Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22 дугаар гудамжны 43 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эмэгтэй, РД:ОМ74040503, Хольдог овогт Цонхиогийн Цэнд-Очир,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 22 дугаар гудамжны 43 оршин суух, 1971 онд төрсөн, эрэгтэй, РД:ОМ71050738, Борлууд овогт Басангийн Бумнанжид нарт холбогдох,

        Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 24.165.220,03 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц.Цэнд-Очир нь тус банкнаас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1250021808 тоот зээлийн гэрээг байгуулан 8.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 29.4 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ дуусгавар болох мөн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1250023884 тоот зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг 365 хоногт 25.2 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Улаангом сумын 7 дугаар баг, 22-48 тоотод байрлах 36 м.кв талбайтай авто граж /ҮХХ-н Ү-1520004953/, 50-31 УВХ улсын дугаартай, Subaru impresa, цэнхэр өнгөтэй, 2004 он, /АД-GG3034289/, Увс аймаг Улаангом сумын 3 дугаар баг, Итгэлт барааны зах дотор байрлалтай 30 м.кв талбайтай бэлэн хувцасны дэлгүүр, мөн тус хаягт байрлалтай 8 ханатай битүү шалтай гэр 2006 он, 2004 онд үйлдвэрлэгдсэн 32 инчийн Sharp зурагт, 2014 онд үйлдвэрлэгдсэн BSB хөргөгч тус тус барьцаалуулж авсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 7 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээл төлөх талаар зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй удаа дараа уулзсан боловч зээлдэгч нь “Нөхөр хөдөлмөрийн чадваргүй болсон, ажил хийхгүй байгаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон учир бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон” гэх зэргээр зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 451, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2017.02.09/ байдлаар Ц.Цэнд-Очир болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Бумнанжид нарын төлөх ёстой 1250021884 тоот бичил зээлийн үндсэн үлдэгдэл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 2.234.959 төгөрг, 1250021808 тоот бичил зээлийн үлдэгдэл 6.593.884,5 төгрөг, зээлийн хүү 305.603,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.772,67 төгрөг, нотариатын зардал 29.000 төгрөг, нийт 24.165.220,03 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид бид Хас банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 24.165.220 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна. Тухайн төлбөрийг 8 хувааж сар бүр 3.020.652 төгрөгөөр тус тус төлж барагдуулна, эхний 3.020.652 төгрөгийг 4 дүгээр сард төлж чадахгүй бол бүх мөнгөө нэг дор төлнө. Хэрэв заасан хугацаандаа төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөө хураалгахад татгалзах зүйлгүй” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нарын тайлбартай танилцлаа. Нийт нэхэмжилсэн төлбөрийг 8 хувааж төлүүлэх ба сард 3.020.652 төгрөг төлөх, эхний төлөлтөө хийгээгүй тохиолдолд бүх мөнгөө албадан гаргуулахаар тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Зээлийн төлбөрийн буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлогоор хангуулах” гэсэн хүсэлтээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 24.165.220,03 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл нэхэмжлэлийн шаардлагаас “Зээлийн төлбөрийн буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлогоор хангуулах” гэсэн хүсэлтээсээ татгалзаж, хариуцагч Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 24.165.220,03төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг хүлээн зөвшөөрсөн болох нь Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нар нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 24.165.220,03 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.776 төгрөг төлсөн ба тал хувь болох 139.388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 139.388 төгрөг, хариуцагч Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нараас 139.388 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 24.165.220,03 төгрөг гаргуулах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүйг тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 278.776 төгрөгөөс 139.388 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 139.388 төгрөг, хариуцагч Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нараас 139.388 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ц.Цэнд-Очир, Б.Бумнанжид нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР