| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 106/2020/0758/Э |
| Дугаар | 781 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 781
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,
улсын яллагч Б.Батсайхан /томилолтоор/,
шүүгдэгч О.Ч, Ц.И, Ц.Н тэдгээрийн өмгөөлөгч Я.Б /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 03-84/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт О Ч, Чоно долоон овогт Ц И, Ч д овогт Ц Н нарт холбогдох эрүүгийн 1805055280198 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр... аймгийн ......... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Улаанхуаран .. дүгээр гудамжны 000 тоотод оршин суух, /ХХ0000000/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт О Ч.
Монгол Улсын иргэн, ..... оны ...... дүгээр сарын ...-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, /ХХ0000000/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч д овогт Ц И.
Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программ хангамж мэргэжилтэй, “...” ХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл .., эцгийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух /ХХ000000/, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Ч д овогт Ц-н Н.
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Яллагдагч О.Ч, Ц.И, Ц.Н нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Эрүүл мэндийн яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 1532.3 грамм цэвэр жинтэй мөнгөн ус хадгалсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.О 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай Эрүүгийн 201726021315 дугаартай хэргээс Ц.Н, Ц.И, О.Ч нарт холбогдох хэргийг тусгаарлах" тухай тогтоол /1 хх-ийн 1-2 тал/,
Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль /1 хх-ийн 143-150 тал/,
Химийн хорт болон аюултай бодисын ангиллын жагсаалт /1 хх-ийн 151-152 тал/,
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2/06 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн гадуураа шар өнгийн /хүнсний бүтээгдэхүүний уут/ цахилгаантай нийлэг уут бүхий 1560.4 гр жинтэй /бохир жин/ дээж ирүүлэв. Уг уутанд цайвар өнгийн миллитрийн хуваарь бүхий 100 миллитрийн саванд мөнгөлөг өнгийн шингэн, хүнд зүйл, 1 миллитрийн 3 ширхэг шприц, үүний 1 ширхэг нь 5 мкг жинтэй мөнгөлөг өнгийн шингэн агуулсан ба 2 ширхэг нь ямар нэг зүйл агуулаагүй хоосон байв. Эдгээр зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд авсан мөнгөлөг өнгийн шингэн бодисын физик, химийн шинж чанарыг үндэслэн мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 658 дугаарт мөнгөн ус нь химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ. Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай гэсэн ангилалд багтаж байна. Шинжилгээнд ирүүлсэн бодисын хэмжээ, найрлага, нягтшил, агууламжийг хүснэгтээр харуулав...” гэх дүгнэлт /1 хх-ийн 66-68 тал/
Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 5 дугаар сард Ховд аймгийн Булган сум руу хятадын алтны уурхайд ажиллахаар хотоос 3 Хово маркийн автомашинаа аваад түрээсийн гэрээ байгуулаад явсан юм. Тэнд очоод 10 гаруй хүнтэй хятад компанид 2 сарын хугацаанд ажилласан. Тэгээд ямар ч ашиггүй ажиллаж байна гээд алт олоогүй болоод ч тэр үү нэг өглөө босоход хятад дарга нар нь алга болсон ажилчин монголчууд л үлдсэн байсан. 3 машины түрээсийн мөнгө аваагүй тул нярав хийж байсан нэрийг нь сайн мэдэхгүй Өвөрмонгол ахаас том машины дугуйны цөмлөгч, даралтын шланк 1 боодол, тэгээд 13-14 ширхэг бакусны шил шиг мөнгөн усыг их үнэ хүрнэ гэхээр нь аваад ирсэн юм. 2016 оны 10 дугаар сарын дундуур хүний өр нэхэгдээд эхлэхээр нь би 13-14 ширхэг байснаас 2 ширхэгийг хүнд үзүүлэхээр авч яваад найз О.Ч руу ярьж уулзаад хамт яваад Сансарын колонк орчим хүүхэн, залуу хоёрт үзүүлсэн. Тэгээд тэр хүмүүс явчихаар нь Чн хамаатны И ирж танилцаад И-н хамт явж байгаад 1 шил архи уугаад тасарцгаасан ба би машинд нь нөгөө 2 мөнгөн усаа үлдээсэн байсан. Тэгээд би хэд хоногийн дараа Нарны хороололд нэг таньдаг хүндээ нөгөө мөнгөн усаа зарахаар авч яваад цагдаад баригдаад шалгагдаад мөнгөн ус олж авч хадгалсан, тээвэрлэсэн асуудал дээрээ эрүүгийн хэрэг үүсч шүүхээр таслагдсан юм. Ч, И нарын авч явсан мөнгөн усыг асуухад Н гэдэг дүү нь хулгайлж аваад алга болгосон л гэсэн. Хайгаад олдоогүй. Би тэд нарт зараад өг гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг / 2 хх-ийн 57-58 тал/,
Гэрч А.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Н гээд найзтайгаа 120 мянгатын ойролцоо уулзахад халаасандаа савтай мөнгөн ус хийчихсэн явж байсан ба Маакуу хэлэхдээ “энэ манай компанийн мөнгөн ус байгаа юм. Ямар ч асуудал байхгүй” гэхээр нь би хуурай ах З рүү залгаад энэ талаар хэлэхэд “ах нь авах хүн асуугаад өгье” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа З ах залгаад “мөнгөн усны зураг хэрэгтэй байна” гэхээр нь М савтай мөнгөн усыг нь аваад З ахын гэрийн үүдэнд очсон. Тэгээд З ах авч үлдсэн бөгөөд цаашаа хэнд өгч хаанаас баригдсан болохыг би мэдэхгүй байна. хэлэхдээ “1 кг 700 грамм байгаа” гэж байсан. 1 ширхэг хар саарал өнгийн хуванцар савтай зүйлийг даавуун алчууранд ороочихсон байсан шиг санаж байна. Би энэ асуудлаас болж шүүхээр ороод ял авчихсан бөгөөд Н-тай дахиж таараагүй...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 144-145 тал/,
Гэрч А.Г-н мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт: /2 хх-ийн 146-147 тал/,
Шүүгдэгч Ц.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Автомашинд байсан зүйлийг мөнгөн ус гэдгийг нь мэдэж байсан. Цагдаад мэдэгдэх ёстой байсныг нь мэдэж байсан боловч мэдэгдээгүй. Найз Г-т өгсөн нь миний буруу. Уг бодисыг анх Чинбатын найз Н.Э олж авсан юм байна лээ. Г мөнгөн ус авч явсны дараа надаас тэр мөнгөн усыг нэхээд байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 129-130 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 2 хх-ийн 131-133 тал/,
Шүүгдэгч О.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2016 оны намар найз буюу Э Сансрын колонк дээр уулзаж “шараа тайлмаар байна” гэхээр нь би эхлээд 1 шил архи аваад хамаатны Ц.И-г дуудаж тэр хоёртой Ц.И-н машин дотор 1 шил 0.75 грамм архи уусан. Архи ууж байхад Н.Э халааснаасаа вакусны шилтэй амыг нь скочдсон юм гаргаж ирээд “мөнгөн ус" гэж бид хоёрт үзүүлсэн. Би Э-д “наадах чинь хориотой цагдаа мэдвэл бөөн юм болно” гэж хэлсэн. Тэгээд архи уугаад гэрлүүгээ харьсан. Би И Улаанхуаран руу гэр рүүгээ хүргүүлсэн. Маргааш өглөө нь Э “шилтэй мөнгөн усаа И-н машинд үлдээсэн байна” гэж утсаар залгаж хэлсэн. Нөгөөдөр нь би И-с залгаж мөнгөн усыг асуухад “миний машиныг Н авч яваад дотроос нь алга болгосон байна” гэж хэлсэн. Тэгээд Н руу залгаад асуухад “манай найз аваад алга болгосон юм байна” гэж хэлсэн. Химийн хориотой бодис болох мөнгөн усыг авч явсан хүмүүстэй хамт явсан буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 136-137 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.И-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Химийн хориотой бодис болох мөнгөн усыг авч явсан буруугаа ойлгож байна. Уг мөнгөн усыг 2016 оны намар яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Манай авга эгчийн хүүхэд болох Ч халаасандаа хийж миний машинд оруулж ирээд орхисон. Тэгэхэд миний машины урд хайрцаганд нэгийг, урд суудал доогуур нэгийг хийж орхиод хонуулсан байсан. Маргааш машинаа цэвэрлэж байгаад тэр хоёр савтай зүйлийг хараад Чинбат руу утасдаж хэлэхэд “манай найз Э шүү мөнгөн ус байгаа юм хадгалчихаарай” гэхээр нь машиныхаа урд хайрцаганд хийж дахиад 1 хоног хонуулсан юм. Тэр мөнгөн ус нь вакусны шил шиг өндөртэй саванд хийж скочдсон тунгалаг цэнхэр өнгөтэй маш хүнд байсан. Тэгээд маргааш нь манай дүү Норолхоожамц миний машиныг авч 2 хоног юманд яваад ирэхэд л тэр нь байхгүй болсон байсан. Би дүүгээс асуусан чинь “манай найз Г аваад явсан чинь утас нь холбогдохгүй байна” гэсэн. Бид нар тэрийг зарах талаар ярьсан зүйл байхгүй, харин мөнгөн ус гэж ийм зүйл байдаг юм байна гэдгийг анх удаагаа харсан...” гэх мэдүүлэг: /2 хх-ийн 142-143 тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хувийн байдалтайгаар холбоотойгоор О.Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2 хх-ийн 65 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 77 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 78 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /2 хх-ийн 79 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2 хх-ийн 80 тал/ Ц.И-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2 хх-ийн 66 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 74 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /2 хх-ийн 75 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 76 тал/, Ц.Н-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2 хх-ийн 67 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн шүүгдэгч О.Ч-н оршин суух хорооны тодорхойлолт /2 хх-ийн 195 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2 хх-ийн 196-198 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 199 тал/, шүүгдэгч Ц.Н-н ажлын газрын тодорхойлолт /2 хх-ийн 200 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа /2 хх-ийн 201-202 тал/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тодорхойлолтын маягт /2 хх-ийн 203-205 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 206 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /2 хх-ийн 208 тал/, хаан банкны депозит дансны хуулга /2 хх-ийн 209-229 тал/, шүүгдэгч Ц.И-н амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, гэрэл зураг /2 хх-ийн 230-235 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /2 хх-ийн 236 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хх-ийн 238-240 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 241 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 2 дугаар хавтас хэргийн 50-52, 53-55, 59-61 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Н, Ц.И, О.Ч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч тус хэргийг хүлээн аваад харьяаллын дагуу шилжүүлэх захирамж гаргаж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг хүлээн авч, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судлуулсан нотлох баримтууд, мөн харьяаллын асуудлаар маргахгүй гэсэнд дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судлуулсан гэрч Н.Э-н “...2016 оны 10 дугаар сарын дундуур хүний өр нэхэгдээд эхлэхээр нь би 13-14 ширхэг байснаас 2 ширхэгийг хүнд үзүүлэхээр авч яваад найз О.Ч руу ярьж уулзаад хамт яваад Сансарын колонк орчим хүүхэн, залуу хоёрт үзүүлсэн. Тэгээд тэр хүмүүс явчихаар нь Ч-н хамаатны И ирж танилцаад И-н хамт явж байгаад 1 шил архи уугаад тасарцгаасан ба би машинд нь нөгөө 2 мөнгөн усаа үлдээсэн байсан. Ч, И нарын авч явсан мөнгөн усыг асуухад Н гэдэг дүү нь хулгайлж аваад алга болгосон л гэсэн...”, гэрч А.Г-н “..2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Н гээд найзтайгаа 120 мянгатын ойролцоо уулзахад халаасандаа савтай мөнгөн ус хийчихсэн явж байсан. ...М-с савтай мөнгөн усыг нь аваад З ахын өгсөн. Н хэлэхдээ 1 кг 700 грамм байгаа гэж байсан...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Ц.Н О.Ч, Ц.И нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 2/06 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.И, Ц.Н, Ц.И нар “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 000 дугаарт орсон химийн хортой бодис болох 1532,2 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг хадгалсан, бусдад дамжуулсан үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан “химийн хорт, аюултай бодисыг ...хадгалсан, бусдад дамжуулсан...” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай тул тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, худалдах, бусдад дамжуулах зэрэг аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Түүнчлэн Химийн хорт аюултай бодисын тухай хуулийн 10 дугаар зүйлд хадгалахад тавигдах үндсэн шаардлагыг тусгаж өгсөн байх ба мөнгөн ус нь Химийн хорт аюултай бодис болох нь Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2/06 дугаартай “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/000/000 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-ын 000 дугаарт мөнгөн ус нь химийн хортой бодис буюу Н400, Н410 усан орчинд архаг, хурц хордолт үүсгэнэ. Н331 амьсгалын замаар хурц хордуулах шинж чанартай гэсэн ангилалд багтаж байна...” гэх дүгнэлтээр нотлогдож байна.
Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Норолхоожамц, Ц.И, О. нарыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт химийн хорт бодис болох 1532.3 грамм цэвэр жинтэй мөнгөн усыг хадгалсан, бусдад дамжуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...Шүүгдэгч Ц.И-г яллах дүгнэлтэд тээвэрлэсэн гэсэн байгаа нь техникийн шинжтэй алдаа гаргасан байна. 3 шүүгдэгч нарыг химийн хорт болон аюултай бодисыг хадгалсан, бусдад дамжуулсан үйлдлээр яллагдагчаар татаж, ял сонгосон. Иймд Ц.И-г тээвэрлэсэн үйлдлээр бус, тэдгээрийг хэн хэнийг “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 1532.3 грамм цэвэр жинтэй мөнгөн ус хадгалсан, бусдад дамжуулсан үйлдэлд гэм буруутайд тооцуулна. Дээрх байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авсан болно.
Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Хэргийн үйл баримт дээр маргах зүйл байхгүй. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан “...Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Хэдийгээр тухайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, үйлдэлд 2015 оны Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх тухай ойлголтод Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулах ял, эрүүгийн хариуцлагаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ бүхэлдээ хамаарна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэх нь тэдгээрийг хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх сөрөг үр дагавартай болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Эрүүл мэндийн яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д багтсан химийн хорт болон аюултай бодис болох 1532.3 грамм цэвэр жинтэй мөнгөн ус хадгалсан, бусдад дамжуулсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруугийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдал тогтоогдлоо.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хуулинд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал, шүүгдэгч О.Ч, Ц.И нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал болон бага насны хүүхдүүдтэй, эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” заасан тул шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.
Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт О-н Ч, Чоно долоон овогт Ц-н И, Ч д овогт Ц-н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хадгалсан, бусдад дамжуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Ч, Д.И, Ц.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Н, Ц.И, О.Ч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болохыг Ц.Н, Ц.И, О.Ч нарт сануулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н, Ц.И, О.Ч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА