Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 832

 

 

Ц.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/00327 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Энхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Капитал банк” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК-д тус тус холбогдох

 

“Бишрэлт холдинг” ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын цалингийн үлдэгдэл 280 000 төгрөг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах, “Капитал банк” ХХК-иас ээлжийн амралтын олговор 349 643 төгрөг, хуримтлалын мөнгө 632 391 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Энхбаяр,

Хариуцагч “Капитал банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Капитал банк” ХХК-ийн хуулийн хэлтэст хуулийн зөвлөхөөр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад “Бишрэлт холдинг” ХХК-ийн ТУЗ-ын тогтоолоор 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан Хууль эрх зүйн газарт Тусгай активын албанд авлага барагдуулах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие “Капитал банк” ХХК-д ажиллаж байх хугацаанд жил бүр ээлжийн амралтын мөнгөө авч байсан. Харин 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Капитал банкнаас шилжин “Бишрэлт холдинг” ХХК-д орж ажиллахдаа холбогдох тооцоо хийж дуусгасан боловч 2015 оны 6 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтын мөнгө болох 349 643 төгрөгийг надад олгоогүй. Мөн анх “Капитал банк” ХХК-д ажилд орсон өдрөөс эхлэн хуримтлалын мөнгөн сангийн гэрээ байгуулан цалингаас сар бүр 5-10 хувийг суутгаж нийт 632 391 төгрөг хуримтлагдсан. Хуримтлалын мөнгөн сангийн гэрээний дагуу ажлаас чөлөөлснөөс хойш 6 сарын дараа уг мөнгийг буцаан олгох ёстой боловч энэ мөнгийг надад олгоогүй. Миний бие “Капитал банк” ХХК-д ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөхөд ямар нэгэн тооцоо байгаагүй бөгөөд хэрэгт үүнтэй холбоотой баримт авагдаагүй. Тиймээс ээлжийн амралтын мөнгө болон хуримтлалын мөнгөн сангийн мөнгө болох нийт 982 034 төгрөгийг “Капитал банк” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн.

2016 оны 3 дугаар сарын цалингаа би бүтэн аваагүй ба үлдэгдэл 280 000 төгрөгийг “Бишрэлт холдинг” ХХК-иас нэхэмжилсэн боловч хариуцагч талаас гаргаж өгсөн цалингийн хүснэгтээс харахад цалингийн үлдэгдэл 203 773 төгрөг олгох ёстой байна. Тиймээс 203 773 төгрөгийг “Бишрэлт холдинг” ХХК-иас нэхэмжилж, 76 237 төгргөөс татгалзаж байна. Хуримтлалын мөнгөн сангийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ, цалингийн тодорхойлолт зэргээс харахад миний цалинг олгохгүй байх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т зааснаар ажилтан ажил хүлээлгэж өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үздэг. Тэгэхээр тойрох хуудас зуруулаагүй учраас цалин олгохгүй гэсэн заалт хуульд байхгүй. 2016 оны 8 дугаар сарын эхээр би өөрөө очиж тойрох хуудас авсан. Тухайн үед компанийн бүх хүмүүс нь ээлжийн амралттай, сарын дараа тойрохоо зуруул гэсэн учраас би тойрох хуудсыг тэр үед зуруулж чадаагүй. Харин ажлаа хүлээлгэж өгөөд акт үйлдэж ажил хүлээж авсан хүмүүс гарын үсгээ зурсан. Ажлаас чөлөөлөх тухай ажилтны хувийн хэргийг бүрдүүлэх нь ажил олгогчийн үүрэг юм. “Капитал банк” ХХК нь сар бүр хуримтлалын мөнгийг цалингаас суутган авдаг байсан. Тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан хэдий ч уг байгууллагад ажиллах сонирхолтой байсан учир гарын үсэг зурсан. Тухайн гэрээний 3.1.3-т ажлаас чөлөөлснөөс хойш 6 сарын дотор хянан шалгалтын хэлтсээс шалгалт орж, ямар нэгэн зөрчилгүй бол буцаан олгох талаар заасан. “Капитал банк” ХХК-иас “Бишрэлт холдинг” ХХК-д ороход миний ажлын байранд ямар нэгэн зөрчил гараагүй. Хуримтлалын мөнгө гэж суутгаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон хүний эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан завших гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ажилтнуудаас суутгаж авсан мөнгийг банк нь өөрөө эргэлдүүлж, ашиг олж байгаа хэрэг юм. Мөн утасны төлбөр болох 15 698 төгрөгийн хувьд хасч тооцсоныг зөвшөөрөхгүй. Утас ашиглах гэрээг “Капитал банк” ХХК-тай байгуулсан, “Бишрэлт холдинг” ХХК-тай энэ талаар эрх зүйн харилцаа үүсээгүй. Мөн тухайн авлага барагдуулах мэргэжилтнүүдэд дугаар олгон ашиглуулахдаа 30 000 төгрөг хүртэлх төлбөрийг ажил олгогч хариуцдаг байсан бөгөөд үүнээс илүү гарсныг ажилтан хариуцдаг байсан. Хуримтлалын 632 391 төгрөгийг толгой компанид шилжсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй, эдгээр байгууллага нь тусдаа хуулийн этгээд юм. Мөн банк нь итгэлцлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг ба хувь хүний эзэмшлийн данс дахь мөнгийг хуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлдэг үйлдэл нь Банкны тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Капитал банк” ХХК болон “Бишрэлт холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бишрэлт холдинг” ХХК-ийн хууль эрх зүйн газарт авлага барагдуулах албаны мэргэжилтэн Ц.Энхбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад, ажлаас чөлөөлөгдсөн. Ц.Энхбаяр нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил хүлээлцэх үйл явцыг дамжилгүй, тойрох хуудсыг зуруулаагүй байдаг. Иймд ажил олгогчтой эцсийн тооцоо хийж дуусаагүй учраас ажил олгогчийн зүгээс цалингийн үлдэгдэл болох 203 760 төгрөгийг олгох боломжгүй. “Бишрэлт холдинг” ХХК нь “Капитал банк” ХХК-ийн толгой компани юм. Нэхэмжлэгч нь “Капитал банк” ХХК-иас “Бишрэлт холдинг” ХХК-д шилжин ажилласан. Хуримтлалын мөнгөн сангийн мөнгийг “Бишрэлт холдинг” ХХК руу шилжүүлэн авсан бөгөөд үүнийг олгоогүй байгаа. Хөдөлмөрийн гэрээний 3.1.9, хөдөлмөрийн дотоод журмын 5.22, 5.23, 5.24, 5.25-т заасан үүргүүдийг биелүүлээгүй. Ажилтан эд хөрөнгө, бараа материал, санхүүгийн тооцоог бүрэн хийж дуусгахад өр төлбөртэй бол түүнийг ажилтны эрсдлийн мөнгөн сан болон ажилласан хугацааны цалингаас бүрэн барагдуулна гэж заасан. Ц.Энхбаяр нь хөдөлмөрийн гэрээ болон журамд зааснаар тойрох хуудас зуруулах үүргээ биелүүлээгүй учраас хуримтлалын мөнгөн сангийн мөнгө болон сүүлийн сарын цалинг олгоогүй. Мөн тойрох хуудсыг зуруулаагүй гэдгийг “Бишрэлт холдинг” ХХК-ийн ажилтан Г.Мөнхцацрал гэрчилсэн. Ц.Энхбаярыг тойрох хуудсаа зуруулаад тооцоогоо хийж дуусгаад цалингаа ав гэсэн шаардлагыг тавьж байсан. Ээлжийн амралтын олговор нь цалин хөлсний бүрэлдэхүүн хэсэг учраас цалин хөлс болон ээлжийн амралтын тооцоог ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 43 дугаар зүйлийн 43.3.-д заасныг баримтлан хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-иас Ц.Энхбаярын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрүүдийг мөн цалингийн үлдэгдэл 203 773 төгрөгийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5.-д заасныг баримтлан хариуцагч “Капитал банк” ХХК-иас 632 391 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Энхбаярт олгон, нэхэмжлэлээс 349 643 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Энхбаяр нь хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-иас 76 237 төгрөг гаргуулах тухай шаардлагаас татгалзсаныг батлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, мөн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 24 618 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч өөрийнхөө ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхгүй байна гэж шүүх дүгнэсэн. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Ээлжийн амралт олгох заавар"-н 12 дугаар зүйлд "Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан урьд ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажип олгогчтой ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгасан байна", 15 дугаар зүйлд "Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ" гэж тус тус заасан. Мөн хариуцагч байгууллагуудад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага ажилладаггүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасны дагуу гомдол гаргах боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт дурдсан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй байна гэж дүгнэн “Капитал банк” ХХК-д ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 263 517 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Энхбаяр нь хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-иас 2017 оны 3 дугаар сарын цалингийн үлдэгдэл 280 000 төгрөг, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах, “Капитал банк” ХХК-иас ээлжийн амралтын олговор 349 643 төгрөг, хуримтлалын мөнгө 632 391 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа 2017 оны 3 дугаар сарын цалинд 203 763 төгрөг гаргуулахаар багасгасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхбаяр нь 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Капитал банк” ХХК-ийн хуулийн хэлтэст хуулийн зөвлөх, 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл “Бишрэлт холдинг” ХХК-ийн хууль, эрх зүйн газарт тусгай активын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

Хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК нь 2017 оны 3 дугаар сарын цалингийн үлдэгдэл 203 763 төгрөгийг нэхэмжлэгчид өгөөгүй байдлаа Ц.Энхбаяр нь ажлаас чөлөөлөгдөхдөө хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил хүлээлцээгүй, тойрох хуудсыг зуруулаагүй тул цалин, ээлжийн амралтын олговор, хуримтлалын мөнгийг буцаан өгөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

Талууд 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Эрсдэлийн мөнгөн санг байгуулах гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Хуримтлалын мөнгөн сангийн гэрээг тус тус  байгуулсан бөгөөд эдгээр гэрээнд ажилтан хөдөлмөрлөх явцдаа байгууллагадаа өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эрсдэлийн мөнгөн сангаас хохирлыг нөхөн төлүүлэхээр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Энхбаяр нь хариуцагч “Капитал банк” ХХК болон “Бишрэлт холдинг” ХХК-д ажиллаж байхдаа эд хөрөнгийн хохирол байгууллагадаа учруулсан гэх байдал хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн тэрээр ажлаас чөлөөлөгдөхдөө ажил хүлээлцээгүй, тойрох хуудас зуруулаагүй явдал нь ажил олгогчийн зүгээс хуулиар хүлээсэн үүрэг болох ажилтны цалин хөлс болон мөнгөн хуримтлалыг өгөх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээс татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тойрох хуудас зуруулсан, ажил хүлээлцсэн нөхцөлд цалин хөлс, хуримтлалын мөнгө, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийг буцаан өгөх талаар хуульд нийцүүлэн хийсэн тохиролцоо үгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-иас нэхэмжлэгч Ц.Энхбаярт 203 763 төгрөгийн цалин гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин шүүх хуримтлалын мөнгөн сангаас Ц.Энхбаярын цалин хөлснөөс хуримтлагдсан 632 391 төгрөгийг хариуцагч “Капитал банк” ХХК-иас нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг, хариуцагч “Бишрэлт холдинг” ХХК-иас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан мөнгөн хуримтлалын гэрээг шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт зааснаар дүгнэсэн нь зөв боловч гэрээний үүргийг шаардах эрхийн үндэслэл болохгүй. Уг заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт дахь хэсэгт “ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно” гэж заажээ. Нэхэмжлэгч Ц.Энхбаяр нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны ээлжийн амралтаа биечлэн эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасны дагуу мөнгөн урамшуулалд 349 643 төгрөгийг хариуцагч “Капитал банк” ХХК-иас гаргуулна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтан ээлжийн амралтаа биечлэн эдэлж чадаагүй бол мөнгөн урамшуулал олгохоор зохицуулахдаа талууд хамтын гэрээгээр ажилтныг тухайн жилдээ ээлжийн амралтыг нь биечлэн эдлүүлээгүй тохиолдолд хэдий хэмжээний урамшуулал өгөх талаар тохиролцсон байх эсхүл ажил олгогч тухайлан шийдвэр гаргасан байх талаар заажээ.

 

Гэтэл хэрэгт энэ талаар тохиролцсон гэх хамтын гэрээ хэрэгт авагдаагүй, ажил олгогчийн зүгээс Ц.Энхбаярт ээлжийн амралтыг биечлэн эдлүүлээгүйн төлөө урамшуулал олгохоор шийдвэр гаргасан талаар баримтгүй тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан ээлжийн амралтын олговор буюу мөнгөн урамшуулал авах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Энхбаярын ээлжийн амралт биечлэн эдлээгүйтэй холбоотой мөнгөн урамшуулалд 349 643 төгрөг хариуцагч “Капитал банк” ХХК-иас шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

 

Иймээс шүүхийн шийдвэрийг зөвтгөж тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 гэж нэмж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэг гэснийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг гэж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/00327 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1” гэж нэмж, “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ