Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг би Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Бүрэндулаан Бугант” ХХК-д холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 14.854.56584 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад:

 

                                                  Тодорхойлох нь:

         Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          ...Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Бүрэндулаан Бугант” ХХК-нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 болон 16 дугаар зүйлийн 16.1-д заасан заалтыг зөрчин 2016 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 14.359.75704 төгрөгийг төлөөгүй болон Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний 11 тоот актаар тавигдсан хугацаандаа төлөөгүй шимтгэлийн алданги 494.80880 төгрөг нийт 14.854.565.84 /арван дөрвөн сая найман зуун тавин дөрвөн мянга таван зуун жаран таван төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг тус байгууллагаас гаргуулан нийгмийн даатгалын санд оруулж өгнө үү.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү! гэжээ.

                                            

           Хариуцагч “Бүрэн дулаан Бугант” ХХК-ий гүйцэтгэх захирал Н.Мөнхбаяр 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд  ирүүлсэн тайлбартаа:

      ... Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Бүрэндулаан Бугант” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох  нь 14.854.56584  төгрөг нэхэмжилснийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Уг мөнгийг төлөхөөс татгалзахгүй гэжээ.

                                                                 Үндэслэх нь:

              Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь   “Бүрэндулаан Бугант” ХХК-д холбогдуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 14.854.56584 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа болох нь  “Бүрэндулаан Бугант” ХХК-ий гүйцэтгэх захирал Н.Мөнхбаярын шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож  байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

 

             Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжинд 232.223 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 14.854.56584  төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 232.223 төгрөгний тал хувь болох 116.1115 төгрөгийг “Бүрэндулаан Бугант” ХХК-иас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.    

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Бүрэндулаан Бугант” ХХК-д холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр болох 14.854.56584 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжинд 232.223 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 14.854.56584  төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 232.223 төгрөгний тал хувь болох 116.1115 төгрөгийг “Бүрэндулаан Бугант” ХХК-иас гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                                  ШҮҮГЧ                      Д.МӨНХЦЭЦЭГ