Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 37

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАЗД, ОАСХЗХ-т тус тус холбогдох

           “ЭТ” ХХК-ийг давтан үнэлгээнд хамруулахгүй байгаа ОАСХЗХ-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах, “ЭТ” ХХК-ийн өмнө нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байсан чиглэл, маршрутад нийтийн тээвэр гүйцэтгэх түр гэрээ байгуулахыг ОАЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0032/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн захирал Ш.Ч, түүний өмгөөлөгч М.Г, Д.Б, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч ОАСХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн захирал Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани нь 2004 оноос эхлэн нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж ирсэн ба энэ хугацаанд аваар осол гаргалгүй иргэдэд үйлчилж байсан. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тохирлын баталгаанд хамрагдах гэсэн боловч үнэлгээ хийлгүүлэх шаардлага хангаагүй ба аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийх үзүүлэлт гэх №02, №03 тоот хүснэгтээр үнэлсэн үнэлгээний дагуу Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт болох “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.6.9-д давтан үнэлгээнд зөвхөн тухайн асуудлыг хамруулах гэсэн заалтын дагуу давтан үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн дахин 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүсэлт гаргасан боловч тухайн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3/66 тоот албан бичгээр ...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа хүлээн авах боломжтой гэсэн хариу ирүүлсэн юм. Энэ үед Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай манай компанийн үйл ажиллагааг зогсоосон тушаалыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ингээд захиргааны хэргийн 3 шатны шүүх манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Авто тээврийн газрын төвийн даргын тушаалыг хууль бус болохыг тогтоосон юм. Захиргааны хэргийн шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр давтан үнэлгээ хийлгүүлэхээр Орхон аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст хүсэлт гаргасан боловч хариу ирүүлээгүй учир дахин 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мөн тус хэлтэст Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолоор заасан журмын дагуу тохирлын үнэлгээнд хамруулах тухай хүсэлтийн хариуг ирүүлэх тухай албан бичиг хүргүүлэхэд 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус хэлтсээс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу авто замын тээврийн бодлогын баримт бичиг батлагдан гарсны дараа зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар чиглэл ирүүлсэн болно гэх манай компанийн эрх ашгийг зөрчсөн үндэслэлгүй хариу ирүүлсэн. Хариуцагч хариу тайлбартаа “...Авто тээврийн төвтэй нийтийн тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулан, стандартын шаардлагыг ханган ажиллаад хүсэлтээ дахин өгч, тохирлын үнэлгээ хийлгэх боломжтой” гэсэн. Орхон аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулахыг манай компаниас удаа дараа хандсан боловч энэ асуудал нь бидний мэдэх зүйл биш аймгийн Засаг даргад ханд гэсэн тайлбарыг амаар өгч байсан. Ингээд аймгийн Засаг даргад хандахад “...Авто замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулж байгаа учир энэ баримт бичиг батлагдсаны дараа дахин сонгон шалгаруулалтад оролцох, тохирлын үнэлгээнд дахин хамрагдах боломжтой гэсэн хариу өгсөн юм. Ингэснээр дээрх 2 байгууллага нь тухайн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар хариу өгөлгүй хариуцлагыг өөрсдөөсөө түлхэн үндэслэл муутай хариу өгч байна. Нөгөө талаас ОАЗД нь ОАСХЗХ болон манай компанид ирүүлсэн албан бичгийн хариу хүргүүлэх тухай бичигтээ мөн л үндэслэлгүйгээр татгалзсаар ирсэн. ОАЗД Стандарт тохирлын үнэлгээний тухай хууль /2003 он/-ийн 19-р зүйлд заасан бүрэн эрхтэй хэдий ч тохирлын үнэлгээг хийхэд хууль бусаар нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ОАЗД болон ОАСХЗХ-ийн “ЭТ” ХХК-ийг нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах тохирлын давтан үнэлгээнд хамруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах, нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулах чиглэл, маршрутыг тогтоож, нийтийн тээвэр гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн зарим хэсгийг өөрчилж байна. ОАЗД-д холбогдуулан Авто тээврийн тухай хуульд зааснаар ЗД тээврийн асуудлыг зохицуулах бүрэн эрхтэй учраас хуучин маршрут, чиглэлдээ түр гэрээ байгуулахыг ЗД-д даалгах, тохирлын үнэлгээнд хамруулахыг СХЗХ-т даалгах гэж өөрчилж байна. Цаг хугацааны хувьд их хугацаа өнгөрсөн учраас шинээр тохирлын үнэлгээнд хамруулж, үнэлгээ хийлгэх гэж өөрчилж байна. Энэ нь ОАЗД гэрээ байгуулахгүй, нөгөө талаас СХЗХ тохирлын үнэлгээнд хамруулахгүй байгаа үйлдлүүд байгаа. Засгийн газрын 222 дугаар тогтоолд энэ талаарх тодорхой асуудлыг зохицуулсан байгаа. Энэ тогтоол хүчингүй болоогүй хэрэгжиж байна. Энэхүү журамд “аж ахуйн нэгж байгууллага, иргэн тохирлын үнэлгээнд заавал хамрагдах бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхэлснээс хойш 3 сарын дотор чанар тохирлын гэрчилгээнд хамруулна” гэж заасан. Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийн баталгаажуулалт гэсэн хэсэгт мөн тодорхой заасан. Тохирлын үнэлгээний хувьд давтан гэж байсан боловч тохирлын үнэлгээнд эхнээс нь хамруулах асуудал ярьж байгаа учраас нэхэмжлэлийн агуулгаа өөрчилж байна. Түр гэрээг байгуулъя гэсэн саналтай байна.

ОАЗД-аас гаргаж байгаа хариу тайлбарт тохирлын үнэлгээнд хамруулах шаардлагатай гэсэн. Гэтэл ОАЗД-ын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн албан бичигт “ЭТ” ХХК-ийг бодлогын баримт бичиг батлагдахаар хуулийн дагуу хүсэлтээ өгөөд хамрагдах боломжтой гэсэн хариу өгсөн. Үүгээрээ тохирлын үнэлгээний байгууллага хуульд заасан бие даасан үйл ажиллагаа явуулах зарчим алдагдсан. Энэ зарчмаа огт баримтлаагүй. Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.4 дүгээр зүйлийн б-д “өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биeлэлтийг хангуулах” эрхтэй гэж заасан. Үүнийг эрх биш үүрэг гэж ойлгож байна. Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нутаг дэвсгэртээ автотээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах” 7.1.4-т “нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах гэсэн бүрэн эрх, хуучин Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д мөн дээрх эрхийг олгож заасан байна. Шинээр мөрдөгдөж байгаа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангаж, тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ” гэж заасан байна. Төр үйл ажиллагаагаа хуульд нийцүүлж явуулна, хэрэгжүүлнэ гэж Монгол Улсын Үндсэн хуульд заасан. Өөрөөр хэлбэл тээврийн үйлчилгээг зохион байгуулах асуудал бол чиг үүрэг. Тохирлын үнэлгээ гэдэг дээр зайлшгүй хүн амын эрүүл мэнд, амь настай холбоотой учраас тохирлын үнэлгээнд хамруулах нь зүйн хэрэг. Улсын дээд шүүх ингэсэн учраас гэж хэлээд байгааг харахад зарим хэсгийг буруу ойлгоод гэрээ байгуулсны дараа үнэлгээ хий гэж байгаа нь өрөөсгөл зүйл байна. Тохирлын үнэлгээнд хамрагдах гэхээр бодлогын баримт бичиг гарахаар гэж яриад байна. Энэ баримт бичиг батлагдсан, батлагдаагүй тухайн үйл ажиллагаа үйлчилгээг явуулаад байх боломжтой. Төрийн бодлого өрсөлдөөнийг дэмжиж эндээс илүү сайн бүтээгдэхүүн гаргах ёстой. Гэтэл илүү сайн өрсөлдөгч компанийг хааж байна. Энэ үйлдлээрээ хуульд заасан бүрэн эрхээ эрх гэж ойлгоод буруу хэрэгжүүлсэн. Нөгөө талаас давтан үнэлгээнд хамрагдах гэхээр үйл ажиллагаа явуулаагүй удсан учраас нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж хэлдэг. Харин гэрээгээ байгуулах ёстой гэж хэлдэг. Маргаад байгаа үйл баримтад үндэслэх ёстой. Энд давтан үнэлгээний талаар гаргаад байгаа хүсэлт нь өмнөх маргааны үед яригдсан. Төлөөлөгч Д.М тухайн үед одоо ч гэсэн үнэлгээг хийх боломжтой гэж байсан. Одоо тэнцэхгүй байгаа зүйлээ хараад давтан үнэлгээ хийлгэх хүсэлт өгөөд ирэхээр шүүхийн маргаан дуусахаар хамрагдана гэсэн. Шүүхийн маргаан дуусаад он гараад хүсэлт гаргахаар бие бие рүүгээ чихэж явсаар өдийг хүрсэн. Нэгэнд нь давуу байдал олгож байна. Автотээврийн тухай хуульд заасан бодлогод нийцэхгүй байна. Тохирлын гэрчилгээ гэсэн цаасыг авахын тулд хуулийг цаагуур нь буруу хэрэгжүүлээд байгаа учраас аж ахуй нэгж хохироод байна. Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан ажлын хэсэг байгуулаад дүгнэлт гаргаад байгаа нь компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Тохирлын гэрчилгээ авах шаардлага хангахгүй байснаараа үйл ажиллагааг зогсоох ёсгүй гэж байна. Тухайн үеийн эрх зүйн актаар заавал тохирлын үнэлгээнд хамрагдаж байж үйл ажиллагаа явагдах ёстой учраас бүтээгдэхүүн үйлчилгээг 3 сарын дотор үзнэ гэж хуулинд заасан байсан. Тэгэхээр энэ боломжийг харахаар гэрээ байгуулагдсан үед үзэх ёстой байна. Үүнийг үнэлгээ хийж байх үед хараат бусаар үнэлгээ хийх биш өөрсдөө хэсэг хэсгээр нь хуваагаад хариуцуулдаг гэж тайлбарлаж байна. Энэ нь хуульд нийцэхгүй байна. Юуны тулд ажлын хэсэг байгуулаад байгаа юм бэ? Нэг хүн дүгнээд гаргадаг юм бол ажлын хэсэг гэж байгуулах хэрэг байна уу? ажлын хэсэг хуралдаад бөөнөөрөө шийдвэрээ гаргадаггүй юм уу?. Хяналт шалгалт явуулж байгаа ажил үнэлгээ өгөх асуудал яригдахаар үнэлгээний хуудсаа буруу бөглөсөн, оноогоо буруу, зөрүү нэмсэн асуудал гардаг. Стандартад нийцэж байгааг хянаж тохирлын үнэлгээ хийж өгнө гэж байгаа бол хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ёстой. Хараат бусаар үнэлгээ хийх ёстой байхад нэг талаас үйлчилгээг хянадаг Авто тээврийн байгууллагыг оруулснаас харахад бүрэн эрхээ буруу хэрэгжүүлээд явж байгаатай холбоотой. Үүнээс буруу үнэлгээ  гарах нөхцөл бүрдсэн байна. Одоо нэгэнт ийм зүйл болоод өнгөрсөн тул цаашид гарах үр дагаврыг боловсронгуй болгох нь зүйтэй. Үнэлгээг ил тод, нээлттэй байлгаад явуулах боломжтой. Тохирлын үнэлгээг СХЗХ гаргах ёстой болохоос Авто тээврийн төв гэсэн зүйл байхгүй. Эндээс намайг тэнцсэн гэж оноо өг гээгүй. Шалгаад өг гэхээр байж бай гэсээр өдий хүрсэн. Гол нь тохирлын үнэлгээ зайлшгүй хийлгэх ёстой юм бол ямар байдлаар хэрхэн хийгдэх вэ? гэдэг асуудал байна. Үүнийг засаж залруулсан зүйл байхгүй. Хараат бус хүмүүсийг оролцуулах эсэхийг бодох хэрэгтэй. Засаг дарга бодлогын баримт бичиг гээд иргэний хүсэлтийг хангахгүй байгаа. Тэр баримт бичгийг нь үзэхээр үйл ажиллагааг хаах, үнэлгээ хийхгүй байх тухай зүйл байхгүй учраас хэзээ ч хүсэлтээ гаргаад явах боломж нээлттэй байна. Албан тушаалтнуудын асуудал нь дур зоргын мэт болоод байна. Хуулийн хүрээнд явуулахгүй бол монопол байдал үүсээд хуучин машинуудаас нь хураамжаа нэмээд байна. Одоо ийм байдал руу ороод байна. 2015 онд хураадаг байсан хураамжийг 2 дахин нэмсэн гэж жолооч нар гомдол гаргаж байна. Тээврийн салбарт ердөө л 2-3 байгууллага л явах ёстой мэт байдал гаргаад байна. Ингэж болохгүй, хэрэглэгч нарт чанаргүй үйлчилгээ хүрэх аюултай. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү? гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч ОАСХЗХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2005 оны 127 дугаар тогтоол”-оор “Нийтийн тээврийн үйлчилгээ”-г заавал баталгаажуулалтад хамруулахаар тогтоосны дагуу баталгаажуулалтын байгууллага нь дээрх үйлчилгээг “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ-ерөнхий шаардлага” MNS 2015:2011, “Таксийн үйлчилгээ-ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартад нийцэж буйг тогтоож, тохирлын үнэлгээ явуулдаг. Энэ ажлын чиглэлээр “ЭТ” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1/07 тоот албан бичгээр Засгийн газрын 2003 оны 222 дугаар тогтоолын дагуу “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.6.9-д “Давтан үнэлгээнд зөвхөн тухайн шаардлага хангаагүй асуудлыг хамруулах” гэсэн заалтаар үнэлгээнд хамрагдах тухай хүсэлтийг хүлээн авч, үнэлгээний ажлын хэсэгт танилцуулахад ажлын хэсэг хуралдаад үнэлгээ хийх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үнэлгээний ажлын хэсэг нь Авто тээврийн төв, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг тохирлын үнэлгээг хийж, дүгнэлт гаргадаг. Ажлын хэсэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн авто тээврийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын авто тээврийн Улсын байцаагч, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын Улсын байцаагч, тээврийн мэргэжилтэн, Стандарт хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас бүрдсэн мэргэжлийн баг ажилладаг. Ажлын хэсэг хуралдан дараахь шийдвэрийг гаргасан.

1. “ЭТ” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж байх хугацаандаа 2014, 2015, 2016 онд нийтдээ 4 удаа хүсэлтээ өгч тухай бүрд нь ажлын хэсэг газар дээр нь очиж тохирлын үнэлгээ хийж, нийтийн тээврийн стандартын үзүүлэлт тус бүрт үнэлгээ өгч ажиллахад стандарт шаардлагыг бүрэн хангаагүй байна гэсэн дүгнэлт гарч байсан.

2. Аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тушаалаар үйл ажиллагаа нь зогссон.

3. 2018 оны 06 дугаар сарын 13-нд өгсөн хүсэлтийн дагуу үнэлгээг хийх гэхээр 2018 онд Авто тээврийн төвтэй тээвэрлэлтийн гэрээ хийгдээгүй учраас боломжгүй.

4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 7/1358 тоот албан бичгийн дагуу авто тээврийн бодлогын баримт бичиг батлагдан гарсаны дараа зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаархи чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн хүрээнд үнэлгээ хийх ажлыг түр хойшлуулсан болно. Цаашид  “ЭТ” ХХК нь Авто тээврийн төвтэй зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулан стандартын шаардлагыг ханган ажиллаад хүсэлтээ дахин өгч, тохирлын үнэлгээ хийлгэх боломжтой” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ЭТ” ХХК тохирлын үнэлгээнд хамрагдах тухай хүсэлтээ өгсөн. Энэ хүсэлтийг үндэслэн ажлын хэсгийг хуралдуулахад бодлогын баримт бичиг яаж гарахаас хамаарах асуудал тул түүний дараа шийдвэрлэнэ гэсэн. Мөн гэрээ байгуулсны дараа тохирлын гэрчилгээнд хамруулъя гэж хариу өгсөн. Гэрээгээ байгуулаад ирвэл үнэлгээ хийхгүй гэх зүйл байхгүй. Гэрээгээ хийвэл үнэлгээг хийх боломжтой. Хамгийн гол зүйл бол гэрээ байгуулаагүй байна. Энэ тохиолдолд манай байгууллага үнэлгээ хийгээд эхлэхээр гэрээ гэдэг зүйл байхгүй учраас бусад зүйлийг үзэх шаардлага үүсэхгүй. Тээврийн үйл ажиллагааны стандарт гээд заасан зүйлийг эхнээс нь шалгахаар хамгийн эхэнд гэрээ гэж үзүүлэлт байгаа. Гэтэл гэрээ байхгүй байна гэвэл ажлын хэсэг гэрээ байхгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй бол бид үзэхгүй гэдэг. Шууд тохирлын үнэлгээ хийх гэхээр хуулиа зөрчих гээд байна. Туршилтын хугацаанд үйл ажиллагаа явуулж байхад нь үнэлгээг хийгээд гэрчилгээ олгох боломжтой. Тэгээд ч энэ тохирлын гэрчилгээ нь байгууллагын үйл ажиллагааг зогсоох баримт бичиг биш. Заавал хангасан тохиолдолд тохирлын гэрчилгээ олгож байх ёстой. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд үйлчилгээ үзүүлээд болоод байгаа бол олгоно. Үнэлгээ гэдэг зүйл стандарт хангасан тохиолдолд хангаж байна гэж гаргаж өгч байгаа. Хангаагүй бол алдаатай зүйлээ засаад дахин хүсэлтээ өгөөд шаардлага хангасан бол тохирлын гэрчилгээ олгоно. Одоо гэрээ байхгүй очоод үзэх гэхээр тээврийн хэрэгсэл байхгүй, хаяг байхгүй байдаг. Энэ бүгдийг хангасан байх ёстой. Тохирлын гэрчилгээгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд байгаа. Үүнийг үндэслэж үйл ажиллагааг зогсоож байгаа нь хуулинд нийцэхгүй байна. Үйл ажиллагаа явуулж байхад нь үнэлгээ хийж болж байна. Нэг ч гэсэн компани өрсөлдөөд үйл ажиллагааг явуулж байг л гэж үзэж байгаа. Чанартай шаардлага хангасан үйл ажиллагаа явуулж байгаа компанийг дэмжих болно. Тухайн орон нутаг, нөхцөл байдал зэрэгт тохируулаад тохирлын гэрчилгээ өгөөд явж байгаа зүйл байгаа. Гэтэл болохгүй байна гээд таслан зогсоогоогүй. Хүсэлтээ гаргаад үүнийгээ сайжруулаад ир л гэж зөвлөмж өгдөг. Тохирлын гэрчилгээ олгохгүй гэсэн зүйл яриагүй” гэв.

Хариуцагч ОАЗД Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлд “аймгийн ЗД Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулиар тохирлын үнэлгээ хийх эрхтэй бөгөөд хууль бусаар нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй уг хуулийн зохицуулалт нь өөр агуулгыг илэрхийлсэн. Мөн Стандарт, тохирлын үнэлгээний тухай хууль нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон байна. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Тохирлын үнэлгээ гэж бүтээгдэхүүн, ажилтны ур чадвар, менежментийн тогтолцоо нь стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох үйл ажиллагаа”-г хэлэх бөгөөд энэхүү үйл ажиллагаанд АЗД шууд оролцох, мэргэжил, арга зүйн хувьд ямар нэгэн заавар, чиглэл өгөх талаар хуулинд тусгаагүй, АЗД-ын эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байна. Мөн бусад хууль, эрх зүйн акт буюу дүрэм, журмаар АЗД-д энэ талаар эрх олгож, үүрэг үүсээгүй байна. Нөгөө талаар АЗД нэхэмжлэгчийг үнэлгээнд хамруулахгүй байх талаар ямар нэгэн бодлого баримтласан, нөлөөлсөн зүйл байхгүй, хуулийн дагуу үнэлгээнд хамруулахгүй байх боломж байхгүй. Дээрх нөхцөлд тохирлын үнэлгээнд хамруулах эс үйлдэхүй үүсэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас ОАЗД, ОАСХЗХ-т холбогдуулаад нэхэмжлэл гаргасан. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд энэхүү үйл ажиллагаанд АЗДарга заавар, чиглэл өгөх талаар хуульд тусгаагүй. Энэ тохирлын давтан үнэлгээнд хамруулахгүй байгаа нь ЗД-ын эс үйлдэхүй биш, түүний хууль зөрчсөн үйлдэл биш. Нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын Тамгын газарт хандаад тохирлын гэрчилгээнд хамруулах, гэрээ байгуулах талаар хүсэлт өгөөд түүний хариуг өгсөн. Бодлогын баримт бичиг гарсны дараа энэ асуудлаар хэрхэн зохицуулалт хийснийг харж байж холбогдох саналаа гаргаад тохирлын үнэлгээнд хамрагдах боломжтой. Түүнээс танай компанийг хамруулахгүй гэж татгалзсан зүйлгүй. Стандарт хангасан байхад зөвхөн танай байгууллагыг шахаад байгаа зүйл байхгүй. Бодлогын баримт бичиг энэ асуудалтай холбоотой байсан учраас үүнийг батлагдсаны дараа гэж Засаг дарга хариу өгсөн гэж байна. Энэ хариу нь хуульд заагаагүй зүйл шаардаж байна гэж байгаа ч гэрээ байгуулах, тохирлын үнэлгээнд хамруулах хүсэлтээ албан ёсоор өгөөгүй байна. 2018 оны 01 дүгээр сард хүсэлтээ өгсөн. 06 дугаар сард бодлогын баримт бичиг батлагдсан. Үүнээс хойш хүсэлт өгөөгүй. Төрийн буруутай үйл ажиллагаа байхыг үгүйсгэхгүй. Бидэнд дахин ийм хүсэлтээ гаргах боломжтой байсан. Хүлээж авахгүй бол холбогдох газар гомдол гаргаад явах боломж байсан. Ганцхан танай компанийг шахаж, хавчаад байгаа зүйл байхгүй. Яг адилхан шаардлага тавиад явж байгаа. Ашиг сонирхолтой байна. Хувийн сонирхол байна  гэж үзэж байгаа бол холбогдох газар нь гомдлоо гаргаад шалгуулах ёстой. Стандарт хангасан байхад эрх олгохгүй гэж хэлээгүй.

Улсын дээд шүүхийн 513 дугаар тогтоолд Авто тээврийн төвийн тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхгүй, сонгон шалгаруулалтад орж тохирлын үнэлгээ хийлгэх нь хуульд заасан журмын дагуу үргэлжлүүлэн гэрээ байгуулах боломж байна гэж заасан. Хэдийгээр тушаал хүчингүй болж байгаа ч нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхгүй. “ЭТ” ХХК нь үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа бол стандартад заасан тохирлын үнэлгээндээ хамрагдаад стандарт хангасны дараа гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тээврийн онцлог нь хүн тээвэрлэдэг онцлогтой. Одоо яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байгаа учраас гэрээ байгуулах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд түр гэрээ байгуулахыг даалгаж өгөөч гэж байна. Засаг даргын зүгээс энэ төрлийн үйлчилгээнд адилхан шаардлага тавьж байгаа. Ганцхан намайг явуулахгүй байна гэж хэлээд байгаад гайхаж байна. Бусдаас илүү мэргэшсэн гэж байна. Засаг дарга болон бидний зүгээс ялгаварлаж хаагаад байгаа зүйл байхгүй. Нийтэд нь ийм шаардлага тавиад явж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-иас ОАЗД, ОАСХЗХ-т холбогдуулан “ЭТ” ХХК-ийг нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах тохирлын давтан үнэлгээнд хамруулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах, нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулах чиглэл, маршрутыг тогтоож, нийтийн тээвэр гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа ““ЭТ” ХХК-ийг тохирлын давтан үнэлгээнд хамруулахгүй байгаа ОАСХЗХ-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах, “ЭТ” ХХК-ийн өмнө нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байсан чиглэл, маршрутад нийтийн тээвэр гүйцэтгэх түр гэрээ байгуулахыг ОАЗД-д даалгах” гэж өөрчилсөн.

Шүүхээс нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийн ОАСХЗХ-т холбогдуулан гаргасан ““ЭТ” ХХК-ийг тохирлын давтан үнэлгээнд хамруулахгүй байгаа ОАСХЗХ-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ОАЗД-д холбогдуулан гаргасан ““ЭТ” ХХК-ийн өмнө нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байсан чиглэл, маршрутад нийтийн тээвэр гүйцэтгэх түр гэрээ байгуулахыг ОАЗД-д даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэг. ““ЭТ” ХХК-ийг тохирлын давтан үнэлгээнд хамруулахгүй байгаа ОАСХЗХ-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “ЭТ” ХХК нь 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1/7 дугаартай  “Хүсэлт гаргах тухай” албан бичгээр давтан үнэлгээ хийлгэх тухай хүсэлтээ ОАСХЗХ-т гаргажээ. Уг хүсэлтэд хариу өгөөгүй тул 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/8 дугаартай албан бичгээр хүсэлтээ дахин гаргажээ.

ОАСХЗХ-ийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3/57 дугаартай албан бичгээр “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу авто замын тээврийн бодлогын баримт бичиг батлагдан гарсаны дараа зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар чиглэл ирүүлсэн болно” гэсэн хариуг “ЭТ” ХХК-д хүргүүлсэн.

Мөн хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт “Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 7/1358 тоот албан бичгийн дагуу авто тээврийн бодлогын баримт бичиг батлагдан гарсаны дараа зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаархи чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж ажлын хэсэг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн хүрээнд үнэлгээ хийх ажлыг түр хойшлуулсан болно” гэжээ.

“ЭТ” ХХК-иас ОАСХЗХ-т тохирлын давтан үнэлгээнд хамруулах талаар хүсэлт гаргаж байх үед Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль /2003 оны/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул “ЭТ” ХХК-ийг тохирлын давтан үнэлгээнд хамруулаагүй эс үйлдэхүй хууль бус байсан эсэхийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаар шийдвэрлэж, дүгнэлт хийх нь зүйтэй.

Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль /2003 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд...-д аюул учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван сарын дотор тохирлын баталгаанд хамруулна”, мөн хуулийн 16.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүний жагсаалт...-ыг Засгийн газар батална” гэж тус тус заасан бөгөөд Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар “Стандартчилал, тохирлын үнэлгээний ажлыг боловсронгуй болгох зарим арга хэмжээний тухай” тогтоолын хавсралтын “Б.Үйлчилгээ” гэсэн хэсгийн 9-д “Нийтийн тээврийн үйлчилгээ” нь тохирлын баталгаанд заавал хамрагдахаар заасан.  

Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль /2003 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэг /Энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүнээ баталгаажуулалтад зохих хугацаанд хамруулах,.../-т зааснаар “ЭТ” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээг тохирлын үнэлгээнд хамруулах үүргээ биелүүлж, тохирлын үнэлгээг ОАСХЗХ-ээр хийлгэсэн боловч зарим үнэлгээ нь шаардлага хангаагүй учир тохирлын гэрчилгээ олгоогүй байна.

Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг /Энэ хуулийн 16.1-д заасан бүтээгдэхүүн жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална/, Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 222 дугаар “Стандарчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх” журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Баталгаажуулалтын байгууллага хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан танилцаж, тохирлын үнэлгээ явуулах хугацааг тохирно”, 2.6.8.2 дахь хэсэгт “Бүтээгдэхүүн нь  стандарт, норматив техникийн баримт бичгийн шаардлагад тохирохгүй байгаа бол давтан үнэлгээ явуулах хугацааг хүсэлт гаргагчтай тохирох”, 2.6.9 дахь хэсэгт “Давтан үнэлгээнд зөвхөн тухайн шаардлага хангаагүй асуудлыг хамруулах” гэж тус тус заасны дагуу давтан үнэлгээнд хамрагдах хүсэлтийг шийдвэрлээгүй, давтан үнэлгээнд хамруулаагүй нь дээрх хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль /2003 оны/-ийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.4 дэх хэсэг /сорилт, баталгаажуулалтыг энэ хуульд заасан журмын дагуу явуулах/-т зааснаар ОАСХЗХ нь сорилт, баталгаажуулалтыг хуульд заасан журмын дагуу явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй нь хууль бус болох нь тогтоогдож байна.

Хоёр: ““ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах” нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед буюу 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн учраас ““ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах” нэхэмжлэлийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй болно.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэг /Тохирлын үнэлгээнд хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг заавал хамруулна/, 13.4 дахь хэсэг /Энэ хуулийн 13.2-т заасан бүтээгдэхүүний жагсаалт, тэдгээрийг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батална/, Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 291 дүгээр “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-ын “Б.Баталгаажуулалтад хамруулах үйлчилгээ”-ний 6 дахь хэсэгт “Нийтийн тээврийн үйлчилгээ” гэж зааснаар тухайн бүтээгдэхүүн /үйлчилгээ/ нь шаардлага хангаж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгох шаардлага тавигдаж байна.

Иймд “ЭТ” ХХК-ийн тохирлын үнэлгээнд хамрагдах хүсэлтийг ОАСХЗХ-ээс Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэг /Тохирлын үнэлгээг хуульд заасны дагуу явуулах/-т зааснаар шийдвэрлэж, тохирлын үнэлгээг хуульд заасны дагуу явуулах үүрэгтэй.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 291 дүгээр “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” тогтоолд тохирлын үнэлгээг давтан хийх зохицуулалт байхгүй бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг ““ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах” гэж өөрчилсөн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч ОАСХЗХ-ээс ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт ““ЭТ” ХХК нь Авто тээврийн төвтэй зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулан стандартын шаардлагыг ханган ажиллаад хүсэлтээ дахин өгч, тохирлын үнэлгээ хийлгэх боломжтой, тээвэрлэлтийн гэрээ байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас тохирлын үнэлгээнд хамруулах боломжгүй” гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамрагдаж, тохирлын гэрчилгээ аваагүй тохиолдолд гэрээ байгуулах боломжгүй гэж нийтийн тээвэр эрхлэх үйл ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаар тушаалтай холбоотой маргаан нь шүүхийн журмаар хянан шийдвэрлэгдэж байсан нь тохирлын давтан үнэлгээг хийхээс татгалзах үндэслэл болсон, мөн аймгийн авто тээврийн бодлогын баримт бичиг батлагдан гарсаны дараа зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаархи чиглэлийг баримтлах нь зүйтэй гэж үнэлгээ хийх ажлыг түр хойшлуулж байсан зэрэг шалтгаан, нөхцөл байдлыг харгалзан үзэж тохирлын үнэлгээнд хамруулах нь зүйтэй.

Гурав. ““ЭТ” ХХК-ийн өмнө нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байсан чиглэл, маршрутад нийтийн тээвэр гүйцэтгэх түр гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн тухайд: “ЭТ” ХХК нь хүн тээвэрлэх, ачаа тээвэрлэх аж  ахуйн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр байгуулагдаж, 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлийн 2011003143 дугаарт бүртгэгдэн нийтийн тээврийн үйл ажиллагааг эрхэлж байсан.

Орхон аймгийн Авто тээврийн төвийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дугаартай тушаалаар тус компанийн үйл ажиллагаа зогсоож, улмаар уг маргаан нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 513 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгджээ.

Тус компанийн “Авто тээврийн төв” ТӨҮГ-тай байгуулсан “Зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэх түр гэрээ”, “Аймаг доторх такси үйлчилгээний түр гэрээ”, “Аймаг хооронд суудлын автомашинаар зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэх түр гэрээ”-нүүдийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус дуусгавар болсон бөгөөд тохирлын үнэлгээнд хамрагдаж гэрчилгээ аваагүй нөхцөлд гэрээ байгуулах боломжгүй болохыг хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 513 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд “ЭТ” ХХК-тай нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ дахин байгуулаагүй, гэрээг сунгаагүй асуудал нь тохирлын үнэлгээнд хамрагдаж тохирлын гэрчилгээ авах шаардлагатай холбоотой байжээ.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Тохирлын үнэлгээний зорилго нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрх, ашгийг хамгаалахад оршино” гэж заажээ.

Тийм учраас ОАЗД-аас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б /Өмчийн бүх төрөл, хэлбэрт тулгуурлан харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амын тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулах, уг үйлчилгээнд дагаж мөрдөх журам, стандартын биелэлтийг хангуулах/, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 /Нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах/-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ тухайн төрлийн үйлчилгээг эрхлэх аж ахуйн нэгжид хуульд зааснаар стандарт, шаардлага хангахыг шаардаж байгаа нь хууль зөрчихгүй. Тодруулбал. Нийтийн тээврийн үйлчилгээ нь хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой учраас зайлшгүй хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангасан байх шаардлагатай бөгөөд захиргааны байгууллагаас энэхүү стандартын шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь үндэслэлтэй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 /Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно/-т зааснаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхэд хуулиар тусгай зөвшөөрөл шаардагдахгүй боловч хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангасан аж ахуйн нэгжийг сонгон гэрээний үндсэн дээр нийтийн тээврийн үйлчилгээг тухайн нутаг дэвсгэрт зохицуулах, зохион байгуулах, энэ төрлийн үйлчилгээ эрхлэх стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийн зах зээлд шударгаар өрсөлдөж, иргэдэд шаардлагатай тээврийн үйлчилгээг аюулгүй хүргэх ажлыг зохион байгуулах нь аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал юм.

Иймд “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамрагдаагүй гэх үндэслэлээр тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүйг буруутгах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

            1. Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1.4, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.4, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалтуудыг баримтлан “ЭТ” ХХК-ийн ОАСХЗХ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахгүй байгаа ОАСХЗХ-ийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгасугай.

            2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.б, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтуудыг баримтлан “ЭТ” ХХК-ийн ОАЗД-д холбогдуулан гаргасан ““ЭТ” ХХК-ийн өмнө нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байсан чиглэл, маршрутад нийтийн тээвэр гүйцэтгэх түр гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан “ЭТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОАСХЗХ-ээс 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногт багтаан шүүхийн шийдвэрийг биелүүлж, “ЭТ” ХХК-ийг тохирлын үнэлгээнд хамруулахыг ОАСХЗХ-т даалгасугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.УУГАНЦЭЦЭГ