| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0258/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/261 |
| Огноо | 2020-08-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/261
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Г.Э,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000304 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1984 оны 04 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Г.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Энь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг амьчуулын тойргийн сүү цагаан идээ зардаг газарт 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Д.А ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг амьчуулын тойргийн сүү цагаан идээ зардаг газарт Д.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох ...
Хохирогч Д.А ын ... 2020 оны 07 сарын 21-ний өдөр би архи ууж согтсон байсан. Тэгээд Баянхонгор сумын 6 дугаар баг Амьчуулын тойргийн сүү цагаан идээ зардаг газрын орчим очоод хүмүүстэй маргалдаж зүүн талын чих рүү алгадуулж чихнээс цус гарч хэнгэрэг цоорсон. Намайг цохисон залууг би танихгүй тэр залуутай уулзсан Эрхэмбаяр гэсэн нэртэй залуу байсан. Би юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй байгаа согтуу байсан. Намайг тэр залуу нэг удаа алгадсан. Тэр үед хажууд сүү цагаан идээ зардаг газрын хүмүүс байсан. Би эмчилгээгээ хийлгэмээр байна өөр надад гомдол алга ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Ч.Оюунтуяагийн ... 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр сүү цагаан идээ дээр манай нөхөр Амаржаргалын төрсөн дүүгийн эхнэр нь Амраа ах энүүгээр ирээд хүнд алгадуулж чихнээс нь цус гарсан гэнэ та хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ шууд Амьчуулын сүү цагаан идээ зардаг газар дээр ирэхэд манай нөхөр Амаржаргал газар суучихсан дүүгийн эхнэр чихнээс гарсан цусыг арчиж толгойг нь хүйтэн усаар норгож нөхөр минь согтуу байдалтай харагдаж байсан. Тэгээд би тэр манай нөхрийн чихийг алгадсан залуутай хамт нөхрийгөө авч эмнэлэг дээр ирсэн удалгүй цагдаа ирсэн. Амаржаргалыг чихний эмчид үзүүлэхэд хэнгэрэг цоорсон гэж хэлсэн ийм зүйл болсон. Амаржаргал надад хэлэхдээ тэр залууг алгадсан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Мөн хүний муу үзэхгүй гэртээ харьмаар байна гэсэн зүйл хэлж байсан. Манай нөхөр бие муутай ходоодны хорт хавдартай гэж 2008 онд ходоодоо авхуулсан тэрнээс хойш бие байдал муутай байдаг юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч А.Отгонсүрэнгийн ... 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймаг 6 дугаар баг Амьчуулын тойргийн хойно байх сүү цагаан идээн дээр намайг сүү цагаан идээ зараад сууж байхад зүс таних Амраа гэх залуу согтуу ирсэн тэр залуугийн хамаатан садангууд нь тэр хавиар сүү цагаан идээ зардаг. Ах дүү нарынхаа тэнд ирчихээд амьтан хүн рүү үсчээд байсан. Тэгж байгаад нэг намхан айраг авах гэж байсан залуу руу дайрч байсан чинь нөгөө залуу нь нэг алгадсан. Тэгтэл Амраа газар унасан мөн чихнээс нь цус гарч байсан. Тэгээд хүмүүс боль гэж хэлээд Амраагийн чихний цусыг арчиж өгөөд байж байхад нэг хүүхэн ирсэн. Тэгтэл удалгүй эмч ирээд Амраа нөгөө цохисон залуу гурав сүүлд ирсэн эмэгтэйн машинд суугаад эмнэлэг явсан ийм зүйл болсон. Д.А их согтолттой байсан нөгөө залуу нь эрүүл байсан. Амрааг алгадчихаад сандраад яваад байх шиг санагдсан. Амаржаргал өөрөөсөө болсон согтуу ирчихээд хүмүүсрүү дайраад байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Шүүгдэгч Г.Э ын ... 2020 оны 07 сарын 21-ний өдөр сүү цагаан идээ авхаар Баянхонгор сумын 6 дугаар баг Гандангийн зүүн тал амьчуулын тойргийн зүүн хойно байх сүү цагаан идээ зардаг газар 11 цагийн орчим очсон. Тэнд айраг авах гээд үзээд байж байхад танихгүй согтуу нэг залуу ирээд агсарч намайг үгээр өдөөд байхаар нь би зүүн гараараа тэр согтуу залуугийн баруун талын чихрүү алгадсан, тэгтэл тэр залуу газар унаж чихнээс нь цус гарч байсан аа өөрөө босоод ирсэн. Тэр үед би эмнэлэг дуудсан. Тэгээд эмч ирээд нэгдсэн эмнэлэг дээр аваад ир очоод үзье гэж хэлсэн. Тэгтэл удалгүй тэр согтуу залуугийн эхнэр ирж бид 3 эмнэлэг дээр ирсэн. Тэгээд эмчид үзүүлэх гэхэд үзүүлэхгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 сарын 22-ны өдрийн №391 тоот шинжээчийн ... Д.А ын биед баруун чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Г.Эт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Хохирогч Д.А шүүгдэгч Г.Э нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 6 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Э ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн Г.Эын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Г.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Э ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Э т мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Эын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.