Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/65

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Л.Б, Л.Т, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Лын Б, Б овогт Лгийн Т нарт холбогдох эрүүгийн 2017000770065 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Т овогт Лын Б /РД:ЗФ/, Д аймгийн М суманд 19.. оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын  4 дүгээр баг, .... гэх газар оршин суух, хөлсөөр мал малладаг, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Лгийн Т /РД:ЕЙ/, Г аймгийн С суманд 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Г аймгийн С 2 дугаар баг, ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, урьд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Л.Б, Л.Т нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн Ц.Дгийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газар байх хашаанд байсан бог малаас 2 тооны ямаа, 1 тооны хонь нийт 3 тооны бог малыг мотоцикль ашиглан хулгайлж 425 000 Тийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Л.Б, Л.Т нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгой гэх газраас Ц.Дгийн хашаанд хашсан байсан малаас 2 тооны ямаа, 1 тооны хонь нийт 3 тооны бог малыг мотоцикль ашиглан хулгайлж 425 000 Тийн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Т нь манай хөдөө гэрт ирсэн байсан. Тухайн өдөр Т бид хоёр үхэрээ харж яваад хүн хонь хашиж байхыг харсан. Малыг хашаанаас гаргахдаа гараараа барьж гаргасан. Манай хүүхдийн зовхи нь буулттай хагалгаа хийлгэх шаардлагатай, мөнгө хэрэг болоод мал хулгайлсан. Мал хулгайлахад ашигласан мотоцикль Алтанцог гэх хүнийх. Хохиролд Дд 500 000 Т өгсөн. Хулгай хийсэн нь миний буруу, их гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед гэртээ ганцаараа байснаас хөдөө очоод байя гэж бодож Бынд ирсэн. Б нь манай хүргэн ах. Тухайн өдөр мал хулгайлах санааг Б ах гаргасан. Б хулгай хийе гэхэд нь би татгалзаагүй. Хохирлыг Б ах барагдуулсан. Тухайн үед мөнгө хэрэг болоод мөнгөгүй байсан болохоор авсан нь миний буруу. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.3. Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай сувиа малнаас 8 тооны хонь салаад явж байхаар нь өдөр хонио тоолоход 5 тооны хонь дутсан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө манай малнаас хонь алга болсон бололтой малаа услаад байж байтал 2 хонь гүйгээд ирэхээр нь манай хониноос хулгайч авсан байна гэж бодоод Баянтал сумын цагдааг дуудсан. Баянтал сумын цагдаатай хамт Бын гэрт мал сураглаад очиход илүү гэр дотроо 1 хонь, 2 ямааны арьс дэлгэсэн байдалтай байхаар нь уг малын арьсны им, зүсийг хараад шууд манай мал байна гэдгийг таньсан. Манай хонь зөв талын чих өмнөөсөө ухам, буруу талын чих голоосоо цуулбар, зөв талын чих үзүүрээсээ онь имтэй байдаг. Мөн зөв талын эвэр шар будагтай буруу талын эвэр цэнхэр будагны хуучин оромтой байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бог малаа тоолоход 12 тооны ямаа 9 тооны хонь дутаж байна. Өнөөдөр Бын гэрт байсан 1 хонь, 2 ямааны тоог оруулаад нийт 24 тооны бог мал дутаад байна. 1 хонь 2 ямааны гулуузаа авсан. 4 дүгээр сарын 08-ны өдөр би эхнэр О туслах малчин Б нарын хамт тоолоход бүрэн байсан. Тухайн өдрөөс хойш алга болоод байна. Би нэг ямаагаа 150 000 Т, нэг хонио 250 000 Төөр үнэлнэ. Алдсан мал насны хувьд 3-4 настай хонь ямаа байсан. Тухайн үед малын хашааны зүүн талд мотоциклийн мөр байсан, уг мөрийг дагаж явсаар Бын гэрийн гадаа очоод Бтай уулзаад манай малнаас хэдийг авч ирсэн гэхэд би 3-ыг авч ирсэн гэж хэлсэн. Үнэнээ хэлвэл цагдаад мэдэгдэхгүй гэхэд ахаа би гурвыг авсан үлдсэнийг нь танд олоод өгье гэж хэлсэн. Тухайн үед Бынд Б, Т, Бын эхнэр гурав байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-29, 31-33 хуудас/

 

1.4. Гэрч Р.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 09 цаг 30 минутын үед хургатай хонио услаад гэртээ орж ирээд байж байтал манай нөхөр Д, манай малчин Б нар орж ирээд худаг дээр хоёр эр хонь хүрээд ирлээ. Сувиа хонио очиж тоолж үзье гэж хэлэхээр нь гэрийн зүүн хойно Эрдэнэтолгой гэх газар хашаатай байгаа хонин дээрээ очиход хашааных нь гадна 4-5 тооны хонь гарсан байсан. Манайх хургатай хонио гэрийн гадна хороондоо хашаад, сувиа малын гэрийн зүүн хойно 1 км гаруй зайд байх Эрдэнэтолгойн хороонд хашиж хонуулдаг. Бид гурав сувиа хонио тоолж үзэхэд 10 тооны хонь тоогоор дутахаар нь манай хоёр хорооныхоо ойр орчмоор тойрч үзээд хорооны зүүн талд 1 мотоцикль, 2 гутлын  мөр байна, туугаад явсан байж болзошгүй гэж хэлэхээр нь үзээд цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр Д, малчин Б нар мотоцикльтойгоо хорооны зүүн талд байсан мотоциклийн мөрийг дагаад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/

 

1.5. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09 цагийн орчимд Д бид хоёр Эвз гэх газар мал услаад байж байтал шар нүдэн, хар нүдэн 2 хонь худаг дээр гүйгээд ирэхээр нь бид хоёр Эрдэнэтолгой гэх газар байх сувай хонь хашдаг хашаан дээр очоод малаа тоолтол 5 хонь дутсан. Хорооны ойр орчмоор явахад хорооноос зүүн тийш мотоциклийн мөр байсан. Тэгэхээр нь Д бид хоёр мотоциклийн мөрийг дагаад явтал Б гэх залуугийн гадаа очсон. Тухайн мөрийг дагахад 3 малын мөр, нэг хүн туугаад явсан бололтой, нэг нь мотоцикльтой явсан бололтой мөр байсан. Тэгээд гэр лүү нь яваад ортол Б байгаагүй эхнэр нь гэх эмэгтэй байсан. Удалгүй Б гэх нөгөө залуугийнхаа хамт хүрээд ирсэн. Чи манай хорооны ойр орчмоор явсан байна гэхэд Б дугараагүй. Д хийсэн юм уу амьд юм уу гэж асуухад Б хийсэн гэж хариулахаар нь толгойг нь үзье гээд илүү гэр лүү нь ороход Дгийн 1 хонь, 2 ямааны арьс толгой нь байсан. Харин мах нь гэрийнх нь гадаа машин дотор байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43-45хуудас/

 

1.6. Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Н ах машинтайгаа, манай нөхөр бид гурав Тгийн гэрт очсон. Манай нөхөр Тд хөдөө Н ахын гэрт очиж ямаа самнах гэж байна гэж хэлтэл Т намайг Б ахын гэрт замаараа хүргээд өгчих гэж хэлэхээр нь Н ахын гэрт очих замаараа Тг хөдөө Б ахын гэрт хүргэж өгсөн. Манай нөхөр бид хоёр Н ахын гэрт 2 хоног ямаа самнаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн орчим Н ахаар хүргүүлээд Чойрт байдаг хадам ээжийнхээ гэрт ирээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цагийн үед Дундговь аймгийн Говь-Угтаал сумын руу хөдөө мал руугаа явсан. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас ирээд байж байтал Т ирээд Б ах бид хоёр хонины хэрэгт орсон гэж манай нөхөрт хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48-49 хуудас/

 

1.7. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Тгийн гэрт очоод хөдөө Н ахын гэрт очиж ямаа санах гэж байна гэж хэлтэл Т намайг Б ахын гэрт замаараа хүргээд өгчих гэж хэлсэн. Тухайн үед Н ах Портер машинтайгаа би эхнэр Сгийн хамт явж байсан. Б ахын гэрт Тг хүргэж өгөөд Н ах, эхнэр С бид гурав Н ахын гэрт очоод хоёр хоног ямаа самнаж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Н ахаар хүргүүлээд Чойрт ирсэн. Би ямар нэгэн зорилгоор хүргэж өгсөн зүйл байхгүй. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас Чойрт ээж дээрээ ирээд байж байтал Т ирээд Б ах бид хоёр хонины хэрэгт орсон гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 50-51 хуудас/

 

1.8. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М, С нар нь энэ оны 04 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна, манай хөдөө гэрт очиж ямаа самнаад хоёр хоноод буцсан. Чойроос манай нөхрийн машинтай М, С нар манай хөдөө гэр лүү ирээд Н бид хоёр М, С нарыг Чойрт хүргэж өгсөн. Нэг хүн машин дээр суусан, замдаа хөдөө айлд буусан. Бид нар шууд цаашаа гэр лүүгээ явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 52-53 хуудас/

 

1.9. Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 04 дүгээр сарын 15-16-ны үеэр Чойрт ирээд Мийг ахдаа хэдэн борлон самнаад өгчих гэхэд М тэгье гээд тэр өдрөө М, С нартай хөдөө явах гэхэд Т гэх хүүхэд миний Портер маркийн машинд суугаад Бын гэрт замдаа буулгаад өгөөч гэж гуйаад би Бын гэрт замаараа буулгаад цаашаа явсан. М, С нар манай хөдөө гэрт ямаа самнаад хоёр хоноод л буцсан. Би өөрөө Чойр луу хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54-55 хуудас/

 

1.10. Гэрч С.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Т манай төрсөн хүү байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын сүүл 05 дугаар сарын эхээр Т над руу залгаад танд нэг юм хэлмээр байна гээд Б ах бид хоёр цуг явж байгаад айлын малнаас 2 ямаа, 1 хонь авсан, цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлэхээр нь би чам дээр очих уу гэхэд санаа зоволтгүй ажлаа хийж бай гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57 хуудас/

 

1.11. Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2019 оны 10 дугаар сард би малаа хариул гээд улбар шар өнгийн Малчин загварын мотоцикль 1 850 000 Төөр малаа хариул гээд Бт авч өгсөн. Би дагуулж явсан ба Б өөрөө сонгож авсан. Надад худалдаж авсан баримтууд нь байгаа. Мотоциклоо авсан үнээр нь үнэлнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 59-60 хуудас/

 

1.12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 4-10, 16-17 хуудас/

 

1.13. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 18-19, 20-22 хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан /х.х-ийн 63, 68-70 хуудас/

 

1.15. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч Л.Б, Л.Т, өмгөөлөгч Б.Батчимэг нарын хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 155-157 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Л.Б, Л.Т нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Б, Л.Т нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг өмгөөлөгч Б.Батчимэгийн хамт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

Шүүгдэгч Л.Б, Л.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь хэрэг авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлтээс үүдэлтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Л.Б, Л.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний хохирлыг бүрэн барагдуулсан одоо санал хүсэлт байхгүй. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

 

2.2. Гэрч Д.Анхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Бтай 2010 онд анх гэр бүл болж байсан. Одоо 4 хүүхэдтэй. Б зан аашын хувьд илүү дутуу зан ааш байдаггүй, төлөв даруу зантай архи хааяа уудаг. Тгийн хувьд үг дуу цөөтэй хүнтэй нэг их юм яриад байдаггүй. Хүний үгээр хүүхэд. Ээж дүүгийн хамт амьдардаг.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47 хуудас/

 

2.3. Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тгийн хувьд үг дуу цөөтэй, нэг их юм яриад байдаггүй. Б ахын хувьд би нэг их харьцаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48 хуудас/

 

2.4. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тгийн хувьд үг дуу цөөтэй, хүнд тусархуу сайхан сэтгэлтэй хүүхэд. Б ахын хувьд би нэг их харьцаад байдаггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 50 хуудас/

 

2.5. Гэрч С.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Т нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуульд 9 дүгээр анги төгсөөд Политехникийн коллежид сурч байгаад хаясан. Ер нь бүрэг талдаа юм ярьдаггүй илүү дутуу ааш байдаггүй, хүний үгнээс гардаггүй хүүхэд. Быг манай эгчийн хүргэн болсоноос нь хойш мэднэ. Ааш занг нь сайн мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57 хуудас/

 

2.6. Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд  /х.х-ийн 89-90, 93-107 хуудас/

 

2.7. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2, 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолтууд, Бын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / х.х-ийн 145-146 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Л.Б, Л.Т нарыг бусдад учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Прокуророос шүүгдэгч нарыг тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Л.Б, Л.Т, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нар нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн....6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Улбар шар өнгийн  LY4YCCKC4KK000337 арлын, YG162FMJ 8J000174 моторын дугаартай улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 1 500 000 Тийг шүүгдэгч нарт тэнцүү хувааж, тус бүрээс 750 000 /долоон зуун тавин мянга/ Тийг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт хураагдан ирсэн “Мөрдөн байцаалтын 2017000770065 тоот хэрэг” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Лын Б, Б овогт Лгийн Т нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Тг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Улбар шар өнгийн  LY4YCCKC4KK000337 арлын, YG162FMJ 8J000174 моторын дугаартай улсын дугааргүй мотоциклийн үнэ болох 1 500 000 Тийг шүүгдэгч Л.Б, Л.Т нарт тэнцүү хувааж, тус бүрээс 750 000 /долоон зуун тавин мянга/ Тийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Мөрдөн байцаалтын 2017000770065 тоот хэрэг” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн 1 ширхэг DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Л.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БАТТУЛГА