Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 975

 

 

 

 

 

           

 

2020            09               07                                           2020/ШЦТ/975

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга О.Б,  

            Улсын яллагч Н.У,   

            Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-гийн Чимгээд холбогдох 2008 01638 1157 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт :  

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр Сэлэнгэ аймгийн Бугант суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горький 22 дугаар гудамжны 849 тоотод бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 9-339 тоотод оршин суух, Урьд Сонгинохайрхан  дүүргийн 2019 оны 11 дүгээр сарын сарын 25-ний өдрийн 1251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б  овогт Б-гийн Ч /Регистрийн дугаар: /РД;................/        

            Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд бичсэнээр/    

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хангайн 34-9 тоотод оршин суух хохирогч Б.Б-ын байнга амьдрах монгол гэрт нэвтэрч, самсунг А-40 маркийн гар утас, самсунг вайт-2 гар утас, хоньны мах, бугуйн цаг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж  430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

   

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хангайн 34-9 тоотод оршин суух хохирогч Б.Б-ын байнга амьдрах монгол гэрт хууль бусаар нэвтэрч, самсунг А-40 маркийн гар утас, самсунг вайт-2 гар утас, хоньны мах, бугуйн цаг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

- хохирогч Б.Б-ын…“2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ унтаж байгаад сэрээд хаалга руу харсан чинь манай гэрийн хаалганы түгжээ мултарсан байхаар нь босоод хаалгаа нээгээд гадаа гарахад гэрийн хоёр бүслүүр тайлаад хаалганы хажуугаар гэрийн цоож нээсэн байсан...Гэрийнхээ эд зүйлээ бүртгэсэн чинь гэрт байх хөргөгчинд байсан хоёр ширхэг хонины гуя, түрүүвчинд байсан 80.000 мянган төгрөг, мөнгөний саванд байсан 20.000 мянган төгрөг, ширээн дээр байсан миний бугуйн цаг, Самсунг А40 маркийн, Самсунг Вайтэ-2 маркийн гар утас зэрэг эд зүйл байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн...Цагдаа хулгай хийсэн камерын бичлэг байна гэхэд тэр эмэгтэй хулгай хийснээ зөвшөөрсөн тухай мэдүүлэг /хх-26/,  

- Тэнцвэр Эстимейт” ХХК-ны үнэлгээ : хулгайлд алдагдсан эд зүйлсийн үнэ 330,000 төгрөг /хх-37-39/,   

- шүүгдэгч Б.Ч-гийн:…Тэр өдөр Т  ахын гэрт бид найзуудын хамт архи уусан...Би гэрлүүгээ харих замдаа гэрийнхээ урд талын айл болох Хайрхан 34-9 тоотын хашаанд орсон ба тэр үед гэрийнх нь хаалганы үүдэнд очсон чинь гэрийн хаалга гаднаа цоожгүй болохоор нь татаж үзсэн гэр нь дотроосоо цоожтой байхлаар нь хаалгыг нээсэн чинь эрэгтэй хүн унтаж байсан ба тэр үед би 1 ширхэг гар утас, түрүүвчийг орны толгой хэсгээс, 2 хонины гуяыг хөргөгчнөөс аваад гарсан...тэгээд зам дагуу явж байсан хүнд зарсан тухай мэдүүлэг.../1х-53, 33/,  

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-43/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.    

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.    

Иймд шүүгдэгч Б.Ч-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас хохирлоо авсан, гомдолгүй тухайгаа бичгээр илэрхийлсэн /х-95/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :   

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн /х-60, 79/ байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан гэж үзэхээр байх тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.       

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.    

Шүүгдэгч нь ам бүл 2, өндөр настай эхийн хамт амьдардаг, тус хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ар гэрийн амьдрал ахуйн болон хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын зарим эх сурвалж хэрэгт авагдан /х-75, 76, 77, 78, 81, 82/ байна.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 01 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял  оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.          

Шүүгдэгч Б.Ч нь 76 настай эх Б.Я-гийн хамт амьдардаг /х-78/ байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар өндөр настан Б.Янжмаад хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй.        

Шүүгдэгч Б.Ч 2020.08.31-ний өдрөөс 2020.09.07-ны өдрийн байдлаар нийт 7 хоног цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, тус хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.             

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :     

 

1. Шүүгдэгч Б.Ч-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-г 01 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Ч-гийн эдлэх 01 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-гийн цагдан хоригдсон нийт 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.          

5. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.       

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.    

7. Шүүгдэгч Б.Ч-гийн эдлэх ялыг 2020 оны 09 сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-гийн ээж Б.Я-д хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай.     

9. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            10.  Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

            11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР