Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 124/2021/0061/3 |
Дугаар | 221/МА2022/0232 |
Огноо | 2022-04-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2022/0232
Н.И-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.И,
Нэхэмжлэгч: Н.И,
Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”,
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Н.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 124/2021/0061/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.И нь Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”-аар маргасан байна.
2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.И-ийн шүүхэд гаргасан “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.И дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч н.Я, И.С, Н.Г нарын мэдүүлэг болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Н.И-д ажлын байрны дарамт үзүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үүднээс үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж нэхэмжлэгч миний бие үзэж байна.
3.2.Нэхэмжлэгч миний бие Завхан сумын Засаг дарга ажлын байрны дарамт учруулж, ажил хийх нөхцөлгүй болгож, компьютер хураан авч, хийж гүйцэтгэсэн ажлыг дандаа үгүйсгэж, дараагийн хүн бэлэн байна, чи ажлаас гар гэж удаа дараа хэлж дарамталж, сэтгэл санааны болон хөдөлмөрлөх эрхэд минь удаа дараа ноцтой халдсаны улмаас халагдах хүсэлтдээ өгсөн гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон.
3.3.Гэтэл шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч надад гомдолтой байна.
Гомдлыг минь хүлээн авч, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг нэхэмжлэгч Н.И-ийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н.И-оос “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргажээ.
2.Маргаан Б/08 дугаар тушаалаар[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д заасныг тус тус үндэслэн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Иг өөрийн хүсэлтийг[2] нь үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
3.Нэхэмжлэгч Н.И-оос “Завхан сумын Засаг дарга ажлын байрны дарамт учруулж, ажил хийх нөхцөлгүй, компьютер хураан авч, хийж гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэж, дараагийн хүн бэлэн байна чи ажлаас гар гэж удаа дараа хэлж дарамталж, сэтгэл санаа болон хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсаны улмаас ажлаас халагдах хүсэлтээ өгсөн” гэж маргаж байна.
4.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө:”, 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж заасан.
5.Хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэгч Н.И-оос Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргад гаргасан “... ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдөл[3], тус өргөдлийн дагуу явуулсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Сонсох ажиллагааны тэмдэглэл”[4] зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасны дагуу хариуцагч Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь тогтоогдож байна.
6.Нэхэмжлэгчийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нэхэмжлэгч өөрөө гаргасны дагуу тухайн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д заасныг үндэслэн гаргасан маргаан бүхий Б/08 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
7.Нэхэмжлэгч Н.И-оос Увс аймгийн Завхан сумын Засаг дарга ажлын байрны дарамт үзүүлж ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлсэн талаар Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Гомдол шилжүүлэх тухай” 01/1541 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Хүний эрхийн үндэсний комиссод шилжүүлжээ. Улмаар Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хариу өгөх тухай” 2/827 дугаар албан бичгээр[5] нэхэмжлэгч Н.И-д “...маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж заасан байх тул Комисс таны гомдлыг харьяалан шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье. Та ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар холбогдох баримтаа бүрдүүлэн харьяалах шатны шүүхэд хандана уу” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
8.Хэдийгээр нэхэмжлэгчээс Завхан сумын Засаг дарга ажлын байрны дарамт шахалт үзүүлсний улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэж маргаж байх боловч энэ үйл баримтыг захиргааны хэргийн шүүх нөхөн тогтоох боломжгүй юм. Тодруулбал, захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянана.
9.Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс “ажлын байрны дарамт учруулсан” гэх Завхан сумын Засаг даргын үйлдлийн талаар Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан журмаар хянуулахаар холбогдох этгээдэд өргөдөл, гомдол гаргасны дагуу эрх бүхий этгээдээс уг үйлдлийг шалган тогтоож, энэ үндэслэлээр Завхан сумын Засаг даргад хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байна.
10.Иймд нэхэмжлэгч Н.И-оос гаргасан “...ажлын байрны дарамт үзүүлсэн нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.И-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.И-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ