Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 05

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

            Нэхэмжлэгч: “Х” ХХК

            Хариуцагч: “ЭҮ” ХХК-д холбогдох

        “ЭҮ” ХХК-д “Копозитный состав мультиплас” цавуу нийлүүлэх тендер зарлахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин,   нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, П.Э нар оролцов.       

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х” ХХК нь “ЭҮ” ХХК-иас зарласан “Копозитный состав мультиплас” цавуу нийлүүлэх тендерт урьд нь буюу 2014 онд оролцож байсан. Уг тендерт тухайн үед оролцоод эдийн засийн үр өгөөжтэй байх санал гаргаж үйлдвэрлэлд ашиглах боломжтой цавуу нийлүүлж байсан. Гэтэл тухайн үед “ЭҮ” ХХК бүх тендерээс татгалзаж шууд худалдан авалт хийсэн байдаг. Үүний дагуу манайх Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Монгол улсын Сангийн яаманд хандсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас “ЭҮ” ХХК-ийг 2013, 2014, 2015, 2016 онуудад энэ цавууг хаанаас хэрхэн худалдан авч байсан талаар хариу ирүүл гэсэн албан бичиг явуулсан. “ЭҮ” ХХК хариу өгөхдөө 360 000 мянган ам долларын шууд худалдан авалт хийсэн талаараа тайлбарласан. 2014, 2015 онд 180 000 ам доллараар шууд худалдан авалт хийсэн. “ЭҮ” ХХК-ийн удирдлагууд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчиж эхэлсэн бөгөөд нэг газарт давуу байдал үүсгэж байсан. Манай компанийн хувьд хүнд үйлдвэрт хэрэглэхэд тохиромжтой, дэлхийн нийтийн 90% нь үйлдвэрлэлд энэ цавууг хэрэглэж байгаа, ийм үйлдвэрлэгч компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч компани юм. Ийм сайн чанарын цавууг нийлүүлэх санал тавьсан. Ингээд 2017 онд манай талаас нийлүүлсэн 970 литр цавууг “ЭҮ” ХХК хүлээн авсан. Тухайн цавуугаар “ЭҮ” ХХК туршилт хийсэн. 1 сая гаруй тонн хүдэр боловсруулсан. Тодорхой хэмжээний ашиг олсон. “ЭҮ” ХХК-ийн удирдлагууд “Х” ХХК-ийн мөнгийг гаргаж өгнө. Яаралтай шилжүүл гэсэн цохолт хийсэн. Гэтэл ОХУ-аас цавуу нийлүүлдэг компанийн дэмжигчид манай цавуун дээр хэрэглэх шаардлагад нийцэхгүй гэсэн акт үйлдсэн. Энэ актыг 2 удаа гаргасан. Эхний удаа туршилт хийхэд 1 сая гаруй тонн хүдэр боловсруулсан. “ЭҮ” ХХК-ийн захирал нар акт үйлдэхэд оролцож  байна уу? гэхээр хэдэн инженерүүд цуглаад акт үйлдээд байдаг. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөөгүй. Манайх дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн цавууг хэрэглэж байгаа. “ЭҮ” ХХК бол 51% нь төрийн өмчийн компани байгаа. Монгол улсад шууд мөрдөгдөж байгаа хуулийн дагуу буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулинд зааснаар ийм төрлийн үйлчилгээ худалдаа эрхэлдэг компани байхгүй бол шууд худалдан авалт хийнэ гэж заасан. Мөн тендер зарлах эсэх нь манай эрх гэж хэлдэг. Ингээд Захиргааны хэргийн шүүхэд хандахаар болсон. Шүүхээс эхлээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дагуу Монгол улсын Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газарт хандсан. “ЭҮ” ХХК нь Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчиж байна гэж хариу албан тоот ирүүлсэн. “ЭҮ” ХХК энэ талаар хуульд нийцүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол захиргааны шийтгэл оногдуулах, холбогдох газарт хандахыг анхааруулсан. Яагаад зөвхөн нэг компаниас ийм өндөр үнээр худалдаж аваад байдаг юм. Хэрэв манай компаниас нийлүүлж эхэлвэл “ЭҮ” ХХК-д 100 сая төгрөгийн ашиг өгнө. Хуулийг зөрчөөд өөр газраас худалдаж аваад байдаг. Хуулиас дээгүүр худалдан авалт хийх тухай журам гэж гаргасан байдаг. Тендерээ хуулийн дагуу зарлаад явсан бол манайх оролцоод явах боломжтой байсан. “ЭҮ” ХХК-ийн энэ хууль зөрчдөг байдлыг таслан зогсоох хүсэлтэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

            Хариуцагч “ЭҮ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарыг сонслоо. Энд иргэний хэрэгтэй холбоотой зүйлийг ярьж байна. “ЭҮ” ХХК нь захиргааны байгууллага биш. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдож явдаг. “ЭҮ” ХХК гэсэн статустай. Ашгийн төлөө компани гэдгийг тодорхойлсон байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 5 дугаар зүйлд заасан. Үүний захиалагч гэдэгт хамаарах учраас Захиргааны Ерөнхий хуулийн захиргааны байгууллага гэсэнд хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д гэж заасан. “ЭҮ” ХХК нь ашгийн төлөө байгууллага болохоос нийтийн ашиг сонирхлын төлөө захирамжилсан шийдвэр гаргадаг этгээд биш. Захиргааны чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд ч биш. Захиргааны Ерөнхий хуулинд заасан захиргааны байгууллага болох аль ч үндэслэлд хамаарахгүй байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасан харъяаллын бус маргаан гэж үзэж байна. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуультай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх тусгай журмаар шийдвэрлэхээр заасан байдаг. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7-1-т энэ байгууллагуудад олгохоор заасан. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авсанаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.” гэж заасан. Эндээс харахаар тендерт оролцогч “Х” ХХК нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Энэ компани тэгэхээр тухайн байгууллагуудын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрөөд байгаа юм уу гэдгийг ойлгохгүй байна. Манай компаниас хариугаа хүргүүлсэн. Эс зөвшөөрсөн асуудал байхгүй байхад шүүхэд хандаж байгааг процессийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Худалдан авах ажиллагааны зарчмын хувьд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтална. Нэг бүрчлэн заасан байгаа. Манай компанийн хувьд худалдан авах ажиллагааны ерөнхий журмыг баримтлан ажилласан. Хууль зөрчсөн журам хэрэглэж байна гэж хэлж байна. Энэ журмыг компанийн зүгээс удирдлагууд болон хуульчид холбогдох газрууд хэлэлцэж баталсан. Үр ашигтай, хүртээмжтэй, тэгш байдлыг хангаж ажиллах зорилгоор боловсруулсан. Хуулийг хэрэглэхэд хялбар болгох байдлаар боловсруулдаг. Хууль зөрчсөн асуудал байхгүй. 2014 онд тендер зарлахад энэ компани тендерт оролцсон. Мөн дараа нь хүсэлт тавьж байгаад 2015 оны 03 дугаар сар, 2015 оны 08 дугаар саруудад үйлдвэрлэлийн туршилт хийсэн. Тухай цавуу бодит туршилт хийгдэж туршилтаар баяжмалыг үр ашиггүй гаргаж, алдагдалтай байсан учраас энэ цавуу шаардлагад нийцэхгүй байна гэж акт гаргасан. “Х” ХХК актад гарын үсэг зураагүй. Үлдэгдэл цавуугаа авахгүй байсаар байгаад одоо үлдэгдэл цавууны мөнгө гэж нэхэмжилж байгаа. Заавал манай цавууг ав гэж тулган шаардаж байгаа. Нэгэнт үйлдвэрлэлийн технологид нийцэхгүй гэж байхад ойлгомжтой болно. Үйлдвэрлэлд хохиролтой цавууг худалдан авах нь ойлгомжгүй. “Копозитный состав мультиплас” цавууг албан ёсоор эзэмших эрхтэй өөрсдөө үйлдвэрлэдэг ийм компаниас худалдан авч байгаа бөгөөд манай нөөцөд одоо хангалттай байгаа учраас худалдан авах ажиллагаа хийх, тендер зарлах нөхцөл үүсэхгүй байна. Шууд үйлдвэрлэдэг компанийн үйлдвэрээс авдаг учраас нэмэгдэл өртөггүй. Чанарын баталгаатай цавууг худалдан авалт хийж байгаа. Процесс, хууль зөрчиж байгаа зүйл байхгүй. “Х” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй учраас шууд худалдан авалт хийсэн. “ЭҮ” ХХК-иас 2019 онд төлөвлөгөөт худалдан авалт зохион байгуулах талаар албан бичгээр мэдэгдсэн. Тендер зарлагдсан үед энэ компани оролцох эрх нээлттэй байгаа. Үндсэндээ сая дурдсан тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрөө хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

            Хариуцагч “ЭҮ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ЭҮ” ХХК-д холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийг төлөөлж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Маш их үндэслэлгүй зүйл ярьж байгаад харамсаж байна. Анх “Копозитный состав мультиплас” нэртэй цавууг худалдан авахаар 2014 оны 11 дүгээр сард тендер зарласан. Уг тендерт 2 компани орсон. Аль алиных нь цавуу шаардлага хангаагүй учраас тендерээс татгалзсан. Энэ тухай 2014 оны 12 дугаар сарын 24-нд ерөнхий захирал албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв тендерт оролцогч захиргааны шийдвэрийг зөвшөөрөхгүй бол “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй. Аль аль нь тухайн үед гомдол гаргаагүй. Энэ харилцаа дуусгавар болсон. Тэгтэл 2015 онд үйлдвэрлэлийн туршилт хийлгэх хүсэлт гаргасан. 2015 оны 08 дугаар сард Баяжуулах үйлдвэрийн термийг зогсоож байгаад туршилт хийсэн. 950 тонн хүдэр үйлдвэрлэх байтал 800 тонн хүдэр гаргаж авсан. Манай машин тоног төхөөрөмжид цав гараад эвдэрсэн. Тэгтэл дараа нь дахин туршиж өгөөч гэж хүсэлт өгсөн. Тэгээд манай компанийн зүгээс дахин хиймээргүй байна гэсэн боловч дахин туршилт хийсэн. Манай терм тоног төхөөрөмж дахин эвдэрсэн. Тэгтэл Ерөнхий захиралд 970 тонн цавуу нийлүүлсэн төлбөрөө авъя гэж албан бичгээ ирүүлсэн. 47 945 000 төгрөг нэхэмжилсэн. Тэгтэл албан ёсны гэрээ байхгүй байхад манай Санхүүгийн албанаас шилжүүлэх гэж байхад нь шилжүүлээгүй. Энэ компани нийлүүлээгүй тэдний хүсэлтээр туршилт хийсэн гэж тайлбарлаж болиулсан. Тэгтэл “Х” ХХК манайхыг шүүхэд өгч эхэлсэн. “Х” ХХК нийлүүлэлт хийгээгүй гэж Улсын Дээд шүүхээс тогтоосон. Туршилтад орсон цавууны мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 57 дугаар зүйлд  заасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Сангийн яам нь ямар асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой заасан. Гэтэл өнөөдөр тендерт оролцогч биш. Тус хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д гомдол гаргах талаар тодорхой заасан. Сангийн яам болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол тендерт оролцож байгаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан байна. Гэтэл өмнөх тендерийн асуудал дууссан. Тэр асуудлаар гомдол гаргаагүй. Энэ нэхэмжлэлийг анх гаргахад шүүх хүлээн авахаас татгалзсан. Энэ шүүгчийн захирамжид тодорхой дурдсан байгаа. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулинд гомдол гаргах хэмжээ хязгаарыг тодорхой заасан байхад энэ компани гомдол гаргаад л яваад байгаа. Энэ компанийн гомдлоор тендер зарлана гэсэн зүйл байхгүй. Энэ асуудал нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулинд зааснаар шууд худалдан авалт хийснээр манайх 240 000 ам долларын хэмнэлт гаргасан. Тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасан. Өөр арга олон байгаа. Энэ хуулийг үндэслэн шууд худалдан авалт хийж байгаа. Ингэхдээ ямар ч нэмүү өртөг шингээлгүйгээр ашигтай худалдан авалт хийж байгаа. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Сангийн яам нь манайд албан бичгээ ирүүлсэн. Тендер зарла гэж заагаагүй. 2019 онд худалдан авалтаа хийхээр төлөвлөж байж, тендер зарлах эрх нээлттэй байгаа. Сангийн яаманд хариугаа өгсөн. 2014 онд тендер зарлахад “Х” ХХК өндөр үнийн санал гаргасан байсан.” гэв. 

 

        Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Х” ХХК “ЭҮ” ХХК-ийг хариуцагчаар татаж, Захиргааны хэргийн шүүхэд ““Копозитный состав мультиплас” цавуу нийлүүлэх тендер зарлахыг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар захиргааны хэргийн харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан тухайд:

            Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд”-ийг “захиалагч” байна гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.2-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан”-ыг тусгай журмаар анхан шатны шүүх шийдвэрлэхээр тус тус зохицуулсан байна.

            Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ЭҮ” ХХК-д холбогдох хэрэгт захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй гэж  үзсэн болно. 

            Нэхэмжлэгч “Х” ХХК “ЭҮ” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтуудыг зөрчиж байгаа тул ЭҮ ХХК-д “Копозитный состав мультиплас” цавуу нийлүүлэх тендер зарлахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Хуулийн зорилт” гэсэн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.”, 55 дугаар зүйлийн 55.2-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авсанаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно.”, 55.3-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:” 55.3.3-д “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тус тус зохицуулсан байна.

            Дээрхи хуулийн заалтуудаас дүгнэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж үзвэл төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хэлэлцээд зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг шаардах эрхтэй байна.

            Харин нэхэмжлэгч “Х” ХХК “ЭҮ” ХХК-д “Копозитный состав мультиплас” цавуу нийлүүлэх тендер шалгаруулалтыг зарлахыг шаардах эрх хуулиар олгогдоогүй байна.

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тус тус гомдлоо гаргаж байсан ба Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “ЭҮ” ХХК-ийн санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Э 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЖЭ112-12/1804 дугаар албан бичгээр хуулийг баримтлан ажиллах тухай хариу хүргүүлсэн байна.            

            Иймээс нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “ЭҮ” ХХК-д “Копозитный состав мультиплас” цавуу нийлүүлэх тендер зарлахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

             Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан байгаа учраас “Х” ХХК нь “ЭҮ” ХХК-иас “Копозитный состав мультиплас” цавуу нийлүүлэх тухай тендер зарласан тохиолдолд уг тендерт оролцож, тухайн тендерийн шалгаруулалттай холбоотой гомдлыг шүүхэд гаргах эрх нээлттэй.

 

                       

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “ЭҮ” ХХК-д “Копозитный состав мультиплас” цавуу нийлүүлэх тендер зарлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  113.1, 113.2  тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 5 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА