Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 802

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Н.Энхболд,

иргэдийн төлөөлөгч Ц.,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.,

шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч А.С /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1155/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт Ө-н Б-д холбогдох эрүүгийн 2005019661053 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, …...оны .. дугаар сарын …...-ний өдөр Х аймгийн Р суманд төрсөн, эрэгтэй, … настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. эцэг, эхийн хамт Булган аймгийн Булган сумын .. дугаар баг Б гэх газар оршин суух бүртгэлтэй, /хх000000/ улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2004  оны 4  дүгээр  сарын  30-ны

өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2009 оны өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 4 cap 27 хоногийг өршөөн хэлтрүүлж суллагдсан,

Хөвсгөл аймаг дах сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 385 дугаар зүйлийн 385.1-т зааснаар эмнэлгийн чанартай,албадлагын арга хэмжээ авсан,

Булган аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 108 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Булган аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 112 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Булган аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 69 дугаартай захирамжаар 9 хоног хорих ялаар сольж, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хугацаа дууссаж суллагдсан.

Булган аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 176 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дууссаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн Ө.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн баруун талын барилгын хашаанд хохирогч Н.М маргалдан улмаар зүрхэн тус газарт нь хутгалж, зүүн урд тал цээжний хөндийд нэвтэрч зүрх, үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, дээд уруул, зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө.Б-г Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах, цагаатгах дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б-н хэргийн талаар мэдүүлсэн: “...2020 оны 4 дүгээр сарын 21-нд хэрэг болсон. ...оромжиндоо ирээд архи ууж байгаад трансформаторын төмөр байдаг. Тэрийг тойроод хартал талийгаач шөвөг бариад ирсэн. Улмаар миний гуя руу хатгасан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгэхээр нь би ална гэсэн. Би гарнаас нь хутгыг булааж аваад өөрийг нь хутгалсан. Би гар руу нь хутгалсан гэж бодсон. Би хутгаа шидчээд яваад өгсөн. ...Хишигсайхан намайг дагуулж юманд ороогоод гаргаад тавьчих гэсэн. Би гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-н мэдүүлсэн: “...Би гомдолтой байна. Амь хохирогчийн оршуулгын зардалд 3.550.345 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

            Эрүүгийн 2005019661053  дугаартай хэргээс:

 

            Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн..  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төвийн баруун талд баригдаж байгаа барилгын хашаан дотор нас барсан хүний цогцос байна...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 2 тал/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн “...хэргийн газар ороход барилгын суурь цутгасан хэсгийн баруун талд овоолсон хогтой хэсгийн дунд эрэгтэй хүний цогцос байх ба №57 гэж дугаарлан үзлэг хийхэд ертөнцийн зүгээр баруун зүгт толгойны хэсэг нь харсан байрлалтай, биеийн ерөнхий байрлал ар нуруугаараа хэвтэж цээжин хэсэг дээшээ харсан байрлалтай, хөлөө ертөнцийн зүгээр зүүн урагш 2 хагас нугалсан, цогцосны царай харалсан, цээжин хэсэгт гадуур өмссөн хувцасыг дээш татсан, хэвлийн хэсэг нь ил гарсан, доогуураа хар өнгийн өмдтэй, хөлдөө хүрэн үдээстэй гуталтай, хөлдөө хүрэн өмгийн оймстой, цээжин хэсэгтээ улаан өнгийн хүрэмтэй, хэвлий орчим харалсан, зүүн талын цээжин хэсэгт ил харагдах хөндлөн маягийн шархтай, шархны ойр орчим нь улайж харалсан, шархны орчимд олон тооны ялаа сууж өтсөн, цогцост ойртож очиход өмхий гэмээр үнэр гарч байлаа, цогцосны ойр орчимд үзлэг хийхэд ертөнцийн зүгээр зүүн талын барилгын суурины урд хэсэгт шар өнгийн иштэй хутга байсныг №59 гэж дугаарлан үзлэг хийхэд 9.5 см урт, 1.8 см өргөн хэмжээтэй байсныг эд мөрийн баримтаар хураан авав. Ертөнцийн зүгээр хойд талд нь байрлах №59 дугаар хэсэгт шар өнгийн хутга байсныг №56 гэж дугаарлан үзлэг хийхэд нийт урт нь 27.5 см, ажлын хэсгийн урт нь 13.5 см, өргөн нь 3.2 см хэмжээтэй байсныг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 4-17 тал/,

 

            Хойшлуулшгүй тохиолдолд эд зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1 хх-ийн 18-19 тал/,

 

            2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн прокурорын хойшлуулшгүйгээр явуулсан ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 21-22 тал/,

 

            Цогцост үзлэг хийсэн “...Цогцос нь 164 см урттай, толгойдоо 14 см ардаа боосон хар өнгийн үстэй, нүүр, толгой, хүзүүний хэсэг ялзарч хар хүрэн өнгөтэй болсон, ам хагас ангайсан, хэл ялзарч хөөж цухуйсан, 2 чихний дэлбэн нялцарсан, чихний сувагт жижиг цагаан өнгийн өтнүүд бөөгнөрсөн, зүүн бугалганы гадна дээд хэсэгт тэгшихэн зах ирмэгтэй 5.5x2.5 см ангайсан, булчин зөөлөн эд нь ил гарсан шархтай, цээжний зүүн урд хэсэгт эгэмнээс доош 10 см зайд эгэмний дунд шугамаар байрласан зүүн дээшээ ташуу тэгш зах ирмэгтэй 4 см урт 1 см ангайсан гүн шархтай, дээд уруулын баруун хажуу талд ташуу байрласан 5 см зүсэгдсэн шархтай, 2 хөлний тавхайн арьс зөөлөрч үрчийсэн, мөчүүд бүтэн, хүүрийн толбо ялзралтаас ялгагдахгүй, цээжний урд хэсэг, 2 хажуу хэсэг, цавь, баруун зүүн гуяны дотор хэсэг ногоорч ялзарсан байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 хх-ийн 23-27 тал/,

 

            Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 28-34 тал/,

 

            Цогцос олдохоос өмнө хэргийн газар очиж зураг авсан гэх Л.А-н гар утсанд үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой эхний хоёр зургийг тус гар утасны скрийншот функцээр бэхжүүлэн авав. ...Тус гар утасны Phone цэс рүү орж Audio гэх цэсийг сонго орж Recent цэсээс дуудлага ирсэн, гарсан зургийг тухайн гар утсанд татаж авч компьютерт хуулбарлан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 35-40 тал/,

 

            Цогцос олдохоос 9 хоногийн өмнө хэргийн газарт очиж зураг авсан гэх Э.Б-н гар утсанд үзлэг хийсэн “...хэрэгт ач холбогдолтой эхний долоон зургийг гар утасны usb оролтоор компьютерт хуулбарлан авав. ...Тус гар утасны Phone гэх цэсийг сонгон орж Logs цэс рүү орж дуудлага ирсэн гарсан зургийг компьютерт хуулбарлан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 41-48 тал/

 

            Шүүгдэгч Ө.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 49-54 тал/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөрийн талаар өгсөн баримтууд /1 хх-ийн 58-79 тал/,

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний мэдэхээр 20 орчим жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа. Харин гудамжинд гарч тэнэмэл байдлаар архи ууж байгаа нь 8 орчим жил болж байна. ...Миний ах М нь 1978 онд Н-н 4 дэх хүүхэд болж төрөөд 10 жилийн сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшээд түүнээс хойш олдсон хар бор ажлаа хийгээд барилгын засал чимэглэл хийж амьдралаа залгуулж байгаад Ч гэх хүнтэй танилцаад дундаасаа 2 хүүхэдтэй болоод архинд ороод ерөнхийдөө бол хоорондоо хамааралгүй болсон. ...Миний санаж байгаагаар хамгийн сүүлд над дээр ирж хоночихоод явахаасаа өмнө нь 1 удаа ирэхдээ эмэгтэй дагуулчихсан ирээд манай эхнэр болж байгаа хүн гэж хэлээд танилцуулж байсан... “ гэх мэдүүлэг /1 хх-ийн 85-87 тал/,

 

Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн өдөр 04-р сарын 22-ны өдөр болдог бөгөөд урьд өдөр нь буюу 2020 оны 04-р сарын 21-ний өдөр Мт, Б, Х бид 4 гадуур шил лааз түүж явж байгаад орой нар жаргаж байх үед буюу багцаагаар 20 орчим цагийн үед Гранд плаза төвийн баруун талд байх оромжиндоо ирсэн. Энэ үед М, Б нар нь архи уучихсан байсан бөгөөд шил лааз түүж явахдаа Барс зах дээрээс 6,000 төгрөгөөр худалдаж авсан байсан 0,75 литрийн шилтэй архи авчихсан байсан тул би архийг тойруулсан. Энэ үедээ бид нар хоорондоо өдөр болсон асуудлынхаа талаар ярьж сууж байтал М нь архиндаа улам согтоод сэрээ гаргаж гартаа барьчихаад Б ахад хандаж чамайг сэрээний аль талаар нь шаах юм гээд байсан. Энэ үед нь би ямар нэгэн зүйл бодоогүй. М нь яагаад Б ахад хандаж сэрээ гаргаж шаах талаар ярьсан гэхээр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны орой гэнэт М, Б нар нь маргалдаад  нь М-н заамнаас нь 2 гараараа барьж байгаад толгой руу нь ямарч байсан 3-5 удаа мөргөж зодсон. Үүнээс болж М нь согтсондоо Б ахыг сэрээгээр шаана гээд байсан. Нэг мэдсэн чинь М ах цагаан өнгөтэй хутга баруун гартаа барьчихсан зогсчихсон, Б нь зүүн гар талд нь газраар сууж байсан. Тэгтэл Б ах Мс хутгыг нь булааж авч баруун гартаа хутганы үзүүрийг доош харуулж бариад шууд М руу дайрч ямар ч байсан 2-3 удаа нуруун тус газар нь хатгасан. Энэ үед М нь дээшээ хараад хэвтсэн чинь цээж рүү нь буюу зүрхний орчимд нь 1 удаа хамгийн сүүлд хатгачихаад хутгыг гараараа хол шидээд яваад өгсөн. Харин М нь ямар ч хөдөлгөөн байхгүй, сонин амьсгалж байсан. Энэ үед хажууд нь очиж чагнаж үзэхэд амьсгалж байсан бөгөөд Х эгчээс одоо яах вэ  гэж асуусан чинь наадах чинь гайгүй байлгүй дээ гэж байсан. Миний бодлоор Х нь Б ахыг өмөөрөөд байх шиг байсан. Энэ үйл явдал багцаагаар 22-23 цагийн үед болсон тухайн үед автобус зогсчихсон хөдөлгөөн багасчихсан байсан. ...2-3 хоногийн дараа Х 00000000 дугаарын утас руу өөрийн 0000000 дугаарын утаснаас залгаж яриад хаана байгаа талаар асуухад эгч нь Тахилтын Есүсийн төвд байж гэхээр нь М-н цогцосыг яасан бэ гэж асуусан чинь Б-тай уулзаад бид хоёр М-н цогцосыг боогоод барилгын суурь луу хаяж дээрээс нь хог хаячихсан гэж хэлсэн. ...М нь Б-г цохиж зодсон зүйл огт байхгүй. Харин архи уучихсан үедээ согтуурхаад сэрээ бариад хаана чинь шаах вэ гэх мэтээр ярьж байгаад сүүлдээ хутга барьчихсан юм. Тэгтэл хутгыг нь Б булааж аваад дарж байгаад 3-5 удаа хутгалсан. Тэгтэл М нь дээшээ хараад хэвтсэн чинь зүрхний орчим нь нэг удаа хамгийн сүүлд хутгалаад хутгаа хол шидээд яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 88-89 тал/,

 

Гэрч Р.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 22 ны өдөр Г төрсөн өдөр байсан. Үүнээс өмнөхийг тооцоолж үзэхэд 2020 оны 4 дүгээр сарын 19-ний орой М, Б буюу Б 2 хоорондоо юунаас ч болсон бүү мэд гэнэт зодолдсон. Б нь М-г заамдаж байгаад нүүр рүү нь мөргөөд байсан. Энэ үед нь Г бид 2 салгаад бүгдээрээ унтацгаасан юм. Маргааш өглөө нь буюу 2020 оны 4 дүгээр сарын 20 ны өдөр М-н нэг нүд нь хөхөрчихсөн байсан. Яг аль нь нүд нь хөхөрсөн байсан талаар санахгүй байна. Бид нар гадуур явж шил лааз түүж байгаад орой оромж дээрээ ирээд архи уусан бөгөөд архи болон түүсэн шил лаазнаас болж маргалдахад Б нь миний цээжнээс 2 гараараа барьж байгаад шууд толгой, нүүр хэсэг рүү 2 удаа мөргөсөн. Зүүн талын нүд хөхөрч, үүдэн дээд талын 2 шүд хөдөлсөн юм. Энэ үед   нь салгасан. Тухайн үед М байхгүй байсан бөгөөд Баяржаргал намайг зодсоныг мэдээд  нь уурлаад байсан. Ингээд бид нар унтацгаасан юм. 2020 оны 4-р сарын 21-ний өглөө 05 цагийн үед босч гадуур шил лааз түүж байгаад 08 цагийн үед ирсэн чинь М нь гараад явчихсан Г, Б нар нь унтаж байхаар нь босгож Б, Г бид 3 хамтдаа Хархорин зах руу явж замдаа шил лааз түүж тушаачихаад ирэхдээ 0,75 литрийн 6,000 төгрөгний үнэтэй Хандгай нэртэй архийг Барс худалдааны төвийн орчимоос аваад Гранд плаза төвийн баруун талд байх оромжиндоо гадаа харуй бүрий болж байхад ирсэн. Энэ үед М ирээгүй байхаар нь хоол хийгээд байж байтал М ганцаараа архи уусан байдалтай ирсэн. Ингээд бид 4 нийлж архийг тойруулж авчирсан архиа ууж дуусахаас нь өмнө буюу дэлгүүр хаахаас өмнө гээд Машбат нь мөнгө гаргаж ирээд 500 төгрөг нэмчихвэл 1 шил архи авах гээд байна гэхээр Г нь 500 төгрөг гаргаж мөнгө өгч Б-г архинд явуулан архи авчирсан. Бид нар бол Хандгай, Сэржим нэртэй хямд үнэтэй архи авч уудаг. Б-н авчирсан архийг ууж байгаад ундааны саванд авч үлдсэн юм. Архи ууж байтал М нь Б-г ална гэх мэтээр яриад байсан энэ үедээ шовог гаргаад байхаар нь Б нь булаагаад авчихсан чинь М нь ханцуйнаасаа хутга гаргаж ирэхээр нь М-с Б хутгыг булааж аваад 2-3 удаа ямар ч байсан цээж нүүр рүү нь цохих шиг болсоны дараа хойд зүгт хутгыг шидсэн. …2020 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө оромжин дээрээ ирж би байшин хорооллын орчимд үлдээд Бхашаа руу буюу оромж руу орж 30 гаран минутын дараа гарч ирэхдээ ямар ч байсан хүн олохгүй газар хийчихлээ хутгаа хайгаад олсонгүй гэж байсан. ...2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баяржаргал нь М-г зодсоноос болж 2020 оны 4 дүгээр сарын 21-ний орой архи уухдаа М нь зодуулсандаа л хутга гаргаж харин хутгыг нь Б булааж авч хутгалах болсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 90-91 тал/,

 

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хашаа хороогоо цэгцэлж, хогоо цэвэрлэ гэсэн захирамжийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэр Гранд плаза төвийн баруун талд байрлах өөрийн эзэмшлийн суурь нь босчихсон хашааг цэвэрлэхээр болсон. ...Алтай над руу өөрийнхөө 0000000 дугаарын утаснаас миний 000000 дугаарын утас руу 16 цаг 30 минутын орчимд залгаад танай барилгын хогон дотор цагаан зарлалын самбараар ороосон цогцос байна, толгойных нь үс харагдаад байна ...” гэхээр нь би за одоо би очлоо гэж хэлээд охиноо том охиндоо үлдээчихээд дүү Э  дугаарын утсаар дуудаад явах замдаа 19001109 рүү залгаад Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн утасны дугаарыг авахаар залгатал 00000000 гэсэн дугаар өгөхөөр нь би тухайн дугаар руу залгахад "... та битгий цогцсыг хөдөлгөөрэй. Эрэгтэй хүн байна уу? эмэгтэй хүн байна уу? асуухаар нь “...Би ойртоогүй, хөдөлгөөгүй ах нь очоогүй байна...” гэж хэлсэн. Тэгтэл та битгий яваарай наанаа байж байгаарай гэхээр нь заа гэж хэлсэн чинь удаагүй цагдаагийн жижиг алга машин ирсэн. Түүний дараа Нийслэлийн эрүүгийн цагдаагийн албаны хүмүүс цагдаа нартай ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92-94 тал/,

 

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 16 цагийн орчимд Гранд плаза дэлгүүрийн баруун талд залгаа байрлалтай төмөр бор хашаанд очсон. Уг хашаан дотор барилгын хундам цутгалттай, карказан арматур босгосон, барилга барьж байгаа байдалтай байсан. Б бид хоёр хашаан доторх барилгын хаягдал хогийг цэвэрлэх ёстой байсан. Улмаар хашааны зүүн талаас нь баруун тал руу хог хаягдлыг бөөгнүүлээд явж байгаад хашааны баруун урд талын хэсэгт цутгасан хундаамны хөндий хэсэгт нь хог хаягдлаа хаячихсан байдалтай ил харагдахаар нь би хогийг доороос нь аваад Б-д өгч байсан. Энэ үед тухайн хогон дунд цагаан өнгөтэй хэмжээг нь мэдэхгүй байна, том хэмжээтэй самбарын аануус байхаар нь татаад дээш нь гаргачихъя гээд татсан. Тэгтэл дийлдэхгүй байсан бөгөөд Б бид хоёр хүчтэй угзарч татаад нэг үзүүрийг нь дээд талд гаргахад доод талд нь хар өнгийн куртик харагдахаар нь тухайн куртикыг авчихъя гэж бодоод сөхтөл хүний үс шиг зүйл харагдсан. Тэгэхээр нь би хүн байна гэж бодоод сандраад тухайн газраас холдоод мастер А-н 0000000 дугаарын утас руу өөрийн 0000000 дугаарын утаснаас залгаад “Мастераа энд чинь нэг боодолтой хүн шиг юм байна, үс харагдах шиг боллоо. Би айгаад гараад ирлээ” гэж хэлсэн. 20 минут орчмын дараа мастер А хүрч ирэхээр нь би “тэр нүхэн дотор хүний үс шиг зүйл байна, тэгээд би айгаад гараад ирлээ” гэдгийг хэлэхэд А тухайн барилгыг хариуцаж байгаа хүн рүү залгаж хэлээд Б бид хоёрыг “Та хоёр ажил руугаа явж бай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96-97 тал/,

 

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд плазагийн баруун талд хоосон хашаанд очсон. Бид хоёр хашааг цэвэрлэж байхад баруун буланд баахан хог байхаар нь очоод дээд хэсгийн хогийг нь авч хаяаад урт рекламны ороочихсон цаас байхаар нь бид хоёр дээд доод талаас нь татсан чинь дотроос нь хөнжилд ороочихсон хүний үстэй толгой цухуйсан юм. Тэгээд мастер А руу утасдаж хүн нас барчихсан  байна гэхэд “за за тэгвэл боль боль” гэж хэлсэн. Тэгээд удалгүй мастер ирээд бид хоёрыг яв яв гээд О бид хоёр ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 99-100 тал/,

 

Гэрч Л.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би Гранд плаза төвийн баруун урд талд очиход Г.О, Ц.Б нар зогсож байхаар нь юу болсон талаар асуусан чинь хашааны баруун урд орчимд их хог байсан. Хогийг цэвэрлэж байхад нэг ананос байхаар нь нэг өнцгөөс нь бариад татаад байтал хөврөж байснаа хүний үстэй толгой гараад ирэхээр нь айгаад тэр чигт нь хаяад гарч ирлээ гэсэн. Миний хувьд дотогш орж хараагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-103 тал/,

 

Гэрч Н.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н М нь баруун талын шанаа хэсэгтээ том булдруутай, үсээ хойш нь боодог, намхан нуруутай, дунд зэргийн махлаг, байнга үүргэвчтэй явдаг, 40 орчим насны хүн байдаг. Нэг охинтой гэж ярьдаг. Ихэвчлэн Яармагаас ирлээ гэж ярьж байдаг бөгөөд бусад архи уудаг хүмүүсээс илүү цэвэрч, цэвэрхэн хувцасладаг. ...Сүүлийн нэг сарын хугацаанд цэг дээр ирээгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Б гэх хүн нь ганцаараа манай цэг дээр ирээд явж байгаа. Б асуухаар “нөгөө гурваа мэдэхгүй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 135-136 тал/,

 

            Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.О-н 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1226 “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрхэн тус газарт нь хутгалж, зүүн урд талд цээжний хөндийд нэвтэрч зүрх, үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, дээд уруул, зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Х.М-н бие цогцост тогтоогдсон цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхийг гэмтээсэн шарх нь шууд үхэлд хүргэсэн байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь 6,0% спиртийн агууламж илрэв гэсэн хариу ирүүлсэн байна. Энэ нь хүнд зэргийн согтолтонд хамаарна. Х.М-н бие цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг өвчин тогтоогдохгүй байна. Цус нь АВО-н системээр АII-р бүлэгтэй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 183-190 тал/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 631 дугаартай “...Ө.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.Б нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Ө.Б нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Ө.Ба нь хэрэг хариуцах чадвартай байна. Ө.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ө.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 214-215 тал/

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 662 дугаартай “...Р.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй... ...Р.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 217-219 тал/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 685 дугаартай “...Э.Г нь сэтгэцийн хувьд f70.0 оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй байна. Э.Г нь хэрэг үйлдэгдэх цаг хугацааны үйл явдлыг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Э.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /1 хх-ийн 221-222 тал/,

 

Шүүгдэгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. ...Гадаа харанхуй болчихсон байх үед Х, М, Б бид 4 нийлээд 0.75 литрийн Сэржим гэх шошготой архи 1 ширхэгийг хувааж ууж дуусгачихаад байж байтал  куртикнийхээ баруун ханцуйнаас цагаан ч бил үү шаргал ч бил үү өнгийн иштэй том балиус хэлбэрийн хутга гаргаж ирээд “чамайг алчихна шүү”  гээд хэлээд над руу хутгаараа чичихэд нь би бага зэрэг хажуу тийшээ болоход баруун гарын булчингийн гадарга хэсгээр гүн зүсэгдсэн. Тэгэхэд нь би М-йн хутгыг арнаас булааж аваад баруун гартаа хутгаа барьж байгаад хүчтэй хатгах үед зүүн гар талын булчингийн гадна зүсэгдэж зүрхэн талын хэсэгт хатгагдсан. Би нэг удаа хатгачихаад барьж байсан хутгаа урд талын хундаам цутгасан, хог, шарилж болсон хэсэг рүү шидчихээд шууд тэндээсээ гараад явчихсан...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 242-246 тал/ зэрэг нотлох баримтууд хамаарна.

 

Мөн шүүгдэгч Ө.Б-н хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.Б нь зан байдлын хувьд төлөв даруу, тайван, зөөлөн зантай, ажилсаг, тусархуу хүн гэхдээ заримдаа үе үе огцом их уурлаад байдаг. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ их ширүүн зантай болдог...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 169-171 тал/, гэрч Г.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б нь зан байдлын хувьд огцом ууртай, тайван зантай...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 172-174 тал/, асап сангийн лавлагаа /2 хх-ийн 10-18 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 19 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд / 2 хх-ийн 22-24, 26-27, 29-30, 34-35, 40-45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 50 тал/, амь хохирогчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...1999 онд Э гэх хүнтэй танилцаж ханилаад 2000 онд дундаасаа Б гэх хүүтэй болсон. Мөн 2002 онд дундаасаа А гэх охинтой болсон. Улмаар 2004 онд хоорондоо архинаас болж маргалдаад салцгаасан. 2006-2018 оныг хүртэл Нгэх хүнтэй амьдарч байгаад салчихлаа гэж надад хэлсэн. ...Хоёр дахь эхнэртэйгээ нийлээд дундаасаа хүүхэд гаргаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 163-165 тал/, гэрч А.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 1999-2005 оныг хүртэл цуг ханилж амьдраад дундаасаа хүү, охинтой болсон. Надтай цуг амьдарч байх хугацаандаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Миний ажиллаж байсан компанид туслахаар орж танилцаж байсан бөгөөд  нь ажил хийж олсон мөнгөө замбараагүй үрдэг эсхүл архи уудаг байсан. Тэгээд энэ байдлаас болоод бид хоёрын хооронд маргаан гараад би салмаар байна гэж хэлэхээр нэг өдөр ямар нэгэн хэл чимээгүйгээр шууд хаяад явчихсан. ...Би болон хүүхдүүд М 2005 оноос хойш дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 176-177 тал/, гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ерөнхийдөө 2 дахь эхнэрээсээ салснаас хойш тэнэмэл амьдралтай болсон. Би 2020 оны 3 сард уулзалдсан бөгөөд тухайн үедээ бол над дээр эрүүл саруул ухаантай, асрамжийн төвд 3 сарын хугацаагаар биеэ эмчлүүлж байгаад ирлээ гэж хэлсэн. Мөн манай гэрт ирээд Есүс Христийн шашин шүтэж байгаа гэж хэлээд Библи гэх ном бариад явж байсан. Миний өөрийн төрсөн ахыг бусдын гарт алдсан мөн өөрийн дүүг алдчихлаа. Тийм учраас гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 тал/ зэрэг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

         Шүүхийн дүгнэлт:

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 21-ний орой Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” төвийн баруун талын барилгын хашаанд хохирогч Н.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар зүрхэн тус газарт нь хутгалж алсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Тодруулбал, хэрэг учрал болох үед шүүгдэгч, амь хохирогч нартай хамт байсан гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нэг мэдсэн чинь М ах цагаан өнгөтэй хутга баруун гартаа барьчихсан зогсчихсон, Б нь зүүн гар талд нь газраар сууж байсан. Тэгтэл Б ах Мс хутгыг нь булааж авч баруун гартаа хутганы үзүүрийг доош харуулж бариад шууд М руу дайрч ямар ч байсан 2-3 удаа нуруун тус газар нь хатгасан. Энэ үед М нь дээшээ хараад хэвтсэн чинь цээж рүү нь буюу зүрхний орчимд нь 1 удаа хамгийн сүүлд хатгачихаад хутгыг гараараа хол шидээд яваад өгсөн. Харин М нь ямар ч хөдөлгөөн байхгүй, сонин амьсгалж байсан...” гэж /1 хх-ийн 88-89 тал/, гэрч Р.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Архи ууж байтал Машбат нь Б ална гэх мэтээр яриад байсан энэ үедээ шовог гаргаад байхаар нь Б нь булаагаад авчихсан чинь М нь ханцуйнаасаа хутга гаргаж ирэхээр нь Машбатаас Б хутгыг булааж аваад 2-3 удаа ямар ч байсан цээж нүүр рүү нь цохих шиг болсоны дараа хойд зүгт хутгыг шидсэн…” /1 хх-ийн 90-91 тал/ гэж тус тус болсон үйл явдлын талаар буюу шүүгдэгч Ө.Б амь хохирогч Н.М-г 2-3 удаа хутгалсан гэдгийг тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээр нь хэрэг үйлдэгдэх цаг хугацааны үйл явдлыг ухамсарлан ойлгох чадвартай, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай субъектүүд болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 662, 685 дугаартай дүгнэлтүүдээр нотлогджээ.

 

Мөн хэргийн нэг дэх хавтасны 183-190 дэх талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.О-н 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1226 дугаартай дүгнэлтээр талийгаачийн үхлийн шалтгааныг тогтооход талийгаачийн зүрхэн тус газарт нь хутгалж, урд талд цээжний хөндийд нэвтэрч зүрх, үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, дээд уруул, зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байх ба дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.  

 

Түүнчлэн, гэрч Э.Г “...М-н цогцосыг боогоод барилгын суурь луу хаяж дээрээс нь хог хаячихсан гэж хэлсэн...” гэх, гэрч Р.Х “...2020 оны 4 дүгээр сарын 23-ны өглөө оромжин дээрээ ирж би байшин хорооллын орчимд үлдээд Б хашаа руу буюу оромж руу орж 30 гаран минутын дараа гарч ирэхдээ ямар ч байсан хүн олохгүй газар хийчихлээ хутгаа хайгаад олсонгүй гэж байсан...” гэх, гэрч Э.Бн “...Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хашаа хороогоо цэгцэлж, хогоо цэвэрлэ гэсэн захирамжийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Гранд плаза төвийн баруун талд байрлах өөрийн эзэмшлийн суурь нь босчихсон хашааг цэвэрлэхээр болсон. ...А над руу өөрийнхөө 00000000 дугаарын утаснаас миний 0000000 дугаарын утас руу 16 цаг 30 минутын орчимд залгаад танай барилгын хогон дотор цагаан зарлалын самбараар ороосон цогцос байна, толгойных нь үс харагдаад байна гэсэн...” гэх, гэрч Д.О-н “...Бид 16 цагийн орчимд Гранд плаза дэлгүүрийн баруун талд залгаа байрлалтай төмөр бор хашаанд очсон. ...хашааны баруун урд талын хэсэгт цутгасан хундаамны хөндий хэсэгт нь хог хаягдлаа хаячихсан байдалтай ил харагдахаар нь би хогийг доороос нь аваад Б-д өгч байсан. Энэ үед тухайн хогон дунд цагаан өнгөтэй хэмжээг нь мэдэхгүй байна, том хэмжээтэй самбарын аануус байхаар нь татаад дээш нь гаргачихъя гээд татсан. Тэгтэл дийлдэхгүй байсан бөгөөд Б бид хоёр хүчтэй угзарч татаад нэг үзүүрийг нь дээд талд гаргахад доод талд нь хар өнгийн куртик харагдахаар нь тухайн куртикыг авчихъя гэж бодоод сөхтөл хүний үс шиг зүйл харагдсан. Тэгэхээр нь би хүн байна гэж бодоод сандраад тухайн газраас холдоод мастер А-н 0000000 дугаарын утас руу өөрийн 0000000 дугаарын утаснаас залгаад “Мастераа энд чинь нэг боодолтой хүн шиг юм байна, үс харагдах шиг боллоо. Би айгаад гараад ирлээ” гэж хэлсэн…” гэх, гэрч Ц.Б-н “...Бид хоёр хашааг цэвэрлэж байхад баруун буланд баахан хог байхаар нь очоод дээд хэсгийн хогийг нь авч хаяаад урт рекламны ороочихсон цаас байхаар нь бид хоёр дээд доод талаас нь татсан чинь дотроос нь хөнжилд ороочихсон хүний үстэй толгой цухуйсан юм...” гэх, гэрч Л.А-н “...Юу болсон талаар асуусан чинь хашааны баруун урд орчимд их хог байсан. Хогийг цэвэрлэж байхад нэг ананос байхаар нэг өнцгөөс нь бариад татаад байтал хөврөж байснаа хүний үстэй толгой гараад ирэхээр нь айгаад тэр чигт нь хаяад гарч ирлээ гэсэн...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ө.Б нь хэрэг учрал болсон цаг хугацааны дараа гэмт хэргээ нуун далдалж, амь хохирогч Н.М-н цогцосыг боогоод Баянгол дүүргийн 2 хорооны нутаг Гранд плаза төвийн баруун талд байрлах барилгын суурь хог руу хаясан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

   Дээрх гэрч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 1226 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...би гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хутгалсан нь үнэн. Миний буруу, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь агуулгын хувьд өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тухайн нотлох баримтуудыг хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоосон болно.

 

Иймд прокуророос шүүгдэгч Ө.Б-г амь хохирогч Н.М-н зүрхэн тус газарт нь хутгалж, зүүн урд талд цээжний хөндийд нэвтэрч зүрх, үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, дээд уруул, зүүн гарын бугалганд зүсэгдсэн шарх гэмтэл учруулан хүнийг алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, “Хүнийг алах” гэмт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

        Монгол улсын Үндсэн хуулийн 16.1 дүгээр хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж заасан хүний амьд явах халдашгүй эрхийг зөрчиж Н.М-н амь насыг хохироосон шүүгдэгчийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх үүрэгтэй.

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирол нь Н.М-н амь нас хохирсон байдал ба үүнтэй холбогдон гарах бусад зардал нь хор уршигт тооцогдоно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирол төлбөрийн талаар /1 хх-ийн 58-79 тал/ нотлох баримтуудыг гарган өгсөн байх ба нийт 3.550.345 төгрөгийг хор уршигт тооцон нэхэмжилсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн дээрх баримтуудад 1.380.000 төгрөгийн баримт давхардсан байх тул нэхэмжлэлийн шаардлага 3.550.345 төгрөгнөөс хасч үлдэгдэл 2.170.345 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь хэргийн 1 дүгээр хавтас хэргийн 58 дахь талд захиалгын хуудас баримтаар оршуулгын зардал 1.580.000 төгрөгнөөс 200.000 төгрөг урьдчилгаанд төлж, 67 дугаар талд буяны цогц үйлчилгээний үлдэгдэл төлбөр 1.380.000 төгрөгийг төлсөн байхад 58 талд авагдсан баримтыг бүхэлд нь 1.580.000 төгрөгөөр тооцож 3.550.345 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгааг зөвтгөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ө.Б-с 2.170.345 гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-д олгохоор шийдвэрлэв.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Ө.Б-г хохирол төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл завсарлуулав.

 

Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгч Ө.Б-с хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-д 1.500.000 төгрөг төлж, үлдэгдэл хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-н 5747042333 дугаарын дансаар сар бүрийн 1-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон тухай баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд гарган өгсөн учир шүүгдэгч Ө.Б-с үлдэгдэл 670.345 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Б нь “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.  

 

           Шүүгдэгч Ө.Б нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ө.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ө.Б нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Ө. нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. Ө.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. Ө.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ө.Б мнь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэх  дүгнэлтээр нотлогдож байна.

Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ө.Б-н хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон 10 жил 1 сар хорих ял нь шүүгдэгч Ө.Б-н үйлдсэн гэмт үйлдэлд тохирно гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

           

        Шүүгдэгч Ө.Б-д хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө. цагдан хоригдсон 95 /ерөн тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн пивор бариултай ир хэсэг нь хөрөө шиг барзгар хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай бариул дээрээ 2 ширхэг товчтой богино хутга 1 ширхэг нь энэ хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Харин бусад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн синтомицины эмульс гэсэн бичигтэй тос мэт зүйл 1 ширхэг, хүрэн өнгөтэй эрэгтэй хүний түрүүвч 1 ширхэг, жи мобайлын 0000000 дугаарын тэмдэглэлтэй сим картны үүр 1 ширхэг, ногоон өнгөтэй ямар нэгэн бичиглэл тэмдэглэл байхгүй юнитэлийн сим картны үүр 1 ширхэг, монгол караоке 00000000 гэсэн бичигтэй шаргал өнгийн карт 1 ширхэг, авто линик гэсэн бичиглэлтэй япон авто сэлбэгийн худалдаа гэсэн карт 1 ширхэг, ........... дугаартай аютобусны улаанбаатар смарт карт 1 ширхэг,          сериал дугаартай 1,000 төгрөгний юнитэлийн карт 1 ширхэг жигүүр карс 00000000 дугаартай карт 1 ширхэг, 218204 сериал дугаартай ТЭС ШТС-ын карт 1 ширхэг, 000000000 сериал дугаартай юнитэлийн 1,000 төгрөгний карт 1 ширхэг, хоросол 200мг 1 ширхэг, 00000000 сериалтай 50 төгрөг 1 ширхэг, AN0600332 сериал дугаартай 10 төгрөг 1 ширхэг, 00000000 сериал дугаартай 1 төгрөг 1 ширхэг, 10 ширхэг хятад улсын мөнгөн дэвсгэрт, 500 гэсэн бичиглэлтэй орос улсын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, мөнгөлөг гэсэн бичиглэлтэй бэлгэвч 3 ширхэг, шар өнгөтэй ханз бичигтэй 1 ширхэг бэлгэвч, шар өнгөтэй металл 4 ширхэг цамцны товч, 20,000 төгрөгний зураглалтай түлхүүрийн оосор 1 ширхэг, цаасан аяга 1 ширхэг, BestCup гэсэн бичигтэй сав 1 ширхэг, саарал өнгийн бүтээлгээс хайчилсан 3х5 см хэмжээтэй даавуу 1 ширхэг Шыбарайгар овгийн Ш.Е-н /тя00000000/-н иргэний үнэмлэх 1 ширхэг, эвдэрхий хумсны хутга 1 ширхэг зэрэг нь тухайн хэрэгт хамааралгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч хэрэгт ач холбогдолгүй дээрх эд зүйлсийг буцаан авах тухай санал гаргасан тул улсын яллагчийн саналыг шүүх хүлээн авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээрх эд зүйлсийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаан хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Ө-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-г 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-н цагдан хоригдсон  95 /ерөн тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-с 670.345 /зургаан зуун далан мянга гурван зуун дөчин тав/-н төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Г-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн пивор бариултай ир хэсэг нь хөрөө шиг барзгар хутга 1 ширхэг, шар өнгийн бариултай бариул дээрээ 2 ширхэг товчтой богино хутга 1 ширхэгийг тус тус устгаж, Синтомицины эмульс гэсэн бичигтэй тос мэт зүйл 1 ширхэг, хүрэн өнгөтэй эрэгтэй хүний түрүүвч 1 ширхэг, жи мобайлын 00000000 дугаарын тэмдэглэлтэй сим картны үүр 1 ширхэг, ногоон өнгөтэй ямар нэгэн бичиглэл тэмдэглэл байхгүй юнитэлийн сим картны үүр 1 ширхэг, монгол караоке 00000000 гэсэн бичигтэй шаргал өнгийн карт 1 ширхэг, авто линик гэсэн бичиглэлтэй япон авто сэлбэгийн худалдаа гэсэн карт 1 ширхэг, 000000000000000 дугаартай аютобусны улаанбаатар смарт карт 1 ширхэг, 00000000000 сериал дугаартай 1,000 төгрөгний юнитэлийн карт 1 ширхэг жигүүр карс 00000000 дугаартай карт 1 ширхэг, 0000000000 сериал дугаартай ТЭС ШТС-ын карт 1 ширхэг, 00000000 сериал дугаартай юнитэлийн 1,000 төгрөгний карт 1 ширхэг, хоросол 200мг 1 ширхэг, AJ5749958 сериалтай 50 төгрөг 1 ширхэг, AN0600332 сериал дугаартай 10 төгрөг 1 ширхэг, AD6982635 сериал дугаартай 1 төгрөг 1 ширхэг, 10 ширхэг хятад улсын мөнгөн дэвсгэрт, 500 гэсэн бичиглэлтэй орос улсын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, мөнгөлөг гэсэн бичиглэлтэй бэлгэвч 3 ширхэг, шар өнгөтэй ханз бичигтэй 1 ширхэг бэлгэвч, шар өнгөтэй металл 4 ширхэг цамцны товч, 20,000 төгрөгний зураглалтай түлхүүрийн оосор 1 ширхэг, цаасан аяга 1 ширхэг, BestCup гэсэн бичигтэй сав 1 ширхэг, саарал өнгийн бүтээлгээс хайчилсан 3х5 см хэмжээтэй даавуу 1 ширхэг Шыбарайгар овгийн Ш-Е-н /тя00000000/-н иргэний үнэмлэх 1 ширхэг, эвдэрхий хумсны хутга 1 ширхэгийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаан хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.БОЛОРТУЯА

           

                       ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ

                       

                        ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ