| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0267/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/272 |
| Огноо | 2020-08-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/272
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Н.Б,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000288 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1975 оны 03 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 02 сарын 01-ний өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Н.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянгийн 2 дугаар багийн нутаг Цүлэн гэх газарт 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгууль, олборлолтын үйл ажиллагаа явуулж 7 метр өргөн, 12 метр урт буюу 63 м2 буюу 0.01 га хэмжээтэй газарт явуулж байгаль орчинд 239.126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч, иргэний нэхэмжпэгч С.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт иргэд хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад баригдсан байсан. Уг газар нь эрүүл газар байсан бөгөөд газар ухаж байгаад баригдсан хүмүүс нь байгаль орчинд учирсан хохирлыг төлж барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 16-17/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 06 дугаар сарын 10-ны өглөө манай найз Н.Б нь намайг хотод байхад утсаар залгаад Говь-Алтай аймагт ажил байна 55 гэх трактор 83-75 УБД дугаартай HINO маркийн тээврийн хэрэгслүүдийг өгчих гэхээр нь миний машин трактор 2 муу шүү дээ аваад явбал аваад яв гэж хэлсэн чинь аваад явсан байсан. Тэгээд Говь-Алтай аймгаас буцаж ирж байгаад газар ухаад цагдаад баригдсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Шүүгдэгч Н.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлхэд Амарзаяа, Цогтоо гэх хүмүүс нь надтай хамт Говь-Алтай аймгаас буцаж явсан хүмүүс байгаа юм. Би Говь-Аптай аймгаас буцаж явахдаа Бууцагаан сумын Цүлэн гэх газарт уг газрыг ганцаараа ухсан. Надтай хамт явсан хүмүүс уг үйл ажиллагаанд оролцоогүй. Тухайн газарт очоод би өөрөө дур мэдэн газар ухсан. Тухайн үед Говь-Алтай аймгаас ирж байх үед машин болохгүй болохоор нь аймгаас дүүгээ дуудаж машинаа үзүүлсэн юм. Миний авч явсан машин, техник хэрэгслүүд нь Ж.Э гэх хүний эд зүйл байсан. Би гуйж аваад явсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-6/,
Шүүгдэгч Н.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Ж.Эийн эзэмшлийн Dooson 55 трактор, hino маркийн 83-75 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар аргаар хийсэн хуурай төхөөрөмж зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 102-105/,
“Нуман-Алтай” ХХК-ний 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 1/47 дугаартай шинжээчийн ... Тухайн эвдэгдсэн талбай нь 7 м өргөн, 12 м урт буюу 63м2 0.01 га хэмжээтэй байх бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 239.126 төгрөг болж байна. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 180.949 төгрөг болж байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 44-72/,
“Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 07 сарын 31-ний өдрийн №382, 2020 оны 08 сарын 01-ний өдрийн №383 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 41-42, 74/,
Шүүгдэгч Н.Б ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт болон байгаль орчинд учруулсан хохирол 239.126 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 180.949 төгрөгийг тус тус төлж барагдуулсан санхүүгийн баримт /хх-ийн 86-87, 108/,
Шүүгдэгч Н.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 81-85/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянгийн 2 дугаар багийн нутаг Цүлэн гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсаны улмаас байгаль экологид 239.126 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Н.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Н.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Н.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Н.Б ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Б ын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 239.126 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 180.949 төгрөгийн хохирол учирсан талаар “Нуман-Алтай” ХХК-ний 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 1/47 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан бөгөөд уг дүгнэлтийг шүүх үндэслэлтэй дүгнэлт болсон гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.Б нь байгаль орчинд учирсан 239.126 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 180.949 төгрөгийг тус тус иргэний нэхэмжлэгч байгууллагын холбогдох дансанд тушааж баримтыг хэргийн 86-87 дугаар хуудсанд хавсаргасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Н.Б нь Ж.Эийн эзэмшлийн Dooson 55 трактор, hino маркийн 83-75 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар аргаар хийсэн хуурай төхөөрөмж зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул Dooson 55 тракторын үнэ 700.000 төгрөг, hino маркийн 83-75 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөг, гар аргаар хийсэн хуурай төхөөрөмжийн үнэ 100.000 төгрөг нийт 1.300.000 төгрөгийг шүүгдэгч Н.Баас хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Ж.Эийн эзэмшлийн Dooson 55 трактор, hino маркийн 83-75 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар аргаар хийсэн хуурай төхөөрөмж зэргийг иргэний нэхэмжлэгч Ж.Эд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Н.Б ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бт зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Н.Бын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Dooson 55 тракторын үнэ 700.000 төгрөг, hino маркийн 83-75 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 500.000 төгрөг, гар аргаар хийсэн хуурай төхөөрөмжийн үнэ 100.000 төгрөг нийт 1.300.000 төгрөгийг шүүгдэгч Н.Баас хурааж, улсын орлого болгосугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч Ж.Э ийн эзэмшлийн Dooson 55 трактор, hino маркийн 83-75 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гар аргаар хийсэн хуурай төхөөрөмж зэргийг иргэний нэхэмжлэгч Ж.Эд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.