| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 141/2017/0037/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 04
Б.М- нарт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.Төрболд Шүүгдэгч Л.С- Г.Ш- Б.М- Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч В.Содномцэрэн Шүүгдэгч Л.С-, Г.Ш- нарын өмгөөлөгч М.Гомборагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.М-, Л.С-, Г.Ш- нарын давж заалдсан гомдлоор 1724000560025 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5 эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багийн **-** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Л-ийн С- /РД: - ИМ********/
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 сумын Цорго багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Онхор овгийн Б-ны М- /РД: ИМ********/
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-7 эцэг, эх, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Түдэвтэй сумын Баянцагаан багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ванчин-Очир овгийн Г-ын Ш- /РД: ИХ********/
Шүүгдэгч Б.М-, Л.С-, Г.Ш- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сумын Цорго багт байрлах Х.Э-ийн эзэмшлийн барааны агуулахын хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж 2.5 литрийн савалгаатай “Боргио” пиво 6 ширхэг, лаазтай самар 1 ширхэгийг хулгайлж, хохирогч Х.Э-т 41,500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Онхор овогт Баярсайханы М-, Боржигон овогт Лхагвасүрэнгийн С-, Ванчин-Очир овогт Ганбазарын Ш- нарыг агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Онхор овогт Б-ны М-, Боржигон овогт Л-ийн С-, Ванчин-Очир овогт Г-ын Ш- нарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар тус бүр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-, Л.С-, Г.Ш- нарын эдлэх 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 3 дахь хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-, Л.С-, Г.Ш- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгч нарын хорих ял эдлэх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Б.М-, Л.С-, Г.Ш- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2.5 граммын савалгаатай “Боргио” нэртэй 5 ширхэг пиво, самрын лааз 1 ширхэгийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ш-ийн хувьд ногдох эд хөрөнгө болох 2 тооны морь, шүүгдэгч Л.С-ын хувьд ногдох эд хөрөнгө болох 1 тооны морь, шүүгдэгч Б.М-ын хувьд ногдох хөрөнгө болох 1 тооны морийг тус тус битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/10, 5/11, 5/12 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Б.М-, Г.Ш-, Л.С- нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Түдэвтэй сумын Б.М-, Л.С, Г.Ш- бид нар 2017 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Түдэвтэй сумын төвд байх Х.Э-ийн эд зүйлээ хадгалдаг агуулахаас 6 ширхэг боргио пиво, 1 ширхэг лаазтай самар хулгайлсан хэрэгт Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдлэх болсонд гомдолтой байна. Бид бүхэн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, үйлдсэн хэргийн хохирлын хэмжээ бага зэрэг байдлуудыг харгалзан үзэж бидэнд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.М- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Урьд өмнө ял шийтгэл эдлэж байгаагүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв. Шүүгдэгч Л.С- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв. Шүүгдэгч Г.Ш- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргасан. Нийгмээс тусгаарлахгүй байхыг хүсч байна гэв. Шүүгдэгч Л.С-, Г.Ш- нарын өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгчөөр оролцож байна. Шинэ Эрүүгийн хуулиар эдгээр шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг, ял шийтгэл нь хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Хийсэн хэрэг хулгайн гэмт хэрэг боловч хохирлын хэмжээ нь бага байдаг. Эдгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хохирлоо барагдуулсан зэргийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, эдгээр 3 залууг нийгмээс тусгаарлахгүй оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв. Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.М-ын хүсэлтээр түүний хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар шүүх хуралдаанд оролцож байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны 01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч миний үйлчлүүлэгч Б.М- давж заалдах гомдол гаргасан. Б.М-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. Би өмгөөлөгчийн хувьд хавтаст хэргийн материалтай танилцсан. Шүүх Б.М-т ял шийтгэл оногдуулахдаа шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна гэж дүгнэсэн байдаг. Энэхүү дүгнэлтэд өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж үзсэн. Гэм буруугийн асуудалд Б.М- болон шүүгдэгч нараас гомдол гаргаагүй бөгөөд өөрсдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр хохирол төлбөрөө нөхөн барагдуулсан гэдгийг шүүх шийтгэх тогтоолдоо дурдаж тухайн асуудлуудыг шийдвэрлэсэн байдаг. Б.М-т ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх тодорхой нөхцөл байдал хавтаст хэргийн материалуудаас харагдаж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар заасан байдаг. Б.М- анх удаа гэмт хэрэгт холбогдсон уг хэргийн материалтай танилцах явцад Б.М- тухайн хэрэгт тохиолдлын шинжтэй холбогдсон байдаг. Мөн ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх үндэслэл нь хохирол төлбөрөө бүрэн төлсөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ямар нэгэн худал мэдүүлэг өгөөгүй байна. Эрүүгийн хуулийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийн хариуцлагын санкц сонгох хэсэг бий. Ял шийтгэлээс чөлөөлж болно нэгэнт Б.М-т Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан. Б.М-ын холбогдсон Эрүүгийн хуулийн 17.1 хэсэгт заасан хэргийн эрүүгийн хариуцлагын санкц нь сонгох нөхцөл байдлууд бий. Үүнд: 1. Ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх, ял шийтгэлээс нь чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх, ийм сонгох нөхцөлтэй эрүүгийн хариуцлага тооцох боломжтой. Б.М-ын тухайд эдгээр нөхцөл байдлаас харгалзан үзэж аль нэг хөнгөн нөхцөл байдлыг сонгох боломж шүүхэд оногдсон байхад, шүүхээс хамгийн хүнд хэлбэр болох хорих ялыг сонгож шийдвэрлэсэн байдаг. Үүнээс өөрөөр ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээг авах нөхцөл байдлууд байсан учраас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн.1.3 дахь хэсэгт зааснаар түүнийг хорих ялаас нь чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Б.М-ын үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирох хүмүүжлийн чанартай ач холбогдол өгсөн нөхцөл байдлууд байна гэж үзэж байна. Энэ байдлууд нь тодорхой хэмжээгээр хэргийн материалд авагдсан. Жишээ нь: хохирол төлсөн баримт, урьд хэрэгт холбогдож байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал байдаг. Энэ нөхцөл байдал нь Б.М-ын сургуульд сурч байгаа, түүний цаашдын ирээдүйн амьдралд ач холбогдол болохуйц, хүмүүжилд нь нөлөө үзүүлэх, нөхцөл байдлууд байна. Тийм учраас тухайн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4, 39.5 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.М-, Л.С-, Г.Ш- нарт холбогдох 1724000560025 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.М-, Л. С-, Г.Ш- нар 2017 оны 10 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Завхан аймгийн Түдэвтэй сум Цорго багт байрлах иргэн Х.Э-ийн агуулахад нэвтрэн орж Боргио нэртэй 2,5 литрийн савтай 6 ширхэг пиво, төмөр савтай давсалсан самар 1 ширхэг, хулгайлсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн мэдүүлэг, мөн дээрх үйлдлийн улмаас Х. Эрдэнэцэцэгт 41500 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуульд заасны дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны 01 дугаартай шийтгэх тогтоолоор тус бүрт нь 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэхээр тогтоосон. Гэтэл дээрх шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч нараас гэм буруугийн асуудлаар маргаагүй боловч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг хорих ялаас нь чөлөөлж албадлагын арга хэмжээг авах боломжгүй гэж үзэж байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж зааснаар шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Л.С-ын тухайд ярихад 1998 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд, гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 1 сар 16 хоногтой байсан. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байвал ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ хэрэглэж болохоор байна. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.С-ын хорих ялыг өөрчилж, албадлагын чанартай арга хэмжээ авах боломжтой гэж үзэж байна. Харин бусад шүүгдэгч нарын хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийг Прокуророос ердийн журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсгүүдэд заасан ...хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг барьж хэргийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх байсан бол прокурорын саналыг үндэслэн шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр санал шүүхэд гаргаагүй байна. Энэ байдлаас дүгнэлт хийхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ...тодорхой, ойлгомжтой, эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хууль хэрэглээний, хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн зүйлүүд байна. Тухайлбал: Тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлахдаа хуульд зааснаас өөрөөр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан гэж хууль буруу хэрэглэсэн, мөн тухайн тогтоолын 2 дахь хэсгийн шүүгдэгч нарт холбогдсон хэргийн зүйл, ангийг бичихдээ 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэж хуульд заасан байхад тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэж хууль буруу хэрэглэсэн. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг хэрэглэхдээ 14.1 дүгээр зүйлийн 1.5 гэж хууль буруу хэрэглэсэн, мөн тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8 дахь заалтыг хэрэглэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.8 гэж хууль буруу хэрэглэжээ. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө шүүгдэгч нарын хувийн байдал, байнга оршин суух газрын хаягтай байдлуудыг харгалзан тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
2. Шүүгдэгч Б.М-, Л.С-, Г.Ш- нарт анхан шатны шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгч нарыг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ