Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01584

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаа

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

         2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01035 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1271 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.М

         Хариуцагч: Мнд холбогдох    

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Д.М 2017 онд Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хороо /ҮЭХ/-ны даргад нэр дэвшиж, 2017-05-19-ний өдөр бүх гишүүдийн хурлаар сонгогдсон. Мны дарга нарын зөвлөлийн 2017-06-02-ны өдрийн 69-р тогтоолоор Улаанбаатар өртөөний ҮЭХ- ны даргаар Д.Мыг 2017-06-02-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд сарын үндсэн цалинг 798,564 төгрөгөөр тогтоож томилсон.  Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд 3 сар гаран болох хугацаанд ажилчдын эрх ашгийг хамгаалах ажилдаа идэвхтэй оролцож, ажилчдын санал хүсэлтийг хүлээн авч, захиргаанд санал оруулж олон асуудлыг шийдвэрлүүлсэн. Хамтын гэрээний биелэлтийг хангуулж ажилчин хүний эрх ашиг хөндөгдсөн болон хөндөгдөх магадлалтай асуудалд онцгой анхаарч, аливаа шударга бус явдалтай тэмцэж, ҮЭХ мөнгийг дур зоргоороо зарцуулдаг байсан явдлыг таслан зогсоосон. Ажилчдын цалин хөлс цаг хугацаандаа буудаггүй байсныг санхүү, захиргаатай зөвшилцөж олгуулах, ажилчдын эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд онц сонор сэрэмжтэй хандаж, захиргаанаас гарсан буруу шийдвэрийг цуцлуулж ажиллаж байлаа. Би ажиллах  хугацаандаа алдаа зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй. Гэтэл намайг Улаанбаатар өртөөний ҮЭХ 2017-10- 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар тус  огцруулах шийдвэр гаргажээ. Улаанбаатар өртөөний ҮЭХ хурал хийхдээ илээр санал хурааж, дарга нарын зүгээс ажилчдаа дарамталж санал авч огцруулах шийдвэр гаргалаа. Намайг ажилд авахдаа групптэй хүн ажилд авахгүй гэж илт дургүйцлээ илэрхийлж байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Д.М 2017-05-02-ны өдрийн Улаанбаатар өртөөний ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлаар ҮЭХ даргаар сонгогдсон. Мны дүрмийн 17.6-д ҮЭХ эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал байна. Бүх гишүүдийн хурлаас дарга, тэргүүлэгчид, хянан шалгах комиссын гишүүдийг сонгоно гэж заасны дагуу бүх гишүүдийн хурлын шийдвэрийг үндэслэн Д.Мтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2017-09-05-ны өдрийн дарга нарын зөвлөгөөний 118 дугаар тогтоолоор шинээр томилогдсон ҮЭХ дарга нарын ажил шалган туслах үзлэгийн удирдамжийг баталсан. Улаанбаатар өртөөний ҮЭХ дарга Д.Мын ажлыг 2017-09-15-ны өдөр шалгасан. Д.М ажиллах хугацаандаа албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хийдэггүй, ажлын төлөвлөгөө байхгүй,  идэвхтэн, сонгуультнуудыг чиглэлээр хангаж ажилладаггүй, ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажлаа хангалтгүй биелүүлж, санхүүгийн хэд хэдэн зөрчил гаргасан байсан. Д.Мын талаар С.Отгончимэг, Н.Баттуяа, З.Алтанчимэг,  Н.Өнөржаргал, Л.Пагма болон хорооны бусад гишүүдээс бичгээр болон амаар ажлын байрны бэлгийн дарамт учруулах, доромжилох, дарамтанд байнга оруулах, ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа талаар өргөдөл гомдол ирсэн. Мны дүрмийн 15.5-д ҮЭХ орон тооны дарга нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах ба  хорооны даргыг огцруулах асуудлыг бүх гишүүдийн хурлаар нь хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ гэж заасныг үндэслэн Мноос Улаанбаатар өртөөний ҮЭХ–ны Тэргүүлэгчдийн хуралд дээрх асуудлыг Бүх гишүүдийн хурлаар шийдвэрлүүлэхээр танилцуулсан. Улмаар Улаанбаатар өртөөний ҮЭХ 2017-10-02-ны өдөр бүх гишүүдийн хурал хийж тус хорооны дарга Д.М сонгуульт үүргийг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж 88.9 хувийн саналаар Улаанбаатар өртөөний ҮЭХ даргаас огцруулах шийдвэр гаргаж, 2017-10-02-ны өдрийн бүх гишүүдийн хурлын 2 тоот тогтоол гаргасан.  Энэ шийдвэрийг үндэслэж Мны 2017-10-02-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01035 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1271 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч  гомдолдоо: Д.Мтай ажил олгогч хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулжээ. Хөдөлмөрийн гэрээний 2.2-т ҮЭХ–ны тайлан сонгуулийн болон бүх гишүүдийн хурлаас ажил, албан тушаалыг өөрчлөх огцруулах шийдвэр гаргасныг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан боловч тухайн ажилтны гаргасан зөрчлийг шалган тогтоож, түүнд хариуцлага хүлээлгэх ёстой. ҮЭХ нь тухайн зөрчлийг шалган тогтоолгүйгээр, ажилтныг үндэслэлгүйгээр огцруулах шийдвэр гаргаж болохгүй. Д.Мыг ажлаас халах болсон 2 үндэслэл байдаг. 1. Шинээр сонгогдсон ҮЭХ –ны дарга нарын ажил шалган туслах үзлэгээр сонгуульт үүргээ хангалтгүй биелүүлсэн байсан гэжээ. Тус шалган туслах үзлэгийн зорилго нь 2017 онд шинээр сонгогдсон ҮЭХ дарга нарын ажлыг шалган арга зүйн зөвлөгөө, тусламж, дүгнэлт өгөх зорилготой байсан. Ажил шалган туслах үзлэгийн илтгэх хуудсанд дурдсанаар Улаанбаатар төмөр замын ҮЭХ даргаар ажиллаж байсан Д.Мт анхаарах 11 асуудал байх бөгөөд цаашид хэрхэн, юуг анхаарч ажиллах талаар тодорхой бичсэн байдаг. Түүнээс Д.Мыг ажлаас халах, тухайн эрхэлж буй ажилдаа тэнцэхгүй, сонгуульт үүргээ хангалттай биелүүлээгүй талаар шалтгаан нөхцөл тусгагдаагүй байна. Д.М нь ажилдаа томилогдоод 3 сар болсон бөгөөд тодорхой хэмжээний алдаа дутагдал гаргасан байсан ч тухайн алдаа дутагдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцож, ажлаас шууд халах алдаа дутагдал биш юм. Хэрэв алдаа дутагдал гарсан гэж үзэж байгаа бол түүнд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуулинд нийцүүлж арга хэмжээ авах боломжтой. Мөн тухайн шалган туслах үзлэгийн удирдамж болон илтгэх хуудсанд “үзлэгийн дүнг 2017-09-15-ны дотор ажил олгогч буюу Мны дарга нарын зөвлөгөөнд танилцуулна” гэсэн байна. Ажил олгогч нь дээрх илтгэх хуудсыг үндэслэж сонгуульт үүргийг, буюу ажлаа хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Гэтэл Д.Мтай 2 дахь хөдөлмөрийн гэрээ буюу туршилтын хугацаа дуусаад хугацаагүйгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017-09- 18-нд буюу шалган туслах үзлэгийн илтгэх хуудастай танилцсанаас хойш 3 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг дахин байгуулсан байна. Шалган туслах үзлэгтэй танилцаж, түүний дараа хөдөлмөрийн гэрээг байгуулж ажилтныг цаашид ажил үүргээ биелүүлэх боломжтой гэж үзсэн атлаа хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө үзлэгээр илэрсэн алдаа дутагдал байна гэж ажилтныг халсан нь үндэслэлгүй байна. Мөн тухайн шалган туслах үзлэгийн илтгэх хуудсыг ажилтан Д.Мт танилцуулаагүй, түүнд илтгэх хуудсанд заасан зүйлсийг анхаарч ажлаа хийж гүйцэтгэх боломж олголгүйгээр ажлаас халсан. Мны даргын 2017-09-25-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр Улаанбаатар өртөөний ҮЭХ-ны дарга Д.М нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт үүргээ хангалтгүй биелүүлсэн, Үйлдвэрчний эвлэлийн ажилтны ёс зүйн зарчмыг зөрчсөн нь шалган туслах үзлэг болон тус өртөөний ҮЭ-ийн гишүүдээс ирүүлсэн өргөдлөөр тогтоогдож байгаа тул Д.Мыг огцруулах саналыг Улаанбаатар өртөөний ҮЭХ-ны бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсүгэй” гэсний дагуу Улаанбаатар өртөөний ҮЭХ-ны 2017-10- 02-ны өдрийн 02 дугаар тогтоолоор ҮЭХ-ны дарга Д.Мын ҮЭ-ийн сонгуульт үүргийг хангалтгүй биелүүлсэн, ёс зүйн зөрчлийг гаргасан тул ҮЭ-ийн бүх гишүүдийн 88.9 хувийн саналаар огцруулсугай” гэжээ. Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 17.1-д ...ҮЭХ  нь үйлдвэрлэлийн зарчмаар сайн дурын үндсэн дээр байгуулагдах бөгөөд үйл ажиллагаагаа бие даан явуулдаг..., 17.2-т ҮЭХ нь бүтэц, зохион байгуулалтын асуудлаа бие дааж шийдвэрлэнэ гэж заасан байдаг боловч Улаанбаатар өртөөний ҮЭХ -ны 2017-10- 02-ны өдрийн хуралд Мны дарга  болон хуулийн зөвлөх   оролцсон байдаг. Улаанбаатар өртөөний ҮЭХ 2017-10-02-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад хуулийн зөвлөх  шалган туслах үзлэгийн илтгэх хуудас болон үйлдвэрчний эвлэлийн 5 гишүүдээс ирсэн өргөдлийг танилцуулсан бөгөөд шалган туслах үзлэгийн илтгэх хуудсыг танилцуулахдаа тухайн илтгэх хуудсанд бичигдсэн зүйлсийг буруу ташаа танилцуулсан зүйлс харагддаг. Үүнд: Шалган туслах үзлэгийн илтгэх хуудсын 4-т “2017-06-05-ны өдөр “Улаанбаатар өртөөний ҮЭХ-ны даргын ажлын төлөвлөгөө” гаргаж тэргүүлэгчид гарын үсэг зурсан байна гэсэн боловч Улаанбаатар өртөөний ҮЭХ хуралд танилцуулахдаа “ҮЭХ дарга болсноос хойш ажлын төлөвлөгөөгүй” гэж илт худлаа зүйлсийг гишүүдэд танилцуулсан байна. Ажлаас халах болсон 2 дугаар үндэслэл нь: Д.М ёс зүйн зөрчил гаргасан гэжээ. Ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээ нэр бүхий ажилчдаас ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг, ёс зүйн зөрчилтэй гэсэн өргөдөл ирсэн гэж тайлбарладаг, хэргийн материалд тухайн хүмүүсийн өргөдөл авагдсан байдаг. Тухайн өргөдөл бичсэн ажилчдыг шүүхэд гэрчээр дуудаж мэдүүлэг авахад гэрч Л.Пагмаа нь мэдүүлэхдээ: “Миний өргөдөлд бичсэн зүйлс болоогүй, Д.М надад бэлгийн дарамт учруулаагүй, Улаанбаатар өртөөний хүний нөөцийн менежер Н.Баттуяа намайг туршилтын хугацаанд ажиллаж байгаа учраас би чамайг жинхэлж ажиллуулна, ингээд биччих гэсний дагуу бичсэн талаар мэдүүлсэн”.  Хүмүүсийн өргөдөл үндэслэлгүй, тухайн ажилтныг гүтгэсэн шинжтэй байхад Д.Мыг ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч Д.М 2017-11-10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг шаарджээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.       

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Мны дарга нарын зөвлөгөөний 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хариуцагч Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 2.2, Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2017-10-02-ны өдрийн 2 дугаар тогтоолыг үндэслэл /хх 6/ болгожээ.

        Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй юм.  

        Нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг М байгуулсан байх бөгөөд Улаанбаатар өртөөний Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн 2017-10-02-ны өдрийн хурлаар /хх 39, 51/ Д.Мыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаас огцруулсныг үндэслэн Мны дарга нарын зөвлөгөөний 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 132 дугаар тогтоолоор Д.Мтай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагджээ. 

       Д.М Улаанбаатар өртөөний ҮЭХ-ны бүх гишүүдийн 2017-10-02-ны өдрийн хуралд оролцсон, уг хурлаар 2017-09-15-ны өдрийн шалган туслах үзлэгийн талаар /хх 31, 101/ хэлэлцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил гэрч н.Өнөржаргал /хх 104, 109/, н.Баттуяа /хх 107, 115/ нарын мэдүүлгээр тогтоогджээ. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хариуцагч Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн дүрмийн 17.2, 17.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдоогүй тул гомдлыг хангах боломжгүй юм.     

       Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажилтанд ямар хэлбэрийн сахилгын шийтгэл ногдуулах нь ажил олгогчийн эрх тул “...зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тохирсон арга хэмжээ авах боломжтой байсан...” гэх гомдол Хөдөлмөрийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.1, 131 дүгээр зүйлийн 131.1-д нийцэхгүй байна.   

       Д.Мыг Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн саналаар хорооны даргаар сонгосон учир хөдөлмөрийн гэрээнд “туршилтын хугацаа” тогтоосон нь буруу юм. Иймд нэхэмжлэгч 2017-05-31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн гэж үзнэ. Ажилтан 2017-05-31-ний өдрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн тул  шалган туслах үзлэг хийгдсэнээс хойш хөдөлмөрийн гэрээг дахин байгуулсан  нөхцөл байдал хариуцагчийн тайлбарыг үгүйсгэхгүй.      

       Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.     

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01035 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1271 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АМАРСАЙХАН

                               ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ