Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 23

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар П.Пүрэвсүхийн нэхэмжлэлтэй “Бичиг баримтын эзэмшигч  тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар  оролцов.                                              

                                                          Тодорхойлох нь:

          Нэхэмжлэгч: Төв аймгийн Баянцагаан суманд 1957 онд төрсөн, бага  боловсролтой, тракторч-комбайнч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Тавин 1 дугаар баг, Ерөө гол гудамж, 22-171 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй    

          Монгол овгийн Пунцагийн Пүрэвсүх  /регистрийн  дугаар   МЕ- 57020517/ шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

    Миний бие 1957 онд Төв аймгийн Зуунмод  суманд төрсөн. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт төрсөн оныг 1956 он гэж буруу бичсан ба 2017 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл зөрчил үүссэн. Иймд шүүхэд гаргасан нотлох баримтуудыг үндэслэн хөдөлмөрийн дэвтрийг минийх болохыг тогтоож өгнө  өгнө үү!...гэжээ. 

          Нэхэмжлэгч:  П.Пүрэвсүх  2016 оны 12 дугаар сарын 23-нд шүүхэд гаргасан тайлбартаа:

       ...Би 1972 онд Шаамар сумын сургууль комбинатаа төгсөөд Ерөө сумын Сангийн аж ахуйд ажилд ороод ажиллаж байхад Сангийн аж ахуй тасраад Баянхараат руу салсан. Баянхараатын Сангийн аж ахуйд 5 жил ажиллаж байгаад би цэрэгт явсан. Намайг Ерөөгийн Сангийн аж ахуйд 1974 онд ажиллаж байх үед надад нээгдсэн хөдөлмөрийн дэвтэрт  миний төрсөн оныг “1957” он гэхийг  “1956” он гэж буруу бичсэн байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “1957 онд төрсөн Пунцагийн Пүрэвсүх мөн болохыг тогтоолгох гэсэн юм... гэжээ. 

 

                   Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                            Үндэслэх нь:

          Нэхэмжлэгч П.Пүрэвсүх нь Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н захиргаанаас 1974 оны 06 дугаар сарын 25-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүнийг “1956” онд төрсөн гэж ташаа бичсэн байх тул дээрх бичиг баримтын эзэмшигч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.    

         П.Пүрэвсүхэд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н захиргаанаас 1974 оны 06 дугаар сарын 25-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ түүний төрсөн оныг “1956” онд төрсөн гэж ташаа бичсэн болох, мөн П.Пүрэвсүх нь 1957 онд төрсөн болох нь нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэнд “овог Монгол, эцгийн нэр Пунцаг, нэр Пүрэвсүх, хүйс эрэгтэй, төрсөн он,сар, өдөр 1957/02/05, регистрийн дугаар  МЕ-57020517” гэж бичигдэн олгогдсон иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Зуунмод хорооны Иргэний гэр бүлийн бүртгэлийн товчооноос “ Нансалмаа Пүрэвсүх, эрэгтэй, 1957 оны 2 дугаар сарын 5-нд төрсөн тул Иргэний гэр бүлийн байдлын бүртгэх дэвтрийн  146 дугаарт бүртгэв”  гэсэн гэрчилгээний хуулбар, Үндэсний төв архивын 2016 оны12 дугаар сарын 07-ны өдрийн 03-2/1579 дугаартай лавлагаанд “ Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллгын бүртгэлийн 197 дугаар хуудсанд : Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүрээр багийн Гангийн тохойн 24-2 тоотод оршин суугч өрхийн тэргүүн Пунцагийн Пүрэвсүх 1957 оны 2 дугаар сард төрсөн...” гэж бичигдсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч нь “1957” онд төрсөн болох нь нэхэмжлэгчийн төрсөн дүү П.Дэмбэрэлдорж, П.Баттулга, П.Дэнсмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолтууд, гэрчийн мэдүүлгүүд зэрэг баримтуудаар   нотлогдож байна.   

         Иймд  Ерөөгийн “Сангийн аж ахуй”-н захиргаанаас 1974 оны 06 дугаар сарын 25-нд  төрсөн оныг нь “1956” гэж ташаа бичиж  олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “1957 оны 02 дугаар сарын 05-нд төрсөн, Монгол овгийн Пунцагийн Пүрэвсүх /регистрийн  дугаар МЕ- 57020517/  мөн болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч П.Пүрэвсүхэд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “... шүүх хуралд миний бие эрүүл мэнд тааруу, эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай тул очих боломжгүй байна. Иймд энэ байдлыг харгалзан үзэж намайг шүүх хуралд байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж нэхэмжлэлийг минь шийдэж өгнө үү!  гэсэн хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдав. 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135  дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ерөөгийн Сангийн аж ахуйн захиргаанаас 1974 оны 06 дугаар сарын 25-нд  төрсөн оныг нь “1956” гэж ташаа бичиж  олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “1957 оны 02 дугаар сарын 05-нд төрсөн, Монгол овгийн Пунцагийн Пүрэвсүх  мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Пүрэвсүхийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш14 хоногийн дотор хойш Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ