Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/254

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүгдэгч Р.А, 

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Р.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902007240122 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Р.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.А нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Угдай гэх газарт 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаль орчинд 1.233.322 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн ... М, С.Эгэх хоёр айл байдаг юм. Тэр хоёр айл байнгын нөхөн сэргээлт хийж өг гээд шаардаад байгаа юм. Одоо удахгүй тодруулбал 2 дугаар улиралд 4 га газарт нөхөн сэргээлт хийхээр болсон ... Би хэргийн газрын үзлэгийн фото зургийг үзлээ. Мөн тухайн газарт би биеэрээ очиж үзэж байсан. Тухайн газар нь урьд өмнө буюу 2001 оноос хойш гар аргаар алт олборлогч иргэд ухаж байсан эвдэгдсэн газар байсан. Тухайн газарт шинээр газар ухагдаагүй Р.А нь тухайн газрын эвдэгдсэн газар ажиллаж байгаад баригдсан юм билээ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-34/,

Иргэний нэхэмжлэгч Б.Энхтүвшиний мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Хужирт сумруу явж байхдаа зүс таних Амраатай таараад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум руу Угдай гэх газар очоод техникээ буулгаж өгөөд явсан ... ковш 2 ширхэг, экскаватор 1 ширхэг хуурай аргаар шороо угаадаг төхөөрөмж 1 ширхэг 05-07 ӨВО улсын дугаартай портер, цахилгаан мотор үүсгүүр 1 ширхэг, 2 ширхэг гэр байсан. Тухайн техникүүд нь миний техникүүд байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-136/,

Гэрч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Одоо санахад 2013 оноос хойш байх Угдай гэх газар унгалайд трактороос нинжа гэж нэрлэх иргэд орж эхэлсэн. Тэгээд шалгалтын хүмүүс очиход зугтаагаад алга болчихдог юм шиг байгаа юм ... Тэр газар эвдэгдсэн газрын жагсаалтад орсон ... М, Энхбаяр нарын өвөлжөө Угдай гэх газарт байдаг ба анхандаа дуудлага өгдөг байсан ба одоо бол больсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч Б.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Р.А гэдэг залуугийн уурхай гэж бид нарыг Өвөрхангай аймгаас дуудаж бид нарыг Бөмбөгөр суманд ажиллуулахаар авч ирсэн ба бид нар Энхтүвшин гэх Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүний ажилчид байгаа юм. Тус газарт ирснээс хойш буюу 2019 оны 10 сарын 18-ны өдөр л карьер гаргаж ухаж байтал тог гаргагч дизель мотор нь эвдрээд ажил зогссон юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/,

Гэрч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны намар байсан санагдаад байна. Сар өдрийг бол нарийн сайн санахгүй байна. Дээрх дээрх албан тушаалтнууд болон хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Хүрэлсүх нарын хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр Баян-Овоо, Заг, Байдраг, Галуут зэрэг сумуудаар шалгалтаар явсан юм. Дээрх сумуудаар явж байхад Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг болох “Угдай” гэх газарт зөрчил илэрсэн. Тус газар нь сумынхаа наана засмал замын хажуухан талд байсан. Одоо санаж байгаагаар нэг портер, 2 гэр, 1 экскээ, 1 кобш зэрэг нь харагдаж байсан. ... Хувь хүмүүс байсан байх, ямар нэгэн зөвшөөрөлгүй байна гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

            Шүүгдэгч Р.Аын мөрдөн байцаалтанд өгсөн ... Надад тухайн газарт нөхөн сэргээлт явуулах ямар нэгэн зөвшөерөл гэрээ бол байхгүй. Тухайн газарт урьд өмнө унагалдай трактортой хүмүүс алт олборлоод эвдэгдсэн газар байсан юм. Тэгээд тэнд нутагладаг таньдаг Жаргал гэх хүн надад ухагдсан нүх рүү мал унах гээд байна нүхнүүдийг нь дараад өгөөч гэхээр нь би дарж өгсөн юм. Зардлыг өөрөөсөө гаргахаар болсон юм. Тухайн газарт урьд өмнө нь гаргаад овоолсон байсан шороог угаагаад үздэг юм билүү гэж бодсон юм. Гэхдээ угааж чадаагүй, 2 гэр бариад техник хэрэгслээ байрлуулаад газрыг нь түрээд тэгшилж байтал шалгалтын хүмүүс ирсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 93/,

Нуман-Алтай ХХК-ны 2020 оны 03 сарын 15-ны өдрийн 1/09 тоот шинжээчийн ... тухайн эвдэгдсэн талбайн гүнийг мөрдөгчийн олж тогтоосноор 3 м гэж тооцвол тус талбайд учирсан байгаль орчны хохирлын үнэлгээ нь 1.233.322 төгрөг болж байна. Уг эвдэгдсэн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан бөгөөд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн одоо биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна. Эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 37.523 төгрөг болж байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 61-84/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-21/,

Нуман-Алтай ХХК-ны байгаль орчны хохирлын үнэлгээ тооцох шинжээчийн ажлын хөлсний нэхэмжлэлийн хуудас /хх-ийн 85/,

Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 27 тоот албан бичиг, портер маркийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 126-127/,

Эд хөргө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 141-147/,

“Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 332 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 149-151/,

 Шүүгдэгч Р.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 97-98, 100-105/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Р.А нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Угдай гэх газарт 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаль орчинд 1.233.322 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ммөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 135-136/, гэрч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36/, гэрч Б.Төмөрчөдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43/, гэрч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/, шүүгдэгч Р.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 93/, Нуман-Алтай ХХК-ны 2020 оны 03 сарын 15-ны өдрийн 1/09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-84/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-21/, эд хөргө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 141-147/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Р.А ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Р.А ын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль экологид 1.233.322 төгрөгийн хохирол учруулсан талаар “Нуман-Алтай” ХХК-ний 2020 оны 03 сарын 15-ны өдрийн 1/09 тоот шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.  

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4-т зааснаар “газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байх тул байгаль орчинд учирсан 1.233.322 төгрөгийг 3 дахин буюу 3.699.966 төгрөгөөр нэмэгдүүлж техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 37.523 төгрөгийг нэмж нийт хохирлын хэмжээг 3.737.489 төгрөгөөр тооцов.

Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс Нуман-Алтай ХХК-ны 2020 оны 03 сарын 15-ны өдрийн 1/09 тоот шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлс болох 3.000.000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нэхэмжилсэн ба уг нэхэмжлэлийн хуудас хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан байх тул уг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Р.А нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Энхтүвшингийн эзэмшлийн портер маркийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ковш маркийн тээврийн хэрэгсэл 2 ширхэг, хуурай аргаар шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг тус тус гэмт хэрэг үйлдэхдээ ашиглажээ.

Шүүгдэгч Р.А ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Энхтүвшингийн эзэмшлийн портер маркийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөг, 2 ширхэг ковш маркийн тээврийн хэрэгслийг нийт 7.000.000 төгрөг, хуурай аргаар шороо угаах төхөөрөмжийн үнийг 1.000.000 төгрөг, цахилгаан моторын үнийг 800.000 төгрөг, эксковатор 2900 маркийн тракторын үнийг 12.000.000 төгрөгийн үнэтэй болохыг “Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 332 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтэнд дурдсан тул шүүгдэгч Р.Ааас нийт 23.300.000 төгрөгийг хураан авах үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Р.А аас хураан авсан 23.300.000 төгрөгөөс байгаль орчинд учруулсан хохирол болох 3.737.489 төгрөгийн хохирлыг гаргуулж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 төгрөг гаргуулж Нуман-Алтай” ХХК /5063302898 тоот данс/-нд тус тус олгож, илүү гарсан 16.562.511 төгрөгийг улсын орлого болгов.  

Шүүгдэгч Р.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Р.А ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Б.Энхтүвшингийн эзэмшлийн монгол гэр 2 ширхэг, портер маркийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ковш маркийн тээврийн хэрэгсэл 2 ширхэг, хуурай аргаар шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг Б.Энхтүвшинд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Р.А ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Р.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.А т оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Р. А т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.А ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан портер маркийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөг, 2 ширхэг ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ нийт 7.000.000 төгрөг, хуурай аргаар шороо угаах төхөөрөмжийн үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан моторын үнэ 800.000 төгрөг, эксковатор 2900 маркийн тракторын үнэ 12.000.000 төгрөг нийт 23.300.000 төгрөгийг шүүгдэгч Р.Ааас хураан авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Ааас хураан авсан 23.300.000 төгрөгөөс байгаль орчинд учруулсан хохирол болох 3.737.489 төгрөгийн хохирлыг гаргуулж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 төгрөг гаргуулж Нуман-Алтай” ХХК /5063302898 тоот данс/-нд тус тус олгож, илүү гарсан 16.562.511 төгрөгийг улсын орлого болгосугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Б.Энхтүвшингийн эзэмшлийн монгол гэр 2 ширхэг, портер маркийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ковш маркийн тээврийн хэрэгсэл 2 ширхэг, хуурай аргаар шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг Б.Энхтүвшинд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.