Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 206

 

     Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 48 гудамж 0772 тоотод оршин суух, РД:ОЭ62020971, Далхаа овогт Далхаагийн Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

     Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга Т.Төртогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Бөхмөрөн сумын 90 жилийн ойгоор Бөхмөрөн сумын Засаг дарга асан Д.Ядамжавтай ярьж тохирон тус сумын ойн баримтат кино хийхээр болсон. Энэ саналыг Д.Ядамжав өөрөө гарган киног зөвхөн өөрөөр чинь хийлгэнэ гэж хэлсэн. Энэ нь миний өмнө нь хийсэн “Их түргэний уулс” баримтат киног үзсэнтэй холбоотой юм билээ. Ингээд ойн өмнө 7 дугаар сард аймгийн төв дээр сумын Иргэдийн хурлын дарга Б.Алдаржавхлантай хамт уулзахдаа “Улаанбаатар хот руу хандивын ажлаар явж байна, сумын байгаль орчны чиглэлээр тусгаж өг, дээр нь аймгаас дэмжсэн албан бичиг ирүүл, тэгвэл мөнгийг нь байгаль орчны сангаас шийдэж өгье” гэхээр тэрхүү саналыг нь тусгахаар болж тэр өдөр нь аймгийн Засаг дарга байгаагүй тул орлож байсан аймгийн орлогч дарга Б.Цэцээгийн гарын үсэгтэй албан бичгийг аймгийн Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Байгаль орчин, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Ганболд нараар хянуулж өөрт нь гардуулсан юм. Ингээд баримтат киноны зохиолыг нь шуудангаар сум руу хүргүүлэн, ойгоор нь очиж зураг авсан. Бүхэлдээ ойн тухай бус сум орны хөгжил, байгаль орчин, ан амьтдыг харуулсан “Өөдлөн дэвжсэн хязгаар нутаг” нэртэй телевизийн бүрэн хэмжээний 30 минутын баримтат кино бүтээсэн юм. Түүнийг тус сумын ой өнгөрсний дараа 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр сумын удирдлагуудад урьдчилан дуулгаж байж МҮОНТ-ээр орон даяар цацсан. Энэ тухай зарлагдаж цацсан баримт МҮОНТ-ийн хөтөлбөрт хадгалагдсан байгаа билээ. Баримтат киног гаргахын өмнө мөнгөө аль болох хурдан шийдэж өгөхийг тэдэнд дуулгасан. Гэтэл Засаг дарга асан Д.Ядамжав ойн дараа ажлаа өгч, шинээр сонгогдсон дарга П.Гансүх энэхүү баримтат киноны мөнгийг гаргаж өгч чадахгүй, мөнгө байхгүй, байгуулсан гэрээ байхгүй, ярих зүйлгүй хэмээн ухрах болсон. Ингээд өнгөрсөн зун аймгийн ойгоор аймгийн төв дээр байсан тус сумын удирдлагууд болох П.Гансүх, Засаг даргын орлогч Болдбаатар, Иргэдийн хулын дарга Б.Алдаржавхлан нартай уулзахад энэ намар 8 сард 2 аргалын төлбөр мөнгө орж ирэх ёстой, тэр үед таны мөнгийг шийдэж өгье гэсэн. Гэтэл оны эцсээр асуухад П.Гансүх дарга мөнгө дууссан тул өгөх боломжгүй байна гэж хариулсан. Тэгвэл хэзээ өгөх тухай асуухад 2016 онд 3 аргалын зөвшөөрөл хүсэхэд 1 аргалын зөвшөөрөл ирсэн тул таны мөнгийг өгч чадахгүй хэмээн хариу өгөх болсон тул энэхүү асуудлыг шүүхийн журмаар хянан шийдэж, баримтат киноны төлбөр болох 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ардчилсан нам засаг барьсан 4 жилд хариуцлагын тухай асуудал, тэр тусмаа дарга удирдлагын асуудал арай дээрдсэн байх гэж санасан чинь хязгаар энэ нутагт дураараа дургиж дунд чөмгөөрөө бүрээ үлээсэн зарим эрх мэдэлтний Феодолын ёс ноёрхох болсон юмуу гэж санагдах болсоныг нугаад яахав. Энэ сумын удирдлагууд нэхэмжлэгчийн зүгээс явуулсан болон аймгийн захиргаанаас очсон албан бичгийг хүртэл дандаа ирээгүй гэж мэлздэг, хуулбарыг нь аваачиж үзүүлэхээр уурлаж бухимдан газар дээр нь урж тасдан хаяж байсныг хөндлөнгийн гэрч надад ярьж байсан. Гэрээ байгуулах эсэх нь энэ сумын мэдэх асуудал байх. Харин хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг нэхэмжлэх нь нөгөө талын зайлшгүй шаардлага. Иймд энэхүү нэхэмжлэлийг хангаж 15.000.000 төгрөгийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга П.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Батцэнгэл нь Бөхмөрөн сумын 90 жилийн ойг тохиолдуулан баримтат кино хийсэн зардлын төлбөр 15.000.000 төгрөг тус сумын Засаг даргын Тамгын газраас  нэхэмжилсэн бөгөөд тухайн үед иргэн Д.Батцэнгэлтэй кино хийлгэх албан ёсны гэрээг сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Ядамжавтай үйлдээгүй болно. Мөн Засаг даргын Тамгын газар /Засаг дарга П.Гансүх/ -тэй гэрээ байгуулаагүй, кино хийлгэх хүсэлт гаргаагүй тул дээрх төлбөрийг хариуцан төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Жич: Увс аймгийн Улаангом дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Амараа Сама телевизээр манай сумын 90 жилийн ой, сумын талаар баримтат киног 3.000.000 төгрөгөөр хийж холбогдох телевизээр мэдээллэж, CD бичлэг хийж өгсөн тул дахин кино хийлгэх шаардлага байгаагүй болно” гэжээ.

       Хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга Т.Төртогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Бөхмөрөн сумын тухай баримтат кино хийсэн иргэн Д.Батцэнгэл нь тус сумын Засаг дарга Д.Ядамжавтай ямар нэгэн албан ёсны гэрээ хэлцэл хийгээгүй байсан боловч кино хийсэн зардал хэмээн 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Төрийн мөнгөөр аливаа ажил үйлчилгээ, худалдан авалт явуулахад тендерийн шугамаар шалгаруулалт явуулж, шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулсны дараа худалдан авалт хийгдэх ёстой. Нэхэмжлэгч нь амаар Засаг дарга байсан Д.Ядамжавтай тохирсон гэж байгаа боловч Д.Ядамжав нь би ямар ч тохиролцоо хийгээгүй, бид кино хийлгэх шаардлага байхгүй урьд нь Монгол телевиз, Сама телевиз мөн нутгийн зөвлөл хийсэн 3 кино байгаа, нөгөө талаар дахин кино хийлгэх зардал мөнгө байхгүй гэдгээ Д.Батцэнгэлд хэлсэн байдаг. Дээрх нэхэмжлэгчийн баримтат кинонд тайлбар дунд гарч байгаа аргалийн бичлэг нь урьд нь аргаль хариуцсан орон нутгийн хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч Р.Мандахын авсан бичлэгийг Д.Батцэнгэл нь авч ашигласан, мөн Ч.Чимэд даргын ярилцлагыг мөн Сама телевизээс авч ашигласан байдаг. Эдгээр ашигласан бичлэг болон, дарга нарын яриаг хасвал 13 минутын бичлэг хийсэн байна. Өөрөө сайн дураараа кино хийяихээд мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Иймд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, төлөх үндэслэлгүй тул Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас нэхэмжилсэн 15.000.000 төгрөгийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Батцэнгэл нь хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга нь “Д.Батцэнгэл нь манай сумын 90 жилийн ойд зориулсан баримтат кино хийх талаар байгуулсан гэрээ байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргаж байна.

      Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

      Нэхэмжлэгч Д.Батцэнгэл нь хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга асан Д.Ядамжавтай Увс аймгийн Бөхмөрөн сумын 90 жилийн ойд зориулсан баримтат кино хийлгэх талаар ярилцаж байсан боловч Засаг дарга Д.Ядамжав саналыг хүлээн аваагүй болох нь гэрч Д.Ядамжавын “Увс аймгийн Бөхмөрөн сум байгуулагдсаны 90 жилийн ой 2014 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд болсон. 2014 оны 4 дүгээр сард Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд семинарт сууж байхад надтай нэг хүн уулзая гэхээр нь нэг давхарын нэг өрөөнд танихгүй хүн /Д.Батцэнгэл/ нь надтай танилцаад “Би Монголын радио телевизэд сурвалжлагчаар ажилладаг. Би “Хархираа Түргэний уулс” гэх кино хийх гэж байгаа. Танай сумын ойд зориулсан зино хийх саналтай байна. “Хархираа Түргэний уулс” гэх киноны зураг авахдаа зургийг нь нэгтгээд авчихна” гэх санал тавьсан. Би “Энэ асуудлыг ганцаараа шийдвэрлэх асуудал биш ээ. Улаанбаатагр хотын нутгийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд ойд зориулсан кино хийх төлөвлөгөө тусгагдсан байгаа” гэдгээ хэлсэн. Гэхдээ би огт үгүй ч гэж бас хэлээгүй. Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийнхөн сумын 90 жилийн ойд зориулсан баримтат кино хийж байгаа гэдгээ хэлсэн. Сумын удирдлагуудтайгаа уулзаж ярилцаад Д.Батцэнгэлд кино хийлгэхгүй гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн. Кино хийхээр тохиролцоогүй болохоор зардал мөнгө гаргах асуудал байхгүй…” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-41х/

      Гэрч Б.Алдаржавхлангийн “Баримтат кино хийлгэх талаар сум орон нутгийн удирдлагууд болон ард иргэдэд танилцуулж мэдэгдсэн зүйл байхгүй. Д.Ядамжав дарга бид хоёр 2014 оны 5 дугаар сард байх /хавар/ Улаангом суманд семинарт ирчихсэн захиргааны үүдэнд сууж байхад Д.Батцэнгэл гэх хүн Д.Ядамжав даргатай уулзаж байсан. Дараа нь би Д.Ядамжав даргаас тодруулахад “Д.Батцэнгэл гэх хүн манай сумын баримтат кино хийж өгнө гээд байгаа юм” гэж хэлсэн. Би Д.Ядамжав даргад “Сумын удирдлагууд болон ард иргэдэд танилцуулаагүй мөн гэрээ баримтгүй зүйлд мөнгө гаргах боломжгүй” гэж хэлж байсан. Дараа нь Д.Батцэнгэл надтай утсаар киноны мөнгө гэж ярихад нь би “ямар нэгэн гэрээ баримтгүй зүйлд бид мөнгө шийдвэрлэх боломжгүй юмаа. Та хэнтэй гэрээ хийсэн бэ” гэхэд Д.Батцэнгэл нь “Д.Ядамжав даргатай тохиролцож ярилцсан” гэж надад хэлж байсан…” гэх /хх-ийн 38х/ мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа ба талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй байна.

     Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Д.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 15.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Д.Батцэнгэлийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.000.000 /арван таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батцэнгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР