Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/271

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч П.Б, Б.С,

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас П.Б, Б.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000278 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1994 оны 04 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Б.С,

2. Монгол улсын иргэн, 1996 оны 11 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт П.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б, Б.С нар нь бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 5-11-10 тоотод оршин суух П.М ын эзэмшлийн эзэнгүй байсан хүн байнга амьдрах зориулалт бүхий гэрт 2020 оны 06 сарын 20-26-ны өдрийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.М ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөхөртэйгөө хөдөө яваад 6 хоноод 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5-11-10 тоотод байх гэртээ ирсэн чинь хоёр ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Манайх тухайн үед эзэнгүй байсан бөгөөд хөдөө явахдаа гэрээ цоожилчихоод явсан байсан. Усан болор хөөрөг 1 ширхэг дунд гарын чүнчүгноров хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг алдсан. 2010 онд чүнчүгноров хөөргийг 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Усан болор хөөргийг 2019 онд 1.500.000 төгрөгөөр авсан, мөнгөн аягыг хүн бэлгэд өгч байсан юм. Одоо чүнчүгноров хөөргийг 800.000 төгрөгөөр, усан болор хөөргийг 1.500.000 төгрөгөөр мөнгөн аягыг 250.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай гэрийн хаалга цоожтой байсан тэгэхээр би тооноор л орсон байх гэж бодож байна. Манай гэрийн хойморт байдаг авдар дотор мөнгөн аяга нь байсан хөөргөнүүд болохоор бурханы доод талын хайрцаг дотор байсан юм ... 2 ширхэг хөөргөө өгсөн. Харин мөнгөн аяга өгөөгүй байгаа. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Уул нь хашраая л гэж бодсон юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-29/,

Гэрч П.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн ... Энэ хоёр залууг танихгүй, надад 1 ширхэг мөнгөн аяга зарсан юм. 2020 оны 06 дугаар 23, 24-ний үед байх би өдөр хоногийг нь сайн мэдэхгүй байна. Миний өөрийн аяга байгаа юм хулгайнх бол биш гэж хэлсэн дунд гарын найман тахилтай аяга байсан хуучин аяга байсан шинэ цагийн аяга байсан. Би бэлэн 100.000 төгрөг өгөөд авсан. Би эвдээд юм хийгээд дуусгасан байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 06 дугаар сарын 24 билүү 25-нд билүү би өдрийг нь сайн мэдэхгүй байна. Би багын найз болох Бын хамт голын зах дээр архи ууж байсан чинь Б манай эгчийнх эзэнгүй байгаа би яваад мөнгөн аяга хулгай хийгээд ирье гэхээр би хамт явъя гээд цуг явсан. Тэгээд бид хоёр амчуулын 5-11-10 тоот хашааны ард нь очоод намайг энэ гэрээс ороод мөнгөн аяга байгаа аваад ир гэхээр нь би хашаа даваад гэрийн тооноор нь ороод нэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг авсан. Би буцаад тооноор нь гараад хашааг нь даваад Б дээр очсон. Намайг гэр лүү ороход Б хүн хараад үлдсэн хашааны ард нь сууж байсан. Тэгээд бид хоёр доод зах ороод алт мөнгөний дарханд мөнгөн аягыг нь 100.000 төгрөгөөр зарсан. Хоёр хөөргийг нь би авч явсан. Би 3 хоногийн дараа хоёр хөөргийг нь Бд буцааж өгсөн. Мөнгөн аяганы мөнгийг нь би 60.000 төгрөгийг нь авсан 40.000 төгрөгийг нь Бд өгсөн. Архи дуусаад архи уумаар байхаар нь хулгай хийсэн. Бид хоёр явган явсан юм. Бор өнгийн дунд гарын хөөрөг байсан мөнгөн нуухтай хуван толгойтой нөгөөх нь ягаан толгойтой болор хөөрөг байсан. Гэрийн хойд талд байсан авдар нь дотроос 1 ширхэг мөнгөн аяга авсан Мөнгөн аяга нь дунд гарын мөнгөн аяга байсан харин 2 хөөргийг нь бурхны хайрцаг нь дотроос нь авсан. Би хоёр хөөргөний даалинг үлдээгээд зөвхөн хөөргийг авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/,  

Шүүгдэгч П.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 06 дугаар сарын 24 билүү 25-нд билүү би өдрийг нь сайн мэдэхгүй байна, өөрийн найз Сийн хамт 5-11-10 тоотод байх эгч Мэндбаярын гэрээс 2 ширхэг хөөрөг мөнгөн аягыг нь хулгайлсан. Бид хоёр хулгай хийхдээ хашааных нь араас Сийг давуулаад гэрийн тооноор нь оруулаад гэр дотроос нь мөнгөн аяга 1 ширхэг хөөрөг 2 ширхэг хулгайлсан юм. Би хашааны гадаа нь хүн харж байсан. Бид хоёр өдрөөр хулгай хийсэн. Бид хоёр гол дээр архи ууж байгаад би Сэд манай нэг эгчийнх эзэнгүй байгаа гэрт мөнгөн аяга бусад эд зүйл байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр эхлээд 1 ширхэг мөнгөн аяга л авъя гэж ярилцсан байсан. Тэгсэн Сэ хөөрөг байна гээд аваад гараад ирэхээр нь харсан чинь 2 хөөрөг 1 мөнгөн аяга хулгайлсан байсан. Мөнгөн аягыг бид хоёр зах дээр 100.000 төгрөгөөр зарсан. Би 40.000 төгрөгийг нь авсан Сэ 60.000 төгрөгийг нь авсан. Харин хоёр хөөрөг нь надад байгаа зараагүй байгаа. Бид хоёр мөнгөгүй болсон байсан. Тэр өдөр бид хоёр архи уугаад мөнгөгүй болсон юм тэгээд хулгай хийсэн. Бид хоёр явган явсан. Бор өнгийн дунд гарын хөөрөг байсан мөнгөн нуухтай хуван толгойтой нөгөөх нь ягаан толгойтой болор хөөрөг байсан. Би Мэндбаяр эгчийнхийг хөдөө явсан байсныг нь мэдсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 16-20/,

Энх-Нахиа ХХК-ны 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 358 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48/,

Шүүгдэгч П.Б, Б.С нарын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 62-69/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч П.Б, Б.С нар нь бүлэглэн 2020 оны 06 сарын 24-26-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 5-11-10 тоотод оршин суух П.Мын эзэмшлийн эзэнгүй гэрт нэвтэрч хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайлж бусдад 2.180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.М, гэрч П.Батсайхан нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч П.Б, Б.С нарын мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт, Энх-Нахиа ХХК-ны 2020 оны 07 сарын 07-ны өдрийн 358 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас П.Б, Б.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч П.Б, Б.С нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч П.М нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.Б, Б.С нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Шүүгдэгч П.Б, Б.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин бусдад төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч П.Б, Б.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэв.   

Шүүгдэгч П.Б, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.      

Шүүгдэгч П.Б, Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б.С , овогт П.Б нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.С, П.Б нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.С, П.Б нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Шүүгдэгч Б.С, П.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн тооцсугай.

5. Шүүгдэгч Б.С, П.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С, П.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.