Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/262

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,   

Улсын яллагч Б.Бат-Оргил,

Шүүгдэгч П.Ж, А.Ц, 

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас П.Ж, А.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000281 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                       Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 ял шийтгэл эдэлж байгаагүй овогт П.Ж,

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийн мэргэжилтэй, малчин, ам бүл 4 ял шийтгэл эдэлж байгаагүй, овогт А.Ц,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Ж нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өлзийт голын эх гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн А.Ц ын эрх чөлөөнд халдан түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч А.Ц нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өлзийт голын эх гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн П.Ж ийн эрх чөлөөнд халдан түүнийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч П.Ж, А.Ц нар нь 2020 оны 06 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өлзийт голын эх гэх газарт харилцан маргалдан хоорондоо зодолдож П.Ж нь А.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.Ц нь П.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь ...

Шүүгдэгч А.Ц ын хохирогчоор өгсөн ... Ж миний дээр гараад намайг цохиж зодоод байхаар нь миний гарт нэг юм баригдхаар нь толгой ард хэсэгрүү нь цохисон талаар санаж байна. Намайг юугаар цохисныг мэдэхгүй ямар ч байсан зүүн нүд рүү нэг удаа цохисон, боож унагасан … гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25, 30-33/,

Шүүгдэгч П.Ж ийн хохирогчоор өгсөн ... Гэтэл намайг унагаах гээд байгаа юм уу машинаа займчуулж байгаад машин зогссон. Гэтэл би машинаас нь машины жолооч Цтай барилцаж аваад хоорондоо зодолдсон, гэтэл Ц намайг 2-3 удаа чулуугаар толгой руу цохисон. Тэгээд сонин болоод толгойноос цус гойжоод байхаар нь би алхаад ойрхон байх намын гэр дээр очоод ухаан алдсан байсан … Намайг Ц л зодсон, урдаас утасны гэрэл тусгаад чулуугаар толгой руу арлуу цохисон, миний толгой хагарч цус их гойжсон, бас нүд рүү цохисон байх нүд хавдсан, толгой их хавдсан байгаа. Би Эрхболдыг 1 удаа цохисон гарлуу нь чулуугаар цохисон. Цтай зөндөө зодоо хийсэн. Бид хоёр бие биенээ цохиод байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29, 34-38/,

Гэрч Б.Алтанчимэгийн ... манай нөхөр 2 чулуу Эрхболд руу шидтэл 1 чулуу нь гарлуу нь оночих шиг болсон. Тэгээд би чи яаж байгаан гээд машинаас буутал та нар бүгдээрээ янхандаж яваад ирсэн янхнуудаа гээд намайг чулуугаар цохисон. Тэгээд би юу болсныг сайн санахгүй байна нэг мэдэхэд машинд байсан тэгээд бид нар бүгдээрээ тал тийшээ зугтаасан чинь манай нөхөр араас хөөгөөд байсан тэгээд машин элсэнд суугаад зогстол машины жолооч Ц манай нөхөр 2 хоорондоо зодоо хийсэн. Би болон надтай хамт явсан хүмүүс архи согтууруулах ундаа уугаагүй байсан. Харин манай нөхөр Ж уусан байсан нилээн согтуу байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41/,

Гэрч Н.Эрхболдын ... Ж зам дээр мотоцикльтой зогсож байсан тэгээд бид буусан чинь намайг нэг удаа цохиж дараа надын гарын тохой хэсэгт чулуугаар цохингуут нь машин тойрч зугтаасан. Гэтэл Ж тухайн машиныг гараараа цохиж эхнэр болох Аптанчимэгээ цохиж зодоод байсан. Тэгээд Ц Алтанчимэгийг машиндаа суулгаад зугтаасан тэгээд араас нь Ж нь мотоциклиор араас нь элдээд явсан би үлдсэн. Би болон надтай хамт явсан хүмүүс архи согтууруулах ундаа уугаагүй байсан харин Ж архи уусан байсан нилээн согтуу байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47/,

Гэрч Д.Ганчимэгийн ... Ц ах машинаасаа буугаад миний хөгшөөн боль гээд бариад авахаар нь бид хоёр буугаад зугтсан юм. Тэгээд хол очоод байж байтал чанга чанга дуугараад сонсогдоод байсан. Би болон надтай хамт явсан хүмүүс архи согтууруулах ундаа уугаагүй байсан харин Ж ах уусан байсан нилээн согтуу байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57/,

Гэрч Ш.Түвшингийн ... 2020 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3-р багт байрлах гэрт байж байтал шөнө 02:00 цагийн үед Батхуяг намайг дуудаад Ж аймар болцон байна гараад ир гэсэн юм аа. Тэгээд гараад очтол толгойн хэсэг газраас цус их хэмжээний гарсан байдалтай хоёр гар нүүр цээжин хэсэг өмдний урд хэсэг газраар цус болсон байж байсан. Ц, Эрхболд нарт зодуулчихлаа гэж хэлээд ухаа алдаад хэвтээд өгсөн, би тэгээд гэрлүү Батхуяг, Анхбаатар нарын хамт өргөөд оруулсан юмаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,

Гэрч Э.Батхуягийн ... 2020 оны 06 дугаар сарын 19-ний шөнө Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3-р багт байрлах гэрт байж байтал шөнө 02:00 цагийн үед гадаа хүн ирсэн Билгүүнээ гээд дуудаад байна гэж манай эхнэр надад хэлээд би гарсан чинь Ж аймар болцон толгой хэсэг газраас цус их хэмжээний гарсан байдалтай хоёр гар нүүр цээжин хэсэг өмдний урд хэсэг болон доошоо гуталны түрүү хэсэг газраар цус болсон байдалтай сууж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 344 дугаартай шинжээчийн ... П.Жийн биед баруун нүдний алим, зовхи, хамар, зулай, дагзанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэсэн дүгнэлт /хх-ийн 73-74/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 345 дугаартай шинжээчийн ... А.Цын биед баруун нүдний дээд, доод зовхи болон хүзүүнд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 6-11/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч П.Ж, А.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч П.Ж, А.Ц нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр П.Ж, А.Ц нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Шүүгдэгч П.Ж, А.Ц нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 16 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгч П.Ж, А.Ц нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ж, А.Ц нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ялыг шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн чулууг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Ц, П.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт А.Ц, овогт П.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А. Цт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр, шүүгдэгч П.Ж ид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Ц, П.Ж нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч А.Ц, П.Ж нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч А.Ц, П.Ж нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Ц, П.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.