Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/280

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Г.Цогтмагнай,

Шүүгдэгч Ө.Д,

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000221 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 08 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Ө.Д,

            Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч Ө.Д нь 2020 оны 01 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутаг “Шувуун бааст” гэх газраас иргэн З.Чгийн 1 тооны ямааг мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай авто машин механизм ашиглан хулгайлж бусдад 100.000 төгрөгийн,

Мөн өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутаг “Шувуун бааст” гэх газраас З.Ч гийн мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Мөн өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутаг “Шувуун бааст” гэх газраас З.Ч гийн автомашинд байсан 2 нүдний дуранг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч З.Ч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 2020 оны 02 дугаар сарын 02-ны хооронд Бууцагаан суманд байж байгаад 02 дугаар сарын 03-ны өдөр мал дээрээ ирсэн юмаа. Тэгээд малаа үзэхэд 10 гаран ямаа дутаж байсан юм өөр миний 2020 оны 01 дүгээр сард хүнээс 1 мориор худалдаж авсан 2 нүдний дуран машинд байсан алга болсон. Манай 1 ямааг Д хулгай хийж хүнд зарсан байна гэхээр нь малаа дахин шалгаж үзсэн юм. Тэгээд 10 гаран ямаа дутаж байсан боловч хэзээ алдсан талаараа сайн мэдэхгүй байна. Д манай 1 ямааг хулгайлж 2020 оны 01 дүгээр сарын 28-нд Түвшинбаяр гэдэг хүнд зарсан байсан болохоор Дыг хардаж байна. Манай төрсөн дүү манай мал дээр байсан юм тэгээд миний машиныг Д хэлэхгүйгээр аваад зугтсан байсан. Тэгээд араас нь явж байгаад Хүрээмарал сумын төв ортол Д хүнд ямаа зарсан байна гэж дуулаад малын толгойг нь үзээд манай мал байна гэж таниад надад утсаар хэлсэн юм. Тэгээд би мэдсэн. Надад гомдолтой байна. Алдсан зүйлээ буцааж олж авмаар байна ... Нямсүрэнгийнд очиж нөгөө 2 шил архиа хамт хувааж ууж дуусгаад машин барьж чадахааргүй болоод дүү Эрдэнэбаатарын гэрт очоод түүнд машинаа өгөөд Бууцагаан сумруу хүргээд өг би тэндээс мотоциклио аваад гэрлүүгээ явна гэсэн. ... Тэгээд миний машиныг Д тэр хоёр хамт аваачиж тавиад мотоциклиор буцаж ирэх байсан юм. 2 нүдний дурангаа машины арын суудалд тавьсан байсан. Тэгээд сураг нь замаар Шижир гэх айлд тэр хоёр ороод байж байгаад тэндээс Д нь миний машиныг унаад манай хотноос 1 тооны ямаа аваад сумын төв орсон байсан гэсэн. Тэгээд юу болсныг би сайн мэдэхгүй намайг Бууцагаан суманд байхад хадам дүү Жавзанпагам надруу яриад таны машиныг Д төвд унаад ирсэн байхаар нь би очоод авчихлаа гэсэн. Тэгэхээр нь би машинд 2 нүдний дуран байгаа дуранг үзээдэх гэж хэлтэл дуран байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь Друу залгаад 2 нүдний дуран хаана байна гэтэл би аваагүй машин дотор л байгаа гэсэн. Тэгээд Дгаас гарцаагүй гэж бодоод чи авсан гэхэд аваагүй олохгүй бол би төлж өгье гэсэн. Тэгээд хэд хоног хараад төлж өгөхгүй байхаар нь цагдаад өргөдөл бичиж өгсөн ... Би 2020 оны эхээр Говь-Алтай аймгийн Гуулин сумаас Олонбаяр гэх хүнээс 3.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэрчилгээ бол өөр хүний нэр дээр байдаг. Үзлэгт 2020 оны 10 дугаар сарын үеэр орохоор нэр дээр солиулчихъя гэсэн тэгэхээр нь худалдаж авсан. Утасны дугаарыг нь бол мэдэхгүй. Говь-Алтай аймаг ороод Гуулин суман очоод гэрийг нь бол олчихно. Би Дтай яриад алдсан нэг ямаагаа авахаар болсон. Отор хийгээд амжаагүй одоо нутаг ойртохоор очоод авчихна. Тэгэхээр бол ямааны хохирлыг бүрэн барагдуулсан. Харин 2 нүдний дуранг надад буцааж өгөөгүй байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-09, 100/

Гэрч Б.Түвшинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би тухайн үед Хүрээмарал сумын төвд бог мал гаргуулаад ачиж Улаанбаатар хот руу явсан. Намайг Улаанбаатар хотруу 2020 оны 02 дугаар сарын эхээр Д нэг улаан зүсмийн эр бүдүүн ямаа авчирч та нэг ямаа аваадхаач бензиний мөнгө байхгүй болчихлоо гээд гуйгаад байхаар нь би нэг ямаа худалдаж авсан. Би 120.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь газар дээр нь тоолж өгсөн. Д ганцаараа явсан. Д надад ямаагаа амьдаар нь авчирсан. Би тэгээд хамт байсан Ганхуягаар нөгөө ямааг янзлуулж махыг нь авч Улаанбаатар хот руу авч явж борлуулсан. Д тухайн ямааг манай өөрийн ямаа бензиний мөнгөгүй болчихоод байна гээд байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч З.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд Д өгсөн гэсэн ямааны толгойг Ганхуяг ахтай уулзаад хогийн хонхорт байгаа гэхээр нь очиж үзсэн. Тэгтэл Чогдсүрэн ахын ямааны толгой байсан. Тэгээд би хөдөө гэрлүүгээ авч яваад байлгаж байгаад хаясан. Д улаан зүсмийн эр ямаа хоёр чих нь цуулбар эмтэй цэнхэр будагтай ямаа авчирч өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч С.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн .... Би тухайн үед Хүрээмарал сумын 5 дугаар багийн иргэн Түвшинбаярын хамт явж бог мал авч нядлаад Улаанбаатар хот руу явуулах гэж байхад Д Түвшинбаярын гэрийн гадаа 1 ямаа авчирч өгөөд худалдаад аваадах гэж хэлсэн. Тэгээд Түвшинбаяр нөгөө ямааг нь худалдаж аваад намайг нөгөө ямаа нядлаад махыг нь аваад ир гэсэн. Тэгээд би нөгөө ямааг аваад сумын төвийн урд хогийн хонхорийн баруун талд аваачиж гаргаад махыг нь арьстай хамт Түвшинбаярт авчирч өгсөн. Тэгээд Түвшинбаяр Улаанбаатар руу худалдаж авсан малын махаа ачаад явсан. Д нэг жижиг тэрэгтэй явсан. Би тухайн үед улсын дугаарыг нь анзаараагүй. Саарал өнгийн тэрэг байсан. Түвшинбаярын нядлаад ир гэсэн ямааг би Дтай хамт явж янзалсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Б.Жавзанпагмын мөрдөн байцаалтанд өгсөн ... Ганхуяг ах манай гэрт орж ирээд Д нэг ямаа авчирч өгсөн тэрний толгой нь хогийн цэг дээрээ байгаа танай малын толгой мөн үү гэсэн. Тэгээд Эрдэнэбаатар, Ганхуяг хоёр хамт яваад нэг ямааны толгой авчирсан. Тэгээд манай малын толгой мөн байна гэж байсан. Тэгээд нөгөө ямааны толгойгоо аваад хөдөө явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Шүүгдэгч Ө.Д ы мөрдөн байцаалтанд өгсөн ...  2020 оны 01 дүгээр сарын сүүл байсан байх одоо өдрийг нь санахгүй байна намайг Хүрээмарал сумын төвд гэртээ байхад Чогдсүрэн /Тарган бор гэх/ намайг тамхи авч ирээд өгөөч хөдөө хонин дээрээ явж байна гээд утсаар дуудсан. Тэгэхээр нь хонин дээр нь тамхи авч очоод жоохон сууж байгаад би сумруугаа буцлаа гэсэн. Тэгтэл орой хоёулаа цуг буцая гэсэн тэгэхэд нар бараг жаргах гэж байсан. Тэгэж байж байгаад харанхуй болоод малыг нь хотлуулчихаад Чогдсүрэн дүүгээс 2 тооны мал аваад тэрийг янзлаад Бууцагаан сумаас ирсэн хүн малын мах авч байна гэсэн тэгэхээр нь тэнд бид хоёр Чогдсүрэнгийн машинаар авч очиж мөнгөөр зарчихаад буцаад Хүрээмарал сум явсан тэгээд тэндээс бензинээ хийчихээд дэлгүүр орж тамхи, 2 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад тэрийг сумын төвд Нямсүрэн гэх түүний найзын очиж 1 шил архийг нь ууж дуусгаад Чогдсүрэнгийн дүү Эрдэнэбаатар дээр очоод Эрдэнэбаатарыг аваад тэр жолоо бариад тэндээс Бууцагаан сум руу Чогдсүрэнг гэрт нь хүргэж өгөх гэж яваад Бууцагаан сумын төвд гэрт нь хүргэж өгчихөөд тэндээс Эрдэнэбаатар Чогдсүрэнгийн машиныг унаад хааяадаа би унаад Чогдсүрэнгийн хөдөө байдаг гэр рүү нь явсан тэнд нь бас Эрдэнэбаатарын мал байдаг байсан юм тэгж яваад замдаа Шижир гэх айлаар Эрдэнэбаатар бид хоёр ороод тэднийд будаа буулгаж өгчихөөд тэнд би Шижиртэй архи уугаад Эрдэнэбаатар болохоор пиво уугаад байсан. Тэгэхэд би нэлээн согтсон байсан. Тэгээд би гарж бие засах гээд гарсан тэгэхдээ бие засчихаад машиныг нь унаад замаасаа тэндээс хөдлөөд 5-6 кл яваад Чогдсүрэнгийн гэрийн гадаа очсон тэгтэл мал нь бэлчээгүй өглөөний 10 цагийн үед байсан тэгээд малнаас нь нэг тооны улаан ямаа авсан тэгээд сум орж Түвшинбаярт 120.000 төгрөгөөр зарчихаад мөнгийг машины урд талын тамхины хайрцаг руу хийчхээд өөрийнхөө хашааны гадаа яваад очоод зогстол Эрдэнэбаатарын эхнэр Жавзанпагам шууд ирээд машин аваад ир гээд намайг буутал машинд зөрж суугаад унаад яваад өгсөн явах гэхэд нь би машин дотор мөнгө төгрөг байгаа аваадхая гэтэл чиний юм энд юу байдаг юм гэж хэлээд унаад тавхисан тэгээд надаас машин авч явсаны маргааш Чогдсүрэн над руу яриад дуран байхгүй байна гэсэн тэгэхээр нь машины хойд талын суудал дээр байсан гэж хэлсэн. Тэр 2 нүдний дуран нь намайг хөдөөнөөс ирээд гэрийнхээ гадаа машинтай нь ирэхэд хар гэртэй 2 нүдний дуран байсан тэгээд сүүлд нь цагдаад намайг өргөдөл бичээд өгсөн байсан. ... Эрдэнэбаатар бид хоёр Чогдсүрэнгийн жижиг саарал өнгийн машинаар очсон. Шижир гэх айлын гадаа би унаж очсон. Тэгээд надад түлхүүр нь байсан юм анх сумын төвөөс Эрдэнэбаатарыг авсанаас хойш Эрдэнэбаатар бид хоёр Чогдсүрэнгийн машиныг ээлжилж барьсаар байгаад ирсэн байсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 47/,

“Энх-Нахиа” ХХК-ны 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 254 тоот эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32, 108/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 102-105/,

Шүүгдэгч Ө.Ды иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 49, 52, 54-59/ зэрэг болно.

Шүүхээс дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад үнэлж дүгнэхэд шүүгдэгч Ө.Д нь 2020 оны 01 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутаг “Шувуун бааст” гэх газраас З.Чгийн мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай автомашиныг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж үзэх үндэслэлгүй, хохирогч З.Ч нь өөрийн эзэмшлийн автомашиныг шүүгдэгч Ө.Д, гэрч З.Эрдэнэбаатар нарт хариуцуулан өгч автомашиныг шүүгдэгч Ө.Д, гэрч З.Эрдэнэбаатар нар нь ээлжлэн унаж явж байсан байх бөгөөд Шижир гэх айлд ирэхдээ автомашиныг шүүгдэгч Ө.Д нь унаж ирсэн, уг автомашины түлхүүр нь Ө.Дд байсан байх тул түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгов.

Шүүгдэгч Ө.Д нь 2020 оны 01 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутаг “Шувуун бааст” гэх газраас иргэн З.Чгийн 1 тооны ямааг мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай автомашин механизм ашиглан хулгайлж 100.000 төгрөгийн, уг автомашинд байсан З.Чгийн эзэмшлийн 2 нүдний дуранг хулгайлж 450.000 төгрөг, нийт бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авсагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүгдэгч Ө.Дгийн 2020 оны 01 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутаг “Шувуун бааст” гэх газраас иргэн З.Чгийн 1 тооны ямааг мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай авто машин механизм ашиглан хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Их хурлаас 2020 оны 01 сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч уг хууль нь 2020 оны 01 сарын 28-ны өдрийн байдлаар дагаж мөрдөгдөөгүй хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Иймд шүүгдэгч Ө.Д г бусдын эд хөрөнгийг хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Хохирогч З.Ч нь алдагдсан 1 тооны ямааны үнэ болох 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, алдагдсан 2 нүдний дурангийн үнэ болох 450.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаагаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ө.Дгаас 450.000 гаргуулж хохирогч З.Ч д олгов.

Шүүгдэгч Ө.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Ө.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Шүүгдэгч Ө.Д нь хохирогч З.Чгийн эзэмшлийн мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул уг автомашины үнэ 2.900.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Дгаас гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн хохирогч З.Чгийн эзэмшлийн мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай автомашиныг эзэмшигч З.Чд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ө.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.    

3. Шүүгдэгч овогт Ө.Д г бусдын эд хөрөнгийг хулгайлах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Ө.Д д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 цагийн хугацаагаар тогтоосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Дд оногдуулсан 480 цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Д нь 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч Ө.Дд оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хохирогч З.Чгийн эзэмшлийн мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай автомашины үнэ 2.900.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Дгаас гаргуулж улсын орлого болгосугай.

10. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн хохирогч З.Чгийн эзэмшлийн мицүбиши пажеро мини маркийн 92-56 ГАА улсын дугаартай автомашиныг эзэмшигч З.Чд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ө.Дгаас 450.000 төгрөг гаргуулж хохирогч З.Чд олгосугай.

12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ө.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.