| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00230/И |
| Дугаар | 200 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 200
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугар баг, Элит-45 орон сууцны 601 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ68092719, Бух овогт Басангийн Батнасангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багт оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЛ57110793, Асар овогт Батаагийн Доржсүрэнд холбогдох,
Гэм хорын хохирол 5.203.774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний хүү Б.Бадамрагчаа нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн найз Доржсүрэнгийн Мэнднүүдэлтэй хамт миний ээж Сүрэнжавынд очиж, түлээ хагалж байгаад Д.Мэнднүүдэл нь хүү Б.Бадамрагчаагийн зүүн гарын долоовор хурууны эхний үеийг тасалж, дунд хурууны эхний үеийг хагаслан сүхээр цавчиж, гэмтэл учруулсан. Д.Мэнднүүдэлийн ар гэрээс энэхүү үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээх боломжгүй гэхээс гадна гэм хорын хохирол нөхөн төлөх талаар санаачилга гаргахгүй байна. Хүү Б.Бадамрагчаа уг үйлдлийн улмаас сэтгэл, санааны болон бие махбодийн хохирол амсан, сургууль завсардаж, 1 жилийн хугацаанд хичээлдээ суугаагүй бөгөөд Улаанбаатар хот руу гэр бүлийн хамтаар очиж, эмчилгээ хийлгэсэн ба хиймэл хуруу залгуулах мэс засалд орсон. Мөн энэхүү хэргийн улмаас эхнэр Н.Болормаагийн бие улам муудаж, байнга хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон. Ингэж бид сэтгэл, санаа, бие махбодийн хохирол амсаж байгаа ба одоо нэгэнт Д.Мэнднүүдэлийн ар гэрээс бидэнтэй ирж уулзахгүй, мөн учирсан гэм хорыг нөхөн төлөхөөс зайлсхийж байгаа тул бид шүүхэд хандаж, өөрсөддөө учирсан мөнгөн хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:
1. 2015 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-ны хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэн гарсны төлбөр 35.280 төгрөг,
2. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүү Б.Бадамрагчаа болон түүний ээж Н.Болормаа, мөн миний бие нар нийт 1.021.000 төгрөг /Энэ нь Хүннү Эйр ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтууд, Аэромонголиа ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн онгоцны тийзээр/,
3. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оны 11 дүгээр сарын 10-наас 16-ны өдөр хүртэл хугацаанд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн зардал 76.194 төгрөг,
4. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэс заслын боолт хийлгэсэн 400.000 төгрөгийн зардал,
5. Хичээлийн дүн гаргуулахаар 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хүннү Эйр ХХК-иар үйлчлүүлэн ирсэн замын зардал 244.800 төгрөг,
6. Дүнгээ гаргуулаад Улаанбаатар хот руу эмчилгээндээ явсан зардал буюу Аэромонголиа ХХК-иар 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр явсан тийзний үнэ 185.000 төгрөг,
7. Энэ хугацаанд протезон хуруу 540.000 төгрөгөөр захиалан Солонгос улсаас авахуулсан хийлгүүлсэн ба энэ нь Илгуан бэхэлгээ ХХК-ийн кассын орлогын ордероор тогтоогдож байгаа,
8.Улаанбаатар хотоос 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатараас Улаангом руу ирсэн замын зардал буюу 180.500 төгрөг,
9.Мөн харгалзан явсан миний бие 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 361.000 төгрөгийн үнэ бүхий тийзээр ирсэн зардал,
10.Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү өдөр бүр хүргэж, боолт хийлгэх, мэс засалд орох, идэх уух зүйлд зарцуулсан, 2016 оны 6 дугаар сарын 19-нөөс 2016 оны 6 дугаар сарын 24-ний хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүсний зардал 2.160.000 төгрөг тус тус болно. Үүнээс ч илүү их зардал биднээс гарсан гэдгийг Д.Мэнднүүдэлийн ар гэрийнхэн ойлгох ёстой гэж үзэж байна. Иймд Доржсүрэнгээс нийт 5.203.774 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Батнасан, хариуцагч Б.Доржсүрэн нар 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Б.Батнасан миний бие Б.Доржсүрэнгээс гэм хорын хохирол 5.203.774 төгрөг нэхэмжилсэн. Одоо Б.Доржсүрэн бид хоёр харилцан тохиролцож 4.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор Б.Доржсүрэн төлж барагдуулахаар эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Батнасан нь хариуцагч Б.Доржсүрэнд холбогдуулан гэм хорын хохирол 5.203.774 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Батнасан, хариуцагч Б.Доржсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Батнасангийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг хариуцагч Б.Доржсүрэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Б.Батнасан нь үлдэх хэсэг болох 1.203.774 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Б.Батнасан, нэхэмжлэгчийн хариуцагч Б.Доржсүрэн нар 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 98.210 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 4.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөгний тал хувь 38.475 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 58.735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доржсүрэнгээс 38.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батнасанд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Батнасан, хариуцагч Б.Доржсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Батнасан нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.203.774 төгрөгөөс 1.203.774 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 4.000.000 төгрөгийг нь хариуцагч Б.Доржсүрэн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 38.475 төгрөг, хариуцагч Б.Доржсүрэнгээс 38.475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Батнасанд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР