| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0261/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/279 |
| Огноо | 2020-08-27 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2020/ШЦТ/279
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Д.Д,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Батаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,
Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д д холбогдох 2014000000231 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 10 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 , урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадваргүй, овогт Д.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 04 дүгээр гудамжны 15 тоотод байх О.Б гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох гэрт 2020 оны 05 дугаар сарын 16-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 14 килограмм ноолуур хулгайлан бусдад 672 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Д.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ноос 26-ны хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн 3-2 тоотод байрлах иргэн Д.Нарангийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр болох монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, монетон ээмэг 1 хос зэрэг эд зүйлс, бэлэн 92 000 төгрөгийн хамт хулгайлан авч бусдад 702.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Хохирогч Г.Өаны мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 03 сарын 03-ны өдөр 10 цагийн үед охин Ө.Амгалан, ач охин Наранбилэг бид 3 босоод цай ундаа уучихаад зурагт үзээд сууж байсан чинь Ө.Амгалан гадуур гарах гээд байхаар нь чи гадуур дэмий тэнээд байна гээд хэлсэн чинь Ө.Амгалан нь хутга бариад хий цавчаад байхаар нь би хутгийг нь авах гэтэл миний зүүн талын тохойны дээд хэсэгт хутгалчихаар нь хөөе чи намайг алах нуу гэтэл гэрээс гараад яваад өгсөн. Ө.Амгалан нь хутгатайгаа гараад гүйсэн бөгөөд би араас нь гүйх гэтэл миний гарнаас цус гараад байхаар нь хажуу айл Хоролсүрэнгийнд орж болсон явдлын талаар хэлсэн. Хоролсүрэн аймгийн цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Ө.Амгалан нь 2-3 жилийн өмнөөс сэтгэцэнд нь өөрчлөлт орж сэтгэцийн өвчтэй болж аймгийн нэгдсэн эмнэлэгт хяналтанд байдаг. Улаанбаатар хотод сэтгэцийн эмнэлэгт 2-3 удаа хэвтэж байсан. Урд өмнө гадуур явж гадуур хоноод ганцаараа юм яриад явчихдаг бөгөөд хүнтэй юм ярихгүй 3 жил болж байгаа. Урд өмнө нь өөрийгөө боож үхнэ гэж байсан юм. Өнөөдөр би гадуур тэнээд явлаа гээд хэлсэн чинь ална шүү гээд хутга бариад намайг хутгалсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-27/,
Хохирогч О.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 05 дугаар сарын 16-ний өдөр жижиг гэрт байсан 2 шуудайтай ноолуурын нэг шуудайтай ноолуур алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад гар утсаар дуудлага өгсөн ... Алдагдсан ноолуур 50 кг цагаан өнгийн шуудайнд чихэж дүүргэж хийгээд шуудайны амыг үдсэн байсан. Ноолуурыг жинлэж үзэхэд 14 кг байсан. Би өчигдөр өглөө жижиг гэртээ ороход ноолуур гэрийн баруун талд төмөр орон дээр байсан. Ноолуураа кг тутмыг одоогийн ханшаар 50.000 мянган төгрөгөөр үнэлж нийт 700.000 мянган төгрөг алдагдсан ноолуураа үнэлж байна ... Тиймээ миний хохирлыг барагдуулсан гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-29/,
Хохирогч Д.Н гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ гараад 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд гэртээ байхгүй хөдөө явж байгаад ирэхэд манай гэрт хулгай орж тольтой гоо сайхны ширээний доод хаалганд байсан хар цүнхнээс 92.000 мянган төгрөг, авдар дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, хажууд нь байсан ээмэгний саванд байсан монетон ээмэг зэоэг алдагдсан байсан ... Олдохгүй байх гэж бодоод хаясан байсан. Тэгээд сая фейсбүүк дээр миний 3 мөнгөн аяганы зургийг тавиад эзэн нь холбогдоорой гээд цагдаагийн байгууллагаас тавьсан байхаар нь цагдаа дээр ирж уулзсан юм ... Бусад эд зүйл нь олдохгүй байхаа миний эд зүйлийг авсан хүн нь сэтгэцийн өвчтэй гэж байсан, тэр хүн хаясан ч байж магадгүй, гомдол санал байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-32/,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Батаагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Долгормаа нь 1986 онд миний төрсөн дүү болох Даваахоролын гэр бүлд төрж байсан. Долгормаа нь бага байхдаа орноос унаад тархи толгойны гэмтэлтэй болсон, одоо сэтгэцтэй жаахан асуудалтай. Долгормаагийн аав нь 1999 онд нас барсан, ээж нь 1987 онд нас барсан юм. Аав нь нас бархад би өөр дээрээ авч өсгөсөн. ... сэтгэцийн эмнэлэгийн хяналданд байдаг. Гадуур тэнэж яваад энд тэндээс хулгай хийдэг сураг дуулдсан. Сая нэг айлын гэрээс ноолуур авсан гэсэн. Айлын эзэнгүй гэрийг бол андахгүй тооноор нь ороод авдаг юм шиг байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,
Шүүгдэгч Д.Д гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 22 цагийн үед байхаа би хөх толгойд нэг айлд очиж хонох гээд явж байгаад Хөх толгойд байсан нэг айлын хашаа руу орсон хашаанд ороход нэг гэр байсан. Тэгээд тэр гэрийн цоожийг нь онгойлгож ороод гэрт нь нэг шуудайтай юм байхаар нь онгойлгоод харахад ноолуур байсан тэгээд гэрээс нь авч гараад буцаагаад хаалгыг нь цоожлоод гарсан. Хулгай хийж авсан ноолуураа доод зах дээр нэг газар нуусан маргааш нь цагдаа нар ирэхээр нь би цагдаа нарт ноолуур байгаа газрыг зааж өгөөд явуулсан ... би тэр айлын тооноор нь ороход мөнгөн аяга, ээмэг, байхаар нь авсан. Нийт 3 ширхэг мөнгөн аяга авсан. 1 аяга нь тогооны саван дээр нь байхаар нь авсан. Тэгээд бас толин дээр нь ээмэг байхаар нь тэрийг нь авсан тэгээд буцаад тооноор нь гарсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58, 60/,
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Нарийн мэргэжлийн эмч нарын 2020.06.15-ны өдрийн 44 дугаартай “...Яллагдагч Д.Д нь сэтгэцийн хувьд оюуны хүндэвтэр хомсдол өвчтэй. Энэ нь төрөлхийн өвчин юм. Оюуны хүндэвтэр хомсдолын улмаас сэтгэцийн эмчийн хяналтанд хөдөлмөр зохицуулалт хийгдсэн. 2008 онд оюуны хүндэвтэр хомсдол өвчний улмаас сэтгэцийн эмчийн хяналтад орсон. IQ-48 хувьтай. Д.Д нь хэрэг хариуцах чадваргүй. Цаашид УБ СЭМҮТөвд хэвтүүлэн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Учир нь амиа хорлохоор төлөвлөсөн. Өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан ... гэсэн дүгнэлт /хх-ийн 50/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 19-22/,
Энх нахиа ХХК-ны 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 290, 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 334 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 40, 45/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 93-94/,
Шүүгдэгч Д.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон эрүүл мэндийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 71-85, 88-89/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Д.Д нь 2020 оны 05 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-4-15 тоотод байрлах иргэн О.Бгийн эзэмшлийн гэрт нууцаар нэвтэрч 14 килограмм ноолуур хулгайлж бусдад 672.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 04 сарын 17-ноос 26-ны хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-3-2 тоотод байрлах иргэн Д.Нарангийн эзэмшлийн гэрийн тооноор нууцаар нэвтэрч мөнгөн аяга 3 ширхэг, монетон ээмэг 1 хос зэрэг эд зүйлс, бэлэн 92.000 төгрөгийн хамт хулгайлж бусдад 702.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас шүүгдэгч Д.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Д г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Д нь сэтгэцийн эмгэгийн улмаас гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 44 тоот нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч О.Б, Д.Наран нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Дг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д.Д хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Дг хэрэг хариуцах чадваргүйд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Дд эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч Д.Д д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.