Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01585

 

Г.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

         2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00691 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1355 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Г.Б

         Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох    

    Арьс, гоо заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зохих дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон  тайлбартаа: 2014 онд арьс, гоо заслын эмчээр ажилд орж, 2016 оноос эмнэлгийн даргын ажлыг давхар хийх болсон. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй.  2017 оны 06 сарын дундуур 3 жил гаран тасралтгүй ажилласан, эмнэлэг хариуцан ажиллаж байгаагийн хувьд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээгээр ажиллах, цалин хөлсөө нэмүүлэх санал гаргахад татгалзсан  хариу өгсөн. Үүнээс хойш удалгүй 2017-09- 15-ны өдөр 17/06 тоот тушаалаар  ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа “харилцан тохиролцсон” гэсэн байсан. Г.Б цалингаа нэмүүлэх шаардлага гаргасан болохоос ажлаас гарах тухай хүсэлт гаргаагүй. Эмнэлгийн дарга байсан учир компанийн болон эмнэлгийн тамгыг өөртөө хадгалж байсан. Өөрөө Оосава сантай яриад ажлаас халагдах тушаалаа гаргуулсан. Энэ асуудал дээр бол захирлын албан тушаалыг түдгэлзүүлж, тамгаа шилжүүлж өгөх л хүсэл зориг байсан. Учир нь хөдөлмөрийн гэрээгээр зөвхөн эмч гэсэн албан тушаалд ажиллахаар тохирсон. Иймд цаашид эмчийнхээ ажлыг хийж, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй эмнэлгийн даргын ажлыг гүйцэтгэхгүй гэсэн. Хэрэв хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил гүйцэтгүүлэхээр бол хөлсөөр ажиллах гэрээ  эсхүл ямар нэгэн гэрээ хийж  цалин нэмэх  шаардлага тавьсан. Иймд  арьс, гоо заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ. 

      Хариуцагчийн төлөөлөгч хариу тайлбартаа: 2016 оноос эмнэлгийн даргаар давхар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ буюу гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдаагүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хүртэл нэхэмжлэгч нь арьс, гоо заслын эмчээр ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс  Г.Бээс цалин хөлсөө нэмүүлэх санал гаргахаар нь зөвшөөрөгүй халсан зүйл байхгүй. 2017 оны 06 сараас хойш ажил үүргээ гүйцэтгэж, ээлжийн амралтаа авч, буцаж ажилдаа орж ажилласан байсан. Г.Б нь цалингаа нэмүүлэх саналтай хэвээр байсан учраас ажил олгогчийн зүгээс өндөр цалин өгч ажиллуулах боломжгүй гээд  одоо байгаа цалингаараа ажиллаж чадахгүй гэж байгаа бол 09 дүгээр сарын 1-ний өдрөөс ажилдаа ирэхгүй байж болно гэж хэлсэн. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээс эхлэн өвчтэй гэдэг шалтгаанаар ажилдаа ирэхээ больсон. Г.Б нь  ажлаас чөлөөлөгдөх албан ёсны тушаал гаргаж өгнө үү гэж компанийн удирдлага руу и-мэйл явуулж, компанид үргэлжлүүлэн ажиллахгүй тухайгаа мэдэгдсэн байдаг. М.Мөнхжаргал миний удирддаг өмгөөллийн нөхөрлөл нь  Энжил скин ХХК-д хууль зүйн байнгын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд компанийн үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн баримт бичгийг боловсруулан бэлдэж, хянаж өгдөг.  Г.Б над руу удаа дараа утастаж “...ажлаас гарах тушаал гаргаж өгнө үү, Оосава захирал хариу өгөхгүй байна. Та энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэтчилэн ажлаас гарах тухайгаа хэлж, ажлаас чөлөөлсөн тушаалаа авах талаар мессеж явуулж, утсаар ярьж байсан. Миний зүгээс үйлчлүүлэгч компанийн удирдлагаас лавлахад Г.Бтэй харилцан тохиролцоод гэрээг нь дуусгаад ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгнө үү гэснийх нь дагуу “...ажилтан цааш ажиллах хүсэлгүй байгаа ба ажил олгогч нь мөн ажиллуулахгүй гэж харилцан тохиролцсон учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон..” гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх тушаалыг боловсруулж, гаргаж өгсөн. Нэгэнт нэхэмжлэгч ажлаас гарах тухайгаа мэдэгдэж, ажлаас чөлөөлөх тушаалаа авах тухай асууж, ажил олгогч мөн үүнийг дэмжсэн учраас ажилтан ба ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00691 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Г.Бийг Энжил скин ХХК-ийн Киото эмнэлгийн арьс, гоо заслын эмчээр эгүүлэн тогтоож, олговорт 12,062,500 төгрөгийг Энжил скин ХХК-иас гаргуулан  Г.Бэд олгож, холбогдох хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Энжил скин ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс  2018 оны 01 сарын 24-ний өдөр төлсөн 144,950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Г.Бэд буцаан олгож,  Энжил скин ХХК-иас  207,950 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1355 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00691 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Г.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Сайнбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Г.Б “Энжил скин” ХХК-ийн удирдлагад хандан эмнэлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх бөгөөд эмнэлгийн даргын үндсэн ажлаас чөлөөлөгдсөнөөр хавсран ажиллаж байсан арьс, гоо заслын эмчийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй тул түүнийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх хүсэлтээ илэрхийлснийг хариуцагч байгууллага зөвшөөрснөөр ажлаас чөлөөлсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1-д зааснаар талуудыг харилцан тохиролцож гэрээ цуцлагдсан гэж үзнэ...” гэж дүгнэн анхан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлэн, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хавтаст хэргийн 5-р хуудсанд байгаа хөдөлмөрийн гэрээний 1.1-д нэхэмжлэгч Г.Бийн үндсэн албан тушаал нь Арьс, гоо заслын эмч гэсэн байгаа. Гэтэл магадлалд үндсэн ажил нь эмнэлгийн дарга хавсарч буй ажил нь арьс, гоо заслын эмч гэж эсрэгээр нь буруу дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд “...хавсран ажиллаж байгаа эмнэлгийн даргын албан тушаалаа өгмөөр байна, биеийн эрүүл мэнд муу эмнэлэгт хэвтэж байгаа учир эмнэлгийн даргын албан тушаалыг эрхэлж чадахгүй нь тамга, тэмдэг дарах гэж байнга ажил дээр ирэх нь хэцүү байна тиймээс энэ албан тушаалаас хурдан чөлөөлж өгөөч.” гэсэн байдаг. Шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл бусад нотлох баримтаар ч гэсэн хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох талаар үг, өгүүлбэр байдаггүй. Харинч тамга, тэмдгээ хурдан аваач ээ, хэрэв авахгүй бол өөр гэрээ хийж миний цалинг нэмээч гэсэн утгатай богино захианууд байдаг. Хэрэв нэхэмжлэгч Г.Б хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгохоор тохиролцсон бол дараагийн ажлаа олчихсон, нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжаа тасалдуулахгүй төлөх ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч одоо болтол ажилгүй, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт тасалдсан, орлогогүй гэртээ сууж байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Г.Б 2017-10-20-ны өдөр Э ХХК-д холбогдуулан арьс, гоо заслын эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргажээ. 

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...эмчийн ажлаас халагдах  талаар зохигч харилцан тохиролцсон нь тогтоогдохгүй байна... Г.Б захирлын ажлыг хүлээлгэн өгөх агуулгатай хүсэлт гаргасан байхад эмчийн ажлаас чөлөөлсөн нь буруу...” гэсэн агуулга бүхий  дүгнэлт хийсэн байна.   

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...даргын ажлаас чөлөөлөгдсөнөөр эмчийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй... хүсэлт гаргаснаасаа хойш нэхэмжлэгч ажилдаа ирээгүй нь тогтоогдож байна...” гэжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн /хх 3-4/ хуулбар, хөдөлмөрийн гэрээ /хх 5-11/, гүйцэтгэх захирлын 2017-09-15-ны өдрийн 17/06 дугаар /хх 12/ тушаал, ажил хүлээлцсэн 2017-09-15-ны өдрийн /хх 13/ акт, 2017-06-16-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт /хх 14-17/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний /хх 40/ хуулбар, 2017-12-21-ний өдрийн эмнэлгийн магадалгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон /хх 45-46/ жагсаалтын хамт, 2018-01-24-ний өдөр болон 2018-03-27-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-56, 82-83/, эмчилгээний арга техник /хх 62-63/, цагийн бүртгэл /хх 64-67/, хувьцаа эзэмшигчийн 2016-06-19-ний өдрийн 003/16, мөн 2017-06-20-ны өдрийн 005/17 дугаар шийдвэр /хх 73-74/-ийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг баримтын хэмжээнд хяналтын гомдлын талаар дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. 

        2. Хэрэгт авагдсан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 5-11/-с үзвэл Г.Б эмчээр ажиллах талаар ажил олгогчтой тохиролцсон, уг ажил үүргээ гүйцэтгэж байсныг хариуцагч үгүйсгээгүй тул нэхэмжлэгч Э ХХК-д  арьс, гоо заслын эмчээр ажиллаж байсан нь тогтоогдсон гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-3.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

        3. Г.Б  эмчийн зэрэгцээ эмнэлгийн даргын үүргийг орлон гүйцэтгэж байсан нь 2017-06-16-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт /хх 14-17/, ажил олгогчид хандан гаргаж байсан хүсэлт /хх 52-55/, Э ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 003/16, 2017 оны 005/17 дугаар шийдвэр /хх 73,74/, “... эмнэлгийн даргаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй ...ачаалал бага байсан тул тамга тэмдгийг хариуцуулаад явсан...” гэх хариуцагч талын /хх 20, 21, 26, 94/ тайлбараар тогтоогджээ.  

       Хөдөлмөрийн гэрээг ажилтантай бичгээр байгуулах үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч хүлээнэ. 

        Хөдөлмөрийн гэрээнд ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөлийн талаар талууд тохиролцох бөгөөд эдгээрийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй ч энэ нь ажил олгогч болон ажилтан амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсан тохиолдолд  хамаарахгүй.   

        Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээг бичгээр байгуулахгүйгээр нэхэмжлэгчээр эмнэлгийн даргын ажлыг гүйцэтгүүлсэн нь тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэнийг үгүйсгэхгүй.

        4. Э ХХК-ийн гүйцэтгэх захирал 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 17/06 дугаартай тушаал гаргаж /хх 12/ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, дотоод журмын 3.18 дахь заалтыг үндэслэн “...хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар харилцан тохиролцсон...” гэж Г.Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

        2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 17/06 дугаар тушаалд ажилтныг ямар ажлаас чөлөөлсөн талаар заагаагүй ч уг тушаалыг үндэслэн нэхэмжлэгч ажлаа хүлээлгэн /хх 13/  өгч, ажил үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон тул ажил олгогч ажилтныг арьс, гоо заслын эмчийн мөн эмнэлгийн даргын ажлаас халсан гэж үзнэ.

        Э ХХК-ийн эмнэлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ажилтан  гаргаж, энэ хүсэлтийг ажил олгогч хүлээн авсныг Г.Б зөвшөөрсөн тул шүүх  нэхэмжлэлийн хүрээнд  буюу “ ...ажилтныг арьс, гоо засалын эмчийн ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн...” эсэх талаар дүгнэлт хийсэн нь зөв болжээ.  

        5. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход талууд “харилцан тохиролцсон” байхыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

       Хэрэгт авагдсан баримтаар зохигч нар арьс, гоо заслын эмчээр ажиллах хөдөлмөрийн гэрээг зогсоох талаар тохиролцсон гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна.

       Арьс, гоо заслын эмчээр нэг жилийн хугацаатай ажиллах тухай 2016-06-15-ны өдрийн  хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг аль тал ямар шалтгаанаар санаачилсан, нөгөө талдаа энэ талаар хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т нийцээгүй байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд  шийдвэр гаргах үед 2016-06-15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байсан тул ажилтныг эмчийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-г зөрчөөгүй гэж үзлээ. 

       Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1355 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/00691 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 208.000 төгрөгийг захирамжаар Г.Бэд буцааж олгосугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРСАЙХАН

                                ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ