Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01612

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

         2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар магадлалтай,

         Хүсэлт гаргагч: Г.Г

     Гэм хорын болон сэтгэл санааны хохиролд 71,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Г.Гийн төлөөлөгч Э.А гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Г.Гийн төлөөлөгч хүсэлт болон тайлбартаа: Г.Гийг Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017-04-11-ний өдөр М.Загдсүрэн, Г.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Г.Гт эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулсан. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  2017-05-23-ны өдрийн 15-р цагаатгах тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1-р эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан. Г.Г гэмт хэрэг үйлдээгүй атлаа Эрүүгийн хуулийн 145.2-р гэмт хэрэгт шалгагдаад эцэст нь 2 шатны шүүхээр орж цагаатгагдсан. Г.Г хууль хяналтын байгууллагад олон сарын хугацаагаар шалгагдах явцдаа ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй  орлогоо алдсан. Мөн олон хоногоор цагдан хоригдож бие махбодь, сэтгэл санааны хохирол амссан. Г.Г хулгайч нэр зүүсэн, эхнэр нь салсан нь түүнийг сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан. Мөрдөн байцаалтын шатанд Г.Г 2016-08-13-ны өдөр яллагдагчаар татагдсан, 2016-08-12-ны өдөр батлан даалтад гарсан. 2017-04-11-ны өдрөөс  2017-05-23-ны өдрийг хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсон. Г.Г нь мөрдөгч, прокурор шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас их хохирол амсан гэмт хэрэгтэн хэмээн гүтгэгдэн олон сар шалгагдан хэлмэгдсэн тул гэм хорыг нэхэмжилж байна.  Үүнд: Г.Г 2016-08-12-ны өдрөөс  2015-05-23-ны өдрийг/ давж заалдах шатны шүүх хурал болох хүртэл/ нийт 284 хоног уг хэрэгт шалгагдсан. Үүнээс 42 хоног цагдан хоригдсон. Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өдрөөс эхлэн хэрэгт шалгагдсан 1 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр тооцож нийт 284 хоногийн 68,160,000 төгрөг,  эхнэр нь хулгайчтай амьдрахгүй гэж  салснаас үүдэн сэтгэл санааны хямралд орсон, үндэслэлгүйгээр цагдан хоригдсон тул сэтгэл санааны хохиролд 3сая  төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг, нийт 71,460,000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна гэжээ.

       Төрийг төлөөлж прокурор Ц.Г хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Г.Гийг Эрүүгийн хуулийн 145.2-т заасан хэрэгт холбогдуулан шалгасан. Ингэх үндэслэл нь М.Загдсүрэн, Г.Г нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж Булган аймгийн Бугат сумын нутгаас 2016-05- 31-с 2016-06-01-нд шилжих шөнө  Л.Санжаагийн 19 тооны хонь, М.Б 20 тооны хонь хулгайлсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. М.З, Г.Г нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь  гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  М.З мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзэж  шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх  гэм буруутайд тооцож, Г.Гт 3 сар 10 хоногийн баривчлах ял оногдуулсан тул “хүнийг үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан шалгасан болон хууль бусаар цагдан хорьсон” гэж үзэхээргүй байна. Мөн Ганхуягийн эхнэр нь хулгайч хүнтэй хамт амьдрахгүй гэж түүнээс салснаас үүдэн сэтгэл санааны хямралд орсон гэж  3 сая төгрөг шаардаж буй ч нотлох баримтгүй байна. Г.Г  өмгөөлөгчид төлсөн 300,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт шалгагдах явцдаа  өмгөөлүүлэх эсэх нь өөрийнх нь  эрх юм.  Нэхэмжлэгч нь ямар хуулийн зүйл заалт, нотлох баримтаар 71,460,000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд хүсэлтийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 10,380,000 төгрөг гаргуулж Г.Гт олгож,  нэхэмжлэлээс 61,080,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Засгийн газрын нөөц сангаас  2.575.000 төгрөг гаргуулан , нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын гомдлыг хангахгүй орхижээ.

        Г.Гийн төлөөлөгч  хяналтын  гомдолдоо: Хүн хийгээгүй хэргийнхээ төлөө 42 хоног цагдан хоригдож нийт 8 сарын хугацаанд яллагдагчаар татагдан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байдаг. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа  “ 242 хоногийн хохирлыг хэрхэн тооцож гаргуулах талаар хуульд зохицуулаагүй... цагдан хоригдсон 42 хоногийг  амьжиргааны доод түвшингийн хэмжээ болох 240,000 төгрөгөөр тооцсон нь  хуулийг буруу тайлбарласан..” гэж дүгнэсэн байдаг. Ганхуяг 42 хоног үндэслэлгүйгээр цагдан хоригдсон хохирлоо нэхэмжлэхдээ ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэж үзэж нэхэмжлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.1, 1.5-р хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн юм.  Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан гэж дүгнэсэн атлаа хохирлыг тооцон гаргаж байгаа аргачлал, хуулийн үндэслэл нь анхан шатны шүүхтэй адил байгаа нь ойлгомжгүй. Прокурор төрийг төлөөлж оролцож байхад түүнийг “хариуцагч” гэж магадлалдаа дурдсан нь ойлгомжгүй байна. Г.Г олон сарын хугацаагаар шалгагдах явцдаа ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байдалд хүрч амьжиргааны орлогоо алдсан. Мөн таслан сэргийлэх арга хэмжээ удаан дараалан авагдаж, олон хоногоор цагдан хоригдож бие махбодь болон сэтгэл санааны хувьд их хохирол амссан байхад цагдан хоригдсон нэг хоногийн хохирлыг 8 000 төгрөгөөр тооцож байгаа нь шударга биш байна. Иймд магадлалыг хүчингүй болгож,  шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Г.Гийг төлөөлөн Э.А 2018-02-13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, цагдан хоригдсон 42 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөр бодон 284 хоногийн мөнгө 68,160,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг нийт 71,460,000 төгрөг шаарджээ.

       Г.Г нар нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож Г.Гт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял ногдуулсан байна. 

       Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 15 дугаартай магадлал гаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Гийг цагаатгажээ.

        Г.Г цагаатгагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.  

        Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийн хангасан нь зөв боловч гэм хорын хэмжээг буруу тооцжээ. 

       Тухайлбал, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Гт учирсан   гэм хорыг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21,5 хоногт бус, харин 30 хоногт хуваасан нь дутагдалтай болсон байна.

        Иймд нөхөн төлбөр 1,936,000 төгрөг, өмгөөллийн хөлс 300.000 төгрөг дээр хоригдсон 42 хоногийн нөхөн төлбөрт 468,837 төгрөг /240,000:21,5=11,162.7 төгрөгийг х 42 хоног/ нэмж нийт 2,704,837 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулна. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...10,380,000 /арван сая гурван зуун наян мянга/ төгрөг...” гэснийг “...2,704,837 төгрөг...” гэж, “61,080,000 /жаран нэгэн сая наян мянга/ төгрөг...” гэснийг “...68,755,163 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудын хэвээр үлдээсүгэй. 

        2. Г.Г хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                 ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ