Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0228

 

 

Ц.М-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгч: Ц.М,

Хариуцагч: Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн захирал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,

Хэргийн индекс: 128/2021/0493/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ц.М нь Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн захиралд холбогдуулан “Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 91 дүгээр зүйлийн 91.1.5, 91.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т заасныг тус тус баримтлан Ц.М-аас Дотоод хэргийн их сургуулийн захиралд холбогдуулан гаргасан “Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүхийн шийдвэрийн Тодорхойлох нь хэсэгт “Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20/02 дугаар мэдэгдэх хуудсаар Ц.М-ын алба хаах хугацаа 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул мөн оны 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөх болсныг, мөн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаар мэдэгдлээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөх болсныг тус тус мэдэгдсэн байна” гэжээ.

Гэвч энэхүү мэдэгдэх хуудсанд дурдсан хугацаанд буюу 07 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон яагаад чөлөөлөөгүй болох, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хугацаа нь дууссан юм бол цааш ямар эрх зүйн үндэслэлээр ажиллуулж, цалинжуулж байсан талаар үндэслэл бүхий тайлбар, дүгнэлт хийх шаардлагатай, өөрөөр хэлбэл, удирдлагаас амаар шийдвэр гаргаж явуулж явуулчхаад сүүлдээ ийм шийдвэр гаргасан болох нь харагдаж байна. Мөн өмнөх 2019 оны 06 дугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар тэтгэврийн насны , ажиллах хугацааг 1 жилээр сунгуулсан байсан гэх хүмүүс мөн адил энэ үед мэдэгдэл аваад хүсэлт тайлбартаа гаргаж, шийдвэрлүүлсэн байдаг.

Харин 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан дариудаа хугацаа сунгах хүсэлт гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Э өөрөө утастаж, тус сургуулийн тэтгэврийн насны албан хаагчдын судалгааг гарган хэлэлцэх үеэр Ц.М-ын хугацаа сунгаж, тэтгэвэрт гаргах асуудлыг хойшлуулах тухай утастаж мэдэгдчихээд /хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Гомбодорж хажууд нь сонсож байсан/ дараа нь тэтгэвэрт гаргах тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн юм.

Гэтэл энэ хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд тухайн тасалбар болгосон өдөр болох 12 дугаар сарын 06-ны өдөр ням гараг байхад тушаал гаргасан байсан.

Үүний ээлжийн амралтын хугацаа дууссан болох 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр очиж, Их сургуулийн захирал, цагдаагийн хуралдаа П.Б-ын өрөөнд орж уулзан, ажиллах хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дараа тушаалын ээлжийн амралттай байх хугацаанд хугарсан огноог сольсон тухай надад мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, тушаалын хувийг гардуулаагүй ба ажил хүлээлцсэний дараа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тушаалыг танилцуулсан юм.

3.2.Маргаан бүхий тушаалын хувьд захирлын гарын үсэг зураагүй хувийг Ц.М-д гардуулж өгсөн ба өөрөө тушаалын ард талд гараар танилцсан тэмдэглэл бичиж, огноо, гарын үсгээ зурсан байна.

Гэтэл Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор Монгол Улсад дагаж мөрдөх “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” батлагдсан.

Уг журмын 1.1 дэх хэсэгт зорилгыг тодорхойлсон ба 1.1.1-т “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам (цаашид “журам” гэх)-аар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээд (цаашид “байгууллага” гэх)-ийн баримт бичиг зохион бүрдүүлэх, ангилан төрөлжүүлэх, ирсэн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, илгээх, албан хэрэг хөтлөлтийн шатанд хадгалах, ашиглах, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу албан хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивд шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулна” гэсэн байна.

Мөн журмын 8.1.4-т “Удирдлага гарын үсэг зураагүй, тамга, тэмдэг, дарагдаагүй, бүртгэлийн дугаар, он, сар, өдөр бичигдээгүй албан бичгийг гадагш илгээхийг хориглоно” гэснийг зөрчиж нэхэмжлэгчид гардуулсан, Захиргааны хэргийн шүүхэд хуулбар үнэн дардастай нотлох баримтаар явуулсан нь уг журмыг зөрчсөн төдийгүй хүчин төгөлдөр бус шийдвэр юм.

3.3.Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр маргаан бүхий тушаалд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг баримталжээ.

Тус зохицуулалт нь 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй албан хаагчид хамаарах заалт байхгүй бөгөөд энэ талаар тулууд мэтгэлцэхэд хариуцагчийн төлөөлөгч үүнд ач холбогдол өгөх шаардлагагүй гэх тайлбар өгсөн бөгөөд шүүх үүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн юм.

Өөрөөр хэлбэл, шүүх маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр Тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдолтой байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа би өдөрт 30 тушаал хянадаг, алдаа гаргаж болно, 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх гэж тушаал гарсанд акцент өглөө, регистрийн дугаар, өөрийг нь хараад эмэгтэй гэж шийдэж болно гэж тайлбарласан ба шүүх эрх зүйн актын хуульд нийцсэн эсэхийг хянахдаа хэргийн оролцогчийг хараад андуурсан юм байна гэж шийдвэрлэж болох мэт ойлголт төрүүлж, буруу практик тогтоох, байгууллагыг зөвтгөж байгаа мэт шийдвэртээ дүгнэлт хийхгүй орхигдуулжээ.

3.4.Маргаан бүхий акт эрэгтэй алба хаагчийн алба хаах хугацаатай холбоотой заалтыг үндэслэсэн байхад шүүх Үндэслэх хэсэгтээ Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.5 дахь хэсэгт заасан “цагдаагийн бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас” байна гэсэн заалтыг баримталсан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал, шүүх тухайн эрх зүйн акт нь эрэгтэй албан хаагчид холбогдох заалтыг баримталсан байхад дээрх зүйлийг шийдвэрийн тогтоох хэсэгт дурдах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон үндэслэлээ тайлбарлахдаа Ц.М-д хамаатуулан гомдол гаргасан тул Их сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд албаны шалгалтыг явуулж байсан байна. Уг шалгалтаар түүний ажилтан, алба хаагч нартай зүй бус харьцаж, харилцааны зөрчил гаргадаг, ажлын байрны дарамт учруулдаг, албаны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэх мэдээллүүд шалгагдаж, нотлогдсон байна гэжээ.

Энэ талаар хуулийн дагуу үнэхээр нотлогдсон бол холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулж тогтоосны дараа бусдыг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар дүгнэх ёстой гэдгийг бүхэл бүтэн эрх зүйч бэлтгэдэг сургуулийн удирдлагууд болон төлөөлөгч нар мэдэхгүй ярьж, бичиж, түүнд үндэслэж хууль бус шийдвэр гаргаж харамсаж байна.

Түүнчлэн энэхүү тайлбарт дурдсан шиг үйлдэл гаргасан хүн юм бол 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ц.М-ын ажил байдлын тодорхойлолтод “... эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, өөрийгөө тогтмол хөгжүүлж, хамт олноо манлайлан санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний алба хаагчдын нэг тул Цагдаагийн дэд хурандаа цол олгуулахаар тодорхойлов гэж албаны шалгалтын дүгнэлтийн эсрэг тодорхойлж, захирал гарын үсэг зурахгүй байх байсан гэсэн логикоор тухайн тайлбар няцаагдаж байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс “Мөнхзулд хамаатуулан гомдол гаргасан тул” гэх асуудлын тухайд, 1 хүн олон жил бусдыг уруу татаж, хэсэг бүлгээрээ ажлын байранд удаа дараа архи уух, хов жив ярих, ажил хийдүүлэх явдал гаргаж байгаа явдалд эрхлэгчийн зүгээс зүй ёсны шаардлага тавьж, төрийн албаны үйл ажиллагааны эрх ашгийг эрхэмлэж, уг үйлдлийг дахиж давтан гаргуулахгүй байх зорилгоор амлалт авч, илтгэх хуудас бичүүлж авсан нэр бүхий хүмүүс үгсэн хуйвалдаж, гомдол бичиж, уг гомдлын мөрөөр явагдсан Албаны шалгалтын хүрээнд номын сангийн бусад алба хаагчдын өгсөн бодит тайлбарыг тал бүрээс нь хянан үзэж, бүх үйл ажиллагаанд няхуур хандаж, хууль зүйн хүрээнд үндэслэлтэй явуулна гэж найдаж байтал Дотоод хэргийн их сургуулийн ХШҮДА-аас шалгалтын дүгнэлтийг ийм өрөөсгөл гаргасанд гомдолтой байдаг.

3.6.Дотоод хэргийн их сургуулийн зүгээс ажил хүлээлцсэний дараа тушаал танилцуулна гэсэн шаардлага тавьсны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ажил хүлээлцэж, 01 дүгээр сарын 22-ны өдөр тушаалтай танилцуулж, эх хувийг нэхэмжлэгчид гардуулсан учир 2021 оы 02 дугаар сарын 05-ны өдөр архивын лавлагаа авах хүсэлт гаргаж материал бүрдүүлж эхэлсэн тул 2021 оны 01, 02 дугаар сарын тэтгэвэр авч чадаагүй давхар хохироосон юм.

Иймд хэргийг хянан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч Ц.М-аас “Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/629 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Дотоод хэргийн их сургуулийн захиралд холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий Б/629 дүгээр тушаалаар[1] нэхэмжлэгч Ц.М-ыг “цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох” насанд хүрсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

3.Нэхэмжлэгчээс “надад ашигтай эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн зохицуулалтыг хэрэглээгүй, тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй байхад хүсэлт гаргасан мэтээр хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж, миний эрхийг үүрэг болгон гуйвуулсан тушаал гаргасан, олон жил ажилласан, номын сангийн шинэ байрны орчны бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэсэн ажлынхаа үр бүтээлийг үзэх, үргэлжлүүлэн сунгуулж ажиллах хүсэлт өгсөн боловч хүлээн аваагүй, хүчээр тэтгэвэрт гаргана, гаргасан гэх хууль бус нөхцөл байдлыг надад тулгаж шийдвэрлэсэнд гомдолтой, цар тахлын үед төрийн алба хаагчийг ажлаас чөлөөлөхгүй байх хууль тогтоомжуудыг зөрчсөн”, хариуцагчаас “нэхэмжлэгч нь цагдаагийн алба хаагчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн тул ажлаас чөлөөлсөн” гэж тус тус маргадаг.

4.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:” 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэжээ.

5.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй:”, 5 дахь заалтад “цагдаа, ... байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч”, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:” 2 дахь заалтад “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэж заасан.

6.Цагдаагийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ..., цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, ... эрх зүйн үндсийг тогтооход оршино.”, 91 дүгээр зүйлийн 91.1-д “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь:” 91.1.5-д “цагдаагийн бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас байна.”, 91.2-т “Энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно.”, 91.3-д “Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 91.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин 1 жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй.” гэж тус тус зохицуулжээ.

7.Нэхэмжлэгчийн Ц.М-ын хувьд Цагдаагийн байгууллагын харьяаны Дотоодын их сургуулийн төв номын сангийн эрхлэгчээр, цагдаагийн дэд хурандаа цолтойгоор ажиллаж байсан бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн Б/629 тушаал гарах үед 51 настай, цагдаагийн албанд 1998 оноос хойш цагдаагийн хошууч цолтойгоор,  21 жил ажилласан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[2] тогтоогдов.

8.Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, тэр дундаа эмэгтэй цагдаагийн алба хаагчийн тэтгэврийн насны дээд хязгаарыг Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.5-д “47 нас” байхаар нарийвчлан зохицуулсан байх тул эмэгтэй цагдаагийн алба хаагч 51 настай Ц.М-ыг  нь цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/629 тушаалыг нэхэмжлэгчийн маргаж буй “надад ашигтай эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль зүйн зохицуулалтыг хэрэглээгүй, тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй байхад хүсэлт гаргасан мэтээр хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж, миний эрхийг үүрэг болгон гуйвуулсан” гэх үндэслэлээр хуульд нийцээгүй бөгөөд уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан тэтгэврийн насны дээд хязгаар хүртэл ажиллах, үргэлжүүлэн ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

9.Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/96 дугаар тушаалаар[3] цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нэхэмжлэгчийн алба хаах хугацааг нэг жилээр сунгаж, уг хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ц.М-ыг түүний үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авалгүйгээр цагдаагийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3,  91 дүгээр зүйлийн 91.2, 91.3-д заасантай нийцсэн, тодруулбал, цагдаагийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд цааш ажиллуулах эсэхийг ажил олгогч өөрөө шийдвэрлэхээр эдгээр хуулийн заалтаар зохицуулсан, нэхэмжлэгчийн үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авалгүйгээр захиргааны санаачилгаар түүнийг цагдаагийн албанаас чөлөөлсөн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

10.Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Ш.Ч-аас 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 20/02 дугаартай мэдэгдэх хуудсаар[4] нэхэмжлэгч Ц.М-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/196 дугаар тушаалаар цагдаагийн алба хаах хугацааг нэг жилээр сунгасан хугацаа 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан болохыг, мөн 2020 оны ээлжийн амралтыг 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эдлүүлж, 07 дугаар сарын 31-ний өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөх болсныг, мөн Хүний нөөцийн албаны дарга Цагдаагийн хурандаа Б.Ц-аас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаартай мэдэгдэх хуудсаар[5] Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.5-д заасны дагуу алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөх болсныг тус тус мэдэгджээ.

11.Эдгээр мэдэгдэх хуудсууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудаас[6] үзэхэд нэхэмжлэгчийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргасантай холбоотойгоор хугацааг сунгаж, тэтгэвэрт гаргах асуудлыг хойшлуулсан гэсэн нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хүсэлт гаргасан бөгөөд үүнтэй холбоотойгоор Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Э өөрөө утастаж, тус сургуулийн тэтгэврийн насны албан хаагчдын судалгааг гарган хэлэлцэх үеэр Ц.М-ын хугацаа сунгаж, тэтгэвэрт гаргах асуудлыг хойшлуулах тухай утастаж мэдэгдчихээд /хүний нөөцийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Г хажууд нь сонсож байсан/ дараа нь тэтгэвэрт гаргах тушаал гаргасан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй гэдэг нь тогтоогдсонгүй.

12.Мөн Дотоод хэргийн их сургуулийн Захирлын зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс[7] үзэхэд нэхэмжлэгч Ц.М-д “...ээлжийн амралтыг нь олгож, амралтын хугацаа нь дууссан өдрөөс нь эхэлж цэргийн байнгын тэтгэвэрт гаргах тушаалаар гаргая,” гэж үзээд цэргийн байнгын тэтгэвэрт гаргах талаар санал хураалт явуулахад Захирлын зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн тул тэтгэвэр тогтоолгохоор шийдвэрлэсэн, мэдэгдэх хуудсыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулж, гардуулсан, сонсох ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 03, 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд 2 удаа хийж, уг сонсох ажиллагааны тэмдэглэлүүдэд[8] нэхэмжлэгч гарын үсэг зурсан,  маргаан бүхий Б/629 дүгээр тушаалаар ээлжийн амралтын хугацаа нь дууссан өдрөөс буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэг ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.

13.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан бөгөөд тухайн тасалбар болгосон өдөр болох 12 дугаар сарын 06-ны өдөр ням гараг байхад тушаал гаргасан, ээлжийн амралтын хугацаа дууссан болох 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр очиж, Их сургуулийн захирал, цагдаагийн хуралдаа П.Б-ын өрөөнд орж уулзан, ажиллах хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дараа тушаалын ээлжийн амралттай байх хугацаанд огноог сольсон тухай надад мэдэгдэх хуудсаар мэдэгдээгүй, тушаалын хувийг гардуулаагүй ба ажил хүлээлцсэний дараа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тушаалыг танилцуулсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

14.Түүнчлэн, маргаан бүхий Б/629 тушаал нь захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Б-ын гарын үсэгтэй[9] нотлох баримтын шаардлага хангагдсан хэлбэрээр хавтаст хэрэгт авагдсан, нэхэмжлэгчид гардуулсан маргаан бүхий тушаалд[10] захирлын гарын үсэг зурагдаагүй, харин Захиргаа удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Э хуулбар үнэн гэж гарын үзэг зурж, тэмдэг дарсан байх бөгөөд тухайн хоёр тушаал нь утга найруулга, агуулгын хувьд адил болох нь тогтоогдож байх тул “Маргаан бүхий тушаалын хувьд захирлын гарын үсэг зураагүй хувийг Ц.М-д гардуулж өгсөн ба өөрөө тушаалын ард талд гараар танилцсан тэмдэглэл бичиж, огноо, гарын үсгээ зурсан, Захиргааны хэргийн шүүхэд хуулбар үнэн дардастай нотлох баримтаар явуулсан нь хүчин төгөлдөр бус шийдвэр” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах, энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй  юм.

 

15.Маргаан бүхий Б/629 тушаал нь нэхэмжлэгч Ц.М-ыг хуульд заасан “цагдаагийн эмэгтэй алба хаагчийн тэтгэврийн насны дээд хязгаарт” хүрсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн харин маргаан бүхий тушаалаар Дотоод их  Их сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрүүдэд албаны шалгалттай холбоотойгоор шалгалтын дүгнэлтийн дагуу сахилгын шийтгэл оногдуулан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн, анхан шатны шүүхийн шийдвэр нь уг албаны шалгалттай холбоотойгоор гарсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байна.

16.Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Албаны шалгалтын хүрээнд номын сангийн бусад алба хаагчдын өгсөн бодит тайлбарыг тал бүрээс нь хянан үзэж, бүх үйл ажиллагаанд няхуур хандаж, хууль зүйн хүрээнд үндэслэлтэй явуулна гэж найдаж байтал Дотоод хэргийн их сургуулийн ... шалгалтын дүгнэлтийг ийм өрөөсгөл гаргасанд гомдолтой байдаг.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

17.Маргаан бүхий Б/629 тушаалд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсгийг баримталсан алдаа гаргасан байгаа боловч үүнээс шалтгаалж нэхэмжлэгч Ц.М-ыг хуульд заасан “цагдаагийн эмэгтэй алба хаагчийн тэтгэврийн насны дээд хязгаарт” хүрсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн маргаан бүхий тушаалыг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

18.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.М-ын өмгөөлөгч Д.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 94 дэх тал

[2] Хэргийн 53, 98, 156, 160,162, 164-165, 179

[3] Хэргийн 97 дахь тал

[4] Хэргийн 74 дэх тал

[5] Хэргийн 75 дахь тал

[6] Хэргийн 46-48, 215-218 дахь тал

[7] Хэргийн 76-77 дахь талууд

[8] Хэргийн 183, 186 дахь тал

[9] Хэргийн 94 дэх тал

[10] Хэргийн 6 дахь тал