Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/268

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа,

Шүүгдэгч Ц.Б,  

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000440271 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 06 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 сарын 27-ны өдрийн 90А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 19-ний өдөр 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт Ц. Б,

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Ц.Б нь Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрийн хооронд Я.Хын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Я.Х ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай хүү болох Самданбилэг нь үхрээ бөөгнүүлж бүртгэсэн ба манай үхэр бүрэн байсан. Удалгүй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Самданбилэг дахин үхрээ бөөгнүүлэхэд 4 тооны үхэр дутуу байсан бөгөөд манай хүү Самданбилэг нь гэрийнхээ ойр хавиар хайгаад олдохгүй байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Алдсан үхрийн шинж тэмдэг нь Шир цагаан хар эм үхэр, 1 хар үхэр нь хүзүүндээ хөх өнгийн хүзүүвчтэй байгаа. Манай үхрүүд буруу талынхаа чихэндээ цуулбар имтэй бөгөөд үхэр бэлчдэг газар бол Галуут сумын 3 дугаар багийн Торми хоолой гэх газарт байсан тэр хавиас хулгайд алдсан болов уу гэж бодож байна. Манай алга болсон үхрүүд бүгд нас гүйцсэн бөгөөд тус бүрд 1.000.000 төгрөгөөр үнэлж байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14, 36/,

Гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Галуут сумын 4 дүгээр багийн “Шуузны Оргиу” гэх газарт ганц гэрээрээ өвөлжиж байсан ба 2019 оны 12 дугаар сарын 17-ны орой 16 цагийн үед намайг гэртээ ганцаараа байж байхад Бманайд ганцаараа мотоцикльтой ирээд идшээ хийх гэсэн юм туслалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр би зөвшөөрсөн ба хэзээ идшээ хийх юм гэж асуутал манай үхэр танай гэрийн ойролцоо байна танай гадаа гаргаад янзалж аваад явж болох уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Бби үхрээ туугаад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан ба удалгүй 2 сарлагийн үхэр туугаад манай гадаа ирсэн. Тэгээд би Бийн идшийг хийхэд нь тусалсан ба Бгаргасан сарлагийн үхрийн махаа эвдэж янзлаад шуудайнд хийгээд өөрийнхөө мотоциклоор 2 удаа зөөсөн. Бийн гадаа тууж ирээд гаргаж янзалсан 2 үхэр нь шийр цагаан хар үнээ, цул хар үнээ байсан би тус 2 сарлагийн үнээний имийг нь хараагүй харин хар үнээ нь хүзүүндээ цэнхэр өнгийн хүзүүвчтэй байсан. Өөр ямар нэг им тэмдэг байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/,

Гэрч Х.Самданбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр малдаа явсан ба Галуут сумын 3 дугаар багийн Өндөр толгой гэх газарт үхрээ бөөгнүүлээд бүртгэхэд манай үхэр бүрэн байсан юм. Удалгүй 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дахин үхэртээ яваад үхрээ олж аваад бүртгэхэд манай үхрээс 4 тооны сарлагийн эм сувиа үхэр дутуу байсан. Тэгээд ойр хавиар үхрээ хайгаад олохгүй байсан ба сумын цагдаагийн байгууллагад 4 тооны үхэр алдсан гэж гомдол гаргасан. Тэрнээс хойш алдсан гэх 4 тооны үхрээ хайж эхэлсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр алдсан гэх 4 үхрээ хайгаад Жаргалант сумын ойролцоо байдаг Давс талын ар гэх газраас 2 тооны үхрээ олсон ба 2 үхрээ олоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч Б.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шиг санагдаж байна. Галуут суманд тухайн үед Монгол ардын намын шинэ жил болж байсан ба тус сумын хэсэг залуус надтай хамт явсан юм. Галуут сум руу явсан хүмүүс унаагүй байсан бөгөөд намайг хөлсөлж авсан юм. Тэгээд сумын төв дээр тус сумын 3 дугаар багийн Бгэх залуутай дугаар хооронд сарын тааралдахад Бнадаас аймаг хэзээ явахын гэж асуусан би маргааш явна гэж хэлсэн. Маргааш өглөө нь би Галуут сумаас аймаг руу явдаг машинууд зогсдог газар зогсож байхад Бнад дээр ирээд 2 ширхэг үхрийн махтай аймаг явах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрч аймаг явсан. Бгэх залуу махаа ачуулахдаа өөрийн малын мах гэж хэлсэн. Надтай цуг Бболон түүний эхнэр хүүхэд нь аймагт ирсэн. Бийн ачсан 2 малын маханд нь гарал үүслийн бичиг гэж байхгүй байсан ба би гарал үүслийн бичиг авах шаардлагатай гэж хэлээд Батнасан гэх хүний гадаа очиж гарал үүслийн бичиг авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/,

Гэрч М.Гантөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13-аас 15 цагийн үед над руу танихгүй дугаар залгаад үхрийн мах зарах гэсэн юм хэдээр авах вэ гэж асуусан. Тэгэхээр нь би сарлагийн үхрийн мах 1кг 6000 төгрөгийн ханштай байгаа гэж хэлсэн тэгтэл 2 үхрийн мах зарах гэсэн юм ирээд авчих гээд надад хаягаа зааж өгсөн. Тэгээд би зааж өгсөн хаягаар эхнэр Амаржаргалын хамт арван мянгат руу хашаанд нь ороход жижиг гэрээс хөлдөөсөн 2 ширхэг сарлагийн үхрийн мах надад зарсан. Тус махнууд хэдэн төгрөг болсныг нь санахгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Шүүгдэгч Ц.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2019 оны 12 дугаар сарын 17-нд манайхтай айл байсан Ганзориг гэх айлын гадаа шийр цагаан хар үнээ, хар зүстэй үнээ нийт 2 сарлагийн үхэр гаргаж янзалсан. Би 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед өөрийнхөө үхрийг Давсан талын ойролцоогоос тууж ирсэн ба манай үхэрт танихгүй 2 тооны сарлагийн үхэр нийлсэн байсан. Тухайн өдрөө тус 2 үхрийг өөрийнхөө үхэртэй цуг бөөгнүүлээд хээр орхисон юм. Хүн амьтан сурч ирэхгүй байсан ба маргааш нь өөрийнхөө үхэрт очтол манай үхэрт байж байсан. Тэгээд тухайн өдрийн 17 цагийн үед өөрийнхөө үхрийг Ганзоригийн гэрийн ойролцоо ойртуулж орхиод Ганзоригийнд очоод үхэр гаргалцаад өгөөч гэж гуйхад Ганзориг зөвшөөрөхөөр нь би манай үхэрт нийлсэн эзэнгүй 2 үхрийг Ганзоригийн гадаа тууж ирээд Ганзоригтой хамжиж гаргаад Галуут сумын төвд байдаг амбаартаа хурааж цоожилсон юм. Тэгээд би 2-3 хоногийн дараа сумын төв ороод мах ачих гээд унаа хайсан ба Ариунболд гэх залуу аймаг явна гэж байхаар нь хөлс мөнгийг нь төлөөд 2 үхрийн махаа ачаад аймаг оруулж зарсан. Би тэр үхрүүдийг хэний эзэмшлийн үхэр болохыг нь мэдээгүй сүүлд нь сонсоход манай багийн Хас-Очир гэх айл 2-3 тооны үхэр алдаад олохгүй байгаа гэж сонссон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 31-33/,

Энх-Нахиа ХХК-ны хулгайд алдагдсан 2 тооны үхэр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45/,

Энх-Нахиа ХХК-ны гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/,

Шүүгдэгч Ц.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 61-80/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 12 дугаар сарын 13-17-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн нутгаас Я.Хын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Я.Х, гэрч Б.Ганзориг, Х.Самданбилэг, Б.Ариунболд, М.Гантөмөр нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг, Энх-Нахиа ХХК-ны хулгайд алдагдсан 2 тооны үхрийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Б ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.  

Хохирогч Я.Х нь хохирлоо барагдуулж авсан гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Б ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Шүүгдэгч Ц.Б өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклиор мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул шүүгдэгч Ц.Бэс мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж ялын дэглэмийг тогтоов.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Ц.Б ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Цээнямбуугийн Бэд  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Ц.Б ийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Бийн эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль битүүмжилсэн хэсгийг хэвээр үлдээж, 1 тооны үнээг Ц.Б д буцаан олгож 1 тооны үнээ битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 7. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.