Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

 

С.Ут холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч С.Уын өмгөөлөгч Д.Ганхуяг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Л.Оюун, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Уын гаргасан давж заалдах гомдлоор С.Ут холбогдох эрүүгийн 201626030045 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Мянгаа овогт Саруултамирын У, 1994 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суух,

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

 

Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД: /,

 

С.У нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Болорчимэгийг “Дэлгүүрийг чинь 8-н нэрийн дэлгүүр болгож өгнө” хэмээн хуурч 210.000 төгрөгийг залилан авахыг завдсан,

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр цагаан байрны автобусны буудлаас чанх хойд зүгт байрлах “Чандмань-Эрдэнэ” 6-н нэрийн барааны дэлгүүрийг ажиллуулж байсан Ц.Тыг Чингэлтэй дүүрэгт улсын байцаагчаар 3-н сар ажиллаж байна, Танай дэлгүүрийг түрээслэдэг эзэн чинь тамхины зөвшөөрөл гаргуулах гэж манай найзаар намайг гуйлгуулсан юм, өнөөдөр эхнээс нь бичиг баримтыг нь бүрдүүлнэ” хэмээн хуурч бэлэн 260.000 төгрөг, 5.000 төгрөгийн Мобикомын нэгж зэргийг залилан авсан,

2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто заводын буудалд байрлах Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байсан Д.Быг “Нийслэлийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч ахлах дэслэгч Анхбаяр гэдэг хүн байна торгоно” хэмээн хуурч мөнгө залилан авахыг завдсан,

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Орос элчингийн баруун талд байрлах “Хонхондой” эмийн санд ажиллаж байсан Ч.Цыг “Нийслэлийн эрүүл мэндийн газраас явж байна, танай нэр дээр өргөдөл ирсэн, Танайхаас эм авсан хүүхэд хордчихсон байна. Одоо комын байдалд ухаангүй, амь нь дээсэн дөрөөн дээр байна, ажил мэргэжилтэйгээ үлдмээр байвал 220.000 төгрөг өг” хэмээн хуурч бэлэн 220.000 төгрөгийг залилан авсан,

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн зүүн хойно байх Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байсан Б.Оийг “Тамхины зөвшөөрөл гаргаад өгье” хэмээн хуурч бэлэн 200.000 төгрөгийг залилан авсан,

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Их төгөл” эмийн санд жор найруулагчаар ажиллаж байсан Б.Шыг “чи оюутан байна, оюутан эмийн санд ажиллах ёсгүй учраас надад мөнгө болон гар утсаа өг эсхүл эмийг лацдуул” хэмээн хуурч бэлэн 200.000 төгрөг, 70.000 төгрөгийн үнэлгээтэй “Samsung S-2” маркийн гар утас зэргийг нь залилан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: С.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Уын Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сарын хорих ял эдлэхээс чөлөөлж, Мянгаа овогт Саруултамирын Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Болорчимэг, Д.Б нарыг залилахыг завдсан үйлдлүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Уыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Ут оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Уаас 265.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Тд, 220.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Цд, 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Од, 270.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ш нарт тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Уын энэ хэрэгт цагдан хоригдсон 189 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баруун гартаа Онцгой байдлын сургуулийн таних тэмдэг, зүүн гар талдаа Хууль Сахиулахын Их Сургуулийн таних тэмдэгтэй хар хөх өнгийн энгэрийн халаасан дээрээ 2 ширхэг соёмботой товчтой, улаан цагаантай эмжээртэй дүрэмт хувцсыг С.Ут буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие уг хэргийг хийсэндээ маш их гэмшиж байна. Тиймээс уг хэргээ хүлээн үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний бие хохирогч нарын хохирлыг төлөх гэсэн боловч хорих ангиас ирсэн бас ажил төрөл хийгээгүй ар гэр минь төлөх боломж байгаагүй. Уг хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх үед эх Саруултамир бөөрний өвчтэй, эхнэр Анугэрэл надаас салж өөр хүний гэргий болсон, юу ч үзээгүй миний охин Анухатан нь 2 нас 6 сартай байхдаа хүнд өвчний улмаас нас барсан тул маш хэцүү байсан. Сайхан амьдарч хүн шиг байж чадах учир надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч С.Уын өмгөөлөгч Д.Ганхуяг тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчийг ял эдэлж байх хугацаанд хүүхэд нь нас барсан. Мөн өөрөө бөөрны хүнд өвчтэй, ар гэрийн зүгээс хүнд байдал тохиолдсон. Миний үйлчүүлэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул эсэргүүцэл бичээгүй. С.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон зүйлчлэлийг үндэслэл бүхий гэж үзсэн. Иймд түүнд оногдуулсан 2 жилийн хорих ял нь хохирол, төлбөр төлөгдөөгүй, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр цагаан байрны автобусны буудлаас чанх хойд зүгт байрлах “Чандмань-Эрдэнэ” 6-н нэрийн барааны дэлгүүрийг ажиллуулж байсан Ц.Тыг Чингэлтэй дүүрэгт улсын байцаагчаар 3-н сар ажиллаж байна, Танай дэлгүүрийг түрээслэдэг эзэн чинь тамхины зөвшөөрөл гаргуулах гэж манай найзаар намайг гуйлгуулсан юм, өнөөдөр эхнээс нь бичиг баримтыг нь бүрдүүлнэ” хэмээн хуурч бэлэн 260.000 төгрөг, 5.000 төгрөгийн Мобикомын нэгж зэргийг залилан авсан,

2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Орос элчингийн баруун талд байрлах “Хонхондой” эмийн санд ажиллаж байсан Ч.Цыг “Нийслэлийн эрүүл мэндийн газраас явж байна, танай нэр дээр өргөдөл ирсэн, Танайхаас эм авсан хүүхэд хордчихсон байна. Одоо комын байдалд ухаангүй, амь нь дээсэн дөрөөн дээр байна, ажил мэргэжилтэйгээ үлдмээр байвал 220.000 төгрөг өг” хэмээн хуурч бэлэн 220.000 төгрөгийг залилан авсан,

2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн зүүн хойно байх Түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байсан Б.Оийг “Тамхины зөвшөөрөл гаргаад өгьө” хэмээн хуурч бэлэн 200.000 төгрөгийг залилан авсан,

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Их төгөл” эмийн санд жор найруулагчаар ажиллаж байсан Б.Шыг “чи оюутан байна, оюутан эмийн санд ажиллах ёсгүй учраас надад мөнгө болон гар утсаа өг эсхүл эмийг лацдуул” хэмээн хуурч бэлэн 200.000 төгрөг, 70.000 төгрөгийн үнэлгээтэй “Samsung S-2” маркийн гар утас зэргийг нь залилан авсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Тын: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд намайг дэлгүүртээ хүү Энхсайханы хамтаар байж байтал гаднаас хар хөх өнгийн куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, 170-175 см орчим өндөртэй, бор царайтай, 20-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд өөрийгөө “Чингэлтэй дүүрэгт улсын байцаагчаар 3-н сар ажиллаж байна. Танай дэлгүүрийг түрээслүүлдэг эзэн чинь тамхины зөвшөөрөл гаргуулах гэж манай найзаар намайг гуйлгуулсан юм. Өнөөдрөөс эхлэн бичиг баримтыг нь бүрдүүлэх гэж байна. Тэгэхийн тулд 260.000 төгрөг хэрэгтэй байна” гэж ярихаар нь итгээд 260.000 төгрөг тоолж өгсөн. Тэгтэл 5.000 төгрөгийн Мобикомын нэгжийг 99342257 гэсэн дугаар луу шилжүүлсэн. ...Тэр залуу мөнгөө авангуутаа “маргааш ирнэ” гэж хэлээд гараад явсан. Тэр хүнийг явсаны дараа бичиг баримтыг нь үздэг байж гэж бодоод гараад хартал алга болчихсон байхаар нь шууд Тусгаар тогтнолын ордон руу очиход 303 дугаарын өрөөнд надтай уулзаж мөнгө авсан хүн ажилладаггүй болохыг мэдэж авсан. Нэгж шилжүүлсэн 99342257 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” /1-р хх-ийн 160-161/,

өсвөр насны гэрч Б.Энхсайханы: “...2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд би ээж Туулын хамтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань-Эрдэнэ” нэртэй 6-н нэрийн хүнсний дэлгүүрт сууж байтал гаднаас хар хөх өнгийн куртик өмссөн ах орж ирээд “би танай дүүргийг хариуцсан улсын байцаагч байна, том хүн байвал дуудаач” гэсэн. Тэгэхээр нь би ээжийг дуудаад уулзуултал “Тамхины тухай хуульд өөрчлөлт орсон” гэж хэлж байсан. Тэгсэн нэг мэдсэн ээж намайг “энэ хүний хэлсэн дугаар луу нэгж хийчих” гэхээр нь тэр ахын хэлсэн 99342257 гэсэн дугаар луу 5.000 төгрөгийн нэгж шилжүүлсэн. Тэгээд тэр ах гараад явчихсан. Би ээжид хандаж “та бичиг баримтыг нь харсан юм уу” гэхэд “үгүй” гэсэн. Би гүйгээд гартал аль хэдийн алга болчихсон байсан...” /1-р хх-ийн 162-163/, “...Тухайн үед өөрийгөө Мэргэжлийн хяналтын газарт ажилладаг гэх ах ээжтэй ярилцаад “тамхины зөвшөөрөл олгож өгнө” гэж мөнгө асууж байсныг сонссон. ...Ээж надад хэлэхдээ 260.000 төгрөг өгсөн гэж хэлсэн...” /2-р хх-ийн 121/,

хохирогч Ч.Цын: “...2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Орос элчингийн баруун талд байрлах “Хонхондой” эмийн сан дотор ажлаа хийгээд байж байтал 25-30 орчим насны дунд зэргийн махлаг биетэй бордуу царайтай жартгардуу давхраатай нүдтэй, үсээ 2 талаар нь хусчихсан, гол хэсгээрээ богино үстэй эрэгтэй орж ирээд “Нийслэлийн эрүүл мэндийн газраас явж байна, танай нэр дээр өргөдөл ирсэн. Маргааш миний ажил дээр очиж уулзах хэрэгтэй байна” гэхээр нь “ямар учиртай юм бэ” гэж асуухад “танайхаас эм авсан хүүхэд хордчихсон байна, одоо комын байдалд ухаангүй, амь нь дээсэн дөрөөн дээр байна, танайхаас эм авсан хүүхэд дүүдээ эм авсан байна лээ, танай билл өргөдөлтэй хавсраад байж байна лээ, чамайг дүрслээд байна” гэсэн. “Чи насанд хүрээгүй хүүхдэд эм олгосон байна” гэх мэт юм ярихаар нь юм асуух гэсэн чинь “дуугүй байж бай чи, хүн алах гэж байна” гэх мэтээр загнаад байснаа “би чамд ганц л арга зааж өгье 72 дугаар тогтоол гарна тэрнийг гаргахгүй гэж л бодож байвал ажил мэргэжилтэйгээ үлдмээр байвал 220.000 төгрөг өгчих, тэр тогтоолыг гаргахгүйн тулд сая төгрөг хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа биз дээ” гээд загнаад байхаар нь сандрахдаа орлогын мөнгөнөөс 220.000 төгрөг өгөөд явуулсан. Үнэмлэх бичиг баримтыг нь ч үзээгүй. Манай эмийн санд камерын бичлэг байхгүй. ...Намайг залилсан эрэгтэйг олж хохирлоо барагдуулж авмаар байна...” /2-р хх-ийн 16/,

 

хохирогч Б.Оийн: “...Тэгээд яриан дундуураа “би сургуулиа төгсөөд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт архи, тамхитай тэмцэх албанд ажиллаж байгаа юм. Өнөө орой цагдаагийн байгууллагаас Мэргэжлийн хяналттай хамтарсан том шалгалт гарах гэж байгаа, тамхины зөвшөөрөлгүй аж ахуй нэгжийг торгож, үйл ажиллагааг нь зогсооно гэсэн. Тэгсэнээ би тамхины зөвшөөрөл гаргаад өгье надад 200.000 төгрөг өөрийн бичиг баримттай хамт өгчих” гэж хэлсэн. Тухайн үед тэр залууд итгээд бэлнээр 200.000 төгрөг өөрийн бичиг баримтыг өгөөд явуулсан. Орой нь цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтаас шалгалт ирээгүй ба надад үлдээсэн нэг утасны дугаар луу нь залгахад холбогдохгүй байсан юм. Би тэр залууг огт харж байгаагүй. Надад 200.000 төгрөгийн хохирол мөн иргэний үнэмлэхний зардал зэрэг хохирол учирсан байна. Би тэр залууг хараад танина...” /1-р хх-ийн 220-221/,

 

хохирогч Б.Шын: “...Би 2010 оноос хойш Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Их төгөл” эмийн санд жор найруулагчаар ажиллаж байгаа юм. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай эмийн санд үл таних 20-25 орчим насны биеэрхүү халзан эрэгтэй хүн орж ирээд “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч байна” гэж хэлснээ гэнэт “хэд хоногийн өмнө танай эмийн санд би өөрийн гар утсаа алдсан утсаа хайж явж байна” гэсэн. Тэгэхээр нь би “мэдэхгүй байна” гэхэд тэр залуу “би Мэргэжлийн хяналтын байцаагч байна, чи оюутан байна, оюутан эмийн санд ажиллах ёсгүй учраас надад мөнгө болон гар утсаа өг эсхүл эмийг лацдуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухай үед айсан. Айсандаа орлогын 200.000 төгрөг болон өөрийн “Sumsung S2” маркийн гар утсыг тэр залууд өгөөд явуулсан. ...Би тэр залууг хараад танина...” /1-р хх-ийн 222-224/ гэх мэдүүлгүүд,

 

Эд зүйлийн үнэлгээ “Sumsung S2 маркийн гар утас 70.000 төгрөг” /2-р хх-ийн 130/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэлүүд “...№2-д байх залуу мөн байна. Халзан толгойн оройн хэсгээр шараар будуулсан биеэрхүү 20-25 орчим насны залуу байсан. Тухайн үед хөх өнгийн куртиктэй явж байсан” /2-р хх-ийн 93, 94, 95/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд шинэ хуулийг хуучинд /ex post facto/ хэрэглэх гэсэн мөрдлөгийг удирдлага болгон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон буюу ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нь хорих ял болон дэглэм хөнгөрсөн, эрүүгийн хариуцлага эсхүл ялаас чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн, ялгүй болох хугацааг багасгасан байдлаар илэрдэг юм. Харин ял хөнгөрүүлсэн хууль гэдэгт тухайн гэмт хэрэгт ногдуулах ялын дээд доод хугацааг багасгасан, өмнө үйлчилж байсан хуульд зааснаас хөнгөн ялыг хуульчилсан, хөнгөн ял хэрэглэж болох сонгох санкцыг тогтоосон хуулийг ойлгодог бөгөөд ялыг хөнгөрүүлсэн хуулийг ял шийтгэгдэх буюу ял шийтгүүлсэн этгээдэд хамааруулж шийдвэрлэх ёстой.

Энэ утгаараа шүүхээс гэм буруутай эсэхээ шийдвэрлүүлж ял шийтгүүлж буй этгээд, өмнө нь ял шийтгүүлсэн ялтанд тус тусдаа, өөр өөр байдлаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэдэг онцлоготой. Нэгэнт хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтны гэм буруу, үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон эсэхэд шүүхээс дахин хууль зүйн дүгнэлт хийх шаардагагүй, зөвхөн түүний ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасдаг учиртай.

Шинэчилсэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял шийтгүүлж, түүнийг эдлэж байгаа ялтны хорих ялыг торгох ялтай хэрхэн нийцүүлэн хасах, мөн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд  дүйцүүлэх зохицуулалт алга.     

Дээрх байдлын талаар анхан шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, С.Уын Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийг байнга үйлдсэн” гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй нийцэж байх бөгөөд тухайн хэсэгт хорих ял шийтгэхээр хуульчлаагүй тул түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сарын хорих ял эдлэхээс чөлөөлснийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн 2017 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1 дэх заалт болох “энэ хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн хүндрүүлэх шинж нь 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хамааралтай, мөн ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинж нь “...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол...” гэж гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд энэ нөхцөл байдал бий болоогүй бол гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй хэмээн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэрэг эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн авч, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсдөг онцлогтой. Энэхүү хууль зүйн ойлголтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, С.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдээс Х.Болорчимэг, Д.Б нарыг залилахыг завдсан үйлдлүүдийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч С.У нь “...ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Ут оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэгт зөв дүгнэлт хийсэн байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг зөв хөнгөрүүлэн дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ хөнгөрүүлсэн заалтыг бичилгүй орхигдуулсан, мөн шүүгдэгчийн  цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Уын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: