Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2022/0216

 

 

“С м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н,

Нэхэмжлэгч: “С м” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах“,

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, Г.Н, хариуцагч Ч.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,

Хэргийн индекс: 159/2021/0016/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С м” ХХК нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-а дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “С м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүхийн шийдвэрт ... гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээр бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд дээрх хуулиудад нийцүүлэн маргаан бүхий газрыг эзэмших эрхээсээ татгалзаж, зөвхөн ашиглах боломжтой байжээ ” гэжээ.

Хөрөнгө оруулалт хийж байгаа “гадаадын хуулийн этгээд, хувь хүн”-ийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-Т зааснаар гадаадын хөрөнгө оруулагч гэдэг байна.

Тэгэхээр Монгол Улсын хуулийн этгээд “А х” ХХК-ийн байгуулсан эсхүл хувьцааг нь эзэмшдэг компанийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээн үзэх хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн “С м” ХХК уруу гадаадын иргэн болон хуулийн этгээдээс хөрөнгө оруулсан тухай ямар ч баримт хэрэг дотор байхгүй байх тул гадаадаас хөрөнгө оруулсан гэдэг нь баримтаар мөн л нотлогдохгүй байна.

“С м” ХХК-ийн захирал нь компанийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа үндэслэлээ 2016.01.06-нд өргөдөлдөө дараах байдлаар бичсэн байх бөгөөд санхүүгийн бүртгэлд дараах байдлаар тусгаснаас өөр баримт байхгүй байна.

 

 

 

Эргэлтэд байгаа бүрэн төлөгдсөн энгийн хувьцаа

Давуу эрхтэй хувьцаа

Өмчийн дүн /төгрөгөөр/

 

 

Тоо ширхгээр

Дүн /төгрөгөөр/

Тоо ширхгээр

Дүн /төгрөгөөр/

 

1

Эхний үлдэгдэл

 

352,441,414.00

 

 

352,441,414.00

2

Нэмэгдсэн

 

 

 

 

 

3

Хасагдсан

 

 

 

 

 

4

Эцсийн үлдэгдэл

 

352,441,414.00

0.00

0.00

352,441,414.00

 

Харин “С м” ХХК нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 /Компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 50-аас дээш хувийг өөр компани ... эзэмшдэг бие даасан компани/-т зааснаар “А х” ХХК-ийн охин компани болно.

“С м” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь БНСУ-ын иргэн, хуулийн этгээд хэмээн шүүхээс тайлбарлаж байх ч БНСУ-ын иргэн байхгүй, харин “А х” ХХК нь гадаадынх биш байна.

Тэгэхээр гадаадаас хөрөнгө оруулаагүй байхад өөрийгөө гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд хэмээн дүгнэж, газар эзэмших эрхээсээ татгалзах ёстой гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм. Түүнчлэн газар эзэмших эрхээсээ татгалзах үндэслэлийг Газрын тухай хуульд зааж өгөөгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр газар эзэмших эрхээсээ”С м” ХХК-ийг татгалзах ёстой гэсэн шүүхийн дүгнэлт мөн л үндэслэлгүй байна.

3.2.Шүүхийн шийдвэрт “... 4 нэгж талбар бүхий “Өгөөмөр хантайж” ХХК-д ашиглуулсан болох нь ... 2021.02.16-ны ... 2021.02.22-ны ... 2021.03.22-ны 2021.12.22-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна ” гэжээ.

Зөрчлийг шалгаж тогтоогоогүй байж газар эзэмших гэрчилгээ хүчингүй болгочихлоо, зөрчлийн талаар урьдчилан сануулж, алдаагаа засах боломжийг захиргаа олгох ёстой байсан ч энэ талаар ямар ч боломж олгоогүй хэмээн нэхэмжлэгч талаас маргасан.

Захиргааны зүгээс 2018, 2019 онд зөрчлийг шалгаж тогтоогоогүй болох нь шүүхийн үнэлсэн баримтуудын огнооноос харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл зөв байсан байна. Нөгөөтээгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нар нь тухайн газрыг ямар нэг байдлаар өөрийн эзэмшилд авах гэсэн ашиг сонирхол нэгтэй этгээдүүд болох нь гэрчийн мэдүүлэг болон шүүхийн журмаар цуглуулж байгаа баримтаас харагдана.

Шүүхийн шийдвэрт “... Засаг даргын зөвшөөрөл авна гэж хуульчилснаас мэдэгдэнэ эсхүл зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч газраа бусдад ашиглуулна гэж хуульчлаагүй байна. ... хариуцагчаас ... шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүй эзэмшил газраа бусдад ашиглуулсан гэж маргасан нь үндэслэлтэй” гэжээ.

“С м” ХХК нь 2019.04.25-ны 39/19 тоотдоо “санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас .2018 онд уринш хийсэн талбайгаа бусдад түрээслүүлэх шаардлагатай боллоо.... холбогдох зөвшөөрлийг олгож өгнө үү” гэсэн.

Сумын Засаг дарга 2019.05.08-ны 1/95 тоот татгалзалдаа “Санхүүгийн хүндрэлийн тухайд тухайн газар эзэмшигчийн бүрэн хариуцах асуудал бөгөөд хуульд заасан зүйл байхгүй байна” гэсэн нь хууль бус юм. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6,-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэсэн байх бөгөөд хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзахдаа “хуульд заасан зүйл байхгүй байна” гэсэн нь хууль дээдлэх зарчмыг ЗАСАГ ДАРГА зөрчиж байгаа зөрчил болно.

Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг хуульд тусгайлан зааж өгөөгүй тул хүсэлтийг нь үндэслэн зөвшөөрөл олгох ёстой эсхүл хуулийн заалт эш татан татгалзах ёстой байхад “хуульд заасан зүйл байхгүй байна” гэсэн нь үндэслэлгүй тайлбар тул Засаг даргын үйлдэл хууль зөрчиж байгаа зөрчил болно. Хэрэв захиргаа хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн бол “С м” ХХК-ийг хууль зөрчсөн хэмээн буруутгахгүй байсан.

Тэгэхээр санхүүгийн хувьд хүндрэлтэй байна гээд байхад “хүчээр” хүнд байдалд оруулж байгаад газар эзэмших гэрчилгээг нь Засаг дарга хүчингүй болгох зорилготой байсан байна.

Түрээсийн гэрээг талууд 2019 онд байгуулсан ч сумын Засаг дарга зөвшөөрөөгүй тул уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон учраас Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэхдээ аль ч гэрээний дагуу ямар ч төлбөр “С м” ХХК-ийн дансанд ороогүй болох нь дансны хуулгаас харагдаж байгаа.

Газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдлийг 2020 оны 4 сард авсан ба 5 сард гэрчилгээг хүчингүй болгосон тул ямар ч үйл ажиллагааг эзэмшил уг газар дээр явуулж чадаагүй.

Харин 2021 онд хууль бусаар газар ашиглаад байгаа “Өгөөмөр хантайж” ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоогоод өгөөч гэдэг гомдлыг сумын болон аймгийн Засаг даргад, Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөд байгаа “Өгөөмөр хантайж” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэн, шалгаж өгнө үү гэсэн гомдлыг цагдаа болон мэргэжлийн хяналтын байгууллагад удаа дараа мөн гаргаж байсан ч шийдвэрлээгүй орхигдуулсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба уг баримтад шүүхээс дүгнэлт хийсэнгүй.

3.3.Шүүхийн шийдвэрт “... “А х” ХХК-ийн 2018.07.10-ны албан бичигт ... гэснээс үзэхэд ... тариалангийн үйл ажиллагааг 2014-2018 онуудад хангалтгүй хэрэгжүүлж ирснээ хүлээн зөвшөөрч байжээ”, “... бүрэн болон хэсэгчилсэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сумын Засаг дарга хүчингүй болгоно ” гэж заасныг зөрчсөн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна” гэжээ.

Эш татсан албан бичигт “... 2015 оноос хойш улаан буудайг бага тариалж, гурвалжин будаа, шар буурцаг зэргийг тариалсан ч ургац алдаж ашиггүй ажилласан” гэсэн байна.

Маргаж байгаа 6 нэгж талбар бүхий газрын 4 нь үр тарианы зориулалттай байх бөгөөд аль талбайд нь тариалалт хийсэн болон хийгээгүйг нь хариуцагч анхнаасаа тогтоогоогүй.

Үтрэм болон төмс, хүнсний ногооны зориулалттай 2 газрын эзэмших гэрчилгээг хүчингүй болгохдоо Тариалангийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн үндэслэлийг зөвтгөж байгаа үндэслэлээ шүүх тайлбарласангүй.

Тариалалт хийсэн, ургац алдаж, ашиггүй алдсан гэж тайлбар бичиж өгөөд байхад “бүрэн болон хэсэгчилсэн тариалалт хийгээгүй” гэсэн заалтыг иш татан гэрчилгээ хүчингүй болгосон захирамжийг зөвтгөж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Ер нь бол үр тарианы зориулалттай 4 талбайн 2-т нь тариалалт хийж, нөгөө 2-т нь уринш хийж өнжөөдөг.

Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын 2020.10.08-ны 536 тоотоор 2017, 2018, 2019 онд тариалалт хийсэн болох нь нотлогдож байхад 2 жил дараалан тариалалт хийгээгүй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд уринш хийж өнжөөсөн талбайг нь тариалалт хийгээгүй хэмээн буруутгаж байгаа нь мөн л буруу дүгнэлт юм.

3.4.Шүүхийн шийдвэрт “Дээрхээс дүгнэж үзэхэд нэхэмжлэгч ...-д 6 нэгж талбар бүхий газрыг эзэмшүүлэх бус ашиглуулах эрхтэй байсан ба тариалангийн газрыг эзэмшихдээ ... хууль тогтоомж болон гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй болох нь ... тогтоогдож байх тул ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэжээ.

Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх ямар ч баримт хэрэг дотор байхгүй. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан талаар нэг ч удаа сонсох ажиллагаа явуулж байгаагүй тул зөрчил гаргасан гэдэг нь үгүйсгэгдэнэ. Түүнчлэн зөрчил гаргадаг байсан юм бол “Газар тариалан эрхлэгчидтэй хамтран ажиллах гэрээ”-г 2017, 2018,2019 онд Засаг дарга Ж.О байгуулахгүй байх байсан.

Харин түүний хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байхаар нь түрээслүүлэх хүсэлтийг нь хясан боогдуулж, тухайн нөхцөл байдалд хамааралгүй заалтуудыг иш татан газар эзэмших гэрчилгээг нь хүчингүй болгосон.

Гэхдээ шүүх дүгнэхдээ тариалангийн газар дээр дүгнэлт өгөөд хүнсний ногооны зориулалттай 2 талбай дээр дүгнэлт өгсөнгүй тул тухайн 2 газрын эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус байсан байна.

3.5.Гэрчилгээ хүчингүй болгосон захирамж гаргахдаа хариуцагч буюу сумын Засаг дарга нь бодит нөхцөл байдлыг шалган, хөдөлбөргүй тогтоож, түүнд тохирсон хэм хэмжээг иш татан шийдвэр гаргах үүрэгтэй.

Захиргааны акт бодит байдалтай нийцээгүй, 2019 болон 2020 онд шалгагдаагүй, тогтоогдоогүй зөрчилд холбогдуулан, гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу, түүнчлэн зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй гаргасан Засаг дарга өөрөө буруутай хэмээн нэхэмжлэгч тал маргаж байхад 2021 онд цуглуулсан баримтуудыг шүүх үнэлж “зөрчил гаргасан нь тогтоогдож байна” хэмээн дүгнэхээс гадна Засаг даргын хууль бус эс үйлдэхүйд дүгнэлт өгөхгүй байгаа нь буруу юм.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “С м” ХХК газраа бусдад түрээслүүлж байгаа талаар иргэд мэдээлэл өгч байсан тул газрыг хүчингүй болгосон, өөр баримт байгаагүй хэмээн 2021.03.17-нд тайлбарлаж байсан. Энэ удаа тэрээр ашиг сонирхол нэгтэй, гэрч Б.Ц-ийн 2021.12.22-ны мэдүүлгийг дэмжин, шүүх хуралдаанд оролцсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр гэрчээс мэдүүлэг авахуулсан, шүүх хуралдааны явцад бие биеэсээ харилцан асуулт асуух боломжийг талуудад олгоогүй, нэмэлт тайлбар хийлгээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохыг дурдаж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч “С м” ХХК-аас тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосон “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сэлэнгэ сумын Жавхлант сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.”С м” ХХК нь Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 57 дугаар захирамжаар[1] Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Эгц өндөр 1”-ийн 106-д байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 237.9 га газрыг 10 жилийн хугацаатай[2], тус сумын “Эгц өндөр 1”-ийн 104-д байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 164.2 га газрыг 60 жилийн хугацаатай[3], тус сумын “Таван толгой 1”-ийн 100-д байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 226.5 га газрыг 60 жилийн хугацаатай[4], тус сумын “Эгц өндөр 1”-ийн 107-д байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай 175.9 га газрыг 60 жилийн хугацаатай[5], мөн Жавхлант сумын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/73 дугаар захирамжаар[6] тус сумын “Үтрэм 1”-ийн 104-т байрлах 10.000 м.кв газрыг үтрэмийн зориулалтаар 15 жилийн хугацаатай, тус сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/84 дүгээр захирамжаар[7] “Ерөө гол 1”-ийн 107-д байрлах төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалангийн зориулалттай 11.9 га газрыг 60 жилийн хугацаатай[8], нийт 6 байршилд, 4 байршлын газар нь үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай, 2 байршлын газар нь үтрэм, төмс, хүнсний ногооны усалгаагүй  тариалангийн зориулалттайгаар тус тус эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна.

3.Маргаан бүхий А/82 захирамжаар[9] газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллах нэрээр газраа бусдад газар ашиглуулж, түрээслүүлсэн, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний зарим нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөн, тариалангийн үйлдвэр эрхлэгчийн үүргээ биелүүлээгүй, тариалангийн зориулалтаар газар эзэмшигч нь хоёроос дээш жил эзэмшилд байгаа газартаа бүрэн тариалалт хийгээгүй, ажил сайжруулах албан тоот хүргүүлэхэд бүрэн биелүүлээгүй, хөрсний төлөв байдлыг сайжруулах, бордох арга хэмжээ аваагүй, 2015-2019 онд дараалан 5-н жил ургац алдаж тариалангийн газрыг үр дүнгүй эзэмшиж, сумын тариалангийн үзүүлэлтийг бууруулсан, “С м” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь газар эзэмших эрхгүй гадаадын иргэний эзэмшилд байгаа” зэрэг үндэслэлээр “С м” ХХК-ийн нийт 6 нэгж талбар бүхий 816.35 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

4.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “"гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” ойлгохоор, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөрөнгө оруулалтыг Монгол Улсад дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:”, 5.1.1-д “хөрөнгө оруулагч дангаараа болон бусад хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах”, 5.1.2-т “хөрөнгө оруулагч хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах” гэж тус тус заажээ.

5.“Алтай дайхан холдингс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм[10], хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[11]зэргээс үзэхэд тус компанийн хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн С Х Д байх бөгөөд “А д х” ХХК нь БНСУ-ын хуулийн этгээд “Altai T&C CO,LTD-ийн Монгол Улсад дахь гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал  хариуцлагатай компанийн хэлбэрээр 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэдэг нь тогтоогдож байна.

6.Мөн “Сэлэнгэ моностой ХХК-ийн эрх шилжүүлэх тухай” 2011 оны 02 дугаар сарын гэрээгээр[12] Монгол Улсын иргэн Г.Ч-ээс компанийн дүрмийн сангийн 100 хувь болох 1.000.000 төгрөг түүнд ногдох хувьцааг гадаадын хөрөнгө оруулалттай “А д х” ХХК-д  шилжүүлсэн, “С м” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлөөр[13] компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 351.441.400 төгрөгөөр нэмэгдүүлж, 352.441.400 төгрөг болгон өөрчилсөн байна.

7.Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд маргаан бүхий А/82 захирамж гарсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар “С м” ХХК-ийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5заасан гадаад хөрөнгө оруулалттай компани гэж үзэхээр байна.

8.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “... гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, ...тодорхой зориулалт, хугацаа, болзол, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу газар ашиглагч байж болно.” гэж заасны дагуу гадаадын хөрөнгө оруулалттай “С м ХХК нь газар эзэмших үндэслэлгүй байх бөгөөд ““С м” ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч буюу эцсийн өмчлөгч нь газар эзэмших эрхгүй гадаадын иргэний эзэмшилд байгаа” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий А/82 акт нь үндэслэлтэй байна.

9.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн А х” ХХК-ийн байгуулсан, хувьцааг нь эзэмшдэг компанийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэмээн үзэх хууль зүйн боломжгүй. “С м” ХХК уруу гадаадын иргэн болон хуулийн этгээдээс хөрөнгө оруулсан тухай ямар ч баримт хэрэг дотор байхгүй байх тул гадаадаас хөрөнгө оруулсан гэдэг нь баримтаар мөн л нотлогдохгүй байна. “С м” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь БНСУ-ын иргэн, хуулийн этгээд хэмээн шүүхээс тайлбарлаж байх ч БНСУ-ын иргэн байхгүй, харин “А х” ХХК нь гадаадынх биш” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

10.Түүнчлэн, “С м” ХХК нь “Өгөөмөр хантайж” ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ[14], 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай хамтран ажиллах гэрээ[15], 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4 дугаартай хамтран ажиллах гэрээгээр[16] 4 нэгж талбар бүхий үр тарианы болон төмс, хүнсний ногооны усалгаагүй тариалангийн зориулалттай газруудыг 2019 оноос 2020 онд ашиглуулахаар тохиролцсон гэдэг нь тогтоогдож байна.

11.Нэхэмжлэгч “С м” ХХК-аас гаргасан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2018 онд уринш хийсэн талбайгаа бусдад түрээслэх шаардлагатай боллоо холбогдох зөвшөөрлийг олгож өгнө үү” гэх хүсэлтийг хариуцагчид хүргүүлсэн, хариуцагчаас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн” 1/95 дугаар албан бичгээр[17] “...Санхүүгийн хүндрэлийн тухайд тухайн газар эзэмшигчийн бүрэн хариуцах асуудал бөгөөд хуульд заасан зүйл байхгүй... өөрийн эрх, үүргийн дагуу ... Газрын тухай хууль, тариалангийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж мэргэжлийн агрономичтойгоор газрыг 100 хувь ашиглан Атрын 60 жилийн ойг угтаж арвин ургац авахыг үүрэг болгож байна” гэснээс үзэхэд “бусдад газраа ашиглуулах” газар эзэмшигч “С м” ХХК-ын хүсэлтийг  Жавхлант сумын Засаг даргаас хүлээн аваагүй, хуульд заасан зөвшөөрлийг олгоогүй болох нь тогтоогдож байна.

12.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээд болох Жаргалант сумын Засаг даргын зөвшөөрөлтэйгээр эзэмшлийн газрын зарим хэсгийг бусдад ашиглуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр хамтран ажиллах нэрээр газраа бусдад газар ашиглуулж, түрээслүүлсэн” гэх маргаан бүхий актыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

13.Иймээс “зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг хуульд тусгайлан зааж өгөөгүй тул хүсэлтийг нь үндэслэн зөвшөөрөл олгох ёстой эсхүл хуулийн заалт иш татан татгалзах ёстой байхад “хуульд заасан зүйл байхгүй байна” гэсэн нь үндэслэлгүй тайлбар тул Засаг даргын үйлдэл хууль зөрчиж байгаа зөрчил болно. Хэрэв захиргаа хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн бол “С м” ХХК-ийг хууль зөрчсөн хэмээн буруутгахгүй байсан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

14.Газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Хөдөө аж ахуйн газарт ...тариалангийн газарт зориулсан ... газар хамаарна.”, 35 дугаар зүйлийн 35.3.”Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-д “газрыг үр ашигтай, ... шаардлагыг биелүүлэх” гэж тус тус зохицуулсан.

15.Тариалангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, ...тэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.2-д "тариалангийн талбай" гэж тариалангийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа нэгж газрыг хэлэхээр, 10 дугаар зүйлийн 10.1-д “Атаршсан газарт гурван жил тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газар хамаарна.”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн, ашиглуулсан газарт дараахь төрлийн таримлын үйлдвэрлэл эрхэлнэ:, 20 дугаар зүйлийн 20.2.”Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч дараахь үүрэгтэй:” 20.2.2-д “тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх”, 20.3-д “Тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно.”, 20.4Тариалангийн зориулалтаар газар эзэмшигч, ашиглагч нь хоёроос дээш жил эзэмшил, ашиглалтад байгаа газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сум, дүүргийн Засаг дарга хүчингүй болгоно.” гэж тус тус заажээ.

16.Маргааны тохиолдлын хувьд “С м” ХХК нь 2011-2015, 2017 онуудад онд зарим талбайд тариалалт хийгээд зарим хэсэгт тариалалт хийгээгүй, 2018 онд рапс тариалсан, 2016 онд тариалалт хийгээгүй, 2019, 2020 онд “Өгөөмөр хантайж” ХХК нь нэхэмжлэгч компанийн эзэмшлийн зарим талбайд тариалалт хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[18]  тогтоогдож байна.

17.Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий газруудыг 2008, 2019 оноос тус тус  “үр тарианы усалгаагүй тариалангийн” зориулалтаар эзэмших эрх авч, өөрийн мэдэлд байлгах тариалангийн газар эзэмших эрхтэй болсон тул Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг буюу зориулалтын дагуу өөрийн газрыг эзэмших”, “газрыг үр ашигтай эзэмших”,  үүргийг хэрэгжүүлэхээс гадна Тариалангийн тухай хуульд заасан тариалангийн газрыг бүхэлд нь зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулах, тус газрыг хоёроос дээш жил атаршуулахгүйгээр тариалалт хийх, ийнхүү хоёр жил ашиглахгүй бол сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэх зэрэг үүргийг мөн хэрэгжүүлэх үндэслэл бий болжээ.

 

18.Гэтэл нэхэмжлэгч компани нь газар эзэмших эрх, түүний гэрчилгээг хүчингүй болгосон маргаан бүхий акт гарсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны хүртэл хугацаанд “үр тарианы усалгаагүй тариалангийн” зориулалтаар бүрэн хэмжээгээр ашиглаагүй, газрынхаа тодорхой хэсэгт хэсэгчлэн тариалалт хийгээгүй, ийнхүү тариалалт хийгээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчээс дээр дурдсан Газрын тухай хууль болон Тарилангийн тухай хуульд тус тус заасан газар эзэмшигч, тариалангийн газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

19.Дээрхээс гадна хариуцагчаас газар тариалангийн аж ахуйн нэгжүүдтэй 2017, 2018, 2019 онуудад хийсэн гэрээг дүгнэхэд[19] нэхэмжлэгч “С м” ХХК нь хангалтгүй гэсэн үнэлгээг авсан, мөн хариуцагчийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Ажил сайжруулах тухай” 1/145 дугаар албан бичгээр[20] “2015 оноос одоог хүртэл 3 жил дараалан ургац аваагүй, сүүлийн жилүүдэд гурвалжин будаа, шар буурцаг зэргийг тариалж ургац алдаж сумны тариалангийн ургацын үзүүлэлтийг тасралтгүй унагааж байгаа нь сэлгэн тариалалтгүйгээр газрыг зориулалтын бусаар болон үр дүнгүй ашиглаж байгаа үндэслэл болно, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” зэргээр үүрэг даалгаврыг хүргүүлсэн.

20.Мөн хариуцагчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/95 дугаар албан бичгээр[21] “сүүлийн гурван жил газар ашиглалт, ургацын үр дүн хамгийн бага үзүүлэлттэй байснаас сумын дундаж ургацын хэмжээ буурч бусад тариаланчид болон сумын ажлын үзүүлэлтийг сумдын дунджаас доогуур үнэлүүлэхэд том нөлөө үзүүлж байна, байгаль цаг уурын нөхцөлд тохиромжгүй тариалалт хийсэн хөрс, боловсруулалт, уринш технологийн дагуу гүйцэд хийгдээгүй, газар тариалангийн чиглэлийн бус аж ахуйн нэгжид хамтран ажилласан гэх нэрийдлээр газар ашиглуулсан боловч ургац аваагүй гэж үзээд Газрын тухай хууль, Тариалангийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж мэргэжлийн агрономичтойгоор газрыг 100 хувь ашиглан Атрын 60 жилийн ойг угтаж арвин ургац авах”-ыг үүрэг болгожээ.

21.Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь газар эзэмшүүлэх гэрээний 4.2-т “Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх”, 4.7-д “Эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол эрх бүхий Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх”, 4.8-д “Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх”, 4.14-д “Газар эзэмших гэрээг дүгнүүлэх” зэрэг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

22.Иймээс нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-д “газрыг үр ашигтай, ...ашиглах,... төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж заасан хуулиар гэзэр эзэмшигчид хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

23.Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Тариалалт хийсэн, ургац алдаж, ашиггүй алдсан гэж тайлбар бичиж өгөөд байхад “бүрэн болон хэсэгчилсэн тариалалт хийгээгүй” гэсэн заалтыг иш татан гэрчилгээ хүчингүй болгосон захирамжийг зөвтгөж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм... үр тарианы зориулалттай 4 талбайн 2-т нь тариалалт хийж, нөгөө 2-т нь уринш хийж өнжөөдөг. Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын 2020 оны 10 дугаар сарын 08-ны 536 тоотоор 2017, 2018, 2019 онд тариалалт хийсэн болох нь нотлогдож байхад 2 жил дараалан тариалалт хийгээгүй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд уринш хийж өнжөөсөн талбайг нь тариалалт хийгээгүй хэмээн буруутгаж байгаа нь мөн л буруу дүгнэлт юм. Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх ямар ч баримт хэрэг дотор байхгүй. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан талаар нэг ч удаа сонсох ажиллагаа явуулж байгаагүй тул зөрчил гаргасан гэдэг нь үгүйсгэгдэнэ.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

24.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэж заасны дагуу анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хэргийн үйл баримт, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох, үгүйсгэх, тайлбар гаргах, нотлох баримтыг шинжлэн судлах, түүнийг судлах ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцуулан талуудын мэтгэлцэх, нотлох баримтыг судлах боломжийг шүүхээс хангасан гэдэг нь хуралдааны тэмдэглэлээс тогтоогдож байна.

25.Иймд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр гэрчээс мэдүүлэг авахуулсан, шүүх хуралдааны явцад бие биеэсээ харилцан асуулт асуух боломжийг талуудад олгоогүй, нэмэлт тайлбар хийлгээгүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохыг дурдаж байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

26.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй боловч анхан шатны шүүхээс маргаанд хамаарах хуулийн заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т заасныг тус тус баримтлан “С м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг дарга холбогдох “Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

[1] Хэргийн 2-р хавтас 12 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 51 дэх тал

[3] Хэргийн 2-р хавтас 21 дэх тал

[4] Хэргийн 2-р хавтас 26 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 38 дахь тал

[6] Хэргийн 2-р хавтас 14 дэх тал

[7] Хэргийн 2-р хавтас 13 дахь тал

[8] Хэргийн 2-р хавтас 64 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 9 дэх тал

[10] Хэргийн 4-р хавтас 47-51 дэх тал

[11] Хэргийн 4-р хавтас 3 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 122 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 86 дахь талын арын нүүр

[14] Хэргийн 2-р хавтас 129-130 дахь тал

[15] Хэргийн 2-р хавтас 132 дахь тал

[16] Хэргийн 3-р хавтас 13 дахь тал

[17] Хэргийн 3-р хавтас 123 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 38, 49, 50, 175, 2-р хавтас 127,  3-р хавтас 156-221, 227-231 дэх тал

[19] Хэргийн 2-р хавтас 9-11 дэх талууд

[20] Хэргийн 3-р хавтас 121 дэх тал

[21] Хэргийн 3-р хавтас 123 дахь тал