Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1575

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогч Ө.Хонгорзул,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02954 2068 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Ж, 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сангийн техникч мэргэжилтэй, Монголиан Солар Скай ХХК-д холболтын инженер ажилтай, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 3-101 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /

Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед иргэн Ө.Хонгорзулын хуучин найз залуутайгаа хамт нүцгэн байхдаа хийсэн бичлэгийг өөрийн Javhlan Bayarbold фэйсбүүк хаягнаас явуулж 5.000.000 төгрөг өгөхгүй бол олон нийтэд ил болгоно гэж бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч надад таалагдаад түүнтэй холбогдсон. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”  гэв.

Хохирогч Ө.Хонгорзул шүүх хуралдаанд мэдүүлэбхдээ: “Би өөрийн гар утсаа цүнхний хамт найзуудтайгаа караокед орж байхдаа орхисон байсан. Тэгээд Ж над руу миний нүцгэн бичлэгийг ФБ-р явуулж надаас мөнгө нэхсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Ж тухайн бичлэгийг өөр хүнд үзүүлээгүй гэж байгаа тул түүнээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Ойлгож ухамсарласан гэж бодож байна” гэв.

Хохирогч Ө.Хонгорзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 17-ны шөнө шөнө 23 цагийн үед өөрийн гэртээ байсан чинь миний фэйсбүүк хаяг болох Hono Hongoroo хаяг руу үл таних “Javhlan bayarbold” гэсэн хаягнаас сайн уу, ажил төрөл сайн уу гэсэн чат явуулсан. Тэгэхээр нь би хүн андуурсан юм уу гэж асуухад үгүй гэж хэлээд над руу хуучин найз залуу болох Б.Бат-Эрдэнэтэй хамт хоёулаа нүцгэн байж байхдаа хийж байсан бичлэгийг явуулаад надад байгаад байх юм устгалаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд яагаад байдаг билээ гэж асуухад чиний Hono Hongoroo гэсэн фэйсбүүк хаягнаас ирсэн гэж хэлж байсан юм. Гэтэл үл таних залуу надаас 5.000.000 төгрөг өгчих, өгөхгүй бол яг одоо фэйсбүүк дээр байрлууллаа шүү гэж хэлэхээр нь итгээгүй байсан чинь удалгүй хямд машин гэсэн групп дээр чиний бичлэгийг байршуулчихлаа үзээрэй гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тэр залууд ямар ч мөнгө өгөөгүй, тэр үед цагдаагийн албан хаагчаар бариулахын тулд 2.000.000 төгрөг өгье хаана уулзах вэ гэхэд нөгөө залуу 88919114 гэсэн дугаарын утаснаас удаа дараа залгаж Саруул тэнгэр хотхонд хүрээд ир мөнгөө бэлнээр авна гэж хэлсэн. Тэгээд намайг очиход тэр залуу чи хүн дагуулаад явж байна. Чамтай уулзахгүй гэж хэлээд дахиж чат бичээгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

Гэрч Б.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз Ө.Хонгорзултай ажил дээрээ байж байсан чинь орчуулга хийхээр олооп Парк дотор байрлах Сөүл ресторанд очиж орчуулга хийгээд согтууруулах ундаа хэрэглэсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед орсон юм. Манай найз Ө.Хонгорзул нь ямар нэг эрэгтэй хүнтэй ойрхон суугаагүй бөгөөд зүгээр л дуулаад байсан. Тухайн бичлэг тараана гэж манай найзаас мөнгө авна гээд байгаа залууг караокед огт хараагүй, орж ирж суусан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би гэртээ байдаг жижиг суурин компьютероор ордог сүүлийн 7 хоногт дүү Анарын самсунг эс-8 загварын гар утас 2-3 удаа орсон. Тэгээд ажлын газрын Dell брэндийн нөүтбүүкээр ордог. Энэ бичлэгийг надаас өөр хүн үзээгүй. Өөр төхөөрөмжид хуулбарласан зүйл байхгүй. Би тухайн хүнээс 5.000.000 төгрөг нэхсэнээ санахгүй байна. би тэр бичлэгийг ямар цахим хаягт тавиагүй. Одоо энэ бичлэг өөр нэг хүнд байхгүй байх. Би өөр хүнд энэ талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Яллагдагч Б.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгээд санаандгүй дэлгэцэн дээр нь дарчихсан байсан чинь утас нь кодгүй шууд нээгдсэн. Тэгээд ороод үзсэн чинь чат нь шууд нээгдсэн ба тухайн эмэгтэй өөрийн фэйсбүүк чатан дээрээ нүцгэн өөр нэг эрэгтэй хүнтэй хийсэн бичлэгээ хадгалсан байсан. Тэр бичлэгийг нь өөрийн фэйсбүүк хаяг болох “Javhlan bayarbold” гэсэн хаяг  руугаа явуулсан. Би 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бичлэгийг өөрийнхөө фэйсбүүк рүү шилжүүлж авчихаад нөгөө хүүхнийг ямар нэгэн байдлаар хариу чат бичнэ гэж хүлээж байсан. 2020 оны 06 дугаар сарын 17-ны орой мөн адил тухайн эмэгтэйгээс над руу чат бичсэн эсэхийг шалгасан чинь ямар нэгэн чат явуулаагүй байсан. Тэгээд би тухан үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба нөгөө эмэгтэй рүү мэнд асууж “сайн уу” гэж чат бичсэн. Тэгсэн чинь тухайн эмэгтэй хариу чат бичиж байсан. Би тухайн эмэгтэйд чиний ийм нүцгэн бичлэг чинь байна би устгалаа гэж хэлсэн чинь баярлалаа, устгачихаарай гэсэн утгатай хариу бичиж байсан. Тэгээд би тухайн уулзаж болох асууж тодруулсан чинь хариу өгөөгүй, залгасан чинь хариу өгөөгүй. Тэгээд би тэр эмэгтэйгээс мөнгө, таграг нэхсэнээ санахгүй байгаа юм. Улмаар гэртээ унтаад өглөө сэрээд фэйсбүүк чат руугаа орсон чинь мөнгө, төгрөг нэхсэн чат биччихсэн байсан. Би тухайн эмэгтэйгээс огт мөнгө бөгөөд мөнгө нэхсэн чат бичсэнээ ч санахгүй байгаа юм. Ер нь болсон асуудлыг нэг бүрчлэн санахгүй байна. Би тухайн бичлэгийг өөр ямар нэгэн хүнд дамжуулсан зүйл огт байхгүй...улмаар тухайн эмэгтэй надад эмэгтэй хүний хувиар маш их таалагдсан. Тухайн үед танилцах боломж олдоогүй учраас тэр эмэгтэйгийн бичлэгийг нь авч өөртэй нь харьцах гэж бичлэгийг нь шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,

Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 27/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн үед иргэн Ө.Хонгорзулын хуучин найз залуутайгаа хамт нүцгэн байхдаа хийсэн бичлэгийг өөрийн Javhlan Bayarbold фэйсбүүк хаягнаас явуулж 5.000.000 төгрөг өгөхгүй бол олон нийтэд ил болгоно гэж бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн болох нь

Хохирогч Ө.Хонгорзулын: “...2020 оны 06 дугаар сарын 17-ны шөнө шөнө 23 цагийн үед өөрийн гэртээ байсан чинь миний фэйсбүүк хаяг болох Hono Hongoroo хаяг руу үл таних “Javhlan bayarbold” гэсэн хаягнаас сайн уу, ажил төрөл сайн уу гэсэн чат явуулсан. Тэгэхээр нь би хүн андуурсан юм уу гэж асуухад үгүй гэж хэлээд над руу хуучин найз залуу болох Б.Бат-Эрдэнэтэй хамт хоёулаа нүцгэн байж байхдаа хийж байсан бичлэгийг явуулаад надад байгаад байх юм устгалаа гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд яагаад байдаг билээ гэж асуухад чиний Hono Hongoroo гэсэн фэйсбүүк хаягнаас ирсэн гэж хэлж байсан юм. Гэтэл үл таних залуу надаас 5.000.000 төгрөг өгчих, өгөхгүй бол яг одоо фэйсбүүк дээр байрлууллаа шүү гэж хэлэхээр нь итгээгүй байсан чинь удалгүй хямд машин гэсэн групп дээр чиний бичлэгийг байршуулчихлаа үзээрэй гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би тэр залууд ямар ч мөнгө өгөөгүй, тэр үед цагдаагийн албан хаагчаар бариулахын тулд 2.000.000 төгрөг өгье хаана уулзах вэ гэхэд нөгөө залуу 88919114 гэсэн дугаарын утаснаас удаа дараа залгаж Саруул тэнгэр хотхонд хүрээд ир мөнгөө бэлнээр авна гэж хэлсэн. Тэгээд намайг очиход тэр залуу чи хүн дагуулаад явж байна. Чамтай уулзахгүй гэж хэлээд дахиж чат бичээгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Байгалмаагийн: “...2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз Ө.Хонгорзултай ажил дээрээ байж байсан чинь орчуулга хийхээр олооп Парк дотор байрлах Сөүл ресторанд очиж орчуулга хийгээд согтууруулах ундаа хэрэглэсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед орсон юм. Манай найз Ө.Хонгорзул нь ямар нэг эрэгтэй хүнтэй ойрхон суугаагүй бөгөөд зүгээр л дуулаад байсан. Тухайн бичлэг тараана гэж манай найзаас мөнгө авна гээд байгаа залууг караокед огт хараагүй, орж ирж суусан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Жг бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ө.Хонгорзул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Жд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Жд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Жгийн цалин орлого зэргийг харгалзан шүүхээс оногдуулах торгуулын ялыг хуульд заасны дагуу 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Жг бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Жд 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Жд шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Ж нь торгох шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.Хонгорзул нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, Б.Ж хохирол төлбөр төлөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР