрсэн, заалны хаалганы хойд талын шил, арын хаалганы шил хагархай байв…” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 27-28 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач гэрээсээ гарахдаа малгайтай хар өнгийн куртик, нимгэн эрээн куртик, хар өнгийн өмд, хар өнгийн пүүзэн гуталтай явсан. ...Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Оршуулганд гарсан зардлыг нэхэмжилж байна. ...Том машины жолооч нь бид нарыг тоохгүй ирж уулзахгүй байгаад гомдолтой байна. 3 сая төгрөгийг талийгаачийн оршуулгийн зардалд нэхэмжилж байна...”  гэх мэдүүлэг /1 хх-ийн 62-63, 64 тал/,

Хохирогч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу 0000 БРА улсын дугаартай Istana маркийн автомашинтай гарсан. Тэгээд Дундговь аймгаас ертөнцийн зүгээр зүүн хойш 16 км зайд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн үед миний сууж явсан автомашин том тэрэгний чиргүүл мөргөөд орчихсон гэсэн. /тухайн үед унтаж явсан юм/ Тэгээд би Дундговь аймгийн эмнэлэг дээр ухаан орж түргэний тэргээр Улаанбаатар хот руу Гэмтэл судлалын үндэсний төв дээр ирсэн. Istana маркийн жолоочийн зүгээс намайг хагалгаанд ороход 750.000 төгрөг өгсөн, хагалгаанд орсноос хойш эмчилгээ их хийлгэсэн, одоо шавар болон физик эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, мөнгө төгрөггүй учраас хийлгэж чадахгүй байна, нийт 1.519.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 73-74 тал/,

Хохирогч Ц.М-н Дундговь аймгийн цагдаагийн газарт гаргасан “...Миний бие Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь заалтад зааснаар ...2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл осолд орсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж нийт 4 сарын 960.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн эм тариа авсан 200.000 төгрөг, физик эмчилгээ, боолт, цэвэрлэгээ, оёо авахуулсан 150.000 төгрөг, шарханы түргэсгэх, дархлаа сайжруулахад хэрэглэсэн эм бэлдмэл 99.000 төгрөг, утааны зардал, бензины мөнгө 110.000 төгрөг нийт 1.519.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх тайлбар /1 хх-ийн 76-80 тал/,

Хохирогч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд гарган өгсөн хохирол төлбөрийн талаарх баримтууд /1 хх-ийн 81-83 тал/,

Иргэний нэхэмжлэгч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Гэнэт буугаарай гэхээр нь машинаас буугаад харсан чинь баруун талын гарнаас цус гарч байсан. Нэг залуу гар боож өгсөн. Жолооч эм авч ирж өгсөн. Тэрнийг уугаад байж байхад хүн алчихсан байна гээд машиныг бариад яваад байсан залуу орилсон. Очоод харахад миний баруун гар талд явсан залуу толгойн цонхоор гарсан байдалтай нас барсан байсан. Би ойртож чадаагүй... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /1 хх-ийн 86, 145-146 тал/, “...гэнэт буугаарай гэхээр нь сэрээд машинаас буугаад харсан чинь баруун талын гарнаас цус гарч байсан. Тэгээд нэг залуу бинт авчирч гар боож өгсөн. Жолооч эм авчирч өгсөн. Тэрнийг уугаад байж байхад “хүн алчихсан байна” гээд машиныг бариад яваад байсан залуу орилсон. Тэгээд очоод харахад миний баруун гар талд явсан залуугийн толгой цонхоор гарсан байдалтай нас барсан байсан. Би ойртож хараагүй. Миний сууж явсан машины гүйдэг хаалга нь байхгүй, хаалганы хойд талд байх цонх хагарсан, дээд талын ачаа нь ачаатайгаа байхгүй байгаа харагдсан. Ослын улмаас миний баруун талын гарын гадна талд нь ярагдсан, оёдол тавиулсан өөр гэмтэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /1 хх-ийн 145-146 тал/,

Иргэний нэхэмжлэгч А.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн “... Шүүх хуралд суухгүй. Надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 90 тал/, “...2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр бүрэнхий болж байхад Улаанбаатар хотын Нарантуул захаас 0000 БРА улсын дугаартай машинд сууж Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар очих гээд явсан. Замдаа Төв аймгийн төвд зам хаагдсан байсан болохоор тэнд нэлээн удаан байсан. ...тэгсэн гэнэт чанга чимээ гарах шиг болсон чинь хажууд явсан эмэгтэй буугаарай гээд намайг түлхэхээр нь машинаас буусан чинь жолооч газар унасан байсан хүнийг татаж үзээд тэгээд тэр жолооч дахиад хүн байх ёстой гээд машиныхаа хагарсан цонхоор талийгаач хүүг хараад өнгөрсөн байна шүү дээ гээд орилсон. Намайг машинаас гарахад зорчигч орж гардаг хаалга нь байхгүй, хаалганы хойд талын шил байхгүй хагарсан байхаар нь юм мөргөсөн байна гэж бодоод би зам дээр тарсан байсан ачааг хараад хойшоогоо алхаад явж байхад машины ачаа газар унасан тэрний цаад талд ачааны бүхээгтэй цаад талд нь байх чиргүүлэнд миний сууж явсан машины хаалга өлгөөтэй газар байхаар нь очоод хаалгыг тогшоод онгойлгосон чинь дотор нь нэг залуу байхаар нь “та нар тэмдэг тавихгүй яасан юм бэ, машинаа замаас гаргаж байрлуулахгүй яасан юм бэ, хүн алаад хаячихлаа гэж хэлсэн чинь тэр залуу “машинаа замаас гаргаж тавьсан шүү дээ” гэхээр нь “чиргүүлээ гаргахгүй яасан юм бэ” гэсэн чинь “чиргүүл эвдэрсэн сэлбэгээ захичихаад байж байна тэмдэг машины ард байгаа” гэж хэлээд “дахиад тэмдэг байгаа тэрнийгээ тавья” гэж хэлж байсан. Миний баруун талын нүдэнд шил орсон байсныг эмчээр авахуулсан нүд л өвдөж байна. Өөр өвдөж байгаа юм байхгүй. 0000 УНУ улсын дугаартай машин засмал замын баруун тал руу шахсан зүүн талын хоёр дугуй нь засмал зам дээр, уг машины арын чиргүүл нь машины баруун хойд тал руу нь өнцөгдсөн байдалтай, чиргүүлний зүүн хойд талд машины шил хагарсан, хаалганы чиргүүлний зүүн хойд талаас өлгөөтэй зарим хэсэг нь газар байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 128-129, 130 тал/,

Шүүгдэгч П.Ц-н хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд /1 хх-ийн 109-127 тал/,

Гэрч Д.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дундговь аймгийн төв нилээд дөхөж байсан байх Istana автомашин миний өмнө явж байсан ба миний машины гэрлийн үзүүрт зам дээр том автомашины чиргүүлийн арын зүүн булан харагдсан. Istana машин замаар явсаар чиргүүлийн булан мөргөөд цаашаагаа дайвалзаад нилээд яваад зогсох шиг болсон. ... Дундговь аймгийн нутаг руу орж ирэхэд цаг агаарын байдал харьцангуй гайгүй болчихсон, үзэгдэх орчин хангалттай, замын цас гайгүй болчихсон байсан. ...Би Istana маркийн машинаас 100 орчим метрийн зайтай явж байсан. Istana машин чиргүүлийг мөргөөд зогсонгуут би замын баруун гар тал руу гарч зогссон” гэх мэдүүлэг /1 хх-ийн 180 тал/,

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тэгээд би замдаа унтсан. Гэнэт ээж хашгираад сэрээхээр нь машинаас буугаад хартал Istana маркийн цагаан өнгийн машины ард талын хаалга нь байхгүй, ард талын суудал дээр хаалганы хойд талын цонхоор эрэгтэй хүний толгой гарсан, толгой нь хагарсан цус гарсан байдалтай уг машинаас хүмүүс гарсан. Тэр Istana маркийн машинаас хойш ачааны машин чиргүүл чирсэн чиргүүл нь машиныхаа араас наалдсан, чиргүүлний зүүн хойд талын өнцөг улаан хүрэн зүйлээр бохирлогдсон Istana маркийн машины хаалга чиргүүлийн хажууд байсан. Би машинаа бариад осолд орсон 2 хүнийг эмнэлэгт хүргэж өгсөн. ...Тэр үед гадаа нэлээн хүйтэн боловч салхи шуургагүй, тогтуун цаг агаартай байсан. Зам орчны байдал, үзэгдэх орчин машины тусгасан гэрлийн хүрээнд хэвийн харагдаж байсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 134, 136, 182-183 тал/

Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэгсэн гэнэт ээж хашгираад дуудаж сэрээсэн. Ээж осол болсон гэж хэлсэн би машинаас бууж хараагүй тэнд юу болсныг мэдэхгүй. Түргэн тусламж дуудаарай гэхээр нь Дундговь аймгийн эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 137 тал/,

Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Нарантуул захаас цагаан өнгийн истана маркийн машинд сууж Өмнөговь аймгийн Цогтцөций сумын төв дээр очиж буух гээд явсан. Төв аймгийн хавьд байх зам хаагдсан гээд машинуудыг явуулахгүй байсан болохоор тэр газар нэлээн удаан зогссон. ...Засмал замаар нилээн яваад гэнэт тас дуугараад гурил бужигнаад машин айхтар дайвалзаад зогссон тэгсэн машины гүйдэг хаалга байхгүй хаалган талд явсан залуу машин зогссон хойно машинаас ойчсон. Араас нь машинд явсан хүмүүс гарсан. Тэр үед машин унаж явсан залуу та нар бүтэн үү гэж асуусан. Би хаалганы хойд талын цонхоор хүний толгой цухуйсан байхаар нь хавчуулагдсан юм байх гэж бодоод татаж авах гээд утасныхаа гэрлийг тусгаад харсан чинь толгой нил цус болсон байхаар нь хамаг бие чичрээд зогсож байхад гэнэт жолооч залуу “би хүн алчихлаа” гээд уйлаад байсан. ...Ачааны машинд сууж байсан хоёр залуу нэг юм нь эвдрээд зогсож байна. Хотоос сэлбэг авч ирсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 139-140 тал/,

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэнэт манай нөхөр “босоорой” гээд сэрээхээр нь сэрсэн юм. Машинд байсан хүмүүс бужигналдаад гарсан. Гадаа байхад автомашины жолооч “хүн алчихлаа” гээд уйлаад байсан юм. Миний сууж явсан машины гүйдэг хаалга нь байхгүй хойд талын цонх хагарсан байдалтай, тэгээд машинаас цаашаа явахад автомашин дээр байсан ачаа нь салаад газар унасан зам дээрээ бараа тарсан байдалтай байсан ба тэрнээс хойшоо байх бүхээгтэй ачааны машин дээр очиход уг машинд ороод сууж дулаацсан тэр ачааны машинд сууж байсан залууд хандаж “тэмдэг тавьсангүй та нараас болж бид нар осолд орлоо” гэж манай машинд сууж явсан махлаг хүүхэн хэлсэн чинь тэр залуу “машины юм эвдэрээд зогсож байна” гэж хэлж байсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй” гэсэн мэдүүлэг. / 1 хх-ийн 142-143 тал/,

Гэрч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би унтаад өгсөн. Гэнэт тас хийгээд явсан сэртэл машин дайвалзаад зогсоохоор нь машинаас буусан. Тэгсэн миний сууж явсан машины гүйдэг хаалга байхгүй, цонх хагарсан, хойд талын хаалга гажсан, машины дээд талд байсан ачаа байхгүй. ...Дараа нь сууж явсан машинаас хойд талд байх ачааны машин дээр очиход уг машины зүүн талын хоёр дугуй засмал зам дээр, нөгөө талын 2 дугуй шороон дээр, ар талд чиргүүл, чиргүүл нь машиныхаа баруун хойд тал руу нь зүүн урд талын өнцгөөрөө тулсан, чиргүүлийн зүүн хойд талын буланд миний сууж явсан машины хаалга өлгөөтэй зарим хэсэг нь засмал дээр, чиргүүлийн ойр орчим бутарсан байдалтай байсан. Миний сууж явсан машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 147-148 тал/,

Гэрч С.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэнэт машин түчигнээл явахааар нь сэрсэн удалгүй машин зогсохоор нь машинаас буугаад харсан чинь миний сууж явсан машины гүйдэг хаалга нь байхгүй байсан. Хаалган талд сууж явсан залуу газар унахаар нь очиж босгосон. Араас Ц-н ирээд машинд сууж явсан хүмүүсийг гараарай гээд машинаас хүмүүс гарсан. Гүйдэг хаалганы ар талын шил хагарсан нэг залуугийн толгой ил гарсан байхаар нь очоод зүгээр үү гээд мөрөн дээрээс нь татаад тонгойгоод харахад толгой нь хагарсан байдалтай байсан болохоор бие сонин болоод машины ард гараад нэг тайвшраад байж байхад Ц-н талийгаачийг очиж үзээд уйлаад байсан. Би цайны газраас гараад унтаад өгсөн болохоор хэдэн км/цагийн хурдтай явсан гэдгийг мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 тал/,

Гэрч Л.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Маргааш нь буюу 2018 оны 2 дугаар сарын 09-ний өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сум орох гээд засмал замаар явсан. Тэгээд 14 цагийн үед байх Дундговь аймгийн төвөөс зүүн хойшоо 15-16 км зайд л байх чиргүүлийн зүүн урд талын дугуй эвдэрснээс болоод зогссон. Дугуйг үзэхэд шарик байхгүй голон дээрээ холхиноод голны боолт нь тайлагдаагүй явах боломжгүй болсон байсан болохоор чиргүүлээ боломжоор нь зам чөлөөлж машинаас салгаж чиргүүлийн зүүн урд талын дугуйг домкратаж орхиод Б ах Дундговь аймгийн төв орж чиргүүлийн дугуйнд сэлбэг хайхаар явсан. Б ах буцаж ирээд “сэлбэг аймгийн төвөөс олдохгүй байна гэж хэлээд хотруу захисан гэж” хэлж байсан. ...Машинаа Б- ах чиргүүлийн урд талд байрлуулаад ослын тэмдэг байрлуулана гээд аваад гарсан. ... 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 цаг болж байхад Улаанбаатар хотоос захисан дугуйны 2 шарик ирсэн. Тэгээд үүр цайхаар шарикаа сольё гэж ярилцаад хэвтсэнээс хойш 30-40 минутын дараа байх юм цохих шиг чимээ гарахаар нь босоод хартал машины зүүн талаар машин гараад нилээд зайтай очоод зогссон юм. Тэгээд байж байхад урд зогссон Istanaа маркийн автомашинаас хүмүүс бууж ирээд миний байсан автомашин дээр ирээд “хүн алчихлаа ш дээ” гээд бйасан. Тэр машинаас буусан хүмүүс манай машинд ээлж ээлжээр дулаацаад байж байхад түргэн тусламжийн машин ирж хүмүүсийг авч явсан. Би машинаас бууж үзэхэд чиргүүл машины баруун хойд талын будан тулсан чиргүүлийн зүүн хойд талын аравны буланд Istana маркийн автомашины төмөр өлгөгдсөн, чиргүүлийн хажуу тал бас цус шиг зүйл болсон байсныг алсаас харсан. ... Б ах чиргүүлийн ард ослын тэмдэг тавина гээд аваад гарсан мөн ослын дараа ослын тэмдэг байхгүй бутарсан байна гээд дахиад тэмдэг авч гараад тавьсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 152 тал/,

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 09-ны өдөр замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байхад Улаанбаатар хотын чиглэлд явах замыг хааж тээврийн хэрэгслүүдийг гаргахгүй байхаар шийдвэр ирсэний дагуу машинуудыг гаргахгүй байхад 0000 УНУ улсын дугаартай ачааны машин ирээд жолооч нь аймгийн төвөөс 16 км орчмд машины чиргүүл эвдэрсэн дээр нь юм байгаа очихгүй бол болохгүй байна. Зам дээр чиргүүл эвдрээд тавьсан байгаа гэж хэлэхээр нь “чиргүүлээ замаа чөлөөлж тавиарай” гэж хэлээд нилээн байлгаж байгаад 22 цагийн үед постоор гаргаж явуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 153 тал/,

Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар хэргийн газар очоод гэгээ оруулж байгаад хэргийн газарт хэмжилт үзлэг хийсэн юм. Тухайн үед 0000 ТЧ улсын дугаартай чиргүүлийн ар талд ослын тэмдэг тавьсан байсан. Тухайн ослын тэмдгийг ямар нэгэн машин дайрсан асуудал байхгүй. Тухайн хэргийн газар анх бүрэлдэхүүний хамт очиход чиргүүлийн ар талд ослын тэмдэг байрлуулсан байсан. Тэр ослын тэмдэгийг ямар ч машин дайрч гараагүй, тэр тэмдэг нь байдгаараа байсан. Хэмжилт хүртэл хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 154-155 тал/,

Гэрч Э.Ё-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хэргийн газрыг хамгаалалтанд авсан ба өглөө гэгээ ортол машин тэрэг явуулахгүй холуур тойруулж явуулж байсан. Өглөө гэгээ орохоор нь манай ажилчид үзлэгээ хийж, хэмжилт хийсэн. Хэргийн газарт тухайн үед 0000 ТЧ улсын дугаартай чиргүүлийн ар талд ослын тэмдэг тавьсан байсан. Тухайн ослын тэмдэгийг ямар нэгэн машин дайрсан зүйл байхгүй. Машин ослын тэмдэг дайраагүй. Тухайн хэргийн газар анх бүрэлдэхүүний хамт очиход чиргүүлийн ар талд ослын тэмдэг байрлуулсан байсан. Тэр ослын тэмдэгийг ямар ч машин дайрч гараагүй, тэр тэмдэг нь байдгаараа байсан. Хэмжилт хүртэл хийсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 156-157 тал/,

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэргийн газарт тухайн үед 0000 ТЧ улсын дугаартай чиргүүлийн ар талд ослын тэмдэг тавьсан байсан. Тухайн ослын тэмдэгийг ямар нэгэн машин дайрсан зүйл байхгүй. Харин нэг машин зогсоогүй хажуугаар нь гараад явсан тэрнээ өөр машин замаар яваагүй. Тэр машин ямар нэгэн зүйл дайраагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 158-159, 174-175 тал/,

Гэрч Ж.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн үед би зам тээврийн ослын дуудлагын талаар цагдаагийн газрын жижүүрээс дуудлага аваад ...хэргийн газарт жижүүрийн бүрэлдэхүүнтэй очиход тухайн ачааны машины чиргүүл болох 0000 ТЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн гар талын урд дугуй байсан дөрвөн дугуй нь дөрвүүлээ байсан. Би тухайн тээврийн хэрэгсэлийн чиргүүлийн зургийг нь аваад бэхжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 172-173 тал/,

Тээврийн хэрэгслийн чиргүүлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 хх-ийн 176-178 тал/,

Шинжээч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би бол техникийн дүгнэлт гаргаснаа санаж байна. Тэр 0000 ТЧ улсын дугаартай чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерийн үзүүрийн болон угын шарик нь нурж унасан байдалтай байсан нь тухайн хэргийн газраас хөдөлгөх боломжгүй. Учир нь үзүүрийн нурсан шарикны дотор талын объёмууд нь дугуйны стуцертэй халалтанд орсоны улмаас дугуй салахгүй, салахааргүй болсон. ... Тэр чиргүүлийг тухайн газраас хөдөлгөх ямар ч боломж байхгүй. Дугуйг хүчээр салгаж, шарикийг нь салгаж байж л хөдөлгөх боломжтой өөрөөр ямар ч боломжгүй” гэх мэдүүлэг. /1 хх-ийн 201-202 тал/,

2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дугаартай шүүх хуралдааны “...шинжээчийн ...хавтаст хэрэгт авагдсан материалаас бодит фактуудыг харахад осол хэрэг тухайн эвдэрсэн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсгээс холдуулаагүйгээс болсон байдаг. Замын хөдөлгөөний дүрэмд зам дээр ямар нэг автомашин эвдэрсэн тохиолдолд нэн дариу зайлуулна гээд бичээстэй байгаа. Тэмдэг тавих, ослын дохионы гэрэл зэрэг нь түр хугацааны зүйл. Тэгэхээр тээврийн хэрэгсэл зайлуулахгүй бол хэдэн ч осол гарч болно. Автомашины өөрийнх нь хийцээс хамаараад боломжтой байдаг. Автомашин 4 дугуйтай нэг дугуй нь эвдрээд гурван дугуйтай байлаа ч замын зорчих хэсгийг эвдээд ч хамаагүй зайлуулах ёстой. Гурван дугуйны холхивч зүгээр учир чирэхээс өөр арга байхгүй. Зайлуулах, хөдлөх гэдэг 2 өөр асуудал. Огцом эргэлтийн тэмдэгийг тавихдаа гүйцэт түрүүлэхийг хориглож байгаа. Зогсохыг бүр хатуу хориглож байгаа. Гурвалжин тэмдгийг тавьж байгаа нь зөв. Тэмдэг бол зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслээс дараагийн арга хэмжээ авах хүртлээ өөрөөр хэлбэл нэр даруй зайлуулах хүртлээ бусад жолооч нарт анхааруулж байгаа хэрэг... ” гэх тэмдэглэл /3 хх-ийн 125-126 тал/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 180100011 дугаартай: “... Н.Б-н цогцост онош хэсэгт бичигдсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.Б нь О /I/ бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины ил гэмтлийн улмаас нас барсан байна. Н.Б-н цусанд 3.0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь хүчтэй зэргийн согтолт болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 208-212 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2533 дугаартай: “1. Ц.М-н биед цээжний хэнхэрцгийн няцрал, баруун талд 2,3,4,5,6,7-р хавирганы суганы дунд болон арын шугамаарх хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндий баруун талд бага хэмжээний шингэн хуралдалт, элэгний 8-р сегмент дэх няцрал, баруун атгаал ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун шуунд шарх, баруун, зүүн сарвуунд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт. /1 хх-ийн 215 тал/,

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 180200078 дугаартай: “...П.Б-н биед баруун гарын сарвуун шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 217 тал/,

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 180200077 дугаартай: “...А.Ч-н биед баруун нүдний эвэрлэгт цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь зам тээврийн осолд орсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /1 хх-ийн 219 тал/,

А б ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “...автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 2.863.000 төгрөгөөр тогтоов...” гэх тайлан /1 хх-ийн 233 тал/,

А б ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “...уг чиргүүлийн зүүн хойд крыло хонхойж гэрэл, гэрлийн суурь чихэгдэж хагарсан байв. ...автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг 80.000 төгрөгөөр тогтоов” гэх тайлан /1 хх-ийн 237 тал/,

Дундговь аймгийн авто тээврийн төвийн техникийн шинжээчийн “...Чиргүүлийн зүүн гар талын урд дугуйны стуцерын хос шарик тосолгоо муутайгаас нурж унасан. Шарик нурснаас хойш тодорхой хугацаанд явснаас үүдэж яндан труба, стуцер халж хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон нь ослоос өмнө үүссэн гэмтэл. Хөдөлгөөнд оролцох боломжгүй” гэх дүгнэлт /1 хх-ийн 241 тал/,

Шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 11 дугаартай: Istana маркийн 0000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн 000 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 6.3-д ...Ослын зогсолтын тэмдэгийг бусад жолооч нар аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д ...Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй бол түүний зүүн зах руу аль болох шахаж зогсооно... ” гэх дүгнэлт /1 хх-ийн 244 тал/,

Шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 378 дугаартай: “... 2. Istana маркийн 0000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.1а “замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын болон ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч үе үе гэрлээ шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...”  гэх дүгнэлт. /1 хх-ийн 249 тал/,

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 824 дугаартай: “...1. Фусо маркийн 0000 УНУ улсын дугаартай 000 ТЧ улсын дугаартай чиргүүлтэй ачааны автомашины жолооч Н.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.5 Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна. Мөн дүрмийн 14.10. “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөн байна. /хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн анхны фото зургийн үзүүлэлтээр тухайн чиргүүлийн зүүн урд дугуй хэвийн харагдаж байгаа, мөн фото зургийн үзүүлэлтээр тухайн чиргүүлийн зүүн урд дугуй хэвийн харагдаж байгаа, мөн фото зургийн үзүүлэлтээс үзэхэд 1 тоогоор тэмдэглэсэн мөрнөөс чиргүүл хүртэл ямар нэг тэмдгийн хагархай байхгүй байгаа нь ослын зогсолтын тэмдгийг дүрэмд зааснаар байрлуулсан гэх үндэслэлгүй байна./ /Хавтас хэрэгт авагдсан гэрч Д., С.Б нарын мэдүүлэгт тэр үед осол болонгуут ээж хашгираад бид сэрээд осол болохыг харсан, тэгэхэд тэр том машины арын гэрлүүд бүгд унтраасан чирэгч болон чиргүүлийн ард ослын анхааруулах тэмдэг байгаагүй мөн чиргүүл дээр ямар ч гэрэлтүүлэг байгаагүй, осол болсны дараа зогсолтын тэмдэг байгаагүй мөн чиргүүл дээр ямар ч гэрэлтүүлэг байгаагүй, осол болсоны дараа чиргүүлийн ард ослын тэмдэг тавьсан байсан яг осол болох үед тэмдэг байгаагүй, хэрэв тэмдэг байсан бол Истана машины жолооч тэмдэгийг дайрах байсан би ч бас харах боломжтой байсан гэх мэдүүлэг/. 2. Istana маркийн 0000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” 3. Уг зам тээврийн осол нь Фусо маркийн 0000 УНУ улсын дугаартай 0000 ТЧ улсын дугаартай чиргүүлийн ачааны автомашины жолооч Н.Б, Истана маркийн 0000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч П.Ц нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 4. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 5-7 тал/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчдийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дугаартай: “...2. 0000 УНУ улсын дугаартай Фусо маркийн ачааны автомашины жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7. “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгсэлээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, 15.2 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгсэлийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгсэлийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в” 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 0000 БРА улсын дугаартай Истана маркийн автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийг онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 250 тал/,

Шүүгдэгч П.Ц-н хохирол төлбөрийн талаарх баримтууд /2 хх-ийн 159-163 тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч Н.Б, П.Ц нарын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирсон, мөн бусдын эрүүл мэндэд хүнд, хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгч Н.Б-н хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 37 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 хх-ийн 38 тал/, авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгсэлийн лавлагаа /2 хх-ийн 39 тал/, жолоочийн лавлагаа /2 хх-ийн 40 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 41 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2 хх-ийн 42 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2 хх-ийн 43, 47 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 43-46 тал/, шүүгдэгч П.Ц-н иргэний үнэмлэхийн лавлагаа / 1хх-ийн 94 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /1 хх-ийн 95 тал/, жолоочийн лавлагаа /1 хх-ийн 96 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хх-ийн 97 тал/, тээврийн хэрэгсэлийн лавлагаа /1 хх-ийн 98 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 99 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /1 хх-ийн 100 тал/, асап сангийн лавлагаа /1 хх-ийн 101-103 тал/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б-г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.7 дугаар заалт буюу “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгсэлээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, мөн дүрмийн 15.2-д заасан “харанхуй буюу үзэгдэл хангалтгүй үед замын замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэсэн заалтуудыг, шүүгдэгч П.Ц-г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Үүний улмаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 2 дугаар сарын сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн үед зам тээврийн осол болж, уг ослын улмаас А.Ч, П.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Ц.М-н эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б-н амь нас хохирсон гэж тэдгээрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж холбогдох эрүүгийн 1822000500149 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтад нийцэж байна.

 

Тодруулбал, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай замд 2018 оны 2 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн үед зам тээврийн осол гарсан байх ба 2 дугаар хавтаст хэргийн 248-250 дахь талд авагдсан 9 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны шинжээч нарын 321 дугаартай “...0000 УНУ улсын дугаартай Фусо маркийн ачааны автомашины жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7. “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгсэлээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, 15.2 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгсэлийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгсэлийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в” 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 0000 БРА улсын дугаартай Истана маркийн автомашины жолооч П.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийг онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтээр уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь шүүгдэгч нарын хэн хэнийх нь буруутай үйлдлээс болсон болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Б нь “фусо” маркийн 0000 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0000 ТЧ улсын дугаартай чиргүүлийг эвдэрсэн гэх шалтгаанаар замын зорчих хэсгээс бүрэн чөлөөлж тавиагүй, шүүгдэгч П.Ц нь урдаа байгаа аюул, саадыг буюу тухайн чиргүүлийг тойрч гарах, зайлшгүй тохиолдолд хурдаа хасаж зогсоох арга хэмжээ аваагүй хоёулаа Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байгаа нь тэдгээрийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийг сахих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

“Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх шинжийг төдийгүй 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хүний амь нас хохирсон” гэсэн хүндрүүлэх шинжийг мөн хангаж байна.

 

Учир нь тухайн зам тээврийн улмаас шүүгдэгч П.Ц-н Истана маркийн 30-62 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан Ц.М-н эрүүл мэндэд амь насанд аюултай цээжний хэнхэрцгийн няцрал, баруун талд 2,3,4,5,6,7-р хавирганы суганы дунд болон арын шугамаарх хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн няцрал, цээжний хөндий баруун талд бага хэмжээний шингэн хуралдалт, элэгний 8-р сегмент дэх няцрал, баруун атгаал ясны дунд хэсгийн зөрүүтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, баруун шуунд шарх, баруун, зүүн сарвуунд зулгаралт, 1 шүдний сулрал бүхий гэмтэл хүнд хохирол учирсан, мөн Б.Б-н биед гавал тархины битүү гэмтэл, баруун хацар хэсгээс дагзны зүүн дээд хэсэг хүрсэн шарх, гавлын орой хоншоор хэсгийг хамарсан олон хэлтэрхийт нийлмэл хугарал гэмтлийн улмаас амь хохирсон болох нь 1 хавтаст хэргийн 208-212 дугаар хуудаст авагдсан Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 180100011 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”, 215 дахь талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2533 дугаартай “Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ээр тус тус нотлогдсон байна.  

 

Түүнчлэн, П.Б, А.Ч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн, 180200077, 180200078 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.

Мөн уг зам тээврийн ослын улмаас эд хөрөнгийн хохирол буюу П.Ц-н жолоодож явсан Истана маркийн 000 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.863.000 төгрөгийн, Н.Б-н “фусо” маркийн 0000 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 7979 ТЧ улсын дугаартай чиргүүлд 80.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нөхцөл байдал 1 хавтаст хэрэгийн 233-237 дугаар хуудаст авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Б, П.Ц нарын гэм буруутай дээрх үйлдлийн улмаас Б.Б-н амь нас хохирсон, хохирогч Ц.М-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 3 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг бий болгож байгаа боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, тухайн зүйлийн ангийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокуророос ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7. “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгсэлээ замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино”, 15.2 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгсэлийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгсэлийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в” 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэснийг, шүүгдэгч П.Ц нь Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийг онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон гэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэх улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Н.Б, П.Ц нарыг авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2, 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Тус гэмт хэргийн улмаас зорчигч А.Ч, П.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, Ц.М-н эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Б-н амь нас хохирсон байна. Иргэний нэхэмжлэгч А.Ч-г, П.Б нар нь 1 дүгээр  хавтас хэргийн 86, 90, 145-146 талуудад тус тус мэдүүлэг өгөхдөө “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна. Мөн хохирогч Ц. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтдээ “...1.500.000 төгрөгийг дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн болно. Миний бие шүүгдэгч Н.Б-д ямар нэгэн гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, шүүгдэгч  нь 750.000 төгрөг төлсөн...” гэж тус тус мэдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Б нь амь хохирогчийн оршуулгын зардалд тооцож хууль ёсны төлөөлөгч Н.Б-д 1.850.000 төгрөг, хохирогч Ц.М-т 1.500.000 төгрөг тус тус нөхөн төлсөн. Шүүгдэгч П.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож нийт 4.020.832 төгрөг төлсөн, үүнээс оршуулгын зардалд 1.836.850 төгрөг, бусад зардалд 1.199.102 төгрөг, Ц.М-н эмчилгээний зардалд 984.880 төгрөг тус тус төлжээ.

Мөн шүүгдэгч Н.Б, П.Ц нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрсдөд учирсан эд хөрөнгийн хохирлоо нэхэмжилэхгүй гэсэн байна.

Иймд шүүгдэгч П.Ц, Н.Б нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нарыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, мөн зүйлийн 1.2-т заасан “...хохирол нөхөн төлсөн...” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн, шүүгдэгч Н.Б нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлсөн тул тэнсэж өгнө үү гэж,  шүүгдэгч П.Ц нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа тул тэнсэж өгнө үү гэж тус тус мэдүүлж оролцсон.

Иймд шүүх шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдал болон анх удаагаа хөнгөн ангилалд хамаарах болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Н.Б, П.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч нарт хүлээлгэх нь зүйтэй байна.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгч нарт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох үндэслэлтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, ...дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч П.Ц нь 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 220 /хоёр зуун хорь/ хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 149204 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр тогтлоо.

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч П.Ц-д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н Б, О овогт П Ц нарыг “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, П.Ц нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хуулинд заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, П. нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Ц нь 220 /хоёр зуун хорь/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, П.Ц нарт шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б, П.Ц  нарт сануулсугай.

7. Хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Н.Б-н ВСD ангилалын.... дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч П.Ц-д өмнө авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА