| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2016/06171/и |
| Дугаар | 764 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 764
Б.Баттулгын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00200 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.Баттулгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Б.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Номуундарь,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/03196 дугаар шийдвэрээр Б.Баттулга, Б.Баярцагаан нараас 150 907 950 төгрөгийг гаргуулж Э.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022073 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол АОС Пума-20 тоот амины орон сууц, Г-2205004362 дугаарт бүртгэлтэй газрыг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хураан авсан. Амины орон сууц болон газрыг төлбөр төлөгч 450 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан боловч хөрөнгийн үнэлгээчнээр үнэлүүлэхээр болсон байдаг. Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч П.Хадбаатараас амины орон сууц болон газрыг хөрөнгийн үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 406 672 400 төгрөгийн 70 хувь буюу 284 670 680 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 4 дүгээр сарын сарын 15-ны өдөр оруулах талаар 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Г/13255 тоот мэдэгдэл болон 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/162 тоот тогтоолыг шуудангаар ирүүлсэн. Бид хөрөнгийн шинжээчийн орон сууц болон газрыг 406 672 400 төгрөгөөр үнэлсэн болохыг дуудлага худалдаа явуулах мэдэгдэл, тогтоолоос мэдсэн. Хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт хэзээ гарсан, хэдэн төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид мэдэгдэж, танилцуулаагүй байж, албадан дуудлага худалдаа зарлаж байгаад гомдолтой байна.
Түүнчлэн уг дуудлага худалдааг хойшлуулж өгөхийг хүсч 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Т.Энхбатад гомдол гаргасан. Гомдолд хариу өгөхийг хүлээж байтал анхны дуудлага худалдааг хийсэн төдийгүй хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол болон мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шуудангаар хүлээн авсан. Мөн авсан даруйд буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарт хөрөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, албадан дуудлага худалдааг хууль бус явуулж байгаа, түүнчлэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан гомдолд хариу авах шаардлага бүхий гомдлыг гаргасан ба гомдолд тус албанаас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/351 тоот хариу мэдэгдэх хуудсаар өөрсдийн үйл ажиллагааг хуулийн дагуу явагдаж байгаа гэсэн хариу өгсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийг зах эээлийн дундаж ханшаас доогуур үнэлж, тэрхүү үнэлгээг төлбөр төлөгчид танилцуулалгүй, гомдол гаргах боломж олголгүй дуудлага худалдаа явуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, төлбөр авагч талд үйлчилсэн, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.
Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол бол нийслэлийн төвийн бүсэд хамаарах бөгөөд 3 давхар 274 м.кв талбай бүхий амины орон сууц буюу хаус доод тал нь 1 м.кв үнийг 1 500 000 төгрөгөөр тооцоход 411 сая төгрөг болно. Харин 188 м.кв талбай бүхий эзэмшлийн газар нь доод тал нь 100 сая төгрөг байгааг наад захын үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын компанийн судалгаа, вэб сайт, сонингуудаас харж болно.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг үндэслэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол АОС Пума-2 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022073 дугаартай амины орон сууц болон Г-2205004362 дугаарт бүртгэлтэй газрыг хамтад нь 406 672 400 төгрөгийн үнэлсэн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/03196 дугаар шийдвэрээр Б.Баярцагаан, Б.Баттулга нараас 150 907 950 төгрөгийг гаргуулж Э.Наранцэцэгт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205022073 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Пума-2 хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2205004362 дугаарт бүртгэлтэй газрын хамт битүүмжилж, хурааж албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон 406 672 400 төгрөгөөр үнэлэгдснийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3/10711 дугаар мэдэгдлээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан хугацаа, журмын дагуу явуулсан байна. Үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаа, журмын дагуу гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь заалтыг баримтлан Б.Баттулгын гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 21600 дугаар захирамжийг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70 200 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Баттулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ..."Итгэлт-Эстимэйт" ХХК-ийн тайлан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гарсан буюу уг өдөр үнэлгээ тогтоосон. Энэ өдрөөс 7 хоног тооцоход 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр болно. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээний тайланг төлбөр төлөгчид тэдний хуульд заасан гомдол гаргах боломж бүхий 7 хоног өнгөрөөсний дараа хүргүүлсэн. Шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны энэхүү оролцогч талуудын хуульд заасан эрхийг эдлэх боломжийг хаасан хууль зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийгээгүйг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан нь хуульд заасан "ахлах шийдвэр гүйцэтгэгч"-д гаргаагүй гэж үзжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 15 дугаар зүйлийн 15.2.7-д заасан "ахлах шийдвэр гүйцэтгэгч" гэдэг нь тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ахалж байгаа гэдэг агуулгыг илэрхийлж байгаа хэрэг тул төлбөр төлөгч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргад гомдол гаргасан байхад дарга нь Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлсэн. Үүнийг харгалзаж үзээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Баттулга нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/03196 дугаар шийдвэрээр Б.Баттулга, Б.Баярцагаан нараас 150 907 950 төгрөгийг гаргуулж Э.Наранцэцэгт олгож шийдвэрлэсэн.
/Хэргийн 29-30 дугаар тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Пума-2 тоот амины орон сууц, газрыг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16/3285 тоот тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16/3285-2 тоот тогтоолоор хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна. /хэргийн 33, 35 дугаар тал/
Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд өмчлөгч Н.Дамдинсүрэн 350 000 000 төгрөгөөр, Б.Баярцагаан 450 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн бөгөөд төлбөр төлөгч Б.Баттулга шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй гэж үзнэ.
/хэргийн 37-39 дүгээр тал/
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 45 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг томилж, шинжээч нь уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 406 672 400 төгрөгөөр тодорхойлжээ. /хэргийн 40-45 дугаар тал/
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас орон сууцны зах зээлийн үнэлгээ болох 406 672 400 төгрөгийн 70 хувь буюу 284 670 680 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3/10711 тоот мэдэгдлийг, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/162 тоот тогтоолыг тус тус төлбөр төлөгчид хүргүүлсэн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.
Үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах үндэслэл болох бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Өнөөдөр сонины 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дугаарт хоёр дахь дуудлага худалдааны зарыг хуульд заасан журмын дагуу нийтэд мэдээлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээрх амины орон сууц, газрыг 406 672 400 төгрөгийн 50 хувь буюу 203 336 200 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай төлбөр төлөгчид 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3/17186 тоот албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгчид 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт үнэлгээг эс зөвшөөрвөл гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлж 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд нийцээгүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ