| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0056/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/59 |
| Огноо | 2020-07-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/59
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
насанд хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.С,
шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Лгийн Бт холбогдох эрүүгийн 2017000930064 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С овогт Лгийн Б /РД:УС /, Увс аймгийн Зүүнговь суманд 1965 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 3 дугаар баг, .... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Л.Б нь согтуугаар 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ханангийн гудамжны урд талын засмал зам дээр 70-85 ГСА улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолооч дараахь зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 15 настай Б.Эийг мөргөж /шүргэж/ зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Ханангийн гудамжны урд талын засмал зам дээр 70-85 ГСА улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолооч дараах зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас 15 настай Б.Эийг шүргэж зам тээврийн осол гарган түүний эрүүл мэндэд зүүн хөлийн шагайн үений 2 талын хавчаар ясны хугарал, зүүн тавхайн 1, 2, 3 дугаар шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийж байгаад 17 цагийн үед Баянтал сум руу баримт хүргэж өгөхөөр явсан. Би хонио хийлгээд ирэх талаараа захиралдаа хэлээд хонь хийлгэх Э гэх залууг аваад явсан. Баянтал дээр очоод баримтаа өгөөд хонь авах хүн лүүгээ ярихад би 30-40 минутын дараа очно гэхээр нь машиндаа сууж байгаад тамхи татах гэсэн гал байхгүй байхаар нь дэлгүүр ороод нэг асаагуур авахдаа 500 граммын Хараа нэртэй архи аваад хамт явсан залуутайгаа хувааж уусан. Мал авах хүн маань ирэхгүй байхаар нь ярьтал очиж амжихгүй байна, маргааш хагас сайн өдөр мал гаргахгүй гэхээр нь Чойр луугаа буцахаар болсон. Намайг дэлгүүр ороход Б гэх хүн таараад намайг аваад яваач гээд Э бид хоёртой цуг Чойр луу явсан. Чойрт орж ирээд мал хийлгэх гэж байсан хүнээ буулгах гээд Ханангийн эгнээгээр хурд сааруулагч өнгөрөөд явж байхад 3 хүүхэд явж байсан. Намайг яг өнгөрөхөд нохой дайрсан ба хүүхэд уйлахаар нь зогсоод харахад хохирогч газар хэвтэж байсан. Би цуг явж байсан хүнээ эмнэлэг дуудаад өг гэж хэлсэн. Цагдаа дээр хоноод өглөө нь очиж хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзаад хот авч явсан. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолтын хэмжээ 2 бүхэл гарсан. Анх хүүхэд шүргэсэн талаараа мэдээгүй, уйлахад нь мэдсэн. Миний бодлоор хөлөө шаврын хаалтад цохисон байх. Намайг машинаасаа буугаад ирэхэд хүүхэд явган хүний зам луугаа харсан хөлөө машины луу харуулсан байсан. Зам тээврийн осол гаргасан нь миний буруу. Би эмчилгээний зардал 1 200 000 төгрөг өгсөн. Хоол унд, хувцас гээд бүхэл зардлыг гаргасан. Цаашид гарах эмчилгээний бүх зардлыг төлнө. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирсэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Насанд хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 20 цагийн үед дүүтэйгээ цуг найзтайгаа уулзаад Ханангийн эгнээгээр явж байтал гэнэт нохой дайраад хойшоо ухрахад нэг зүйл мөргөсөн. Би машин ирж байгааг хараагүй, түг гээд мөргөх шиг болсон. Машины аль хэсэгт яаж мөргүүлснээ мэдэхгүй байна, хажуу тийшээ харахад нэг том машин айлын гарцаас цаашаа тавьсан байсан. Хойд хашаанаас нэг ах гарч ирээд намайг өргөж явган хүний зам түшүүлээд хэвтүүлсэн. Миний хөл өвдөөд байсан учраас би орилоод байсан. Машинаас 2 эрэгтэй хүн гарч ирээд намайг хэвтэж байхад ахын дүү гайгүй байна босдоо гээд намайг босгох гэж 2 удаа оролдсон. Тэгсэн нэг мэдэхэд цагдаа болон эмч нар ирсэн байсан. Эмч хөлийн чинь яс хугарсан байна гэж хэлсэн. Маргааш орой нь манай ээж Сайншандаас ирээд шүүгдэгчийн талтай уулзаад манай ээж, энэ ахын эхнэр О эгч намайг машиндаа өргөж суулгаад Улаанбаатар хот руу явсан. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эхнэр нь байнга ирээд яаж байна гэж асуудаг байсан. Би эмнэлэгт хэвтээд 7 хоноод хагалгаанд орсон. Намайг хагалгаанд орсны дараа манай аав өнгөрсөн гээд Сайншанд руу явах болоод ээж бид 2-т ямар ч мөнгө байхгүй байсан учраас энэ ахын эхнэр лүү залгаад ажил явдал гараад байна та туслаач гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгээс байнгын хяналтад байх шаардлагатай гэж хэлж байсан. Намайг 21 хоногийн дараа ирээд үзүүлээрэй гээд 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр очиж үзүүлсэн. Эдгээгүй байгаа учраас эм уугаад 20 хоногийн дараа дахин ирээрэй гэсэн. Энэ ослын улмаас миний зүүн хөлийн савхан яс, 3 хурууний яс хугарсан. Гэмтлийн эмнэлэгт очиж хадаас хадуулсан. Хөлийн савхан яс эдгэж өгөхгүй байгаа. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ гэв.
1.3. Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 18-ны 17 цагийн үед ажил дээрээ байж байтал манай таньдаг хуурай ах Б намайг Баянтал сум руу хамт яваад очоод нэг хонь хийгээд өгчих гэхээр нь түүний хамт Ланд крузер-200 маркийн 70-85 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Баянтал явсан. Бид хоёр хонь авах хүн рүүгээ ярьтал 30-40 минутын дараа очно гэхээр нь хүлээх зуураа Б дэлгүүр ороод гарч ирэхдээ 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авч ирсэнийг ууж дуусаад хонь авах хүн рүүгээ Б ярихад нөгөө нь хүн нь амжихгүй боллоо гэж хэлэхээр нь Чойр луу буцахдаа дэлгүүрийн гаднаас Б гэх эмэгтэйг машиндаа суулгаад Чойрт орж ирээд намайг буулгахаар Ханангийн эгнээний урд засмал замаар явж байтал замын хажуугийн явган хүний зам дээр 3 хүүхэд ухраад араараа явж байгаа харагдсан. Тэр 3 дөнгөж өнгөртөл л хүүхэд уйлах чимээ сонсогдохоор нь машинаа зогсоогоод Б буусан. Миний ойлгосноор айлын нохой тухайн 3 хүүхдүүд рүү дайраад тэр хүүхдүүд нохойноос айхдаа зам руу хөл алдаад мөргүүлсэн байх. Тухайн үед 20-30 орчим км/цагийн хурдтай явж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
1.4. Насанд хүрээгүй гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байтал Э утсаар яриад уулзъя гэхээр нь би гэрээсээ гараад Ханангийн эгнээнд түүний байгаа газарт нь очиход манай найз Э, дүү Эын хамт байсан. Бид нар уулзаад зүүн зүгт алхаад явж байтал хажуу талаас нохой гарч ирээд бид нар луу дайрахаар нь бид нар айсандаа ухраад явж байтал хажуугаар машин өнгөрөх шиг болсон бөгөөд эргээд хартал манай найз зам дээр уйлсан машинд мөргүүлчихсэн хэвтэж байсан. Мөнгөлөг саарал өнгийн 70-85 ГСА улсын дугаартай жийп мөргөсөн газраасаа жаахан урагшаа яваад зогссон. Бид нар бүгдээрээ уйлаад яахаа мэдэхгүй сандраад байж байтал нохой гарч ирсэн хашаанаас ах эгч хоёр гарч ирээд машинд байсан хүмүүсийг машинаас нь буулгасан. Машинаас нэг эгч, 2 ах бууж ирээд түргэн, цагдаа дуудаад байх шиг байсан. Машин хэр хурдтай явж байсаныг анзаараагүй. Машины зөв талаас эрэгтэй хүн бууж ирсэн бөгөөд тэр хүнээс архи үнэртээд байсан. Согтуу байгаа нь мэдэгдэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/
1.5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би Баянтал суманд ажлаар очоод буцах гээд Наран хүлэг гээд дэлгүүрт нөхрийгөө хүлээгээд байж байтал Баяраа ах юм авах гээд орж ирээд Чойр явлаа гэхээр нь машинд нь суугаад Чойрт ирсэн. Тэгээд Ханангийн эгнээний засмал замаар ороод явж байтал явган хүний зам дээр 3 хүүхэд явж байгаа харагдсан. Тэр 3 хүүхэд рүү айлын үүдэнд байсан нохой хуцаад дайрч байсан. Гэнэт ард хүүхэд орилох чимээ гархаар нь зогссон. 70-85 ГСА улсын дугаартай Ланд крузер-200 маркийн машиныг Б ах өөрөө жолоодож явсан. Архи уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Машинд Баянталаас ирэхдээ Э гэдэг залуу Б ах бид гурав ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
1.6. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байтал 20 цаг 30 минутын орчим манай хашааны гадаа хүүхэд чанга орилоод уйлах чимээ сонсогдсон. Тухайн үед манай ахын 2 хүүхэд гадаа тоглож байсан болохоор тэр хоёрыг байж магадгүй гэж бодоод гэрээс гараад хашааны хаалгаар гарахад манай хаалганы урд харалдаа засмал зам дээр 1 танихгүй эмэгтэй хүүхэд дээшээ хараад уначихсан уйлаад байж байсан. Хажууд нь 2 жаахан охин байсан. Зүүн хөлөө бариад уйлаад байсан. Хажууд байсан 2 охины арай том охин тэр машин мөргөсөн гээд Ланд-200 машин руу зааж байсан. Охины унасан газраас баруун тийш зам дээр нэг их холгүй саарал өнгийн Ланд-200 маркийн 70-85 ГСА дугаартай машин баруун тийш хараад зогсож байхаар нь би тэр машин дээр явж очоод буруу талын хаалгыг нь онгойлгоход танихгүй эрэгтэй хүн сууж байсан бөгөөд түүнд би та нар чинь ямар хаашаа хүмүүс вэ, үр хүүхэдгүй юм шиг эмнэлэг цагдаа дуудаач, ядаж хажууд нь очооч гэж хэлтэл машинд байсан хүмүүс буугаад хүүхэд дээр очсон. Жолооны хүрдний ард Тоо Б гээд байдаг хүн сууж байсан. Машинд тэр хоёроос гадна нэг эмэгтэй хүн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/
1.7. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 173 дугаар дүгнэлтэнд: Б.Эийн биед зүүн хөлийн шагайн үений 2 талын хавчаар ясны хугарал, зүүн тавхайн 1, 2, 3 дугаар шивнүүрийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 36 хуудас/
1.8. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр дүгнэлтэнд: Ланд крузер-200 маркийн 70-85 ГСА дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3.Жолооч хөдөлгөөн аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Э нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Ланд крузер-200 маркийн 70-85 ГСА дугаартай автомашиныг жолоодож явсан Л.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 дахь заалтыг зөрчсөнөөс осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.
Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Амарсанаа гэжээ. /х.х-ийн 38 хуудас/
1.9. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын зураг, зам орчны байдал, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /х.х-ийн 3-9 хуудас/
1.10. Эргүүлийн цагдаа дэд ахлагч Б.Сын рапорт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 10-11 хуудас/
1.11. Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /х.х-ийн 11, 12, 86 хуудас/
1.12. Насанд хүрээгүй хохирогч Б.Эийн хохирлын тооцооны холбогдох баримтууд, Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /х.х-ийн 67-72, 74-75, 77-80 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Л.Быг согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Л.Бын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг дурдлаа.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Насанд хүрээгүй хохирогч Б.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоогоор гарсан бүх эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Гомдол санал байхгүй. Дахин эмчилгээ хийлгэвэл гарсан зардлаа нэхэмжилнэ гэв.
2.2. Гэрч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь хүнд их тусархуу, хүн чанар сайтай, элдэв янзын ааш авиргүй, архи дарс хэрэглээд байдаггүй, найз нөхөд, ажлын хамт олны дунд нэр хүндтэй, шударга зантай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
2.3 Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б нь нэг газраа тогтвор суурьшилтай ажиллах гэсэн үзэл бодолтой, зарчимч, шударга, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, хамт олондоо нэр хүндтэй, гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг хүн. Архи дарс нэг их хэрэглээд байдаггүй, үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй сайн аав” гэсэн мэдүүлэг / х.х-ийн 28 хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 64 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,
шүүгдэгч Л.Б нь миний 100 хувь буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн саналуудыг тус тус гаргажээ.
Шүүхээс улсын яллагч, шүүгдэгч нараас гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Л.Бын хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.Б нь шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд насанд хүрээгүй хохирогч Б.Эт учирсан хохирлыг нөхөн төлсөн ба насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн тул насанд хүрээгүй хохирогч Б.Эт цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Бын 351640 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Лгийн Быг согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Быг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, насанд хүрээгүй хохирогч Б.Эт цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Бын 351640 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА