Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/58

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

хохирогч Л.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч М.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Мэргэн тангууд овогт Майнбаярын Энхцэцэгт холбогдох эрүүгийн 2017000800047 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Мэргэн тангууд овогт Майнбаярын Энхцэцэг /РД:ЕЙ94052409/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 7-18 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч М.Энхцэцэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн хаус” зоогийн газрын баруун талын хатуу хучилттай замд иргэн Л.Ган-Эрдэнийн өмчлөлийн 25-62 ГСА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг...согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодит хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Л.Жамбаасүрэнгийн жолоодон явсан 77-61 УНС улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас 25-62 ГСА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинд зорчиж явсан Л.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Очирхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, 77-61 УНС улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашинд зорчиж явсан Д.Өнөржаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ж.Гэрэлт-Ирээдүйн эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Л.Ган-Эрдэнийн өмчлөлийн 25-62 ГСА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 2 396 000 төгрөгийн, иргэн Л.Жамбаасүрэнгийн 77-61 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11 168 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч М.Энхцэцэг нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Грийн хаус” зоогийн газрын баруун талын хатуу хучилттай замаар Л.Ган-Эрдэнийн өмчлөлийн 25-62 ГСА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг...согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодит хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрсийн 11 дүгээр бүлгийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Л.Жамбаасүрэнгийн жолоодон явсан 77-61 УНС улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Л.Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Очирхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Д.Өнөржаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ж.Гэрэлт-Ирээдүйн эрүүл мэндэд хүнд хохирол, Л.Ган-Эрдэнийн өмчлөлийн 25-62 ГСА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 2 396 000 төгрөгийн, Л.Жамбаасүрэнгийн 77-61 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 11 168 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч М.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлтэнд дурдсан зүйл үнэн. Зам тээврийн осол гарсан өдөр хоёр хундага архи уусан. Тухайн өдөр болсон үйл явдлыг санаж байна. Би тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь үнэн. Зам тээврийн осол архи согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсоноос болсон. Ган-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр, Очирхүүгийн эрүүл мэндэд хөнгөн, Өнөржаргалын эрүүл мэндэд хөнгөн, Гэрэлт-Ирээдүй нь эрүүл мэндэд хүнд, Ган-Эрдэнийн тээврийн хэрэгсэлд 2 396 000 төгрөгийг, Жамбаасүрэнгийн тээврийн хэрэгсэлд 11 680 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, маргах асуудал байхгүй. Жамбаасүрэнд 12 379 000 төгрөг, Ган-Эрдэнэд 3 044 000 төгрөг, Өнөржаргалд 1 246 000 төгрөг төлж, хохирогч нарын нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн. Хүнд бэртэл авсан хүүхдийн эрүүл мэндийг өчигдөр аавтай нь уулзаж асуухад биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн гэв.

 

1.2. Хохирогч Л.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Очироо ах нь ойрхон айлд очоод Дундговь руу өвс ачина гээд нэг шил архи аваад хамт явсан. Тэгээд Очирхүү бид хоёр 1 шил архи уусан. Дараа нь 3-лаа 0,75 граммын 3 шил архи уусан. Энхцэцэг 2 дахь шил архинаас уусан. Тухайн үед би жолоо булаацалдсан зүйл байхгүй. Мөн шүүгдэгчийг машин бариад яваад өгөөч гэж хэлээгүй. Энхцэцэгийг машин барьж байгааг яг хөдөлж байхад мэдсэн. Энэ ослоос миний биед дунд чөмөг хугарч, тархи доргисон байгаа гэв.

 

1.3. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед гэр лүүгээ харьж явтал Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд нэг машин ертөнцийн зүгээр баруун тийш урсгал сөрж гарч ирэхээр нь би замын хувил тойрч гарах гэж байгаа юм байх гэж бодсон. Манай нөхөр Жамбаасүрэн тоормос гишгэтэл тэр машин замын хязгаарлах шугам давж туслах замаар буух гэж байгаа юм шиг л орж ирээд манай машиныг мөргөх шиг болоод түс гээд дуугарсан. Би зүүн гараар машины салон руу тулаад баруун гараараа хүүхдээ тэврээд баруун талын цээжээ хойш татаад хойшоо саваад нэг хэсэг манарсан. Манай хүүгийн баруун талын хөмсөг нүднээс цус гарч байсан, хүүхэд аймар уйлаад байсан. Би манай машинтай мөргөлдсөн машин руу харахад тэр машины жолооч талын цонх онгорхой жолоочийн суудлыг эмэгтэй хүн дэрлэсэн байдалтай харагдсан. Тэгтэл цагдаагийн машин ирээд эмнэлэг рүү хүргүүлсэн. Тухайн үед манай нөхөр Жамбаасүрэн машинаа жолоодоод би урд талын суудал дээр хүүгээ тэвэрч суугаад бид хоёр хоёулаа хамгаалах бүсээ зүүсэн байсан. Миний хүзүүний баруун тал түлэгдсэн, цээжний баруун талд хөхөрсөн, зүүн гарын гадна хэсэгт эрхий хуруу дагаад бага зэрэг хөхөрсөн, баруун өвдөг хөхөрсөн гэмтэл учирсан. Харин хүү Гэрэлт-Ирээдүй баруун талын нүд хавдаж хөхөрсөн, нүдний яс хугарсан, зовхиноос шанаа хүртэл зулгарсан гэмтэл учирсан. Би өөрөө эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 22-27 хуудас/

 

1.4. Хохирогч Б.Очирхүү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4 дүгээр баг дээр Батцоож гэх айлд очиход Одгэрэл, Энхцэцэг нар байсан. Батцоожтой 0,75 литрийн 2 шил архи уусан. Тухайн үед Одгэрэл  уугаагүй, Энхцэцэг 2 хундагыг л уусан байх. Тэгээд Батцоожийн гэрээс 5 цаг өнгөрч байхад гараад Чойр дээр ирээд байж байтал Ган-Эрдэнэ рүү Энхцэцэг, Одгэрэл нар залгаад хонхорын зүүн хойно байна хүрээд ир гэж хэлэхээр нь бид хоёр очоод нэг шил архийг Одгэрэл аягалаад Энхцэцэг, Ган-Эрдэнэ бид гурав уусан. Би архийг талд нь оруулаад больсон тэр хэд уугаад 19 цаг өнгөрч байхад хонхорын зүүн талаас хөдөлсөн. Тухайн үед Ган-Эрдэнийн 25-62 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодох гэхэд Энхцэцэг би гайгүй байгаа юм чинь жолоодъё гэхээр нь би машины хойд талд, Ган-Эрдэнэ машины урд талд суугаад Энхцэцэг машин жолоодсон. Тухайн үед би утсаар ярьж дуусаад утсаа халаасандаа хийгээд хартал машины гэрэл орж ирээд мөргөлдсөн. Би машинаас буугаад хартал Жамбаасүрэн гарч ирж байсан. Тухайн үед Жамбаасүрэнгийн хүүхэд уйлж байсан. Удалгүй цагдаа ирээд Жамбаасүрэн эхнэр хүүхдээ аваад цагдаагийн машинтай эмнэлэг явсан. Тэр үед машины урд Ган-Эрдэнэ, Энхцэцэг хоёр ухаангүй байсан. Ган-Эрдэнэ болон Энхцэцэг нарыг сэрээх гэж оролдоод хаалгыг нь нээж буулгах гэхэд чадахгүй байсан. Удалгүй манай ах, эгч хоёр ирээд машины урд юм яриад зогсож байхад Энхцэцэг машины ард ороод суучихсан Очироо ах зүгээр үү гээд сууж байсан. Чи гайгүй юу гэхэд гайгүй гэсэн. Тэгээд би машин тойроод ах эгч хоёр дээр очих гэж байгаад ухаан алдсан. Нэг сэрсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Зам тээврийн осол гарахын өмнө урдаас 40-50 метрийн зайд машин ирж байгааг харсан. Хөөе гэхийн завдалгүй л мөргөлдсөн. Энхцэцэгийн согтолт бол гайгүй байсан. Хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Ган-Эрдэнэ нь Энхцэцэгийг жолоо барьж явах үед саад учруулахаар ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй, хүрднээс нь татсан зүйл байхгүй. Тухайн үед Ган-Эрдэнэ урд талын суудлыг хойд талын суудал руу налуулаад сууж явсан. Хэрэв жолооны хүрднээс татсан бол би харалгүй яахав дээ. Мөн тэр хоёр муудаж маргалдсан зүйл огт байхгүй. Миний хоёр хөлний шилбээр халцарсан, хөхрөлттэй, өвдөх зовиуртай, цээж, хэвлий хэсэг хөндүүр өвдөлттэй байна. Зүүн бөөр хэсэгт хөхрөлттэй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 30-34 хуудас/

 

1.5. Хохирогч Л.Жамбаасүрэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20-21 цагийн хооронд морь зүчээний газраас гэр лүүгээ эхнэр Өнөржаргал, хүү Гэрэлт-Ирээдүй нарын хамт явж байтал Сүмбэр гарден орчим өөдөөс ирж байсан машин дундаас нэг саарал өнгийн Приус гараад ирсэн. Тухайн үед би зүүн гар тийшээ буюу ертөнцийн зүгээр баруун тийш буух гэж байгаа юм байх гэж бодоод тоормозоо гишгэж хурдаа сааруулаад зогссон гэхэд болно. Урдуур гараад явчих юм болов уу гэтэл урдаас ирээд мөргөсөн. Машинаас буутал саарал өнгийн Приус дотор нэг эмэгтэй жолооны хүрдээ дэрлэчихсэн байсан. Приус маркийн машин эргэхдээ ямар ч дохио өгөөгүй, гэнэт л гараад ирсэн, ойролцоогоор 30 метрийн зайнаас л харсан. Би архи уугаагүй, тухайн үед 30 км/цагийн хурдтай л явсан байх, их зөөлөн явсан. Зам тээврийн ослын улмаас миний Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлд жолооч талын үндсэн рам чихэгдсэн, урд буфер, гэрэл хагарсан, дотор радиотор нь чихэгдэж цоорсон, ослын дэр задарсан зэрэг нилээдгүй эвдрэл учирсан. Миний машинд хуучин эвдрэл байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 44-45 хуудас/

 

1.6. Гэрч С.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Замынхаа ертөнцийн зүгээр баруун талд цагаан өнгийн Кроун маркийн 77-61 улсын дугаартай машин аваарын гэрлээ асаачихсан ертөнцийн зүгээр баруун урд тал руугаа харсан байдалтай, Приус-20 маркийн автомашин хамар хэсгийг баруун хойд зүгт харуулж мөргөлдсөн байдалтай зогссон байсан. Би машинаас буугаад хүмүүс нь гайгүй юу түргэн дуудсан уу гэж асуухад Жамбаасүрэнгийн эхнэр нь хүмүүс нь гайгүй түргэн дуудаагүй, дуудаад өгөөч гэхээр нь 7054103 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Намайг очиход Очирхүү гадаа байсан. Приус-20 маркийн машины жолоочийн суудал дээр Энхцэцэг суусан байсан. Тэгээд би Очирхүү, Энхцэцэг, Ган-Эрдэнэ нарыг осол гарсан газар үлдээгээд Жамбаасүрэнг эхнэр хүүхдийнх нь хамт аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүргэж өгөөд буцаад осол болсон газар очоод жолоочийн эсрэг тал буюу зүүн урд талын хаалга талаар нь очиход Ган-Эрдэнэ нь урд талын суудал дээр хэвтсэн байдалтай суудал нь хойш налсан байсан. Гэхдээ юм хэлж чадахгүй ухаангүй согтуу ямар ч үйлдэл хийж чадахааргүй байсан. Тэгсэн Энхцэцэг нь Приус-20 машины хойд талын суудал дээр суусан би машин барьж яваад осол гаргасан уу, би одоо яах вэ гэж хэлээд намайг утсаа өгчих би хэн рүү ярих уу гэж асууж байх үед хэл нь ээдрээд байсан. Тэгтэл Очирхүү гадаа зогсож байгаад ухаан алдаад унасан. Тэгээд эмнэлгийн машин ирээд Ган-Эрдэнийг эмнэлгийн машинд оруулсан. Энхцэцэг бол өөрөө алхаад зүгээр машинд сууж байсан. Жамбаасүрэн, Өнөржаргал нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Очирхүү, Ган-Эрдэнэ, Энхцэцэг нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Ган-Эрдэнэ бол нилээн согтуу ямар ч үйлдэл хийж чадахааргүй байсан. Очирхүү, Энхцэцэг нар нь гайгүй байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 54-55 хуудас/

 

1.7. Гэрч Д.Нансалжав мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд мөргөлдчихлөө гэх дуудлага ирээд осол болсон газар очиход Т.Приус машин дотор эрэгтэй хүн нь жолоочийн хажуу талын урд суудал дээр, эмэгтэй жолоочийн ард талын хойд суудалд сууж байсан. Очирхүү нь өөрийн хамаатны хүмүүстэй цуг эмнэлэг дээр ирсэн. Очирхүү болон Энхцэцэг хоёроос нэг их архи үнэртсэн зүйл байгаагүй. Ган-Эрдэнээс архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 64 хуудас/

 

1.8. Гэрч Р.Анармаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20-21 цагийн орчимд түргэн тусламжийн тасагт зам тээврийн осол гарсан гэсэн утгатай дуудлага ирээд удалгүй нэг жаахан хүүхдийг нь ээж нь тэвэрсэн орж ирсэн. Тэгээд үзлэг хийхэд хүүхдийн баруун талын нүдний зовхи хавдаж, хөхөрч анигдсан, хөмсгөндөө зүсэгдсэн шархтай байсан. Хүүхдийн гавлын ясыг рентгенд харуулаад шарханд шарх цэгцлэлт хийсэн. Удалгүй машинд хүн ухаан алдчихлаа гэж хэлэхээр нь би сувилагч Маримаа эгчийн хамт дамнуурга аваад гарахад жижиг тэрэгний арын суудал дээр ухаан алдсан байдалтай хүн байхаар нь дамнуурган дээр хэвтүүлээд эмнэлгийн хүлээн авах тасаг руу оруулахад сэргээд буцаад ухаан алдсан. Очирхүүгийн биед үзлэг хийхэд ил харагдах шарх байгаагүй хүчил төрөгч хамрын гуурсаар өгч, өвчин намдаах хийж сувилагчийн хяналтанд үлдээгээд рентгений өрөө рүү орж Ган-Эрдэнийн рентгений зургийг хараад буцаж гарахад рентген өрөөний үүдэнд Энхцэцэг толгой бариад ёолсон байдалтай сууж байсан. Удалгүй Ариун-Эрдэнэ, Наранбаатар эмч ирээд үзлэг хийсэн. Ган-Эрдэнийн баруун хөлний дунд чөмөг дунд гуравны нэгээр хугарсан байсан учир хугарлыг хамгаалсан шохой /гөлтгөнөн боолт/ хийгээд Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын төв рүү явуулсан. Би хүмүүстээ үзлэг хийж дуусаад ажлаас гарах үед Энхцэцэг жолоо барьж явсан гэдгийг сонссон. Очирхүү, Ган-Эрдэнэ нар нь нилээн согтуу байсан. Энхцэцэгийг би гардаж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Би бодохдоо арай гайгүй согтолттой байснаар нь машинаа бариулсан юм болов уу л гэж бодсон. Жамбаасүрэн гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй зүгээр байсан. Эхнэр нь гэмтлийн улмаас айсан шокийн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 58-59 хуудас/

 

1.9. Гэрч Д.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн орой аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаас залгаад зам тээврийн осолд орсон хүнд хүмүүс ирсэн таныг ирж үз гэж байна гэж хэлэхээр нь би очсон. Тухайн үед зам тээврийн осолд орсон гээд Очирхүү болон бас нэг залуу, хамт ажилладаг Эрдэнэболор эгчийн охин байсан. Энхцэцэг гэх эмэгтэйд үзлэг хийхэд өөрийн ухамсарт ухаан сул /биеийн байдал хүнд/ рентген зураг авч харахад гавал тархины баруун чамархайн дагз хэсгийг хамарсан хугарал байна гэж үзсэн. Тэгээд тархины их хэмжээний няцрал байгаа учраас эмийн эмчилгээ хэлж өгөөд яаралтай Улаанбаатар хот руу явах талаар хэлсэн. Баруун хацар шанаа дагз чамархай хаван ихтэй байсан. Дараа нь дунд чөмөг нь хугарсан гэх залууд үзлэг хийхэд дунд чөмөгний хугарал байна гэж үзээд гөлтгөнөн боолт хийсэн, хадуулах шаардлагатай тул Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж хэвтэн эмчлүүл гэж хэлсэн. Очирхүүгийн биед үзлэг хийхэд хүнд гэмтэл ажиглагдаагүй. Цээжний зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж үзсэн. Өвчүүний хэсэгт эмзэглэлтэй байсан. Мөн бага насны хүүхэд ирээд Улаанбаатар хот руу яаралтай явуулсан гэж хэлж байсан. Хүлээн авах тасаг дээр байсан ажилчдын яриаг сонсоход гурвуулаа архи уусан байсан. Энхцэцэг гэх эмэгтэй зам тээврийн осол гарах үед машин жолоодож явсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 60-61 хуудас/

 

1.10. Гэрч М.Буянзаяа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байхад хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаас Энхмаа эгч залгаад дүү зам тээврийн осолд ороод ирсэн. Би Улаанбаатар хот руу аваад явлаа чи гараад өгөөч гэж хэлэхээр нь би ажил дээр очоод ээлж хүлээж авах үед Энхцэцэг нь ард талын мэс ажилбарын өрөөнд бөөлжсөн байдалтай эмчилгээ хийлгэж байсан, Ган-Эрдэнэ нь унтаж байсан, Очирхүү рентгенээс ирж байсан. Би Ган-Эрдэнэд Наранбаатар, Ариун-Эрдэнэ, Анармаа эмч нарын хамт баруун хөлөнд гипс тавьсан. Очирхүү болон Энхцэцэгийн даралт, амин үзүүлэлтийг үзсэн. Ган-Эрдэнэ нь нилээн зовиуртай, нөгөө хоёр нь гайгүй байсан. Ган-Эрдэнэ, Очирхүү нараас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Энхцэцэгээс би та машин барьж явахдаа архи уусан байсан юм уу гэхэд үгүй гэж хариулж байсан. Би Энхцэцэгээс хэн жолоо барьж явсан талаар асуухад би машин жолоодож явсан гээд хэнийг гэдгийг нь мэдэхгүй жолоо булаацалдсан гэсэн юм хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 62-63 хуудас/

 

1.11. Гэрч Х.Дорждэрэм мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны орой 21 цаг 30 минутын орчимд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаас над руу залгаад Улаанбаатар хот руу зам тээврийн осолд орсон хүүхэд яаралтай хүргэж өгөх боллоо гээд 103-ийн машин гэрээс ирж авсан. Би аппарат чагнуур болон шаардлагатай эм тариагаа аваад хүүхдийг аав, ээжийнх нь хамт аваад Улаанбаатар хот руу явж ГССҮТөвд хүргэж өгсөн. Хүүхдийн биеийн байдлыг замдаа үзэхэд гавал ясны гэмтэлтэй, баруун талын зовхи, хөмсөг язарсан шархтай байсан. Ээж нь хүзүү цээж хэсгээр эмзэглэлтэй, хүзүүний ард хэсгийн үс холгосон байдалтай байсан. Хүүхдийн аав замдаа цээжин дотор халуун оргиод, даралт бага зэрэг ихэссэн байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 64-65 хуудас/

 

1.12. Гэрч Б.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эргүүлийн цагдаа ахлах ахлагч Гантулгын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Сүмбэр гарденгийн зүүн хойхон талд засмал дээр цагаан өнгийн Кроун маркийн автомашин саарал өнгийн Приус-20 маркийн машин мөргөлдсөн байсан. Ахлах ахлагч Гантулга машинаас буугаад Кроуны жолоочтой уулзаад эмнэлэг болон цагдаа руу дуудлага өгөөд жолооч болон хүүхдээ тэвэрсэн эмэгтэйг аваад эмнэлэг явсан. Приус-20 машины жолоочийн суудал дээр нэг эмэгтэй сууж байсан. Очирхүү цээжээ бариад ёолсон байдалтай гадаа зогсож байсан. Машины урд талын суудал дээр Ган-Эрдэнэ гэх залуу суудлаа бүр хойшлуулчихсан байдалтай хэвтэж байсан. Энхцэцэг нь хэн нэгэн жолоочийн хүрднээс болон гарнаас нь татсан гэсэн утгатай зүйл огт яриагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 66-67 хуудас/

 

1.13. Гэрч Г.Одгэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө Энхцэцэг рүү залгаад хоёулаа багийн төв ороод Чойр уул ороё гэж хэлээд бид хоёр миний автомашинтай 11 цагийн орчимд Сүмбэр сумын 4 дүгээр баг руу яваад төв дээр цэвэрлэгээ хийж байгаад хаялага ороод ирэхэд Очирхүү, Ган-Эрдэнэ, Очирхүүгийн эхнэр гурав хоёр машинтай ирсэн. Ган-Эрдэнэ, Очирхүү, Батцоож ах гурав нэг шил архи хувааж уусан. Тэндээс Ган-Эрдэнийн 25-62 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Очирхүү жолоодоод би өөрийнхөө машиныг жолоодоод Чойр луу явж байх замд Очирхүү над руу залгаад ганц юм байна уу гэж хэлэхээр нь би манайд ганц юм байгаа гэж хэлээд гэрээр орж аваад Очирхүү, Ган-Эрдэнэ нартай хонхорын хойд талд уулзсан. Тухайн үед Энхцэцэг бид хоёр цуг явж байсан. Очирхүү, Ган-Эрдэнэ нар ирээд миний авчирсан архинаас талыг нь уусан. Намайг байхад Энхцэцэг огт уугаагүй. Очирхүү, Ган-Эрдэнэ нар согтуу байсан учир Энхцэцэг эрүүл юм чинь би машиныг чинь жолоодоод хүргээд өгье гэж хэлээд буусан. Би өөрийнхөө машиныг жолоодоод Энхцэцэг Ган-Эрдэнийн машиныг жолоодоод Ган-Эрдэнэ жолоочийн хажууд урд талд, Очирхүү ар талд нь суугаад хонхорын хойд талаас 20 цаг өнгөрч байхад зэрэг хөдөлсөн. Ган-Эрдэнэ нь нилээн согтуу машин барих ямар ч чадамжгүй байсан. Энхцэцэг нь Ган-Эрдэнийн машиныг жолоодоод ард явсан эргээд харахад байгаагүй. Тэгээд гэртээ очоод байж байтал Энхцэцэг танихгүй дугаараас залгаад осолд орчихлоо гэж хэлсэн. Ган-Эрдэнэ, Энхцэцэг нар нь хоорондоо муудсан зүйл байхгүй. Энхцэцэг эмнэлэг дээр байхдаа Ган-Эрдэнэ хажуунаас жолооны хүрд татаад зам тээврийн осол гаргасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 71-72 хуудас/

 

1.14. Гэрч М.Цэрэнпагма мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “77-61 УНС усын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг анх 2015 оны сүүлээр манай ах Жамбаасүрэн худалдан авч байсан бөгөөд тухайн үед Улаанбаатар хотын дугаартай байх шаардлага гарсан учир манай ээж Дашцэрмаагийн нэр дээр авч байсан. Тиймээс албан ёсны эзэмшигч нь манай нагац ах Жамбаасүрэн байгаа юм” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 75 хуудас/

 

1.15. Шинжээч Д.Доржпүрэв мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “77-61 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эхний үнэлгээг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хийж тухайн машины бүхээг /кузов/-ын эд ангиудыг засахаар тооцож үнэлгээ хийсэн нь 7 161 000 төгрөг болсон. Гэтэл Монгол Улсын зөвлөх инженер Р.Пүрэвдагва 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 007 дугаартай дүгнэлтэнд тухайн машины бүхээг /кузов/-ыг солих шаардлагатай гэж гаргасны дагуу нэмэлт эвдрэлийн үнэлгээг 2020 оны 06 дугаар сарын 15-ны 800 дугаартай дүгнэлт гаргаж нийт 11 168 000 төгрөг болсон байна. Тухайн машины эвдрэлээсээ шалтгаалан бүхээг /кузов/-ыг заавал солихгүйгээр янзалж болдог. Энэ машины хувьд Монгол Улсын зөвлөх инженерын гаргасан техникийн эвдрэлийн дүгнэлтэнд зааснаар бүхээгийг солихоор тооцож нэмэлт үнэлгээ хийсэн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 174 хуудас/

 

1.16. Шинжээч Р.Пүрэвдагва мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Монгол Улсад суудлын автомашины кузовын арал /лонжром/ засвар хийх стандартын шаардлага хангасан технологийн шийдэл бүхий үйлдвэр байхгүй. 77-61 УНС улсын дугаартай Тоёота Кроун 204 маркийн автомашины кузовыг үйлдвэрлэсэн газарт нь хандаж засвар хийлгэж болох эсэхийг шийдвэрлэх эсвэл хуучин явж байсан аваар осолд орж байгаагүй кузовоор солих шаардлагатай” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 176 хуудас/

 

1.17. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр дүгнэлтэнд: ”...77-61 УНС улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийн жолооч Логшир овогтой Жамбаасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна. Жолооч М.Энхцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг....согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: Мөн дүрмийн 11  дүгээр бүлэг 11.Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн дүрмийн 12 дугаар бүлэг Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна. Нэмэлт хариулт зорчигч Ган-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг.........согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх. Жолооч М.Энхцэцэг нь мэдүүлэгтээ Би хонхороос зүүн хойно байх дутуу баригдсан барилгын хойд талаас Ган-Эрдэнийн машиныг жолоодоод Ган-Эрдэнэ, Очирхүү нарыг гэрт нь хүргэж өгөхөөр хөдөлсөн ба тэгээд засмал зам руу ороод гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал Ган-Эрдэнэ жолоо булаагаад зам тээврийн осолд орсон гэж мэдүүлсэн байгаа нь 6.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг 6.2.Тээврийн хэрэгслээр зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Ууганбаяр гэжээ. /1-р х.х-ийн 79-80 хуудас/

 

1.18. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5154 дүгээр дүгнэлтэнд: Ж.Гэрэлт-Ирээдүйн биед баруун нүдний ухархайн гадна хананаас суурь ясны бага далавчийн хамарсан хугарал, баруун нүдний ухархайн дээд, дотор, доод ханын үргэлжилсэн хугарал, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч М.Золжаргал гэжээ. /1-р х.х-ийн 94-95 хуудас/

 

1.19. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5290 дүгээр дүгнэлтэнд: Д.Өнөржаргалын биед тархины доргилт, баруун шанаа, хүзүүнд түлэгдсэн шарх, цээжний баруун урд дээд хэсэг, баруун өвдөгт цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс нь баруун шанаа, хүзүүний түлэгдсэн шарх нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс нь тархины доргилт, баруун шанаа, хүзүүний түлэгдсэн шарх, цээжний баруун урд дээд хэсгийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдөгний цус хуралт, зүүн бугуйны зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Ч.Эрдэмболор гэжээ. /1-р х.х-ийн 100-101 хуудас/

 

1.20. Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5155 дугаар дүгнэлтэнд: Л.Жамбаасүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч М.Золжаргал гэжээ. /1-р х.х-ийн 113-114 хуудас/

 

1.21. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5188 дугаар дүгнэлтэнд: Л.Ган-Эрдэнийн биед баруун дунд чөмөгний битүү хугарал, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун дунд чөмөгний битүү хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн чихний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Ч.Эрдэмболор  гэжээ. /1-р х.х-ийн 120-121 хуудас/

 

1.22. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5191 дүгээр дүгнэлтэнд: Б.Очирхүүгийн биед хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зулгаралт, уушигны няцрал, хэвлийн зүүн хажууд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Ч.Эрдэмболор  гэжээ. /1-р х.х-ийн 126-127 хуудас/

 

1.23. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаар дүгнэлтэнд: М.Энхцэцэгийн биед гавлын баруун талын чамархай яснаас дагз ясыг дайрсан зүүн талын чамархай яс, лямбда заадас хүртэл тал хугарал, зүүн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл дээр цус хуралт, зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлөг орчмын хатуу бүрхүүл доорх цус хуралт, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн няцрал, тархины хаван, зүүн зулай чамархай, дагз хэсгийн хуйхны цус хуралт, баруун хөлийн өвдөг шилбэний урд хэсгээр тархмал, зүүн өвдөгний дээд хэсгээр, зүүн өвдөгний доод хэсгээр, зүүн шилбэний дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавлын баруун талын чамархай яснаас дагз ясыг дайран зүүн талын чамархай яс, лямбда заадас хүртэл далд хугарал, зүүн зулай, чамархай хэсгийн хатуу бүрхүүл дээрх цус хуралт, зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн няцрал, тархины хаван гэмтлүүд нь нэг дор үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн зулай чамархай, дагз хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөлийн өвдөг шилбэний тархмал цус хуралт нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн өвдөгний дээд хэсгээрх цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Зүүн өвдөгний доод хэсгээрх цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох  гэжээ. /1-р х.х-ийн 145-147 хуудас/

 

1.24. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2521 дүгээр дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Энхцэцэг” гэсэн хаягтай цусанд 1,6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч, хошууч Б.Энхмандах  гэжээ. /1-р х.х-ийн 138-139 хуудас/

 

1.25. “Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан /1-р х.х-ийн 152-156, 164 хуудас/

 

1.26. Монгол Улсын зөвлөх инженер Р.Пүрэвдагвын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 007 дугаар техникийн эвдрэлийн дүгнэлт, зөвлөх инженерийн гэрчилгээний хуулбарууд /1-р х.х-ийн 167-171, 177-178 хуудас/

 

1.27. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, зам орчны байдал /1-р х.х-ийн 3-13 хуудас/

 

1.28. Хэв загвар дээж авсан тэмдэглэлүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /1-р 14-18 х.х-ийн  хуудас/

 

1.29. Бичиг баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р х.х-ийн 3-5 хуудас/

 

1.30. Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасын хуулбарууд, яаралтай тусламжийн хуудасны хуулбарууд, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд /2-р х.х-ийн 31-83  хуудас/

 

1.31. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд /2-р х.х-ийн 84-91 хуудас/

 

1.32. Хохирлын тооцоо, холбогдох баримтууд /2-р х.х-ийн 92-103 хуудас/

 

1.33. Насанд хүрээгүй хохирогч Ж.Гэрэлт-Ирээдүйн нас тоолсон тэмдэглэл /2-р х.х-ийн 103 хуудас/

 

1.34. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /2-р х.х-ийн 108-109 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч М.Энхцэцэгийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч М.Энхцэцэгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч М.Энхцэцэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч М.Энхцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Л.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэв.

 

2.2. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өөрөө эмчилгээний зардал нэхэмжлэхгүй. Хүү Гэрэлт-Ирээдүйгийн эмчилгээний зардалд 1 211 146 төгрөг баримттай гарсан байгаа мөнгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 22-27 хуудас/

 

2.3. Хохирогч Б.Очирхүү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 32-33 хуудас/

 

2.4. Хохирогч Л.Жамбаасүрэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний машинд хуучин эвдрэл байгаагүй. Өөрийн машинаа ямар байсан тэр хэвээр нь засварлуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 44-45 хуудас/

 

2.5. Гэрч М.Энхмаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Энхцэцэг нь ажилсаг, цэвэрч нямбай тусч, хүнд ер нь үгүй гэж хэлээд байдаггүй. Харилцааны соёлтой, архи тамхи хэрэглэдэггүй, ажлын бус цагаар байнга гэртээ байдаг гэр амьтай, үнэнч шударга зантай хүн” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 76 хуудас/

 

2.6. Гэрч У.Болорцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Энхцэцэг найз нар дундаа нэр хүнд сайтай, хамгийн даруу төлөв зантай, найз нартаа зөв үлгэр дуурайлал болж явдаг хүн. Архи тамхи хэрэглээд байдаггүй, хүмүүжил сайтай, цэвэрч нямбай хүүхэд” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 77 хуудас/

 

2.7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р х.х-ийн 19 хуудас/

 

2.8. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, М.Энхцэцэгийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд  /2-р х.х-ийн 6, 71-83  хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Энхцэцэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч М.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь шүүгдэгч М.Энхцэцэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болно. Иймд дээрх байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.

 

Шүүхээс улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналуудыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” шаардлагыг хангасан ба шүүгдэгч М.Энхцэцэгийн хувийн байдал болон тухайн зам тээврийн ослын улмаас өөрийнх нь тархинд хүнд хохирол учирч эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байгаа зэргийг үндэслэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Хохирлын хувьд: шүүгдэгч М.Энхцэцэг нь хохирогч Л.Жамбаасүрэнгийн автомашинд учирсан хохиролд нэхэмжилсэн 11 168 000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Ж.Гэрэлт-Ирээдүйгийн эмчилгээний зардалд 1 211 146 төгрөгийг хохирогч Л.Жамбаасүрэнд төлсөн, хохирогч Л.Ган-Эрдэнийн автомашинд учирсан хохиролд 2 396 000 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохиролд 648 529 төгрөгийг хохирогч Л.Ган-Эрдэнэд төлсөн болох нь хохирогч Л.Жамбаасүрэн, Л.Ган-Эрдэнэ нарын төлбөр мөнгийг барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Мөн хохирогч  Д.Өнөржаргал, хохирогч Б.Очирхүү нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэхдээ эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй гэснийг дурдлаа.

 

Шүүгдэгч М.Энхцэцэг нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Энхцэцэгийн 1019236 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж, “Verbatim” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мэргэн тангууд овогт Майнбаярын Энхцэцэгийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Энхцэцэгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Энхцэцэгт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхцэцэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхцэцэгт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүгдэгч М.Энхцэцэг нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Энхцэцэгийн 1019236 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлж, “Verbatim” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Энхцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАТТУЛГА